Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Д.Ган-Очир: Ажилгүйдэл буурч байгаа ч ядуурал, орлогын тэгш бус хуваарилалт өсөж байна

Эдийн засгийн эмзэг байдал улам муудвал нийгэмд ирэх сөрөг үр дагавар өндөр болох эрсдэлтэй гэсэн үг.


“Монголбанк гэх хаалттай вант улс нээлттэй болж байна“ гэж эдийн засагч Д.Жаргалсайхан Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцлов. Монголбанк түүхэндээ анх удаа Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө судлаачдын санал бодлыг тусгах нээлттэй хурал зохион байгуулж байна. 

Хурлын үеэр Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир Монголын эдийн засгийн эмзэг байдлын талаарх илтгэл танилцуулсан юм. Д.Ган-Очирын илтгэлд 

Ажилгүйдэл буурч байгаа ч ядуурал, орлогын тэгш бус хуваарилалт өсөж байна 

Нүүрсний үнэ буурах хүлээлттэй байгаа нь богино хугацаанд ажиглагдаж байгаа экспортын сэргэлтийг үгүй хийж мэднэ 

Оюутолгойгоос бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт бага хэвээр байна

Төгрөг нь Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл хэдий ч ам.доллартай харьцах ханш нь Төв банкны үндсэн зорилго биш 

гэх мэтчилэн олон сонирхолтой санаа тусгагдсан байв. 

Д.Ган-Очиртой ярилцлаа. 

-Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан юундаа байна вэ? 

-Монголбанкны судалгаа статистикийн газар Монголбанкны урт хугацаанд анхаарах асуудлыг, эдийн засгийн бүтцийн бодлогын асуудлыг судлах судалгаа байнга хийж байна. Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдал ямар хүрээнд байна вэ, тэрийг бууруулахын тулд бодлогын хувьд ямар зүйлд анхаарлаа хандуулах вэ тухай илтгэл тавилаа. 

Эдийн засгийн эмзэг байдлыг таван сектороор үнэлж байна. Нэгдүгээрт гадаад сектор. Үүний дараа төсөв, гадаад валютын ханш, мөнгөний бодлого, нийгмийн асуудал, банк санхүү ямар байгаа вэ гэх мэтчилэнгээр ангилна. Дээр дурдсан секторуудаас харахад эдийн засаг сэргэж эхэлж байна. 

Гэхдээ эмзэг байдал талаасаа аваад үзвэл энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Одоо ч эмзэг байгаа гэсэн үг. 

Аль секторт эмзэг байдал илүү байна вэ гээд судлаад үзэхээр нөгөө л гадаад сектор тэргүүлж байна шүү дээ. Нүүрсний үнэ эргээд унавал гадаад секторт дахиад л ШОК үүснэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарвал эдийн засгийн хүндрэл үргэлжлэх болно. 
Төсвийн секторыг аваад үзвэл төсөв өөрөө уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай хэвээр. Төсвийн орлогын 25 хувь нь уул уурхайн салбараас орж ирдэг. Төсвийн алдагдал өндөр, өр өндөр байна. 

Төсвийн өндөр өр нь хүүгийн дараагийн зардлыг бий болгож байна. 

Эргээд энэ нь төсөвт дарамт болсоор байна. Энэ эргэж байгаа мөчлөг төсвийг хүндрүүлээд байна. 

Дээр дурдсан хоёр дарамт нь эргээд эдийн засгийн ерөнхий хүндрэлээр дамжаад санхүүгийн секторт очиж хүндрэл хуримтлуулж байна. Хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл өсөж байгаа нь үүнийг хамгийн тод харуулж байна. 

Сүүлийн үед түүхий эдийн үнэ өндөр байхын хэрээр уул уурхайн сектор өсөж байна. Үр дүнд нь уул уурхайн салбарын чанаргүй зээл буурсан. Гэхдээ ерөнхий дур зургаар нь харвал чанаргүй зээлийн хэмжээ 9-10 хувьтай тэнцэж байна. Өндөр хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмзэг байдал их байна. 

- Эдийн засаг тогтворжиж байгаа ч эмзэг байдалд төгсгөл ирээгүй гэсэн үг үү. Үүний үндсэн шалтгаан юу вэ? 

- Эмзэг байдал их байгаад гурван үндсэн шалтгаан бий. Эхнийх нь өмнө нь бий болсон бодлогын гажуудал. Хоёрдугаарт, бодлогын гажуудлыг засах оролдлого хийж байгаа ч нэг жилийн дотор засах боломжгүй асуудлууд байна. Гуравдугаарт, бүтцийн том бодлого хэрэгтэй. Санхүүгийн салбарт, дэд бүтцийн асуудлуудад ямар бодлого хийх вэ гэдэг чухал. Худалдаа хөрөнгө оруулалтын салбарт ямар ажил хийх вэ гэдэг нь сонин. Урт хугацааны том бодлогууд хэрэгтэй. 

- Тухайлбал?  

Цаашдаа эдийн засгийг зөв голдиролд оруулахын тулд хэд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Богино хугацааны асуудал ч бий. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларыг яалт ч үгүй дахин санхүүжүүлэхээс өөр сонголт алга. Төсвийг эрүүлжүүлэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан хэвээр байх хэрэгтэй.

Монгол Улсын эдийн засаг өртэй. Төв банкны стандарт бодлого хэрэгжих боломжгүй. Нэрлэсэн ДНБ-ийг өсгөх шаардлага байна. Ингэхийн тулд инфляцийн зорилт 8 хувьдаа хүрэх хэрэгтэй шүү дээ. 

Инфляцийн 8 хувь гэх тоо харьцангуй өндөр сонсогдож мэднэ. Гэхдээ энэ хэмжээнд тогтворжуулъя, нөгөө орон зайд бодит секторыг дэмжих чиглэл рүү хандах хэрэгтэй.

Ингэснээр нэрлэсэн ДНБ-ийг өсгөх замаар ДНБ-д эзлэх өрийн хэмжээг буулгаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх асуудал чухал хэвээр байна. Цаашлаад Монгол Улсын логистик, дэд бүтцийн асуудлыг анхаарах шаардлага байна. Гадаадаас авчирч буй бараа бүтээгдэхүүний 25 хувийг зөвхөн логистик, тээвэртэй холбоотой зардал бүрдүүлдэг.   

- Өмнө нь Төв банк тээвэр, логистикийн асуудалд анхаарлаа хандуулсан удаатай. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт логистикийн асуудлыг тусгасан шүү дээ. Үр дүн нь харин хаашаа эргэснийг Та бид мэдэж байгаа? 

-  Өнгөрсөн жилүүдэд бий болсон тээвэр, логистикийн асуудлыг зах зээлийн гажуудал гэж үзэж байгаа. Зах зээл өөрөө өөрийгөө засах боломжгүй байна шүү дээ. Энэ үед төр оролцох ёстой байдаг. Тэр утгаараа ч төр оролцсон. 

Монголын хувьд засаглал, институц, авлигалын асуудал их байна. Тиймээс энэ асуудал Засгийн газрын өөрийн гажуудал болж хувирчээ. Хяналт шалгалт муу, бодит байдлын хэрэгжилт тааруу гэсэн үг. Ингээд сөрөг үр дагаварт хүрсэн. Тиймээс үүнд судлаачид, холбогдох яамд санал бодлоо өгөх хэрэгтэй. 

Том зургаар нь харвал, хамгийн том тулгамдаж буй асуудал нь институц, засаглал, авлигал болж байна. Энэ гурван асуудлыг шийдэхгүйгээр байгалийн баялагтай улс орнууд хэзээ ч хөгжиж чадахгүй, хараалд орсон байдаг. Ядуу орон яагаад ядуугаараа байдгийн шалтгааныг институцийн засаглалтай холбож тайлбарладаг. Байгалийн баялагтай орон яагаад баян болж чаддаггүй шалтгааныг дахиад л институцтэй холбож тайлбарладаг. 

Мөн засаглалын асуудлыг ярих хэрэгтэй. 

Монголын төрийн засаглалыг яг компанийнх шиг болгомоор байна.

Хяналтын механизмтай гэсэн үг. Гүйцэтгэх удирдлага нь ажлаа хийж чадахгүй бол ТУЗ түүнийг сольдог, хариуцлага тооцдог байх хэрэгтэй.  ТУЗ аудитын компани хөлсөлж, гүйцэтгэх удирдлагын хийж буй ажлыг жил бүр шалгадаг, гүйцэтгэлийг хянах хэрэгтэй. Монголд институцийг сайжруулах, засаглал сайжруулах, авлигалаас ангижрах гурван гол асуудал байна. Үүнийг урт хугацаанд шаардлагатай байгаа бүтцийн бодлогоор дамжуулан хийнэ. 

-Та илтгэлдээ ажилгүйдэл буурч байгаа ч ядуурал, орлогын тэгш бус хуваарилалт өсөж байгаа талаар илтгэлдээ дурдлаа.  Энэ талаар тодруулаач? 

-Эдийн засгийн эмзэг байдлын таван секторын нэг нь нийгмийн эмзэг байдал юм. Нийгмийн эмзэг байдал дөрвөн үзүүлэлттэй. Эхнийх нь орлогын тэгш бус байдал. Хоёрдугаарт ажилгүйдэл. Гурав дахь нь ядуурлын түвшин. Монгол Улсад энэ үзүүлэлт өнгөрсөн онд 21.6 хувьтай тэнцэж байлаа. Харьцангуй бага гэж үзэж байв. Тэгвэл энэ жил статистикээс үзэхэд энэ тоо 29.6 хувь болжээ. 

Орлогын тэгш бус хуваарилалтын талаар бид сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Баян нь хэт баяжиж, ядуу нь ядуураад байгаа тухай яриа шүү дээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 0.31 байв. Энэ жил 0.36 болж өссөн байна. 

Монголд орлогын ялгаатай байдал буюу баян, ядуу хүний орлогын ялгаатай байдал эрс нэмэгдээд байна гэсэн үг. 

Эдийн засгийн эмзэг байдал улам муудвал нийгэмд ирэх сөрөг үр дагавар өндөр болох эрсдэлтэй гэсэн үг.

Тэгэхээр төр засгийн хэмжээнд ядуучуудад ирдэг халамжийн бодлогыг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх замаар орлого багатай хүмүүст дэмжлэг үзүүлэх шаардлага байна. 

Орлогын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэхийн тулд өсөн нэмэгдэх татвартай болсон. Үүний хэрэгжилтийг сайжруулмаар байна. Орлого өндөртэй хэсгээс татвар авч, үүгээр хөрөнгө оруулалт хийнэ. Орлого багатай хэсэгт илүү их халамж олгодог механизмыг сайжруулмаар байна. 

- Төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн. Гэхдээ Оюутолгой төслөөс бусад хөрөнгө оруулалт муу байгаа тухай Та дурдсан. Энэ талаар тодруулаач? 

Монгол Улсад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 550 сая ам.доллар нь зөвхөн Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр үлдсэн 100 сая ам.доллар нь бусад компанид оржээ. 

Өмнөх гурван жилд ч бусад компанийн шууд хөрөнгө оруулалт бага байсан. Тэгэхээр төлбөрийн тэнцэл ашигтай гарсныг шууд сайн үр дүн гэж харахад хэцүү. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бэхжүүлэх асуудал тулгамдсан асуудал хэвээр байна. 

-Оюутолгойн хөрөнгө оруулалт чинээндээ тулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр чигтээ зогсоно гэсэн үг үү? 

-Тийм шүү дээ. Хүнд байдалд орж магадгүй. 

-Монгол Улсын тусгаар байдал төгрөгтэй шууд холбоотой гэж дурдсанаа тодруулаач? 

-Тусгаар тогтносон улс гэдэг өөрийн мөнгөн тэмдэгттэй байдаг. Монгол Улс тусгаар тогтносны баталгаа нь төгрөг шүү дээ. Тэгэхээр төгрөгийн үнэ цэнэ чухал гэсэн үг. Төгрөгийн үнэ цэнийг хадгалдаг зүйл нь тухайн улсын Гадаад валютын албан нөөц юм. 

-Илтгэлийн дараагийн хэсэгт Та төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь Төв банкны зорилт биш юм аа гэж дүгнэж буйгаа хэлсэн шүү дээ. Үүнийг уялдуулж тайлбарлавал? 

-Гадаад валютын нөөц хангалттай байгаа тэр үед дотоодын мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл нэмэгддэг. Тэгэхээр Валютын нөөцийг ихэсгэх шаардлагатай. Гэхдээ төгрөг гэдэг зүйл чухал юм аа гээд ам.доллартай харьцах ханшийг нэг зурааст байлгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, валютын ханш нь Төв банкны зорилтыг биелүүлэх хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Төгрөгийг тогтвортой байлгахын тулд Монгол Улс гадаад валютын арвин их нөөцтэй байх учиртай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
5
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.