Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Тоолуур гүйж эхэлсэн шүү, У.Хүрэлсүх ээ


 

Манай улсад “эр хүн шиг” эрчүүд ховордож, айл гэр, албан газруудын ачааны хүндийг даагаад явчих нуруу нь эмэгтэйчүүдэд зонхилон “заяах” болсон. Ийм оронд бүтэн нийгмээрээ эрэгтэй хүний эрэлд хатаж, эр хүнийх шиг чанар ханхлуулсан бүхэн авралын тэнгэр мэт тахигдах болов. Эр хүн гэхээр ачаанаас нь сэвхийтэл өргөх, өмгөөлж хамгаалах супермэн ч юм уу, эсвэл шилийн сайн эрс маань л бодогдох болж. Хүчтэй, зоригтой, бас муу муухайд өршөөлгүй, шууд шанааддаг...

Эрчүүдийн манлайллаар хэт цангасан Монгол Улс захгүй цамц, хар шилээр имижээ бүрдүүлсэн, хөмсөг зангидсан ширүүн төрхтэй, тэвхийсэн мөр, чулуу шиг хатуу бие хаатай бөх Ерөнхийлөгчтэй болоод авлаа. Араас нь лав л ил шулуухан үгтэйгээрээ шударга зантай ч байж мэдэх онцгой албаны хурандаа У.Хүрэлсүх бөөн найдвар дагуулсаар айсуй. Эрийн мөрөөс болсон улсад яг тохирох хүн Ерөнхий сайд болох нь хэмээн эмэгтэйчүүдийн нийгэм гялайж байна. Нэгийгээ үздэг, нэхий дээлээ тайлчихдаг, нэг тийм хүчирхэг нударгатай “мужик”. Ингээд нуруугаа холгуулсан монгол хүүхнүүдийн мөрөөдлийн хоёр дахь “ханхүү” их улс төрд хүч нэмэн орж ирлээ. Тавтай морил.

Ерөнхийлөгчийг бодвол нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг хавьгүй өндөртэйгөөр нь  Ерөнхий сайдын сэнтийд залрах У.Хүрэлсүхийн дүр үүнээс хойш илүү тодрох болно. Хүмүүс шинэ Ерөнхий сайд бүрээс зоригтой ажиллах, зоригтой шийдэх, зоригтой өөрчлөөд өгөхийг хүсдэг. Өмнөө ямагт “эр” гэдэг үгээр түрээ барьдаг тэрхүү зоригийг Монголын нийгмийн олонх төдийгүй, цөөнх болдог хэрнээ өөрсдийгөө биднийг удирдан чиглүүлэх, манлайлах үүрэгтэй хэмээн ухуулан сэнхрүүлэгч улстөрчид хүртэл У.Хүрэлсүхээс хүлээж байна.

Өөрчлөх зүйл тоймгүй олон байгаа ч юу юуны түрүүнд хатуу чанга гараар шударга ёс тогтоох хүлээлт. Нэг Ерөнхий сайдын хийж чадах зүйл биш боловч У.Хүрэлсүхийг армид алба хаасных нь хувьд төрд бугшсан идээ бээрүүдийг цэргийн хүний ёсоор хайр найргүй шахаж, чанга хатуу сахилга бат тогтоогоосой хэмээн иргэд гэнэн цагаанаар хүснэ. Төрийн албыг тэрбум тэрбумаар наймаалдаг, хариуд нь чадваргүй хүмүүсээр яам тамгыг удирдуулдаг, тэд нь салбартаа манлайлах бүү хэл элэг доог болж, төрийн нэр хүндийг шороотой хутгадаг, татвар төлөгчдийн хөрөнгөөр “гараа угаадаг”, ах дүү танил талдаа боломж олгодог явдалд цэг тавигдах байх гэсэн хүмүүсийн мөрөөдөлд тэр яг л “эр хүн шиг” цөөн үгээр хариулав. “Толгойг нь илээд байхгүй” гэсэн.

Түүнийг УИХ-ын намрын ээлжит чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад батлах төлөвлөгөөтэй бөгөөд өнгөрсөн баасан гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн үг хэлж, асуултад хариулж байгаа өнгө нь бас яг л “эр хүн шиг”. Тэр барагтайхан лидерүүдийн өөртөө хүч нэмдэг “Бид” гэдэг үгийг амнаасаа унагахгүй юм. Харин “Би”, “Миний”, “Надад”, “Намайг”, “Надаас”, “Надаар”, “Надтай” хэмээх нь өөртөө итгэлтэй чанга “гар”-ын л хэлдэг үг. Тухайлбал, “Надад одоо ажлаа сэтгэлтэй хийдэг, Монголын төлөө зүтгэлтэй сайд нар хэрэгтэй”, “Би Төрийн ордонд зургаа өлгүүлсэн төдий Ерөнхий сайд байхыг хүсэхгүй”, “Надад айдас алга”, “Надаас, миний танхимаас хууль бус зүйл битгий хүсээрэй”, “Би ганцхан зарчим баримтална, худлаа хэлэхгүй” гэх мэт... Нэгдүгээр биеийн төлөөний үгийг ганц тоон дээр, тэгээд бүр тийн ялгал бүрт хувирган олон дахин хэрэглэх эр хар зориг дэлхийн улстөрчдөөс Оросын Путин, Америкийн Трампад л байдаг гэж бодсон минь эндүүрэл байж.

Ингээд хүсэн хүлээсэн жинхэнэ эр хүн шиг, зоригтой, шулуухан, бас шанааддаг Ерөнхий сайдтай боллоо. Одоо түүний хэрхэн шударга ёс тогтоох, өр зээлээ барагдуулах, авлигатай яаж тэмцэх, ямар бодлогоор эдийн засагт хөгжил нэмэх, ажилгүйдэл, ядуурлыг арилгахыг улс орноороо эмэгтэй хүнийх шиг гярхай нүдээр нарийн ажиглацгаая. Тоолуур гүйж эхэлсэн шүү, Хүрэлсүх ээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
6
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.