Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Спартак”-т өнгөрүүлсэн цөөн хором

“Спартак”-аар амьсгалсан богино хугацааны аялал маань ч мартахын аргагүй сайхан байлаа.


Спортын сэтгүүлч ЖАЛСРАЙH БАЯРЖАРГАЛ

Монголчууд бид оросуудаар дамжуулан дэлхийн спорттой танилцсан төдийгүй олон арван орос мэргэжилтнээр нь олон зуун шилдэг тамирчдаа сургуулилуулсан. Тиймдээ ч дэлхийн амжилтыг хангалттай гаргаж ирлээ, олимпийн медалийг чамлахааргүй хүртэж байна. Тэгэхээр Монгол-ОХУ-ын харилцааны чухал салбарын нэг бол яалт ч үгүй спорт.

Тиймээс бид Москва хотыг зорихдоо Оросын спортын амьдралаас сурвалжлахыг зорьсон. Тэр дундаа хөлбөмбөгийн “Спартак” багийг нь чухалчилсан. Улсынхаа аваргаар 21 удаа шалгарсны дээр гайхалтай уран тоглолт, гайхамшигтай ухаалаг шийдлүүдээрээ Буурал тивийн бузгай багуудыг сандаргаж явсан агуу клуб юм. Ялангуяа Олег Романцевын удирдлагад байсан 90-ээд онд “Реал”, “Интер”, “МЮ” зэрэг толгой багуудыг ялан ид шидийг үзүүлж, ид хаваа гайхуулсан билээ. Чухам тэр өдрүүдэд “Спартак”-ийг дэмжих монгол залуусын эгнээ улам өргөжсөн байдаг. Бидний зорилго ч биелж, Оросын ард түмний шүтээн клубт зочилж, цэнгэлдэх хүрээлэнгээр (стадион) нь  аяллаа.

“Спартак” өнгөрсөн жил “Открытый” нэртэй аварга том стадион барьж, хамгийн сүүлийн үеийн тоноглол, нэн дэвшилтэт технологиор өвч тоногложээ. Гаднаас нь харахад л ганган гэж жигтэйхэн. Клубийнхээ уламжлалт улаан-цагаан өнгөөр бүрхэгдсэн нь ирсэн зочин үүх түүхийг нь нэвт “үнэртэх” нөхцөл бүрдүүлэх мэт. Үнэртэхээс ч аргагүй аж. Цэнгэлдэхийнхээ чанх өмнө домог болсон хөлбөмбөгчнийхөө хөшөөг босгожээ. Фёдор хэмээх нэрийг сонссон монголчууд шууд л Черенков гэсэн алдрыг дуудах нь мэдээж. Тэр бол өнөөдөр “Барселона” багийн моодонд оруулсан хөлбөмбөгийн тики-така хэмээх тоглолтын арга барилыг тэртээх 1980-аад онд Орост идээшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Мөн цэнгэлдэх дотроо хөшөө байрлуулсан нь сонин байлаа. Ийм өвөрмөц шийдэлтэй цэнгэлдэх хүрээлэн дэлхийн хөлбөмбөгт хуруу дарам л бий. Тэрхүү хөшөөг ах дүү Старостины дурсгалд зориулжээ. Тэд бол цуутай багийн суурийг 1922 онд тавьж, их амжилтынх нь түүхийг тэр цагаас бичсэн эрхмүүд л дээ. Энэ тухай болон өөр бусад түүхийн талаар спортын түүх судлаач А.Матвеев бидэнд дэлгэрэнгүй ярьж өглөө. Тэрбээр спортын нэртэй сэтгүүлч. 1990-ээд оноос хойш монголчуудын шимтэн уншиж буй “Спорт-Экспресс” сонины толгой тоймчдын нэг бөгөөд 2008 оноос “Спартак”-тай хувь заяагаа холбожээ. Дөлгөөн зантай, уриалагхан ааштай спортын том тоймчоор зааварчлуулахад бидэнд нэн таатай байлаа. Мань хүн ч баяртай байгаа харагдана. Алс холын Монголын сэтгүүлчид “Спартак”-ийг зорьж ирээд өөрийг нь шууд таньж байхад хэн хүнгүй л баярлаж таарна. Бид хөлбөмбөгчин И.Титов, дасгалжуулагч О.Романцевын талаар ярилцсаар цэнгэлдэх рүү орлоо.
Гайхалтай орчин. Талбай дээр гарлаа. Яг л зурагтаар гардаг өнөөх зулзаган зүлэг. Нөгөөх усан ногоон өнгө. Дээш харлаа, 40 мянган үзэгчийн сандал ярайн байх. Ногоон талбай, олон үзэгч, уухайн түрлэг... Хөлбөмбөгийн ертөнцөд шингэсэн мэт сайхан мэдрэмж. Гадаадын бишгүй л олон цэнгэлдэхэд очиж байлаа. Гэхдээ орчин үед барьсан энэхүү байгууламж үнэхээр анги юм байна аа. Үзэгчийн тав тухыг хангах, хөлбөмбөгийн уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой анхаарчээ. Ийм стадионд бүгд л татагдаж таараа. А.Матвеевын дуулгаснаар “Открытый” нээгдсэнээсээ хойш үзэгчээр байнга дүүрэн байгаа гэнэ. Цэнгэлдэхэд орох тасалбарын үнэ нь суудлын байрлалаас хамаараад янз янз. Хямд нь байна, өндөр үнэтэй нь ч байх. VIP суудал бүр ч үнэтэй, нэг улирлын багц нь 60 сая төгрөг. Гэтэл чухам VIP суудал нь цэнгэлдэхийн ихэнх орлогыг бүрдүүлнэ. Бүр VIP суудал нь олддоггүй гэнэ.
Цэнгэлдэхийн интерьерийн чансааг судалж дуусаад арын өрөөгөөр нь шагайлаа. Хувцас солих өрөө бол хөндлөнгийн этгээд байтугай дарга нарт ч орох хориотой эд. Онцгой нөхцөлд, онцгой үед л нээлттэй. Тэгвэл тэр онцгой үед нь бид ирж таарлаа. “Спартак”-ийн бүх тоглогчийн тоглолтын хувцас, пүүзнүүд хувцасны өрөөнд ярайтал өрөөстэй байж байна шүү. Хэдхэн хоногийн өмнө “ЦСКА”-г 3:1-ээр бут ниргэхдээ өмссөн өмсгөл нь яг л мөн дөө. Ялалт байгуулчихаад Д.Глушаков ингээд л сууж байсан байх даа гэж төсөөлсөөр түүний сандал дээр суулаа. Хажууд суусан жаахан орос хүү нүдээ аньжээ. Юу бодсоныг нь асуухад “Гоол оруулчихаад 40 мянган хүний өмнө гүйж байгаа мэтээр төсөөллөө” гэж байна. Нөгөө буланд орос залуус К.Промесын цамцыг барьж тавин, Д.Комбаровын пүүзийг углаж үзэн байна. Оросууд ийнхүү аяглаж байгааг харахад “Спартак” аргагүй л ард түмний шүтээн клуб ажээ.
Спартакчуудын өөр нэг бахархал нь музей. А.Матвеев биднийг тийш залж явахдаа хамгийн сүүлийн үеийн өндөр технологиор тоноглосноо дуулгасан. Үнэхээр ч музей гэдгийг бүрэн утгаар нь байгуулжээ. Клубийн нь он оны түүх, үе үеийн толгогчдын мэдээллийг дүрс бичлэг, электрон самбараас бүрэн авч болж байна. Бүр тусгай театрт ч үзэж болох нь. Товчхондоо, ганц товчлуур дараад л хүссэн хүнээ олж, дуртай мэдээллээ хүртэх нь ээ.

Гэхдээ нэг зүйл миний анхаарлыг гойд татлаа. Хийц гэж чамин, үзэмж гэж ванлий ЗХУ-ын цом. 1989 оны 10 дугаар сарын 23-нд Валерий Шмаров тоглолтын сүүлчийн минутад Киевийн “Динамо”-д гоол оруулснаар “Спартак” ЗХУ-ын сүүлчийн аваргаар шалгарсан түүхтэй. Дахин хэзээ ч давтагдахгүй 52 жилийн түүхийн гэрч болсон тэрхүү цомыг ширтэн зогсох гайхалтай. “Спартак”-аар амьсгалсан богино хугацааны аялал маань ч мартахын аргагүй сайхан байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
11
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.