Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Архинд орсон суутан: Винсент Ван Гог

Архинд орсон суутан хэмээх алдрыг Ван Гог хэдэн жилийн согтуурал, чихээ тасалсан гарынхаа ганц хөдөлгөөнөөр олж авсан юм.


Голландын уран зураач Винсент Ван Гог хүн төрөлхтний түүхэнд суут уран зураач хэмээн үлдсэн бол архичдын түүхэнд суутай архичин хэмээн орсон юм.
Абсент хэмээх 70 градусын хатуу архийг үйлдвэрлэгч компани Ван Гогийн нэрийг брэнд болгон ашиглаж, одоо ч маш их хэмжээний мөнгө олж байгаа. Ван Гог өөрөө хэцүү зан ааштай хүн, харин абсент спиртийн дараа орох хатуу архи. Энэ хоёр нийлэхээрээ юу болох нь ойлгомжтой.  

“Винсент Ван Гог абсент уугаад согтож, чихээ огтолсон”

Архинд орсон суутан хэмээх алдрыг Ван Гог хэдэн жилийн согтуурал, чихээ тасалсан гарынхаа ганц хөдөлгөөнөөр олж авсан юм. Одоо хүртэл түүний энэ үйлдэл уран бүтээлч архичдын дунд хүндэтгэлтэйгээр дурсагддаг.
Голландын хөдөөний жижигхэн тосгонд протестант ламын гэрт төрсөн Ван Гог багаасаа дүнсгэр, дуу шуу муутай хүүхэд байв. Тэр өөрийн нэртэй булшны чулууг хараад суух дуртай байсан гэдэг. Булш нь түүний нэр нэгт ахынх бөгөөд төрсөн өдөр нь ч ижилхэн байв. Ван Гогийн архины дон авьяас чадвартай нь адил 30 настайд нь илрэн гарсан юм.

“Ван Гог хөрөг зургаа зурж дуусгалгүй согтсон тул хөргийг нь Тулуз-Лотрек гүйцээж зуржээ”

Сүмийн ажил эрхэлдэг гэрбүлийн бизнесээ хэт хуурамч хэмээн өөлсөн Ван Гог ажил хийлгүй, дүү Теогийнхоо гэрт амьдарч байв. Тео арт-дилерийн ажил хийж, чамгүй мөнгө олно. Монмартрт Ван Гог хэрхэн ууж, замбараагүйтэж байгаа нь хотынхны ярианы сэдэв болдог байв. Тэр уранхай навсгар хувцас өмсдөг, хуучин барааны дэлгүүрт зурагнуудаа “хуучин зураг” хэмээн борлуулж, будагны самбар, тавиурын оронд шар айрагны хайрцаг ашигладаг байв.
“Намайг сэргээж, эсвэл тайвшруулдаг ганц зүйл бол чанга архи, хатуу тамхи” гэж тэр ярьдаг байлаа. Үнэхээр ч абсент архи сэргээш мэт л түүний ажлын үр бүтээмжийг дээшлүүлж байв. Харин хүчтэй архи байнга уусаар байгаад өнгөний мэдрэмж нь өөрчлөгдсөн юм. Абсент уусан хүн маргааш нь хорвоо дэлхийг шар өнгөтэй хардаг гэдэг. Тийм болохоор Ван Гогийн солиорлын үеийн олон бүтээл шар өнгө, туяатай байдаг.

Ингэж их архи, тэр тусмаа байнга 70 градусын чанга архи хэрэглэх нь ямар ч хүний эрүүл мэндэд нөлөөлнө. Архидалт дээр нэмэгдээд түүний удамшлын сэтгэцийн өвчин илрэн гарч ирлээ. Ван Гог алгуурхан бодит байдлаас тасарч байлаа. Үүний үр дүнд тэр чихээ тасалж, анд найз Гогеноо алах гэж хэд хэдэн удаа оролдсон юм. Мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн Гог “Би их уудаг байсан. Яагаад гэвэл өөр юу хийж чадахаа төсөөлдөггүй байлаа” гэж өөрийгөө өмөөрч байв.
Энэ бүхний эцэст архи түүний уран бүтээлийн өнгийг өөрчлөөд зогсохгүй амь насыг нь ч авч одсон юм. Архинаас болж амиа хорлосон Архинд орсон нэгэн суутны хувь заяа ийм буюу.

Архинд орсон суутны намтраас

1873-1876 он. Ван Гог худалдааны “Гупиль” компанид зуучлагчаар орж, Гаага, Брюссель, Лондон хотуудад ажиллана. Ч.Диккенсийн зохиолыг уншиж, Лондонгийн Ист-сайдад очин, үгээгүй ядуучуудын хувь заяаг өрөвдсөндөө тасартлаа ууна. "Миний өглөөний хоол зүсэм талх, стакан  шар айраг байдаг байсан” гэж тэр ярьж байв.
1878-1879 он. Ажлаа хаяад шашинд орлоо. Бурханы ном судлаж, энд тэнд ном унших болов. Архи огт амсахгүй. Уран бүтээл туурвиж эхлэв
1880-1885 он. Парист очлоо. Дүү Тео нь түүнийг хотын амьдралд оруулж, импрессионизм урсгалын уран бүтээлчидтэй танилцуулав. Харин Ван Гог абсент архинд орж, түүний зургууд улам л хурц тод болоод байв.
1885-1888 он. Клиши гудамжны ресторанд анхныхаа үзэсгэлэнг гаргалаа. Гогентой танилцан, Арльд очлоо. Ахдаа “Анхны тааралдсан хүнтэй архи хуваан ууж, хөргийг нь зурж өглөө” хэмээн бичиж байв. Энд тэр “De zaaier”, “The Red Vineyard” зургуудаа зурсан.

1888 он. “Sunflowers”, “The Night Café” алдарт бүтээлүүдээ туурвив. Винсентийн гэрт Гоген зочлон ирж, тэд үдэш бүр хамтдаа абсент уун, согтож, хөнгөмсөг хүүхнүүдтэй зугаацдаг байв. Ийм замбараагүй амьдрал удаан үргэлжилснээс Ван Гог гэнэт унадаг, солиордог болж эхэлжээ. Нэг удаа кафед абсент ууж байгаад тэр Гогений толгойг аягаар хага цохисон юм. Хэд хоногийн дараа сахлын хутгаар Гогенийг алах гэж оролдов. Архи нь гараагүй ч бага зэрэг ухаан ороод, хийсэн хэргээсээ эмээсэн Ван Гог өөрийгөө шийтгэж байна хэмээн зүүн чихээ огтолж, алчууранд боогоод янхны газрын амрагтаа бэлэг болгон барьж очлоо. Ингээд түүнийг мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд Гог зургаа тэнд ч зурсаар байлаа.

1889-1890 он. Мэдрэлийн эмнэлэгт мэдээж түүнд архи өгөхгүй тул тэр будаг ууж, амиа хорлох гэж оролдов. Эмнэлгээс гараад Овер-сюр-Уазд очсон Ван Гог 1890 оны долоодугаар сарын 28-нд зураг зурах гэж хөдөө гараад өөрийгөө бууджээ. Шархадсан ч буудалдаа харьж ирсэн Гог хэд хоногийн дараа нас барсан юм.

Архины найзууд

Поль Гоген

 Гоген 47 нас хүртлээ Парист алдарт гарах гэж оролдсон юм. Эмч нар түүнд  архинаас гарч, амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн тул Гоген 1895 онд Таитид шилжин очлоо. Таитид очоод хамгийн түрүүнд хийсэн юм нь 150 литр абсент худалдаж авсан явдал байлаа.

 

 

Анри де Тулуз-Лотрек

 Монмартрын бүх баар, ресотораны байнгын зочин энэ эрхэм “Мэдээж их ууж болохгүй. Гэхдээ бага уултаа байн байн хийж байх хэрэгтэй” гэж ярьдаг байжээ. 1887 онд Ван Гогийн абсентийн хундагатай хөргийг зурсан хүн.

 

 

Архинд орсон суутан: Стивен Кинг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
1
0
7
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.20 112.72.12.5

Teo ug ni duu ni ym shd

0 Хариулах