Хайх зүйлээ бичнэ үү

Монголд гурван жилийн турш ажиллаж, амьдарч буй залуутай цөөн хором ярилцсанаа хүргэе.

“Би цуйван, банштай цайнд дуртай” гэж цэвэрхэн аялгаар ярих энэ эрхэм хэдийнэ “монголжжээ”. Монгол маягийн шогийн мэдрэмжтэй болтлоо монголжиж. Хамт олныхоо хошигнохыг хэнээс ч илүү ойлгож, хөгжилдөх Юүки Такахашиг нэрнээс нь япон хүн юм гэдгийг Та мэдсэн биз ээ. Монголд гурван жилийн турш ажиллаж, амьдарч буй “Жүдо” академийн багш, дасгалжуулагч залуутай цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Юүки Такахаши гэдэг. Монголд ирээд гурван жил болж байна. 

-Дэлхийд жүдогийн спорт хөгжсөн олон орон бий. Та яагаад Монголыг сонгож, энд ажиллахаар болсон бэ?

-Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж байхад монгол тамирчдын мэх миний сонирхлыг татсан. Тэгээд л заавал Монгол руу явна гэсэн бодол төрөөд энд ирсэн дээ.

-Монгол тамирчдын юу нь онцгой санагдсан болоод энд ирэхээр шийдсэн бэ?

-Монголын үндэсний бөхөд хэрэглэгддэг маш даацтай олон мэхийг монгол тамирчид хийдэг. Эдгээр мэх миний сэтгэлийг татсан юм. Тиймээс би ийм мэх хийхийг харж, сурахыг хүссэн учраас анх Монголд ирсэн. 

-Та жүдогоор хэдэн наснаасаа эхэлж хичээллэсэн бэ? 

-Найман настайгаасаа эхэлж жүдогоор хичээллэсэн. Одоо 27 настай. 

-Дасгалжуулагчаар ажиллаад чамгүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд жүдогоор хичээллэдэг япон, монгол хүүхдүүдийн дунд бие биеэсээ ялгарах онцлог ажиглагдсан уу? 

-Япон хүүхдүүд маш дуулгавартай. Монгол хүүхдүүд сахилгагүй. Гэхдээ монгол хүүхдүүдийн сайн тал нь бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ, эрч хүчтэй, дайчин хийдэг. Монгол хүүхдүүд цовоо сэргэлэн шүү.

-Та Монголын цаг агаар, хоол унданд дасчихсан уу. Ямар хоолонд хамгийн их дуртай вэ? 

-Дасалгүй яах вэ. Би цуйван, банштай цайнд дуртай. 

-Нутгаа санаж л байгаа байх. Хамгийн сүүлд хэзээ явсан бэ? 

-Ноднин  миний шөрмөс тасраад бэртчихсэн. Саяхан хагалгаанд орсон болохоор сар бүр нутагтаа очиж, үзүүлэх шаардлагатай байгаа. 

-Таны монгол хэлний дуудлага цэвэрхэн юм. Монгол хэлийг яаж ингэж сурав?

-Анх Монголд ирээд ойр зуурын яриа болон дүрмээ багшаар заалгуулсан. Одоо бол хүмүүстэй харилцан ярилцангаа л сурч байна. 

-Мэдээж Япон, Монголын соёл болоод амьдрах орчин ялгаатай. Энд ажиллаж, амьдрахад бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?

-Япон хөгжингүй улс учраас тэр хэрээр хүмүүсийн харилцаа хөндий юм болов уу. Харин Монголд эсрэгээрээ. Монголчуудтай ажиллаж, амьдрахад яриа хөөрөө сайтай, халуун дулаан уур амьсгалтай байдаг. Япончуудын мартаж, орхигдуулсан харилцааны сайхан талыг энд ирээд олж харсан. 

-Япон хүний хувьд Монгол, Японы жүдогийн харилцаа холбоо ямар түвшинд байгаа гэж боддог вэ?

-Би Монголд ажиллаж, амьдарч байна. Миний таньдаг олон монгол хүн Японд жүдогоор хичээллэж, хэл соёлыг нь судалсан, судалж байгаа. Тэгэхээр Монгол, Японы жүдогийн харилцаа маш ойрхон, халуун дотно харилцаатай болов уу гэж боддог. 

-Та ажлынхан дундаа ганцаархнаа гадаад хүн. Монголчуудтай ажиллахад хүндрэл, бэрхшээлтэй зүйл хэр гарч байна вэ?

-Би монголчуудтай ажиллах дуртай. Одоогоор хүндрэл, бэрхшээлтэй зүйл гараагүй. Монголчууд цаг барихдаа тааруу. Харин япончууд цагийг маш сайн барьдаг. Манай академийнхан цагаа барьж, тамирчдаасаа түрүүлж ирээд, тэднийг хаалгаар ороод ирэхэд нь угтаж авахыг хичээдэг. Энэ нь надад маш их таалагддаг. 

-Монголд хэр удаан багшлах вэ. Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

-Одоохондоо Япон руу буцах төлөвлөгөөгүй байгаа. “Жүдо” академийнхаа төлөө, Монголын жүдогийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна. 

-Магадгүй Монгол эхнэртэй болох юм болов уу?

-Удахгүй болно оо. /инээв/

-Танд баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.