Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Исландын шигшээ баг ДАШТ-д шалгарсанд баярлах 10 шалтгаан

330 мянган хүн амтай арлын энэ жижигхэн орон ДАШТ-д шалгарсан хамгийн цөөн хүн амтай улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.


Ирэх жил ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд явагдаж, дэлхийн аваргад оролцох багуудын нэрс ээлж дараалан тодорсоор байна. Өчигдөр шөнө Исландын шигшээ баг талбай дээрээ Косовог 2-0 харьцаатай ялж, 22 оноотой хэсгээ тэргүүлэн, ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Исланд улс урьд өмнө ДАШТ-ий шувтаргын тоглолтод тоглож байсан удаагүй. 330 мянган хүн амтай арлын энэ жижигхэн орон ДАШТ-д шалгарсан хамгийн цөөн хүн амтай улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн дээр анх тодорч, хөлбөмбөгийн ертөнцийг донсолгосон исландчууд ирэх жил ч Оросын талбайд бужигнуулах нь тодорхой биз ээ.

Исландын шигшээ баг ДАШТ-д шалгарсанд баярлах 10 шалтгаан

1. Францад 2016 онд болсон Европын АШТ-д шигшээ багаа дэмжихээр 30 мянган исланд балиашиг Францад ирсэн нь нийт хүн амынх нь 10 хувь болж байлаа. Бүтэн улс орны нийт хүн амын 10 хувь нь гадаадад нэгэн зэрэг гарч байсан тохиолдол урьд өмнө гарч байсангүй.

2. “Евро-2016”-гийн хэсгийн шийдвэрлэх тоглолт болох Австри – Исландын тоглолтыг Исландын телевиз үзэгчдийн  99,8% нь үзэж сонирхсон. Энэ бол маш агуу тоо билээ.

3. Тус тоглолтыг тайлбарласан сэтгэлийн хэт хөдлөлтэй тайлбарлагч 2 дахь гоол орсны дараа хоолой нь гэмтэж, таг болсон билээ. Исландын багийн бүх тоглолтыг мэргэжлийн дасгалжуулагч Гудмундур Бенедиктссон тайлбарлаж байв. Евро 2016-д плейоффт шалгарсны дараа тэр өөрийн баг “Рейкьявик”-ийг тоглолтод удирдчихаад Францад дахин ирж тайлбарлаж байлаа.

4. 2016 оны тэр шигшээ багийг та бүхэн сайн санаж байгаа. Хаалгач Ханнес Халльдоурссон (одоо ч үндсэн хаалгач хэвээр) зар сурталчилгааны ажил хийдэг хүн. Тэрбээр IKEA, Coca-Cola, Icelandair зэрэг том компани, брэндийн рекламны клипийг хийдэг. Багийн дасгалжуулагч Хеймир Хадльгримссон “Ханнес хөлбөмбөг тоглож байхдаа хажуугаар нь найруулагч, зураглаачийн мэргэжил эзэмшсэн юм” гэж тайлбарласан.

5. Багийн ахлагч Арон Гуннарссон 15 нас хүртлээ гандбол тоглож, УАШТ-д оролцож байв. Гэвч дараа нь хөлбөмбөгт урваж, 22 настайдаа шигшээ багийн ахлагч болсон юм. Түүний шивээсийг хар.

6. Шигшээ багийн дасгалжуулагч Хеймир Хадльгримссон саяхан болтол шүдний эмчээр ажиллаж байлаа. Исландын Хеймаэй хэмээх 4000 хүнтэй аралд түүний эмнэлэг байсан. “Исландад хөлбөмбөгийн дасгалжуулагч хийгээд амьдралаа залгуулж чадахгүй. Шүдний эмч нь илүү орлоготой” гэж тэр ярьж байв.

7. Исландад хөлбөмбөгийн баг болон фэнүүдийн хооронд онцгой сайхан харилцаа тогтсон байдаг. Үндсэн дасгалжуулагч тоглолтын өмнө фэнүүдтэй уулзаж, гарааны бүрэлдэхүүн, сонгосон тактикаа танилцуулдаг. Шигшээ баг, 2-р лигийн баг ч байсан ялгаагүй, ийм уламжлалтай. Шигшээ багийн фэнүүдтэй хийх ууулзалт бааранд болдог. Энд болсон яриаг нийтэд цацаж, дэлгэсэн тохиолдол нэг ч гараагүй байна.

8. Таван жилийн өмнө Исландын шигшээ баг ФИФА-гийн чансаанд 131-т жагсаж байлаа. Одоо тэд дэлхийд 22-т орж байна.

9. Энэ амжилтыг сэтгэл зүйн бэлтгэлтэй холбон тайлбарладаг. Евро-2016 тэмцээний өмнө шигшээ багийн ажилтнууд тоглогчдынхоо гэрбүлийнхэнтэй холбоо тогтоож, тэднээр амжилт хүссэн, сэтгэл хөдлөм үг хэлүүлэн, тамирчин бүрт зориулсан мессеж бичсэн самбартай зураг авахуулсан юм. Шигшээ багийн дасгалжуулагч Хадльгримссон “Эхнэр хүүхэд, ээж аавынх нь мэндчилгээ уянгын сайхан аян дунд урсан гарч ирдэг клип хийсэн. Тамирчдад үзүүлэхээсээ өмнө би 5 удаа үзээд тавууланд нь уйлсан” гэж ярьж байв.

10. Исландын хөлбөмбөгийн сэргэн мандалт мэдээж сэтгэл зүйгээс гадна материалаг баазтай холбоотой. 2000 он хүртэл хүүхэд, залуу тамирчдыг аав, ах нар нь дасгалжуулдаг байсан бол одоо 10 настай хүүхдүүдтэй А эсвэл B зэрэглэлийн албан ёсны лицензтэй дасгалжуулагч л ажиллаж болно. Одоо Исландад тийм дасгалжуулагч 848 байгаа гэхээр 389 исланд иргэнд нэг хөлбөмбөгийн дасгалжуулагч оногдож байна гэсэн үг. Исландчуудын нэвтрүүлсэн шинэ зүйл бол Хөлбөмбөгийн ордон.

Цаг агаар муутай Исландад энэ ордонд бүтэн жил бөмбөг өшиглөж болно. Энэ ордонд үзэгчдийн суудал, халаалттай талбай бүгд бий. Хамгийн анхны Хөлбөмбөгийн ордныг Исландын хөлбөмбөгийн холбооны дэд захирал Гейр Торстейнссон болон наяад онд “Штутгарт”-д тоглож байсан Осгейр Сигурвинссон нар байгуулж байлаа. Удалгүй Исландын эдийн засаг хөгжөөд ирэхэд нэмээд 10 ордон бий болсон байлаа. Исландад нийт 30 том талбай, 150 хиймэл зүлэгтэй талбай бий. Бүртгэлтэй хөлбөмбөгчдийн тоо 20 мянга болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
27
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.