Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бүх үзэгчийг суудлаас нь босгосон Ят-Ха хамтлагийн Монгол дахь анхны тоглолт

“Ят-Ха” хамтлагийн тоглодог хөгжмийн зэмсэг, дуулалтын арга техник бүхэлдээ дахин давтагдашгүй өвөрмөц зохицлыг бүрдүүлэх аж.


Альбертын буурал үс ая эгшигийн хэмнэлийг даган зөөлөн хөдөлнө. Энэ зуур морин хууртай адил дуугаралттай хуурын эгшиг Шолбаны намуун хоолойтой хослон орж ирэх нь Тува үндэсний хоёр чавхдаст, морин толгойтой икэл хуур аж. Морин хуураас өөр энэ төрлийн хөгжмийн зэмсгийн мэдлэг хомс миний анхаарлыг энэ хөгжим ихэд татаж байлаа. Дуугаралтын хувьд морин хуураас ялгарахын аргагүй икэл нь зуувандуу хэлбэртэй ширэн цараараа ялгаатай харагдаж байв. Төд удалгүй Альбертын утга нь үл ойлгогдох үгс ар, араасаа хөвөрч, хөөмийн учир битүүлэг хийгээд сэтгэл хөдөлгөм аяз эгшиглэнэ. “Ят-Ха” хамтлагийн тоглодог хөгжмийн зэмсэг, дуулалтын арга техник бүхэлдээ дахин давтагдашгүй өвөрмөц зохицлыг бүрдүүлэх аж.

ОХУ-ын Тува үндэсний фолк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ят-Ха” хамтлаг Дэлхийн хөөмийн холбооноос хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа тоглох гэж буй мэдээ дуу хөгжим сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байсан юм. Тувагийн үндэсний хөгжмийг рок, фолк урсгалтай сүлбэн цоо шинэ хөгжмийн урсгал жанрыг бий болгосон анхдагчдын нэг, “Ят-Ха” хамтлагийг урьд өмнө дуулж байгаагүй би тоглолтыг зорихоос өмнө “биеэ бэлдэх”-ээр дуунуудыг нь youtube-ээс хэдэнтээ сонсов. Манайхаар бол “Алтан ураг” хамтлагтай адилтгаж болмоор үндэсний хөгжмийн дуугаралтуудыг рок, фолк хөгжмийн хэмнэлд оруулж, хүнд рок хөгжмийг хөөмийтэй хослуулсан нь эрхгүй сонирхол татаж байлаа. Англи, орос, буриад, бүр эсвэл монголоор ч дуулаад байгаа юм шиг бүдэг бадаг сонстох дууны үгс, цээжний гүнээс түрэн гарах хархираа, гитарын хөнгөн хэмнэл, бөмбөрийн цохилтууд цаанаа л сэтгэлд ойр санагдах нь морин хуурын танил аялгуу, Монгол аймгийн ахан дүүсийн царай төрхтэй холбоотой байж ч мэдэх.

Монгол цамцаар гангарсан Шолбан, гитар гартаа барьсан Альберт нар гоцлон дуулж байсан нэгдүгээр хэсэг өндөрлөж, тайзнаа нүүр дүүрэн инээмсэглэлтэй үзэсгэлэнт дуучин Сайлык гарч ирлээ. Түүний хоолойн чадал, зэрлэг догшин гэмээр оргилох эрч хүч танхимд цугласан олныг ёстой л алмайруулж чадсан. “Ят-Ха” хамтлагийн хурдан хэмнэлт хөгжмүүдэд гайхалтай зохицон, хурдан өөрчлөгдөх тайз, танхимын гэрэлтүүлгүүд орчныг улам илүү амьд, бодит болгож байсныг дурдах нь зүйтэй. “On’n Off Production”-ийн танхим, гэрэлтүүлэг энэ төрлийн тоглолтод тун ч тохиромжтой санагдсан.

1980-аад оны эхээр хөгжмийн коллежид суралцангаа, Тувагийн үндэсний филармонд ажиллаж байсан Альберт Тувагийн үндэсний хөгжимд гаршсан хэсэг хөгжимчидтэй учирснаар энэ хамтлагийн эхлэл тавигджээ. Үндэсний хөгжимд рок хөгжмийн нөлөө оруулсан хамгийн анхны “The Spectre of Coming Disaster” цомгоо тэр 1989 онд кассетэн дээр бичиж байв. Үүнээс хойш тус хамтлаг Европоор хийсэн аялан тоглолтуудынхаа бичлэгүүдтэй нийлүүлээд нийт 14 цомог гаргасан байна. 1990-ээд оноос дэлхийн хөгжмийн ертөнцөд урьд өмнө үзэгдэж байгаагүй сонирхолтой хамтлаг “Ят-Ха”-гийн нэр дуулдах болж, тэднээс “Хун хуур тү”, “Алаш” гэх зэрэг хамтлагууд урам зориг аван, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж, барууны орнуудад багагүй нэрд гарсан байдаг.

Өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн энэ тоглолтын төгсгөлд үзэгчид бүгд суудлаасаа босож, баяр хүргэн, бас болоогүй дуудсаар байгаад тэднийг эргэн тайзан дээрээ гарч ирэхэд хүргэсэн. Энэ өдрийн төгсгөлд надад тэдний дуусч дундаршгүй их эрч хүч, сэтгэлд дулаахан инээмсэглэлүүд л тодоос тод үлдсэн юм.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
34
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.