Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сүүлчийн император Федор 41 нас хүрлээ

“Аваргуудын дундах аварга”, “Сүүлчийн император”, “Ертөнцийн хамгийн хүчтэй хүн”, “Хүн төрөлхтний түүхэн дэх их аварга”. Түүнийг янз бүрээр нэрлэж, дуудсан ч Федор даруу төлөв хэвээрээ.


Дэлхийн тулааны урлагийн түүхэнд хүчтэй чадалтай, авьяастай сайн тамирчин олон байсан. Гэхдээ тэдний дунд домог болон мөнхөрсөн нь цөөн. Холимог тулааны домгуудын нэг “Сүүлчийн император” хочит Федор Емельяненко өнөөдөр 41 нас хүрлээ.

“Аваргуудын дундах аварга”, “Сүүлчийн император”, “Ертөнцийн хамгийн хүчтэй хүн”, “Хүн төрөлхтний түүхэн дэх их аварга”. Түүнийг янз бүрээр нэрлэж, дуудсан ч Федор даруу төлөв хэвээрээ. Улс төрд орж, сонгуульд өрсөлдөн, Спортын сайдын зөвлөх болж, урлагийн салбарт зүтгэн, кино, зар сурталчилгаанд тоглож, алдар хүндийн оргилд хүрсэн хэдий ч үг дуу цөөн янзаараа.

“Би хувцас хунар, эд зүйлсээ урагдаж муудахаас нь өмнө солих дургүй”

Гял цал болсон ганган зүйлд дургүй нь түүний бас нэгэн онцлог. Спортын сайд Муткогийн дуудсанаар л Москвад шилжсэнээс биш тэр одоо болтол Белгород мужийн Хуучин Оскол хэмээх манайхаар бол сумын төвдөө л амьдардаг. 100 жилийн өмнө Европын сэхээтнүүд алдарт Лев Толстой хөдөө яаж амьдарч байгааг харах гэж Ясная Полянад ирдэг байсан бол одоо гадаад дотоодын телевизийн сурвалжлагч нар Осколд ирж, дэлхийн хамгийн хүчтэй хүн модон байшин дотор самар цөмөн, хуучин дугуйг лантуугаар нүдэн, дасгал хийж байгааг нүдээ бүлтийлгэн хардаг болжээ.

2012 онд зодог тайлан, үнэнч фэнүүдээ “гомдоосон” Федор өнгөрсөн жил эргэн ирсэн. Энэтхэгийн үлэмж биетэн Сингхийг тэр гурван жилийн өмнөх шигээ л цохиод унагаасан. Түүний замд жижицү, жүдо, каратэ, бокс, кик боксчид, элдэв холбоо, дэлхийн аваргууд хөндөлдсөн ч Федорын хувьд огт ялгаа байхгүй. Зарим нь 30 секунд, нэг хэсэг нь хэдхэн минутын дараа хамраараа газар хатган хэвтэж, харин Федор Оросын далбаа өргөн гүйж явдаг. Яагаад тэр одоо болтол Хуучин Осколд байсаар байна вэ? Ертөнцийн хамгийн хүчирхэг иргэн хүн ёстой л дэлхийн хаана ч дураараа амьдарч болохоор.
“Би энд өссөн. 12 настайгаасаа л сургуулийнхаа спорт танхимд бэлтгэл хийсэн, одоо ч хийж байна. Танхимыг бид өөрсдөө засаж янзалсан. Яагаад заавал Москвад амьдрах гэж? Эцэг эхчүүд хүүхдээ алдар нэртэй хүн боллоо гэж хайрладаггүй биз дээ. Тэрэн шиг л миний хот онцгой юм үгүй ч энэ бол миний хот”

Ингээд Федор Емельяненког амжилтад хүргэсэн, амьдралын дүрмийг танилцуулья.

-    Би Украинд төрсөн ч Орост бүх амьдралаа өнгөрөөсөн. Одоо хоёр өөр улс ч миний хувьд хуучнаараа л нэг орон.
-    Эх орон бол ээж л гэсэн үг. Эх оронтой байгаадаа л баярлаж, хайрлаж байх хэрэгтэй. Ээж нар маань заримдаа өвддөг шүү дээ, тэрэн шиг л улс орон хөгжиж, заримдаа хямардаг.

-    Амьдрах аргагүй болоод л би тулааны урлагт шилжсэн. Уг нь ОХУ-ын жүдогийн шигшээ багт багтаж, бэлтгэл сургуулиа хийж байсан. Гэхдээ тэр үед ирээдүйн олимпийн хошой аварга Тамерлан Тменов багийн лидер, дэлхийн аварга  Саша Михайлин хоёрдугаарт бичигдэж, би жагсаалтын дөнгөж гуравт байсан юм. Шигшээ багт хоёр жил зүтгэсэн ч дээш гарч, олимп дэлхийн аваргын тэмцээнд орох аргагүй байсан. 2000 оны үе байлаа. Хуримаа хийж, охин минь төрөөд гэр бүлээ тэжээх хэрэгтэй байсан.
-    Жинхэнэ эр хүн гурван зүйлийн төлөө л тулалддаг. Эх орон, ээж, хайртай бүсгүйнхээ төлөө.

-    Би жирийн хүн шиг амьдрахыг хүсдэг. Тулааны тамирчид өөрийгөө агуу, шилдэг гэж бодоод ирэнгүүтээ л ялагддаг юм.
-    Америкийн тулаантай киноны баатартай адилхан байхыг хүсдэггүй. Манай залуучууд тэднийг шүтэн биширдэг нь буруу. Тэдний дэргэд Александр Невский, Дмитрий Донской, Пересвет бол санаанаасаа зохиогоогүй, жинхэнэ баатар эрчүүд. Эх орныхоо төлөө амиа өргөсөн тэдэн шиг болохыг залуучууд хүсэх хэрэгтэй.

-    Цэрэгт яваад үз. Армийн ачаар бие махбодь чангаран, тэсвэр хатуужилтай болж, би жинхэнэ эр хүн болсон. Залуучуудад арми зайлшгүй чухал.
-    Бурхан бий. Хамгийн нүгэлтэй, муу дээрэмчнийг ч бурхан сэнхрүүлэн засаж чадна. Бурхан байдаг гэж би ойлгон мэдэрсэн. Намайг зовоож байсан асуудлууд тэр дороо алга болж, миний амьдрал өөрчлөгдсөн юм.
-    Хүн болгонд сайн муу тал бий. Надад ч адилхан. Гэхдээ би түүнийгээ нүглээ наминчлахдаа л хэлнэ.

-    Библийн сургаал тулаан хоёр зөрчилддөг гэж би бодохгүй байна. Тулааны урлагийг би спорт гэж үздэг. Хэдий хатуу ширүүн спорт ч би рингэн дээр хэн нэгнийг алах гэж гардаггүй.
-    Виктор Цойгийн уран бүтээл надад таалагддаг. “Цусны бүлэг”, “Нар нэртэй гариг”, “Хар цомог” концертын дуунуудыг сонсох дуртай.

-    Эмэгтэй хүн хайр дурлал, сайн сайхныг авчирч байх ёстой гэж боддог. Гэтэл одоогийн бүсгүйчүүд өөрсдийгөө л бодож, үнэтэй бэлэг өг гэж шаарддаг болжээ. Миний бодлоор эмэгтэй хүн өөрөө хүнд хайр бэлэглэж, эр нөхөр, үр хүүхэддээ үлгэр жишээ болж явах ёстой.
-    Тэмцээний өмнө би юу ч боддоггүй. Хүч чадал, тэсвэр хатуужил, сэтгэл санаагаа хөвчлөхийг хичээдэг. Тэгээд л тулалдана. Би уурладаггүй, өрсөлдөгчөө доромжилж, загнадаггүй. Маргааш тулалдах өрсөлдөгчтэйгээ урьд өдөр нь инээж ярилцан, тоглоом тохуу хийж чадна.

-    Хөлбөмбөгт дуртай ч ямар нэг багийг онцлон дэмжээд байдаггүй. Том тэмцээн үзэж байгаад Оросын шигшээ баг ялагдангуут л ямар ч сонирхолгүй болчихдог.
-    Гадаа салхинд найз нартайгаа шорлог шаран, инээж суух шиг сайхан амралт байхгүй.
-    Лев Толстой, Антон Чеховын зохиолийг унших дуртай. Тэндээс л хүн гэж юу болохыг мэдэж авна.

-    Хэн нэгэнд өөрийгөө батлан харуулах гэж хичээгээд хэрэггүй. Чимээгүй л зорилгодоо хүрэхээр зүтгэ.
-    Бахархал бол хүний хамгийн том нүгэл. Бахархан онгирч, өөрийгөө Бурханаас дээгүүр тавьснаас болж бид нүгэл үйлддэг.
-    Тулааны урлагийн гүн ухаан бол рингэн дээр хатуу ширүүн, амьдрал дээр зөөлөн байх. Хүчтэй хүмүүс харгис ширүүн байдаггүй.
-    Унаж үзээгүй хүн босож үзээгүй байдаг.

-    Бокс тоглож үзээгүй. Цаашдаа ч тоглох сонирхол байхгүй. Би бол холимог тулааны мастер.
-    Миний хувьд мөнгө бол ойр дотныхондоо туслах боломж төдий зүйл. Би хэзээ ч мөнгө төгрөг хурааж байгаагүй.
-    Гадаадынхан архи гэхээр л оросуудыг санадаг. Тэнд манайхаас их уудаг мөртлөө оросууд архичин гэсэн ойлголттойг хараад би архи амсахаа байсан.
-    Би эх орондоо л амьдрана. Оросын газар шорооноос би эрчим хүч авч, сайхан байгальд зугаалдаг. Өөр ямар оронд ингэж чадах билээ дээ.

-    Миний амьдралын хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил, шүтлэг. Хоёрт гэр бүл. Бусад нь тийм чухал зүйл биш.   
-    Яагаад улс төрд орсноо тайлбарлахад юуны өмнө хүн арддаа тус болохсон гэж бодсон. Юугаар ч тусалж чадахгүйгээ ойлгох үед маш хэцүү байдаг.
-    Би сүмд байнга очдог. Миний сэтгэл санаанд бурхан оршиж байдаг. Гэр бүл, сайн нөхөд надад бий. Би аз жаргалтай хүн. Надад өөр юм хэрэггүй.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
15
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.