Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Монголын хүчирхэг бүсгүйчүүдийн тухай NPR-д тавигдсан нийтлэл БҮРЭН ЭХЭЭРЭЭ

“Монголын хүчирхэг бүсгүйчүүд эцгийн эрхт ёсыг халахад бэлэн” нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


АНУ-ын үндэсний мэдээллийн агентлаг болох NPR-ийн “Goats and Soda” (Дэлхийг өөрчилж буй түүхүүдийг нийтэлдэг тусгай булан) буланд өнгөрсөн лхагва гарагт “Монголын хүчирхэг бүсгүйчүүд эцгийн эрхт ёсыг халахад бэлэн” гэх нийтлэл нийтлэгджээ. Катъя Кэнгел гэх сэтгүүлчийн бичсэн тус нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


О.Гэрэлээ

Одончимэдийн Гэрэлээ “үтрээ” гэх үгийг хамгийн анх удаа хэлэхдээ 23 настай байлаа. Энэ бол 2011 онд тэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагад элссэн үе юм. Тус байгууллагын бүсгүйчүүдийн хэрэгжүүлсэн хамгийн анхны төсөл нь бүсгүйчүүд өөрсдийнхөө үтрээний тухай ярьдаг “Үтрээний хүүрнэл” нэртэй жүжиг байв.

“Энэ сэдэв бол Ази болон Монгол эмэгтэйчүүдийн түгээмэл ярьдаг сэдэв биш” хэмээн тэр байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Батхуягийн Золзаяа хэлэв. Тэр анхны төслийнхөө үеэр бүсгүйчүүдэд гэрийн даалгавар өгчээ. Жүжгийн бэлтгэлийн дараа тэр жүжигт оролцсон бүсгүйчүүдэд толинд хараад “Бидний үтрээнүүдэд сайн уу гэж хэлээрэй” хэмээн сургуулилт хийхийг зөвлөж байжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, 34 настай Золзаяа “Манай хамгийн анхны төсөл үнэхээр солиотой байсан. Түүнээс хойш бидний хувьд юу ч ийм солиотой байхаа больсон доо” хэмээн 6 жилийн өмнөх төслийг дурсан ярилаа.

Дөрвөн залуухан хуульч бүсгүйн үүсгэн байгуулсан тус байгууллага хамгийн анхны уулзалтаа фэйсбүүк дээр зарлаж байжээ. Тэр үед бүсгүйчүүд байгууллагаа “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” хэмээн нэрлэж байв. Харин одоо илүү том хүрээх хамрахаар “залуу” гэх үгийг орхиж, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” болгон өөрчилсөн байна. Харин одоо тус байгууллага 80 гаруй гишүүнтэй. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр нэгэн баасан гарагт тус байгууллагын 6 гишүүн шинэ оффистоо уулзсан юм. Улаанбаатар хотын нэгэн орчин үеийн оффисын барилгын 13 давхар дахь оффис нь тэднийг богино хугацаанд ямар хурдан өсөн томорч буйг илтгэх аж.

Б.Нарантулга

Бүсгүйчүүдийн хүчирхэг байдал бол Монголд цоо шинэ зүйл биш. Бусад хөгжиж буй орнуудаас ялгаатай нь Монголд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсролтой байдгийг Үндэсний статистикийн хорооны 2015 онд их, дээд сургууль төгссөн оюутнуудын судалгаанаас харж болох аж. Тус онд төгссөн эмэгтэй оюутнуудын тоо нийт төгсөгчдийн 62 хувийг бүрдүүлж байв.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь харилцааны ажилтан Тим Жекинс хэдэн жилийн өмнө хэсэг уран бүтээлчид гинжийг таслан, чөлөөлөгдөж буй эмэгтэйн том граффити зургийг дурсан ярьлаа. Харин одоо тэр бусад залуу уран бүтээлчдийг тэр зураас урам зориг авахыг уриалж байна. Хамгийн сүүлд тус байгууллага 2016 онд шинэчлэгдэн батлагдсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай давхцуулан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг олны анхааралд оруулах зорилготой комик ном бүтээжээ. Энэ төрлийн тоо баримтыг олоход хүндрэлтэй. Гэхдээ НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр Монголд гурван эмэгтэй бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг аж.

Монголын баруун өмнөд хэсэгт орших Говь-Алтай аймагт өссөн Гэрэлээ хүчирхийллийг өөрийн бие дээр мэдэрсэн тухайгаа ярив. Коммюнизм нуран унасан 1990-ээд оны эхээр маш олон айл эдийн засаг, нийгмийн уналтад орсон байна. Энэ үед эмээ дээрээ өссөн Гэрэлээгийн аав нь маш их архи ууж, агсан согтуу тавьдаг байсан тухай ярьлаа.

“Ихэнх монголчуудад яг үүнтэй адил зүйл тохиолддог гэж би бодож байна. Бүгд л гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа” хэмээн загварлаг уранхай жийнсэн өмд, товчтой цагаан цамц өмссөн Гэрлээ хэлэв.

Хуулийн сургуульд орж, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүдэд элссэнээс хойш л тэр өөрийнхөө үзэж, туулсан зүйлсийг ярьж эхэлсэн байна. Энэ байгууллагын дэд ерөнхийлөгчийн хувьд Гэрлээ өөрийнхөө хувийн түүхээ хуваалцаж биеийн гадаад төрх зэрэг эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл асуудлыг олны анхааралд оруулахыг хичээдэг. Тус байгууллагын классик уран зургуудыг дуурайлган фото зургаар дахин бүтээсэн төсөлд тэрбээр нүцгэн нуруугаа гарган зургаа авахуулжээ. Гэрлээ бол залуухан бас туранхай бүсгүй. Харин төсөл оролцсон зарим бүсгүйчүүд том биетэй, арай ахимаг настай болохоор нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэсгэлэнтэй гэх тодотголоос өөр байв. Энэ төслийн гол зорилго нь ямар ч гадаад үзэмжтэй бай бүх хүн үзэсгэлэн гоо гэдгийг харуулах байлаа.

Тэдний санаачилсан шинэлэг, сонирхолтой төслүүд өмнө нь байсан байгууллагуудгүйгээр амжилттай хэрэгжих боломжгүй байсныг Золзаяа дурдав. 1990-ээд оны эхээр байгуулагдсан тэдгээр байгууллага Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд байгууллагын ард байгаа залуу эмэгтэйчүүдэд орон зай, нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн гэв. Өмнөх үеийнхнээс ялгаатай нь өөрчлөн шинэчлэлийн ачаар тэдэнд чөлөөт хэвлэл, ардчилал болоод олон янзын соёлын үүд хаалга нээгдсэн билээ. Мөн тэрбээр хэвлэл, мэдээллийн байгууллагууд тус байгууллагын гол санааг олон түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолсон юм.

“Фэйсбүүк болон олон төрлийн сошл медиагийн ачаар бид бүх залууст мэдээллээ чөлөөтэй түгээж чадаж байна” хэмээн Золзаяа хэллээ.

Мэндбаярын Бүдээ фэйсбүүк дээрээс тус байгууллагын Мэргэжлийн эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн тухай олж мэдсэнийхээ дараа тэдэнтэй нэгджээ. 33 настай тэр их сургуульд байхад үргэлж эмэгтэй оюутнууд л хичээлийн дараа анги цэвэрлэхээр үлддэг байсан тухай дурсав. Хожим Засгийн газарт ажиллаж байхдаа ч яг адил хандлага ажиглагддаг байжээ. Ямар ч албан тушаалтай байсан хамаагүй эмэгтэйчүүд үргэлж бусдад кофе, цай зөөх ажилд зарагддаг. Харин эрчүүд хэзээ ч тусалъя гэж боддоггүй байсан гэлээ.

“Би үргэлж энэ тогтолцоо буруу гэдгийг мэдэрдэг байсан. Гэхдээ аль хэдийн тогтчихсон соёл, уламжлалыг эсэргүүцэж, ийм байж болохгүй гэж хэлэхэд хэцүү шүү дээ” хэмээн Бүдээ хэлэв.

Батсүрэнгийн Батчимэг бол Бүдээгээс 10 насаар дүү буюу 22 настай залуухан бүсгүй. Тэр ч мөн адил хүйснээсээ болж ялгаварлалд өртөж байсан тухайгаа ярилаа. Хүүхэд байхаасаа л тэр ах нар нь гадаа тоглож байхад гэртээ гэрийн ажил хийж байдаг байсан тухайгаа ярив. Гэрийнхэн нь түүнийг хүнтэй суухаасаа өмнө өөрийгөө бэлдэж, гэрийн ажил хийж сурах ёстой гэдэг байж. Тэр Шерил Сандбергийн 2013 онд гаргасан “Өөдөө тэмүүл” номыг уншсаныхаа дараа Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд байгууллагад элсжээ. Үзмэн ягаан юүдэнтэй цамц, жийнсэнд өмд өмссөн тэр хөлбөмбөгийн тухай ярих дуртай. Тэр байгууллагынхаа төслийн менежер хийхийнхээ хажуугаар эрчүүдийн хөлбөмбөгийн багт дасгалжуулагч хийж, дотоод болон гадаадын тэмцээнүүдийг тогтмол үздэг. Хүмүүс түүнээс эмэгтэй юм байж яагаад спортод дуртай байдаг юм бэ гэж үргэлж асуудаг ч тэр энэ хандлагыг нь үл тоодог байна.

“Эмэгтэйчүүдийн манлайлал сан” ТББ-ын дарга Машлайн Болормаа нь дээрх бүсгүйчүүдээс өөр үед хамаарна. 50 настай тэрбээр юубкатай хослол өмсөж, мөр дагасан урт үсээ ардаа нэг боох дуртай. Тэр англи хэлийг өөрөө сурсан бөгөөд бага зэрэг аялгатай ярьдаг. 2005 онд тэр шинэхэн байгуулагдсан Үндэсний комиссын Жендерийн эрх тэгш байдлын газрын хамгийн анхны ахлах нарийн бичгийн дарга болж байв. Тэр мөн 2012-2015 оны хооронд энэ албыг хашжээ.Тэр Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд байгууллагын хийж буй ажлуудыг ихэд дэмждэгээ илэрхийлсэн ч түүний үеийн хуучинсаг, консерватив хүмүүст чиглээгүй гэдгийг дурдав. Яг одоогийн хөдөлгөөнүүд бол гадаад хэл болон интернетээр дамжин гадны соёлууд болоод сошл медиагийн нөлөө их орсон тухай ярилаа. “Шинэ үеийнхэн илүү нээлттэй сэтгэлгээтэй болж эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмнөхөөс илүү их ярьдаг болжээ” хэмээн Болормаа ярив.

НҮБ-ын Хүн амын сангийн Монголд дахь төлөөлөгч Наоми Китахара ч дөрвөн жилийн турш Монголын хөдөөгөөр явахдаа коммунизм нуран унасны дараагийн залуу үеийнхэн хамаагүй нээлттэй, бас эрх тэгш бус байдлыг эсэргүүцэх хандлага нэмэгдсэнийг ажиглажээ. “Шинэ үеийнхэн чөлөөтэй сэтгэж, шинэ зүйл турших эрч хүчээр дүүрэн байна” гэв.

Бүдээ байгууллагынхаа өөрсдөдөө итгэх байдлыг онцлов. Өөр нам засгийн эрхэнд гарсны дараа Засгийн газар дахь ажлын байраа алдсан Бүдээ өөртөө итгэх итгэлээ ч давхар алджээ. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд байгууллагын эмэгтэйчүүд нь түүнийг дэмжиж уул уурхайн компанид хөгжүүлэлтийн мэргэжилтний шинэ ажилд орох итгэлийг нь нэмэгдүүлж өгсөн байна. “Би одоо Тийм ээ, Би үүнийг хийж чадна гэж хэлдэг болсон. Хэдий би ахиж бүтэлгүйтлээ ч дэмжих хамт олон, эгч дүүс минь надад бий” гэлээ.

Тим Жекинс тус байгууллагын олон гишүүдтэй уулзаж байсан бөгөөд тэдний хийж, бүтээж буй зүйлсээс урам зориг авдаг тухайгаа ярьлаа. “Бусад бүх соёлуудтай адил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь тухайн үеийнхний нийгмийн хөгжилд нэг том алхам болдог” гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
38
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.