Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

О.Жей Симпсон буюу гэмт хэрэгтэн тамирчид

Английн шигшээ багийн тоглогч Адам Жонсон 28 настайдаа буюу жинхэнэ ид үедээ өөрөө өөрийнхөө замналыг зогсоосон юм.


Энэ сарын 1-нд жүжигчин, тамирчин О.Жей Симпсон шоронгоос гарлаа. 9 жилийн дараа нар үзэж байгаа 70 настай энэ эрхмийг таньдаг хүн одоо ховор байх. Гэхдээ Симпсон цагтаа Америк орны шүтээн байсан хүн. 1969 оны драфтаар NFL-ийн “Баффало Биллс” баг түүнийг хамгийн түрүүнд сонгон авсан. Үүнээс хойших 10 жил америк хөлбөмбөг байтугай Америкийн спортын түүхэнд О.Жей Симпсоны үе хэмээн нэрлэгддэг. Симпсон хөлбөмбөгт Пеле, хоккейд Гретцки ямар нэр хүндтэй байдаг, яг л тийм од болсон байв. “The Naked Gun” инээдмийн кинонд тун чадмаг тоглосноор түүний жүжигчний авьяас чадвар ч ил гарсан юм.

Харин тэр энэ бүх хүндлэл, нэр хүндийг дааж чадаагүй. 1994 онд О.Жей эхнэрээ найзтай нь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Бүх баримт, гэрчийн мэдүүлэг О.Жейгийн эсрэг байсан ч Тангарагтны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзсэн юм. Гэхдээ иргэний шүүхээс хохирогчдын гэрбүлд 30 сая доллар төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Цаазаар авахуулж магадгүй байсан ч сайн өмгөөлөгчдийн ачаар эсэн мэнд үлдсэн Симпсон 2007 онд Спорт барааны дэлгүүрийн эзнийг буу зэвсэг ашиглан дээрэмдсэн хэргээр дахин шүүхэд очлоо. Энэ удаад түүний гэм бурууг тогтоож, 33 жилийн ял оноосон. Ингээд 9 жил “суусны” эцэст өршөөлийн хуульд хамрагдан, О.Жей Симпсон эрх чөлөөтэй боллоо. Үлдсэн амьдралаа тэр хаана, яаж өнгөрөөх бол, хэдийнэ насанд хүрсэн хүүхдүүддээ юу хэлэх бол? Энэ бүх асуултын хариуг тэр өөрөө л мэдэж байгаа биз ээ.
О.Жей Симпсоны адил гэмт хэрэг үйлдсэн тамирчин цөөнгүй бий. Тэдний захаас дурдвал...

Боб Хьюитт Газрын теннис

Алдарт теннисчин Боб Хьюиттийн нэрийг Олон улсын теннисийн алдрын музейгээс 2012 онд хассан. Энэ жил 77 нас хүрсэн Боб цагтаа дэлхийн чансааг тэргүүлж, Их Дуулгын тэмцээнд 9 түрүүлсний 5 нь алдарт Уимблдонд байгуулсан ялалт байв. Түүнийг Алдрын музейгээс хассан шалтгаан сэргээш, найраа биш. Харин зодог тайлснаас нь олон жилийн дараа илрэн гарсан гэмт хэрэг нь байлаа. Зодог тайлахаасаа өмнөхөн Боб Өмнөд Африкт залуу тамирчидтай ажиллаж эхэлсэн юм. Удалгүй шавь охидууд нь багш нь тэднийг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг хэмээн гомдол гаргаж эхэлжээ. Хэт их гомдол ирсэн тул ӨАБНУ-ын Газрын теннисийн холбооноос түүнийг халсан ч Боб Америкт буцан залуу охидуудтай ажилласаар байв. Гэвч Өмнөд Африкийн шүүх түүнийг хүчирхийлэлийн хэрэгт буруутгаснаар Боб Алдрын музейгээс хасагдсан анхны теннисчин болсон түүхтэй. 2015 онд ӨАБНУ-ын шүүх түүнд 8 жилийн ял оноосон юм.   

Оскар Писториус Хөнгөн атлетик

Паралимпийн тамирчин жирийн тамирчидтай ч эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг батлан харуулж, дэлхий дахинд алдаршсан хөнгөн атлетикийн “илдэн хөлт” од Оскар. Түүнд дутуу юм огт байсангүй. Гэвч 2013 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентиний өдрөөр тэр найз бүсгүйгээ алж орхисон юм. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй тул хэн алуурчин гэдэг нь анхнаасаа тодорхой байлаа. Өмнөд Африкийн ард иргэд итгэхийг хүссэнгүй. Үндэсний баатар нь алуурчин гэж үү. Писториус найз бүсгүйгээ харанхуй шөнө дээрэмчин гэж андуураад буудсан гэж гүрийсээр “санамсаргүй хүний амь нас хохироосон” хэргээр 2014 оны аравдугаар сард 5 жилийн ял авсан. Яагаад ийм бага ял авав гэхээр Шүүхээс түүний нийгмийн өмнө байгуулж байсан гавьяа, бие, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзжээ. Үүнээс ганцхан жилийн дараа шүүхээс Писториусийг суллаж, үлдсэн ялаа тэр гэрийн хорионд өнгөрүүлнэ гэж зарласан билээ. Харин Прокурорын газраас үүнийг эсэргүүцэн, давж заалдсанаар Шүүхээс санаатайгаар хүний амийг хохироосон гэж үзэн, ялыг нь 6 жил болгон нэмж, буцаан шоронд нь хийсэн билээ.

Адам Жонсон Хөлбөмбөг

Английн шигшээ багийн тоглогч Адам Жонсон 28 настайдаа буюу жинхэнэ ид үедээ өөрөө өөрийнхөө замналыг зогсоосон юм. “Мидлсборо”-гийн академиас гарсан Адам 2010 онд шигшээ багт уригдаж, “Манчестер Сити”-тэй гэрээ байгуулаад байлаа. Английн аварга, Цомын эзэн болсон тэрбээр их мөнгөнд толгой нь эргэж, энд тэндгүй шоудаад явж байгаа нь папарацци нарын дуранд тогтмол өртөх болов. Амжилт нь муудаж, 2012 онд    “Сандерленд”-д шилжлээ. Энэ үед тэр бага зэрэг ухаан орсон юм. Эхнэртэй болж, 2015 онд охинтой боллоо. Харамсалтай нь энэ баярт мэдээнээс хоёрхон сарын дараа цагдаа нар гэрт нь ирж, Адамыг баривчилсан билээ. Түүнийг бага насны хүүхдийн садар самуунд уруу татсан хэрэгт буруутгасан. 15 настай охинтой харилцаанд орсноо Адам үгүйсгэж байсан ч 2016 онд 6 жилийн ял сонссон. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр орсон хүн шоронд ямар байх нь ойлгомжтой. Шоронд түүнийг зодож нүдэн, амь насанд нь халдахаар сүрдүүлж байгаа тул Адам унтахдаа ч сонор сэрэмжтай байхгүй бол болохгүй байгаа гэнэ.

Бруно Соуза Хөлбөмбөг

Бразилид хөлбөмбөгчтэй холбоотой бас нэгэн хэрэг гарсан нь “Фламенго” багийн ахлагч, хаалгач Бруно Соузатай холбоотой хэрэг байлаа. Тэрбээр хуучин эхнэр, Цагдаагийн офицер, хэд хэдэн хамаатан, найз нөхдийн хамт бүлэглэн, Бразилийн загвар өмсөгч Элиза Самудиог алсан хэрэгт буруутгагдсан. Элиза Бруногийн хүүхдийг төрүүлж, түүнийг эцэг нь гэдгийг шүүхээр тогтоолгоно гэж сүрдүүлсний улмаас л гэмт этгээдүүд бүсгүйг хулгайлж, алсан байна. Цогцсыг мөчлөн хувааж, нохойд хаяж өгсөн байсан гэхээр ямар аймшигтай хэрэг болох нь тодорхой. 2013 онд Бруног аллага зохион байгуулсан хэргээр шүүж, 22 жилийн ял оноосон. Гэвч өөрөө үйлдээгүй тул 2017 оны хоёрдугаар сард өршөөлөөр сулласан байна. Гэхдээ 32 настай Бруног ногоон талбайд эргэн ирнэ гэж итгэхэд хэцүү.
Харин шоронгийн камер дамжсан ч их спортын талбайдаа эргэн ирсэн тамирчдын жишээ бас бий.

ОХУ-ын холимог тулаанч Расул Мирзаев 2011 онд оюутан залуутай муудалцан, ганц л цохисон ч хохирогч ухаан орохгүй байсаар нас барсан юм. Ингээд санамсаргүй хүний амь нас хохироосон хэрэгт орсон Расул 2 жилийн ялаа эдлээд гарч ирэн, 2013 онд ОХУ-ын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд оролцсон юм. Хийсэн хэргийг нь хүн болгон мэдэж байхад олны өмнө гарна гэдэг эр зориг шаардсан хэрэг.

Дөнгөж саяхан бас нэгэн холимог тулаанч шоронгоос их спортдоо эргэн ирсэн. Алдарт Федор Емельяненкогийн дүү Александр Емельяненко 2014 онд гэрийн үйлчлэгч эмэгтэйгээ хүчиндсэн хэргээр баригдаж, 2015 онд 4.5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Өнгөрсөн жилийн 11 сард өршөөлөөр суллагдсан Александр өнгөрсөн есдүгээр сарын 27-нд “WFCA 42” тэмцээнд оролцож, хүнд цохилтоор ялалт байгуулсан.

Эдуард Стрельцов Хөлбөмбөг

Алдарт хөлбөмбөгч Эдуард Стрельцов хүчингийн хэргээр 12 жилийн ял сонсож байлаа. Хэрэг үйлдсэн эсэх нь одоо ч тодорхойгүй. Москвагийн “Динамо” баг түүнийг эгнээндээ элсүүлэхийг оролдсон ч Эдуард “Торпедо” багтаа үнэнч үлдсэн нь “хиймэл хэрэг” зохион байгуулах шалтаг болсон гэсэн яриа байдаг. Ямар ч гэсэн Стрельцов таван жил шоронд суугаад гарч ирэн, дахин тоглож, шигшээ багт ч уригдаж чадсан юм.

Майк Тайсон Мэргэжлийн бокс

Төмөр Майк хоёр удаа шоронд орж, хоёр удаа эргэн ирсэн хүн. Хүчингийн хэргээр сонссон 6 жилийн ялныхаа 3 жилийг нь биеэр эдлээд рингэнд эхний удаа эргэн гарсан.Дараа нь машинтай нь мөргөлдөж “зүрхэлсэн” машины эздийг зодоод 3 сар суусан. Суугаад гарч ирснийхээ дараахь тоглолтуудыыг тэр хүнд цохилтоор дуусгасан юм.

Майк Дэнтон Хоккей

“Нью-Жерси” багийн тоглогч Майк Дэнтон өөрийн агентаа алуулах захиалга өгөөд баригдсан. Нийт 7.5 жилийн ял сонссоноос 5-ыг нь эдэлж суллагдсан юм. Гарсан хойноо оюутны лигэд тоглож, 2011 онд Шведийн багтай мэргэжлийн гэрээ байгуулж, дараа нь Казахстан, Польшийн багт тоглосон.

Угет Урбина Бейсбол

7,5 жил шоронд суугаад бейсболд эргэн ирсэн тамирчин бол Венейсуэлийн Угет Урбина.  MLB-гийн Бүх оддын тоглолтод хоёр удаа оролцсон Угет таван хүнийг алах гэж оролдсон хэргээр ийм ял сонссон юм. Тэр эхлээд тэднийг сэлмээр цавчих гэж оролдоод сүүлд нь амьдаар нь шатаахаар бензин асгаж байгаад баригдсан юм. “Аавынхаас” гараад Угет Венесуэлийн “Каракасын арслангууд” багтай гэрээ байгуулсан.

Максим Молокоедов Хөлбөмбөг

Оросын тоглогч Максим Молокоедовыг та бүхэн мэдэхгүй байх. Аргагүй, Максим Санкт Петербургийн “Динамо” багийн хэн ч мэдэхгүй залуу тоглогч байсан. Гэхдээ тэр шоронд ороод од болсон юм. 2010 онд Эквадороос Москва орох замдаа онгоц Чилид түр газардах үеэр тэр 6 кг кокаинтай цагдаа нарт баригдсан. Контрбандын хэргээр 3 жилээр шийтгүүлсэн Максим Чилийн шоронд хоёр жил суугаад хоригдол байхдаа Чилийн хоёрдугаар лигийн “Сантьяго Морнинг” багтай гэрээ байгуулж байв. Тоглолттой өдрүүдэд шоронгоос чөлөөгөөр гарч, буцаад камертаа ирдэг Максим Чилид жинхэнэ од болсон юм.  2013 онд суллагдаад Максим эх орондоо харьж, “ФК Звезда” багт орж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
43
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.