Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Манхэттенд суугаа миний аав


Үеэл дүүдээ би хачин их хайртай байлаа. Гэхдээ сурагчдын улирлын амралтаар л тэднийд очихоос эрхгүй цэрвэнэ. Гэсэн ч очихгүй бол гэртээ ганцаар үлдэх тул аргагүйн эрхэнд нагацын гэрийг зорьдог байв. Үе тэнгийн арваадхан насны хүүхдүүд тоглон наадаж, өдрийн богино дэндүү хурдан өнгөрнө. Харин орой нь… хонх дуугарах чимээтэй хамт үл үзэгдэх айдас сандрал намайг нөмрөн авдаг байлаа. Хэнд ч хэлээгүй энэ айдастайгаа нүүр тулахаас эмээдэг асан хүүхэд нас нэгэнт өнгөрчээ. Тэр айдас минь ААВ байв. Орой болж нар шингэхийн үест үеэлийн аав буюу нагац ах минь ирнэ. Тэр мөч надад зүйрлэшгүй хүнд бэрх, хоос оргитол өвдөлт мэдрүүлдэгсэн. Аав руугаа яаран очиж мөрөн дээр нь суун эрхлэх үеэлээ би удалгүй үзэн яддаг боллоо. Тэр үзэн ядалт мөн л ААВ байв. 

Дунд ангийн босго алхах намрын намарт багш асуудагсан, “Ээж аав нь юу хийдэг вэ?” “Эцэг эхийн хуралд хэн ирэх вэ?” 
-“Ах ирнэ. Ээж завгүй. Аав харин …”
“Аав гадаадад байгаа” гэж үеийн жаалууд хэлэхдээ нэг л хөгжүүн, бахадсан аятай хэлдэг бол миний сэтгэлд “гадаад” гэсэн үг яагаад  ч юм “байхгүй” гэсэн утгатай болж зүрх хөндүүрлэнэ. Миний аав байхгүй… Анхны хичээл, анхны амжилт, анхны шаналал, бас хамгийн ихээр үгүйлсэн харанхуй шөнийн алинд ч аав минь байсангүй. Учир нь тэр холын хол байгаа. Аав минь холын хол харь улсад гэр бүлийнхээ төлөө өдөр шөнийг умартан хөлс хүчээ цуглуулан шингээж түүнээ салхич шувуунд дайн бидэнд илгээдэг юм. Түүний сэтгэл нэгэнт гэртээ ирчихээд хоймортоо суун бидэнтэй хөөрөлдөж байгаа ч бие нь хэзээ ч дэргэд байсангүй ээ. Энд зөвхөн их хотын сүрдэм саарал барилгуудын дэргэд татуулсан гэрэл зураг нь л бий. 

Тэр тэнд маш удаан амьдарч байна. Би элэг бүтэн атлаа “байхгүй” гэж хоос амлах билэггүй нэгэн. Гэтэл яг над шиг хэчнээн монгол хүүхдүүд ижий аавынхаа аль нэгийг харалгүй өссөн бол? Тэд ч бас харилцуурын цаанаас “Удахгүй очно” гэсэн бүдэгхэн дуугарах танихгүй нэгнийг хүлээн эцэс төгсгөлгүй олон маргаашуудыг элээн суугаа болов уу? Хэн ч буруугүй хэр нь аз жаргалтай гэр бүл холын хол тасран хоцорч, ороо бусгаа улс нийгмийн амьдралаас залхахдаа хэчнээн нь насан турш хагас дутуу амьдралыг туулсан бол?

Гудамжаар зөрөн өнгөрөх нэгнээс та асуугаарай. Гадаадад суугаа хэн нэгнийг тэр таньж л байгаа. 10 хүүхэд цуглуулаад “Аав нь хаа байна” гэж сураглаад үзээрэй. Тэдний зарим нь тийм үг хэлж ч үзээгүй байх вий. Монгол аав, монгол ээж нар эх орондоо байх дургүйдээ явсангүй, үр хүүхэд хань ижлээсээ залхахдаа ч явчихсангүй. Хүнээ биш хөрөнгөө дээдлэх болсон нийгмийг тэвчиж чадахгүйгээс ядаж л хөдөлмөрөө “хүн шиг” үнэлүүлэх гэсэндээ, хүү охиноо хүний дайтай яваг гэхдээ эх орноо элгэндээ тээсээр, гэрээс авч гарсан тээшийн цүнхээсээ өөр юу ч үгүй харийн нутагт хөл тавьцгаасан юм. 

Өнгөрсөн сонгуулийн үеэр гадаадад суугаа монголчууд хэдийн 130 мянгад хүрснийг зарласан. 130 мянган аав, ээж гэр бүлээсээ хол амьдарч, хоног өдрүүд өнгөрөх тусам алсарсаар байна. Үүний ард тэдний 130 мянган аав, ээж, үр хүүхэд нь нүдээ ширгэтэл хүлээн, удахгүй лизингээр байртай, зээлээр машинтай болно, удахгүй сайхан амьдарна ... удахгүй ээ… гэсэн өдрүүд хэдийд ч юм эцэс болохыг хүлээн суусаар… Насан буурал ижий аав нь даанч хүлээж тэсэлгүй бурхны орныг зорьсоор… 

Саяхан аав минь хэдхэн хоногийн өмнө татуулсан цээж зургаа илгээжээ. Аавынхаа зургийг хараад хэлэх, бодохын чөлөөгүй нулимс урсан, бие хөшиж орхив. Дэлгэцийн цаанаас цагаан буурал үстэй, нүд нь цэлхийн хөх татсан буурай өвөөгийн минь гунигт харц намайг ширтэнэ. Он жилийн тоос хөврөн аав минь хөгширчихөж ээ. “Одоо л нэг охин нь том боллоо” гэж бодож амжаагүй байхад, “Одоо л нэг” гэсэн хязгааргүй үргэлжлэх зуурдын хоногуудыг анзаарах сөхөөгүй алхан явахад цаг хугацааны мөнгөн хяруу хэдийн зурсхийж, цэл залуухан аав минь насны сүүдэрт дарагджээ. Гэтэл би түрийвчиндээ хадгалж явдаг Манхэттен гудамж дахь залуу идэр аавыгаа л ирнэ гэж хүлээсээр байдаг. Ээ халаг … Өнгөрөн одсон цаг хугацааг хэн надад төлж өгөх вэ? Аав минь надаас алсад өтөлж хоцорсон цаг хугацааг яаж эргүүлэх вэ? Аавынхаа энгэрт мацах нялх багын дурдатгалыг хэн нөхөх юм бэ? Хонх дуугарч хаалгаар орж ирээд охиноо үнсдэг үеэлийн аавыг харах бүртээ мэдэрсэн, бас энэ мэдрэмжээсээ айсан бяцхан миний дутууг яах юм..?

Уулсын сүүдэр аниргүйтэн, учрал амьдралын заагт хүч алдрахын үест аавынхаа тухай би боддог. Тэр амар амгалан ААВ минь. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
3 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.