Interview by Tegshjargal  —  Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
No   .   1
  |   Interview by Tegshjargal

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж бол "шинэ" Ерөнхийлөгч. Түүний засаглал, бодлого, хувь хүний дотоод хүч Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх статусыг цоо шинэ, маш өндөр түвшинд аваачсан билээ.
Ж. Тэгшжаргал
"Ub.life" сайтын эрхлэгч, "Балдорж шагнал"-т сэтгүүлч

“Монгол бол маш өвөрмөц байрлалтай улс. Энэ “өвөрмөц” улсын Ерөнхийлөгч хязгаартай эрх мэдлээр, маш өвөрмөц арга барилаар ажиллах хэрэгтэй. Энэ нь хувь хүний болоод бусад маш олон зүйлээс хамаардаг юм байна гэдгийг би ойлгосон”

2017.06.08, пүрэв гариг. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд гурав дахь хоногтоо орж байхад одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Казахстаны нийслэл Астана хотын зүг хөдөлж байлаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрэх зам дагуу босгосон самбарууд дээр гурван нэр дэвшигчийн уриа үгс тодоос тод харагдана. “Эвтэй Монгол, ээлтэй төр”, “Монгол ялна”, “Өөр гарц байна, бидэнд итгэ” хэмээх үгсээр мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон гурван нэр дэвшигчийн нэг нь түүний албыг, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогыг залгах болно. Хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалтын буухиатай залгасны хувьд энэ бүхэн түүнд нэг талаар ойр, гурав дахь удаа залгахгүйн хувьд нөгөө талаар хол зүйл. “Найман жилийн өмнө ерөнхийлөгч болно гэж санахад, сонгуульд оролцож байхад их л олон зүйлийг хийж бүтээх тухай өөрийн эрхгүй бодогдож, ард түмэн ч гэсэн тэгэх л ёстой мэт хүсдэг нь мэдрэгдэж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ?” гээд хэдэн хором чимээгүй болсноо “Албаа авахаас өмнө үүнийг боддог, мэддэг байх их чухал гэдэг миний найман жилийн турш Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хүрсэн чухал дүгнэлтнүүдийн нэг” хэмээв. В.Путин, Ши Жиньпин, Д.Трамп, Ц.Элбэгдорж дөрөв Төрийн тэргүүн хэмээх статусын хувьд нэг боловч засаглалын болоод эрх мэдлийн хувьд тэс өөр, ялангуяа парламентын засаглалтай Монголын хувьд эрс ондоо. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүхнийг шийдэгч, бас шидтэн биш учраас хийж чадах,чадахгүйн маш том зааг бий. Түүнийг нэр дэвшигчид болоод сонгогчид эрт мэдэх тусмаа Монголд ашигтай гэдгийг найман жилийн туршлага түүнд өгчээ. 

I

Төрийн тэргүүн солигдох торгон заагт болж буй Астанагийн томилолт түүний хувьд Ерөнхийлөгчийн хувиар хийж байгаа сүүлийн томилолт. Энд тэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёртой “төрийн тэргүүн” гэсэн ижил статустайгаар мөн л сүүлчийн удаа таарна. “Таарна” гэж хэлсэн нь: Ерөнхийлөгчийн тамгын газраас бидэнд тарааж өгсөн хөтөлбөрт энэ удаагийн ШХАБ-ын үеэр гурван улсын төрийн тэргүүдийн хоёр болоод гурван талт албан уулзалт болох тухай бичигдээгүй байснаас тэр. Гэхдээ бидний хувьд хүлээлт бол байсан. 2014 онд Тажикстаны нийслэл Душанбед болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар В.Путин, Ши Жиньпин гурав дугуй ширээний ард сууж, албан уулзалт хийсэн нь Хиагтын гэрээнээс хойш мөнхийн хөрш гурван орны Төрийн тэргүүн хамтдаа уулзсан анхны тохиол болсон. Энэ бол Ц.Элбэгдоржийн гадаад бодлого, улмаар Монгол Улсын гадаад харилцааны хамгийн том ялалтуудын нэг байлаа. Үүнээс хойш энэхүү “ялалт” хоёронтоо баталгаажиж, 2015 онд ОХУ-ын Уфа, 2016 онд Узбекистаны Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүдийн гурван талт уулзалт болж, Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж, харилцан ашигтай 32 төсөл гараанаас гарсан билээ. “Монгол бол маш өвөрмөц байрлалтай улс. Энэ “өвөрмөц” улсын Ерөнхийлөгч хязгаартай эрх мэдлээр, маш өвөрмөц арга барилаар ажиллах хэрэгтэй. Энэ нь хувь хүний болоод бусад маш олон зүйлээс хамаардаг юм байна гэдгийг би ойлгосон” хэмээн тэр ерөнхийлөгчийн алба болоод эрх мэдлийн тухай өмнө хэлснээ үргэлжүүлсэн юм. Үнэн хэрэгтээ гурван улсын уулзалт болохгүй байх магадлал маш их байсанд Ц.Элбэгдорж гэдэг хувь хүний ур чадвар, арга барил голлон нөлөөлсөн гэдгийг энд заавал онцлох хэрэгтэй.   

Түүнийг Ерөнхийлөгчийн албаа авах үед хоёр хөршийн Төрийн тэргүүдийн Монголыг гэх хандлага, уулзаад гар барих төдийд л анзаарагдах мэдрэмжийн тухай асуухад тэр В.Путинтэй Ерөнхийлөгчийн хувиар анх уулзсан түүхээ хуваалцсан юм. “Анх Ерөнхийлөгчийн хувиар В.Путинтэй уулзсанаа маш сайн санадаг юм. Туркийн нийслэл Анкарад болсон олон улсын хурлын үеэр түүний суудал миний яг хажууд таарсан. Сонгуулиар анх удаа ч гэж хэлж болмоор – Ардчилсан хүчнээс Ерөнхийлөгч сонгогдсон өвөрмөц үе байсан. Тэр өмнөхөн нь, Монголд ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас долоо хоногийн өмнө Монголд хагас өдөр айлчлахдаа “Одоогийн Ерөнхийлөгч (Н.Энхбаяр)-ыг дэмжиж байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байдаг. Анкарад болсон уулзалт маш сонирхолтой байсан. Би ч гэсэн их хүлээж байсан л даа. Энэ уулзалтын үеэр зөв ойлголт өгөх нь хоёр орны болоод хоёр хүний хувийн харилцаанд их чухал гэж бодсон. Эхлээд ам нээхэд тийм ч найрсаг дотно гэхээргүй, ер нь албаны маягтай байсан. Би Ерөнхий сайд байхдаа түүнтэй уулзаж байсан учраас тухайн үед ярьж байсан асуудлууд яаж шийдэгдсэн, хэрхэн амжилттай яваа тухай хэлэхэд арай “зөөлөрсөн”. Үүнээс хойш уулзалт болох тусам хувь хүний болоод Төрийн тэргүүн хоорондын харилцаа улам найрсаг болж ирсэн. Одоо бол улс гүрнүүдийн удирдагч нараас В.Путин ерөнхийлөгчтэй хамгийн найрсаг, дотно гэж хэлэхүйц хэмжээнд бидний харилцаа хүрсэн” хэмээсэн юм. 

Казахстаны Астанад болсон энэ удаагийн ШХАБ-ын нэг өдрийн шахуу хөтөлбөрт Энэтхэг, Пакистан хоёрыг гишүүнээр элсүүлэх тухай томоохон шийдвэр гаргах, Дэлхийн экспогийн нээлт болох зэрэг маш завгүй хурлын зуур албан ёсны хөтөлбөрт багтаагүй, бидний огт хүлээгээгүй гэнэтийн зүйл болж, ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хоёр талт уулзалт хийсэн юм.   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн онцлох агшнууд
1 / 5

“Одоо бол улс гүрнүүдийн удирдагч нараас В.Путин ерөнхийлөгчтэй хамгийн найрсаг, дотно гэж хэлэхүйц хэмжээнд бидний харилцаа хүрсэн”.

II

Хэрэв одоогоос дөрвөн жилийн өмнө буюу Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнээс хэдхэн хувийн зөрүүтэйгээр ялалт байгуулж, хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн урьд түүний ерөнхийлөгчийн хувиар хийж гүйцэтгэсэн ажилд нь дүн тавьсан бол үнэндээ өмнөх төрийн тэргүүдээс төдийлэн ялгарч, тод томруун товойхгүй байсан болов уу. Гадаад бодлогын хувьд ахисан дэвшил багатай, Б.Обамагийн гарт нүүрээ халхлуулснаас өөр анхаарал татсан зүйлгүй, ард түмний сонголтоор бүрэлдсэн УИХ-д МАН, АН-ын гишүүдийн тоо ойролцоо, “Эвслийн” Засгийн газар эв багатай, авлигатай хийх тэмцлийн үр дүн гарахад эрт, ийм л байсан. 

Түүний хоёр дахь удаагийн сонгуулийн уриа “Монгол Улсын төлөө зүтгэе” байсан. Энэ дагуу дөрвөн жилийн дараа Ц.Элбэгдоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд хийсэн, хэм хэмжээтэйгээр давуулан биелүүлсэн ажлуудыг харахад өмнөх төрийн тэргүүдээс эрс ялгаа гарах нь лав. “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга ажил хэрэг болж, “Шилэн данс”-ны хууль хэрэгжиж, НҮБ-ын индэр дээрээс Монгол байнга төвийг сахих статусаа зарлаж, өмнөд хөрштэй иж бүрэн стратегийн түнш болж, Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, “улстөрийн олимп” хэмээгдэх АСЕМ-ийг Монголдоо зохиож, БНАСАУ-ыг Ким Жөн Ун удирдаж эхэлснээс хойш “хэцүү жаал”-ынд айлчилсан анхны гадаад улсын Төрийн тэргүүн болсон зэргээр олон чухал ажил амжжээ. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш нийт 61 хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, 36-г нь УИХ-аар баталгаажуулсан байдаг. Өөртөө дүн тавих болохоороо тэр “Би ажлаа л хийж яваа хүн” гэнэ. 

Ерөнхийлөгчийн алба бол жаргалтай хүний ажил биш. Харин иргэдийн амьдралыг жаргалтай болгоход саад болж буйг шийдэж, нэмэр болохыг сэдэх зорилготой хүний ажил. Тэр яг одоо Ерөнхийлөгчийн хувиар хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнахаар “Ардын үг” аянд оролцож байгаа. Тэр энэ тухайгаа “Энэ аянд оролцож байгаа нь, жирийн ард иргэдийн зүгээс өгч байгаа үнэлэлт дүгнэлт их чухал. Нэг хүн надад “Хийсэн юмтай хүн ингээд явахад сайхан юм байна. Эргээд уулзах нүүртэй байх их чухал юм, бид хэдийгээр хэвлэл мэдээллээс мэдээ харж байна гэж боддог ч бүрэн хэмжээнд мэдээлэл авч чаддаггүй байж гэж хэлсэн. Ард иргэдээс сонгогддог албан тушаалтнууд ийм байдлаар хийсэн зүйлээ тайлангаа бүхий л шатандаа хийгээд буух нь чухал юм байна, үүнийг уламжлал болгоё гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн” гэсэн юм. Энэ аян, түүний ажлын тайланг иргэд янз бүрээр хүлээж авч буйгаа цахим орчинд илэрхийлж байгаа харагдана. Тэр энэ ардчилалд дуртай. Ц.Элбэгдорж бол нийгмийн сүлжээний эрин үеийн Ерөнхийлөгч. Твиттер, фэйсбүүкийн аль алинд Монголын хамгийн олон дагагчтай аккаунтын эзэн. Аль алиныг нь өөрөө хөтөлнө. 

“Би твиттер 2012 оноос жиргэж эхэлсэн. Дараа нь фэйсбүүкт нэгдсэн юм байна. Энэ бол гайхамшигтай ололт. Нийгмийн сүлжээнд дутагдалтай зүйл олон ч, давуу тал нь асар их. Ард иргэдийн амьд урсгал, амьд эмоцийг эндээс мэдэрч, анзаарч болно. Төрийн хүн үүнд автаж, шийдвэрийн гол үндэслэлээ болгох сайн зүйл биш ч ер нь хараад, өнгө төрхийг байнга ажиглаж байх нь их чухал гэж би боддог. Зарим нэг орны ерөнхийлөгч “Одоо бол би Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж чадна гэдэгтээ эргэлздэг” гэж байхыг ч сонсож байлаа. Тийм их өндөр хариуцлага олон нийтийн энэ харилцаанд, нийгэмд, ялангуяа улстөрчдөд ирж байна шүү дээ. Ийм нийгмийг удирдана, авч явна гэдэг маш өөр чанарыг удирдагчдаас шаардаж байгаа”. Одоо эргээд харахад нийгмийн сүлжээ хүмүүсийн амьдралд ингэтэл гүн нэвтрэхээс өмнөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар нэг бодлын азтай, нэг бодлын азгүй байж. Одоо харин байдал тэс өөр. 

“Чи бол Монгол Улсын Ерөнхийлөгч шүү” гэсэн хариуцлага, Монгол Улсаар овоглогдсон албан тушаалын жин өөрийн эрхгүй мэдрэгддэг. 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг, 3.2 сая хүний хувь заяа гэдэг маш том хариуцлага, маш хүнд жин шүү”.

III

Өндөр дээд хэмжээний уулзалтанд оролцохдоо өөрийгөө хэрхэн бэлддэг тухай нь асуухад тэр “Аливаа уулзалтанд зориулан манай албаны хүмүүс ярианы тэмдэглэл гаргаад өгчихдөг. Түүнийг мэдээж харна. Гэхдээ нэг их ашиглаад байдаггүй” хэмээн эрсхэн хариулав. Харин үүний оронд тэр “ярианы тэмдэглэл”-д дурдагдаагүй зүйлсийг голчлон анхаардаг аж. Тухайн хүнтэй уулзаж буй орчин, тэр хүний сэтгэлзүйн байдал, тус улс, бүс нутагт болж буй халуун сэдэв, үйл явдлыг мэдэж, мэдрэхийг тэр урьтал болгодог тухайгаа хэлсэн. “Өглөө ажилдаа гарахад машинд BBC, СNN үргэлж явж байдаг. Дэлхий нийтэд болж буй үйл явдлуудыг цаг тухай бүрт нь мэдэх шаардлага байнга гарна”. 

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д албан айлчлал хийв. Дэлхийн их гүрний удирдагчтай хийх чухал уулзалтын өмнө тэр Вашингтонд очингуутаа Арлингтон дахь Дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж шархадсан цэргүүдийг эргэсэн байна. Түүний энэ үйлдэл тааварлашгүй байв. Улмаар Цагаан ордонд биечлэн уулзахад Б.Обама талархан угтсан бөгөөд ярианы эхэнд тэрбээр “Өчигдөр бид дайн тулаанд шархадсан цэргүүд эмчлүүлж байгаа эмнэлэгээр ороод ирлээ. Дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд  монгол, америк цэргүүд хамтарч оролцож байгаа. Манай цэргүүд өмнө нь Иракт, одоо Афганистанд үүрэг даалгавар гүйцэтгэж байна. Энэ бол манай хоёр улсын зорилго, ард олны хүсэл эрмэлзлийг нэгтгэн харуулж байдаг зүйл” хэмээхэд анхны уулзалтын уур амьсгал халуун дотно бүрэлдсэн нь илт мэдрэгдсэн тухай тэр дурссан юм. Үүний дараахан АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ “Та ямар ид шидтэй хүн бэ. Манай ерөнхийлөгч тантай уулзсаны маргааш өглөө нь аюулгүйн зөвлөлийн хурлын мэдээллийн үеэр таны тухай 30 минут ярьсан. Б.Обама аль нэг гадаад орны төлөөлтэй уулзсан тухайгаа тэгж тусгайлан ярьж байсныг сонсож байсангүй”  гэж хэлсэн гэдэг. 

“Миний гадаад бодлого дээр барьдаг гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы төвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг” хэмээн тэр өөрийн гадаад бодлогод баримталдаг чиг, өөрийн үзэл бодлоо тодорхойлсон. Түүний ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд гадаад орчин, тодруулбал хоёр хөршийн харилцаанд, АСЕМ, НҮБ-д, Давост Монголын жин хэрхэн нэмэгдсэнийг болсон үйл явдлууд хангалттай гэрчилнэ. “Гадаад харилцаанд ач холбогдолгүй айлчлал, уулзалт гэж байдаггүй. Хаана ч явсан “Чи бол Монгол Улсын Ерөнхийлөгч шүү” гэсэн хариуцлага, Монгол Улсаар овоглогдсон албан тушаалын жин өөрийн эрхгүй мэдрэгддэг. 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг, 3.2 сая хүний хувь заяа гэдэг маш том хариуцлага, маш хүнд жин шүү” хэмээн тэр хэлээд энэ “ачаа” өдөр цагийн алинд ч хамт байдгийг дурдсан юм. Тэр надаас “Ерөнхийлөгч хүн ямар учраас албан өргөөнд амьдардаг гэж чи бодож байна?” хэмээн асуув. Чухал, хариуцлагатай алба хашдаг учраас тусгай орчинд байх шаардлага гардаг болов уу гэхэд “Энэ бол чи 24 цагийн турш Монгол Улсын Ерөнхийлөгч шүү гэсэн утгатай гэж би ойлгодог. Гэртээ байхдаа ч гэсэн ажиллах шаардлага гарна, яг л түргэн тусламжийн эмчтэй адил улс орны эрх ашиг хөндөгдсөн асуудал гарахад хаана ч байсан албан үүргээ гүйцэтгэх ёстой. Шөнө дөлөөр ч гэсэн Нийслэлийн Засаг дарга, аймгуудын удирдлага руу залгах тохиолдол олон байсан” хэмээн Астанагаас Улаанбаатарыг зорьж яваа онгоцонд болсон бидний ярилцлагын үеэр хэлсэн юм. 

Кофеноос илүү цайг чухалчилдаг Ерөнхийлөгч өөрийгөө амрааж, ажил албанаасаа түр ч атугай чөлөөлөгдье гэхдээ тэр сонгодог хөгжимд шимтдэг тухайгаа ярьсан. “Орой өглөөдөө сэтгэл санаагаа тайван тогтуун байлгаж, амрая гэхдээ би “Classica” гэдэг сувгийг тавьчихдаг юм. Харин стресс ихтэй үед рок хөгжмийг илүүд үзнэ”. Хөгжмөөс гадна түүнийг амраадаг, алдалгүй үзэхийг чухалчилдаг бас нэг зүйл бол хөлбөмбөг.  “Премьер лиг”-т “Ливерпуль” багийг дэмжихэд ухамсарт амьдралынхаа 20 жилийг зарцуулж яваа фанат гэж өөрийгөө тодорхойлсон. Харин “Аврагуудын лиг”-т Реал Мадридыг дэмждэг бөгөөд багийнх нь гишүүнчлэлийн үнэмлэхтэй, тэр бүү хэл удирдлагуудтай нь уулзаж байсан аж. “Чин сэтгэлээсээ дурлан шимтэн үздэг, тэрнээсээ кайф авдаг зүйлтэй байх нь хувь хүний амьдралд их хэрэгтэй”. 

IV

Монгол Улс ШХАБ-т ажиглагчийн статустай. Гэхдээ Монгол ШХАБ-т “том” оролцдог, нөлөө бүхий хоёр их гүрний удирдагчийг албан уулзалтын ширээнд гурвантаа урьж чадах хэмжээний амбийцтай ирдэг. Албан ёсных нь гишүүн Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүртэл ингэж “томорч” чаддаггүй. Энэ удаа ч гэсэн ажиглагчаар ирсэн Монгол албан ёсны хоёр талт уулзалтыг ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путинтэй хийж чадсан. Дээр дурдсанчлан энэ бол Ц.Элбэгдоржийн хувьд отголж буй томилолт, ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүдтэй Ерөнхийлөгчийн хувиар уулзаж буй сүүлийн арга хэмжээ. Тийм учраас энд албаны мэдээнд дурдагдаагүй “амин хувийн” халуун дотно уулзалтууд олон болжээ. “ШХАБ-д ирсэн улсуудын төр, засгийн тэргүүд элгэсэн дотно сэтгэгдлээ илэрхийлж, зарим нь тэвэрч, зарим нь бүр үнсээд үдсэн” тухай тэр хэлсэн. Гэхдээ тэдний дийлэнх нь Ерөнхийлөгчийн алба үүргийн хувьд ийн хандсан болохоос Ц.Элбэгдорж гэх хувь хүнтэй олон улсын тавцанд дахин таарахын “болзоо” тогтоожээ. 

“Надад сайхан санагдсан нэг зүйл нь хүмүүс энэ явах гэж байгаам байна гэдэг байдлаар биш, харин ч дараа дараачийн ажил хэрэг ярьж, товлож, хамтран ажиллах санал тавьж байсан явдал” хэмээгээд тэр инээмсэглэв. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн албанаас буугаад хаачих бол гэсэн асуулт олны дунд сонирхолтой сэдэв болж ирсэн. Зарим нь намдаа эргэж ороод, улстөрийн ажлаа үргэлжлүүлнэ гэж таамагладаг бол НҮБ руу явах нь гэсэн “хардлага” ч гарч амжсан. Албаа хүлээлгэж өгөөд юу хийх талаар асуусан асуултанд тэр “Аливаа өндөр албан тушаал урт хугацаанд хашсаны дараа энгийн амьдрал руу шилжинэ гэдэг амаргүй гэж үздэг, сургууль номонд ч гэсэн тэгж заадаг. Би хувьдаа энэ шилжилт миний хувьд хэцүү биш болов уу гэж бодож байна. Ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашсан, хоёр удаа унаж босож үзсэний хувьд надад шилжлилт хийгээд, цаашаагаа хийх ажил чиглэлээ гаргаад явахад хэцүү биш. Энэ шилжилтэд сэтгэл зүй, оюун санаа, биеийн хувьд бүрэн бэлтгэлтэй байна” хэмээн эрсхэн хариулсан юм. 

Биднийг Улаанбаатарт газардахад нэр дэвшигчдийн мөнөөх л самбарууд, нэмээд баахан дуулиан, шуугиан угтсан. Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч болохоор гурван нэр дэвшигч ширүүхэн өрсөлдөж буй нийслэл, “халуун цэг” рүү бүрэн эрхийнхээ сүүлчийн томилолтоос буцаж яваа Ц.Элбэгдорж явж байна. Удахгүй сонгогдох шинэ Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүний гурван талт уулзалтын хоёр дахь циклийг эхлүүлэх боломжийг тэр бүрдүүлж өгөөд буцаж буй нь энэ юм.