Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Хүүхдүүдийн амьдралыг өөрчилж чадсан багш нарын 16 түүх

Багш гэдэг гайхалтай мэргэжил.


Өмнө нь та бүхэнд сэтгэл гутралтай тэмцэж буй хүмүүсийн тухай болон Монгол, гадаадын гээд олон хүний сонирхолтой түүхийг хүргэсэн билээ. Харин энэ удаа Buzzfeed сайт дээр тавигдсан багш нарын тухай түүхийг орчуулан хүргэе. Багш гэдэг гайхалтай мэргэжил хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж болохыг эндээс уншаарай.

1. Гуравдугаар ангид би анх АНУ-д очиж суралцаж эхлэхдээ англи хэлээр ганц ч үг хэлж мэддэггүй байлаа. Харин багш надад гэрээсээ дээр нь англи хэлний орчуулгын аппликэйшн суулгасан өөрийнхөө iPod-ийг авчирч өгсөн юм. Эхний хэдэн долоо хоногт би ингэж л хүмүүстэй харьцдаг байв. Бас тэр хичээл дээр хүүхдүүд өөрсдийнхөө юмыг хийж байхад англи хэл заадаг багш биш мөртлөө надад уншиж, бичихийг зааж өгдөг байсан. Би эхний хэдэн сард л сайн ярьж, ойлголцдог болсон. Багшдаа маш их баярлалаа.

2. Багш нэг удаа биднийг анги дотор жижиг лаа тавиад, хөөсөн чихэр шатааж идэхийг зөвшөөрч байсан юм. Харин тэр үедээ багш проекторыг тааз руу харуулаад одон орон, Грекийн домог туульсын тухай ярьж байсан. Үнэхээр сайхан байсан шүү.

3. 11 настай байхад ээж маань өнгөрсөн юм. Багш намайг маш их ном уншдагийг, сар болгон унших номоо захиалахыг тэсэн ядан хүлээдгийг мэддэг байсан. Оршуулгын ёслол дээр харин багш надад миний номуудыг авчирч өгч байсан юм. Би тэр олон номыг хараад ядаж ганц сайхан зүйл тохиолдлоо гэж бодож байснаа санадаг юм. Энэ бол миний багш болсон шалтгаануудын нэг.

4. Манай ахлах сургуулийн физикийн багш ямагт өрөөндөө мюсли байлгадаг байлаа. Тэгээд өглөөний цай авч дийлэхгүй эсвэл юм идэх завгүй байгаа хүүхдүүдэд өгдөг байсан. Учир нь багш маань хүүхдүүд хоосон ходоодтой хичээллэж чадахгүй гэдгийг мэддэг байсан.

5. Би бага ангидаа их “хачин” хүүхэд байлаа. Би дунд анги хүртлээ найзгүй байсан. Манай англи хэлний багш намайг үргэлж урамшуулж, дэмждэг байсан. Дунд сургуулиа төгсөх үед тэр дурсгалын цомог дээр маань “Би чиний ертөнцөд хайртай. Хэрэв чи өөрийн энэ онцгой ертөнцөө гээх юм бол би чамайг хаанаас ч байсан хайж олоод дахин гайхамшигтай болгож өгөх болно.” гэж бичсэн байсан. Төөрсөн, орхигдсон мэт яахаа мэдэхээ байсан үедээ би уншдаг. Үргэлж хажууд байж, дэмжиж тусалдаг байсан анхны хүнийг чи хэзээ ч мартаж чадахгүй.

6. Өнгөрсөн жил хичээл орж байх үед сандрах эмгэг намайг дайрч, би ангийг орхиж гарсан юм. Намайг гараад удаагүй байтал багш хүрч ирээд намайг тайвшруулж, ярилцсан. Тэр маш тэвчээртэй, сайхан сэтгэлтэй бас миний нөхцөл байдлыг маш сайн ойлгож байсан. Түүнээс хойш багш намайг яаж байгааг, зүгээр эсэхийг шалгаж, асуудаг болсон. Би түүнд ямар их баярладгийг багш маань мэдэхгүй байх. Хэрэв тэр үед багш минь ирж ярилцаагүй бол би сэтгэл зовнил, түгшүүрийн эмгэгээ эмчлүүлэх гэж мэргэжлийн хүнд хандахгүй байсан байх.

7. Багш минь надад тусалсан учраас би их сургуульд суралцах боломжтой болсон. Би өөрийнхөө мөрөөдөл болсон Нью-Йоркийн их сургуульд бүртгүүлсэн ч санхүүгийн туслалцаа, дэмжлэгийн материал минь ямар нэг шалтгаанаар бүтэхгүй болж, тэтгэлэг авч чадаагүй юм. Би утастаж асуусан ч тэд надад материалуудыг маань дахин шалгах боломжгүй гэж хэлсэн. Би маш, бүр маш их уйлсан. Хамгийн хүнд хэцүү цаг үед багш маань л дэргэд байлаа. Гэтэл нэг өдөр би багшийгаа миний төлөө маш олон хүнтэй ярьж, олон хоног хөөцөлдөж байж санхүүгийн туслалцааг маань боломжтой болгосныг мэдсэн. Тэр л миний их сургуульд суралцах боломжтой болсон гол шалтгаан юм.

8. Миний сэтгэл гутрал хүнд шатандаа орж, би хэсэг хугацааны эмчилгээ хийхээ хийлгэх хэрэгтэй болохдоо уран зохиолынхоо багшийг ямар их санах бол гэж санаа зовж байсан юм. Тэр зөвхөн хичээлээ заах биш, давхар амьдралын ухаан заадаг байсан болохоор надад хамгийн их таалагддаг байсан юм. Эмчилгээнд явахынхаа өмнөх өдөр би ангид үлдээд түүнд хэсэг хугацаагаар явах гэж байгаа тухайгаа хэлсэн. Харин тэр мөчид багш надад өөрийгөө сэтгэл гутрал болон хорт хавдартай хэрхэн тэмцэж байсан тухайгаа ярьсан юм. Бие нь ч, оюун санаа нь ч түүнийг үхүүлэх гэж оролдож байсан ч тэр зоригтой, итгэлтэй байж хоёуланг нь ялж чадсан гэж хэлсэн. Долоон жил өнгөрсөн ч би одоо болтол өөртөө түүний хэлж байсан бүхнийг сануулж, одоо хоёр настай охинтой, зохиолчийн ажлаа эхлүүлээд явж байна. Багшийн минь хайр, ухаалаг зан, сайхан сэтгэл байгаагүй бол би ийм хол явж чадахгүй байсан байх.

9. Дунд сургуульд сурдаг байх үед манай гэр бүлд болон манай найзын гэр бүлд хэцүү үе тохиож, бид мөнгөний гачигдалд орсон байсан юм. Тэр үед сургуулийн аялал болох гэж байсан ба багш маань яагаад биднийг эцэг эхийн зөвшөөрөл дээр гарын үсэг зуруулж авчрахгүй байгаа юм бэ гэж асуусан юм. Бид хоёр асуудлаа хэлэхэд тэр гарын үсэг зуруулаад хүрээд ир гэж хэлж байсан юм. Дараа нь тэр бид хоёрын аялалд зориулж мөнгө төлсөн.

10. Бага ангид байхдаа би хүнд хагалгаанд орохоор явсан юм. Харин явахын өмнөх өдөр сувилагч намайг дуудаж, буцаад өрөөндөө ортол багш маань ангийнхныг дагуулан ирээд надад зориулж гэнэтийн бяцхан үдэшлэг зохиосон юм. Тэр амттанууд бэлдэж ирээд, эцэг эхийг минь хүртэл дуудаж хамтдаа цагийг тун сайхан өнгөрүүлсэн. Одоо би 23 настай. Харин тэр үйл явдал бол миний төлөө хэн нэгэн хүний хийсэн хамгийн сайхан зүйлсийн нэг хэвээр.

11. Багш минь намайг зохион бичлэгийн тэмцээнд орохыг зөвлөж, тусалж байсан. Би маш ичимхий бас өөртөө итгэлгүй нэгэн байсан ч тэр намайг ятгаж бичсэн зүйлийг минь уншиж, зөвлөж байлаа. Харин би тэр тэмцээнд түрүүлж, маш үнэтэй аяллын эрх хожиж байсан юм. Тэр надад “Өөрт чинь хамгийн сайхан мэдрэмж өгдөг ажлаас цааргалах хэрэггүй” гэдэг хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн. Тэр надад хүссэн зүйлээ хийж, ямар хүн болохыг хүсэж байгаагаа олж мэдэхэд тусалсан юм.

12. Тавдугаар ангид байхад маш их ном уншдаг, бас бусад хүүхдүүдийг уншихыг уриалдаг нэгэн багш байдаг байлаа. Тэр анги дээр ном авчирч бидэнд хэсэг хэсгээр нь уншиж өгдөг байв. Гэхдээ тэр яг л Бродвейн театрын жүжигчин шиг маш чадварлаг, сэтгэл хөдлөл дүүрэн уншиж биднийг дараагийн хэсгийг тэсэж ядан хүлээхэд хүргэдэг байсан. Түүний энэ гайхалтай чанар намайг 15 жилийн турш тасралтгүй ном зохиолд дурлахад хүргэсэн юм.

13. Би долоодугаар ангид байхдаа маш хэцүү цаг үеийг туулж байлаа. Тэр үед багш минь надад нэг тэмдэглэлийн дэвтэр өгөөд, “Юу мэдэрч байгаагаа бичээд надад өгөөрэй. Би чамд зөрүүлээд бичиж байя. Чамайг огт шүүмжлэхгүй.” гэсэн юм. Би бүх мэдрэмжээ бичиж өгдөг байв. Харин тэр үргэлж урам зориг хайрласан сайхан зүйлсийг хариуд нь бичдэг байсан. Бид хоёр бүтэн гурван дэвтэр дуусгасан. Одоо би 26 настай. Би багштайгаа одоо хүртэл холбоотой байдаг. Тэр надад амьдралын тухай, ямар ч нөхцөл, шаардлагагүй хайрын тухай маш олон зүйл зааж сургасан.

14. 12 настай байхдаа би хүчирхийлэлд өртөж, зодуулдаг хүүхэд байсан. Харин тэр үед багш минь хажууд байж, сургуулийн захиралд хэлэх мөчид ч дэргэд минь зогсож байсан. Миний энэ явдлын тухай хэлж байсан анхны том хүн тэр байсан юм. Би өөр хэнд ч хэлж чадахгүй байлаа. Дахин хэн ч надад гар хүрээгүй ба тэр үйл явдал амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн.

15. Манай ахлах сургуулийн багш нөхрөөсөө салаад дахин гэрлэсэн байсан юм. Тэр манай ангийнханд, тэр тусмаа охидод их зөвлөгөө өгдөг байв. “Хэн нэгэн чамд тусална гэж бодоод амьдралаа төлөвлөж болохгүй” гэж тэр хэлдэг байсан. Эхлээд өөрийгөө хөгжүүлж, дэмжиж, өөрөө бие дааж сурах хэрэгтэй. Тэр мөчөөс би зорилго тавьж, өөрийн мөрөөдлийн байшиндаа мөнгө цуглуулж эхлэх болсон. Санхүүгээ маш сайн барьж, бие дааж сурсан минь намайг сургууль болон ажил дээр санаа зовох зүйлгүй байхад сургасан юм.

16. Тавдугаар ангид байхад тооны багш маань намайг ямар ч эцэг эхээс илүү анхаарч, халамжилдаг байсан. Том болох тусам аав ээж минь намайг зодож хүчирхийлэх нь ихсэж, үргэлж муухай үгээр хэлдэг байв. Эцэст нь би гэрээсээ явж, багшийнхаа нэрийг өөрийн овгоо болгосон. Хэрэв тэр байгаагүй бол би одоогийнх шигээ хүн болж чадахгүй байсан.

Хүүхэд болгонд сэтгэлээсээ хандаж, тусалж, дэмждэг багш нартаа баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.