Авторын булан: У.Хүрэлсүх мэргэжлийн, хүчтэй танхим бүрдүүлж зүрхлэх үү


  |     2017-09-26 14:33   |     4839
  2017-09-26 14:33   |     4839

  

Эр зориг, авхаалж самбаа бүрэн жагссан У.Хүрэлсүх Ерөнхий сайдад дэвших болсон мэдээ олны хүлээлтэд нийцжээ. Нэгэнт Ерөнхий сайд тодорхой болсон тул түүний нэр УИХ-ын босгоор давмагцаа шуурхай батлагдчих захиалгатай. Наана нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын сайд нарын танхимыг хэрхэн бүрдүүлэх тухай хэлэлцэх товтой. Гэвч энэ хурал У.Хүрэлсүхийн хувьд насаараа сонссон “аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г нь эргэн сануулах төдий уйтгартай зүйл болж өнгөрөх болов уу. Шинэ Засгийн газрыг ч тэргүүлж, намын удирдлагаа ч авахаар эрс хөдөлсөн У.Хүрэлсүхэд өөрийн танхимаа өөрийн бодлоор өөрөө бүрдүүлэх төлөвлөгөө эрт зурагдсан нь лав. Харин яаж?

Сайдын суудал 10-хан, горилогчдын цуваа тасрахгүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар авторлагдсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын 32 гишүүн бий. Энэхүү бичиг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгоход түүхэн гэж хэлж болох үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Сайд болох горьдлогоор 32-ын 1 болсон гишүүд тэдний дунд цөөнгүйг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн Бага хурал У.Хүрэлсүхийг дэмжихэд хүчин зүтгэснийхээ шанд сайдын суудал авах гэх фракцын толгойлогчид өөрийн хүмүүсээ хоолонд оруулахаар шантаажилж байх магадлалтай. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ч бас эвтэйхнээр хэлбэл хүсэлт, аягүй ойлговол шахалт учруулж л байсан нөхөд шүү дээ. Харин дараагийн Ерөнхий сайд тэдэнд ийм шан хүртээхээр төлөвлөсөн, эсэх удахгүй тодорхой болно.

Ганцхан жишээ. Т.Аюурсайханыг шинэ Засгийн танхимд суух өндөр магадлалтай гэж байна. Бүр Гадаад хэргийн сайд болох чимээ дуулдсан. Тийм бол харамсалтай. Дипломат бодлогыг ажил хэрэг болгодог гадаад харилцааны салбар зөвхөн улс төрийн бус, эдийн засгийн, хөрөнгө оруулалтын, аюулгүй байдлын, Монголын нэр хүндийн үнэ цэнийг бий болгодог онцгой статустай. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилыг гадаад бодлогын салбарт илүүрхдэггүй юм гэхэд ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага зангараг эн тэнцэх нэгнээр солиуштай. Т.Аюурсайхан Гадаад хэргийн сайд биш. Энэ мэтчилэн дур нь эзнээ голохгүй зүтгэх хүсэл мөрөөдлүүдийг гүйцээх гэж нэг Засаг нөгөөгөөр солигдоогүй гэдгийг У.Хүрэлсүх шантаажлагчдад ойлгуулж, байвал зохих байранд нь байршуулах хэрэгтэй.   

Өмнөх Засгийн газрын бялуу хуваарилалтаас горьдсон ч гомдож хоцрогсдын даага нэхэх санаархлын хариуд У.Хүрэлсүх наймаалцахгүй, хатуу хариу барилаа гээд мөнгөгүйдээд тураад үхчихгүй, хулхидагч, муриач болчихгүй гэж найдъя. Сайдын суудал 10-хан, горилогчдын цуваа тасрахгүй нь өөрөө бодит нөхцөл байдал.

Жинхэнэ лидер хүчирхэг багийг сонгодог

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараах олон нийтийн хүлээлтэд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж ялсан МАН-ын сонгуулийн амлалт биелэгдээгүй, өөрөөр хэлбэл, шинээрээ байна. Ж.Эрдэнэбатад хүчирхэг баг сонгоогүй олон шалтгаан байсан. Тэр өөрөө улс төрд харьцангуй шинэ. Тэр лидер болж чадаагүй. Түүнд сонголт хийх эрх байгаагүй, гэх мэт. Хүмүүс харин энэ удаа У.Хүрэлсүхээс өөрийнх нь бодлого, сонголт арай өөр, хүчтэй, алсын хараатай байхыг хүсэж байгаа.

Сүүлийн үед МАН-д өрнөж буй сайн, муу бүхий л үйл явдал ганцхан учир шалтгаанаар тайлбарлагдаж байна. Энэ бол мэдээж нөгөөх “60 тэрбумын” гэх хэрэг явдал. Төрийн төрийн албыг тэрбум тэрбумаар наймаалдгаа У.Хүрэлсүхийн үед таслан зогсооно гэсэн итгэл шинэ Ерөнхий сайдаас тууштай шударга алхмуудыг ээлж дараалан шаардах болно. “Мэргэжлийн” гэх өмнөх Засгийн газрын нэр шинэд нь улиран үлдэхгүй байх. Гэхдээ энэ тодотголын агуулгыг бүрэн илтгэсэн, албан тушаалын шунал тачаалаас ангид мэргэжлийн чадварлаг баг байгуулах нь “У.Хүрэлсүх үнэхээр нийгмийн захиалга мөн байв уу” гэдэг асуултад хоёр үзүүргүй хариулт болж хоцорно. “Тэр өөрөө нийгмийн захиалга мөн л дөө, гэхдээ улс төр бол багийн тоглолт учраас Засгийн газрын гишүүдийг нийгмийн захиалгаар томилоход учир дутагдалтай” гэх салаа утга зүүн эерүүлэх боломж У.Хүрэлсүхэд үлдээгүйг санах ёстой.  

Хөөрхий муу У.Хүрэлсүх улс төрд удсаных, одоо цаг нь болсон юм зайлуул гэх нэг ч хүн байхгүй. Ард түмэн илэрхий тодорхой байр суурьтай, хатуу зарчимч улстөрчийг л эрх баригчдаас хүлээгээд байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийг лидер хэмээн намд нь захиалж байж гаргаж ирсний хэрэг бүтэх болтугай. У.Хүрэлсүх хэдийгээр УИХ-ын танхимын гаднаас Төрийн ордонд орж ирсэн Ерөнхий сайд боловч ганц сарын дараа болох МАН-ын их хурал түүнд намын даргын суудлаа өгөх нөхцөл бүрдэж байна. Түүнд улс төрийн эрх мэдэл төвлөрөхөд УИХ дахь МАН-ын бүлгийг гаднаас нь удирдах боломж хамт ирнэ. Тиймээс Засгийн газраа унагуулчихгүй юмсан гэх айдас хүйдэсгүйгээр хүчирхэг танхимтай, зоримог ажиллаж болох л Ерөнхий сайд.

Аливаа Засгийн газарт Ерөнхий сайд нь л сайн болохоос танхим нь муу, эсвэл танхим нь сайн боловч тааруу Ерөнхий сайд гэх үнэлэмж бараг үгүй. Түүхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газар гэж л үлдэнэ. Тиймээс У.Хүрэлсүх өөрөөсөө илүү мэдлэг боловсролтой, нийгэм, эдийн засгийн салаа мөчир бүрт ажилласан туршлагатай танхим бүрдүүлж байж өөрийг нь онцгойлон захиалсан нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх. Түүнээс биш өөрөө гоцлон тодрох, хэн нэг сайдаасаа дутуу дулимаг харагдах вий гэсэн жижиг зөрчилд бүдрэн, долоогчид, доогуур зиндааныхнаар өөрийгөө хүлэх хэрэггүй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө Оюутолгойн дайны хоёр ч том төсөл хүлээж байгааг санагтун. Сөрөг хүчнийг ивээх магадлалтай 2020 оны сонгууль хүртэл 2.5 жил үлдсэнийг сануулах хэрэг юун.    



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын "Цензургүй яриа"-нд ярьсан 30 ЧУХАЛ ЭШЛЭЛ

Би бол баримттай, хугацаатай, түүхтэй л юм ярина ш дээ.

  2017-11-20 14:58