Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Хүссэн хувцсаа өмсөөд, хотын гудамжаар ТАЙВАН алхах эрх охидод бий

Энэ эрхээ саадгүй эдлэхэд та бидний оролцоо юу юунаас чухал!


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан охидод хамгийн түгээмэл тохиолддог нэгэн асуудлыг хөндөхөөр шийдсэн минь энэ.


Энэ эрхээ эдлэхэд та бидний оролцоо юу юунаас чухал

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн элдэв янзын эрчүүдтэй селфи хийсэн залуу бүсгүйн зургууд цахим орчинд эрчимтэй тархах болсныг та анзаарсан уу? Түүнтэй зургаа авахуулсан эрчүүдийн зарим нь мөр дээгүүр нь гараа давуулан тэвэрч, зарим нь бахархалтай нь аргагүй эрхий хуруугаа гозойлгосон харагдана. Хөгшин, залуу, ганцаараа, олуулаа байгаа эрчүүд бүгд нэг сарын дотор тэр бүсгүйг гудамжинд алхаж явахад нь элдвээр дуудан, өдөж хоргоосон хүмүүс юм. Ноа Жансма гэх энэ 20 настай бүсгүй Нидерландад сурдаг оюутан.

Тэр өөрт нь өдөр тутам тохиолддог асуудлыг олон нийтийн анхааралд оруулах зорилгоор селфи хийж, @dearcatcallers гэх инстаграм хуудас дээрээ тавьж эхэлсэн байна. Зураг бүрийн тайлбарт эрчүүд юу гэж орилж, яаж хоргоож байсныг бичжээ. “Секси бүсгүй минь хаашаа явж байгаа юм. Би хамт явж болох уу”, “Алив надтай үнсэлцмээр байна уу”, “Бүсгүй минь хаашаа явж байгаа юм. Машинд суучих” зэрэг тайлбар зургуудын дор хөврөх аж. Ноагийн зургууд “гудамжны халдлага” гэх чимээгүй хэрнээ охидын толгойны өвчин болсон асуудлыг ахин олны анхааралд оруулж чадлаа. Тэр зургуудын дор өдөр бүр ийм зүйлтэй тулгардаг бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрээс санал сэтгэгдлээ илэрхийлсэн байв.

Зургуудыг гүйлгэн харах зуур “Хэрэв надад тохиолдсон ийм явдлуудыг баталгаажуулсан бол өдийд би хэдэн зурагтай байх байсан бол” гэх асуулт толгойд орж ирлээ. Нийтлэлийг минь уншиж буй бүсгүй та, эсвэл өөрөө ийм үйлдэл урьд өмнө гаргаж байсан эрчүүд ч бас энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй.

“Нэг удаа зам хөндлөн гарах гэж байхад зөрж өнгөрсөн машинаас нүүр лүү ус цацаж байсан. Тэр үед маш их уур хүрч, том чулуу халаасалж байгаад ахиад ийм зүйл тохиолдвол машин руу нь шиднэ дээ гэж бодож байлаа. Гэхдээ ингэх нь хэтэрхий аюултай болохоор тэр санаагаа орхисон доо” хэмээн 25 настай Нараа* ярилаа. Зам хөндлөн гарах, гудамжаар алхах зуур ус цацах, элдвээр дуудах, хөх, өгзгөнд хүрэх явдалд түүнд цөөнгүй тохиолддог тухай ярив. Нэг удаа түүнийг алхаж явахад хажуугаар нь зөрсөн хэсэг барилгачин залуусын нэг хөхнөөс нь бариад авахад юу ч хийж чадалгүй өнгөрчээ. “Тийм нөхцөлд би юу хийж чадах билээ дээ. Чимээгүй л дотроо цочролд ороод өнгөрсөн” гэв.

Энэ мэт тохиолдол Улаанбаатар хотын гудамжинд бишгүй тохиолддог. Гэвч гудамжны халдлага Монголд хэр их болдог тухай мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаа, статистик байтугай ийм үйлдэл хийх нь хууль бус гэдгийг мэддэг хүн ч манайд цөөн байна. 

АНУ-ын “Matter” цахим сэтгүүлээс 2014 онд найман орны 10 эмэгтэйн дунд “гудамжны халдлага”-ын тухай асуулга явуулжээ. Энд дурдсанаар судалгаанд оролцсон бүсгүйчүүдээс Мексик хотыг төлөөлсөн бүсгүй хамгийн олон буюу долоо хоногт дунджаар 29 удаа ийм халдлагад өртдөг гэжээ. Харин Монголыг төлөөлсөн эмэгтэй долоо хоногт дөрвөн удаа “гудамжны халдлага”-д өртдөг хэмээн хариулсан байна.

Хамгийн хачирхалтай бөгөөд харамсалтай үнэн гэвэл эрчүүд ийм үйлдэл хийж буйгаа охидыг өдөх энгийн нэг арга, охидыг хөөрхөн, сайхнаар нь дуудаж, магтаж байгаа явдал гэж үзэх нь элбэг. Бага ангидаа таалагддаг охиныхоо үснээс зулгааж, юмыг нь булааж зугтаадаг байсан бяцхан хөвгүүний зангаа гээж чадаагүй эрчүүд эгээ л энэ хорвоогоор дүүрэн байх шиг. Нэрийг нь нууцлахыг хүссэн нэгэн эрэгтэй танил маань “Таалагдсан эмэгтэйтэйгээ холбоо тогтоохын тулд хамгийн түрүүнд гар, биед нь хүрэх зэргээр биеийн харилцаа тогтоохыг оролддог. Тэгвэл тэр охины анхаарлыг татаж, боломж нэмэгдэнэ шүү дээ” гэж учирлаж байна. “Тэгж дураараа бие хаанд нь хүрвэл энэ охин юу гэж бодох бол, ямар санагдах бол” гэж бодож байсан уу?" гэж хариу асуухад минь “Тэр тухай бодож байгаагүй юм байна шүү” гэсэн нь намайг гайхшруулж орхив.

Дээр дурдсан Ноагийн зургуудаас ч нэг зүйл анзаарч болно. Өөрийг нь өдөж, хоргоосон залуустай зургаа авахуулъя гэж хэлэхэд нь ихэнх эрчүүд буюу “гудамжны халдлага үйлдэгчид” түүнийг магтсан юм шиг бахархалтайгаар эрхий хуруугаа гозойлгон, инээмсэглэж буйг харж болно. Ноа “Хамт зураг авахуулъя гэхэд тэр хүмүүс яах гэж байгаа зорилгыг минь мэдчих вий гэж би бага зэрэг айж байсан шүү. Гэхдээ тэр хүмүүсийн ихэнх нь эрхий хуруугаа гозойлгоод их л аз жаргалтай харагдаж байсан. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө надад магтаалын үг хэлсэн гэж бодож байсан юм. Тэр хүмүүс миний юу мэдэрч байгааг хэзээ ч ойлгохгүй” гэж “Buzzfeed News”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Францын Хүйсийн эрх тэгш байдлын Яамны сайд Марлене Шиаппагийн хэлснээр эрчүүд “catcalling” буюу гудамжинд хэн нэгэн рүү шүгэлдэх, элдвээр дуудаж орилох явдлыг “гэмгүй”, “зүгээр л зугаацах гэсэн үйлдэл” гэж тодорхойлдог байхад ихэнх бүсгүйчүүдэд тун таагүй сэтгэгдэл төрдөг байна.

Эмэгтэйчүүд "гудамжны халдлагад" хэр их өртдөг болохыг харуулах зорилготой энэхүү бичлэгээс та нэгэн бүсгүй 10 цагийн турш Нью-Йорк хотоор алхахад юу болсныг харж болно.

“Гудамжны халдлага” буюу гудамжинд яваа хүмүүсийг дургүй байхад нь өдөж, хоргоох, элдвээр дуудах, биеийн хэсгүүдэд хүрэх нь бие махбодийн ноцтой хохирол учруулахгүй хэдий ч хохирогчдод асар том сэтгэл зүйн дарамт болдог. Ийм нөхцөлд орсон хүмүүс өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл үзүүлсэн тохиолдолд эргээд улам илүү дарамт, шахалтад орох тохиолдол гардаг. “Хүссэн хувцсаа, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахад таксины жолооч утасны дугаар асуугаад салахгүй, зарим нь бүр буулгахгүй гэнэ, автобусанд бол бүр суултгүй, хаа нэгтээгээс гар гарч ирээстэй, замын хажуугаар өнгөрөх жолооч нар машиндаа суулгах гэж үзнэ, яасан хэцүү юм бэ. Надтай яаж харьцсан яг түүгээр нь хариу үйлдэл үзүүлэхэд өөдөөс элдвээр хэлж доромжлох юм” хэмээн нэг бүсгүй фэйсбүүк дээрээ ихэд бухимдангуй янзтай бичсэн байсныг би тод санаж байна.

Франц улсын Хүйсийн тэгш эрхийн Яамнаас гудамжны халдлагыг “гэмт хэрэг” гэж үзэх хууль батлуулахаар идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Хэрэв гудамжны халдлагын эсрэг хуулийг батлуулж чадах юм бол Франц орон ийм хуультай Белги, Португал, Шинэ Зеланд гэх орнуудын эгнээнд элсэх юм. Франц эмэгтэйчүүдийн дунд явуулсан нэгэн судалгаанд оролцсон хүмүүс бүгдээрээ олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа ямар нэг байдлаар энэ төрлийн хадлагад өртөж байсан бөгөөд ахиж ийм эрсдэлд орохгүйн тулд хүссэн хувцаа өмсөж чаддаггүй хэмээн хариулжээ. Бүр 100 хувь нь шүү!

“Таныг метронд явж байгаа эмэгтэй хүн гэж төсөөлье. Харин би эрэгтэй хүн. Би таныг дагаж байгаа. Та метроноос буулаа. Би ч бас таныг дагаж бууна. Та өөр метронд суухад би ч бас таныг дагаад суулаа. Тэгээд би таны гар утасны дугаарыг асууна. Та хэлэх дургүй байсан болохоор би дахиад асууна. Бүр гурав дахь удаагаа асуулаа. Та дарамтад орж байгаагаа мэдэрнэ. Үүнийг л гудамжны халдлага гээд байгаа юм” хэмээн Францын Хүйсийн эрх тэгш байдлын Яамны сайд Марлене Шиаппа “гудамжны халдалага”-ыг тун энгийн жишээгээр тайлбарласан байдаг.

Манай оронд гудамжны халдлагыг эсэргүүцсэн нийгмийн хөдөлгөөн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа өрнөж байв. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ (тухайн үед Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд нэртэй байсан) -аас 2013 онд “Миний богино юбка” олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан билээ. Энэ үеэр богино юбка болон өнгөлөг тод хувцас өмссөн охид Битлзийн хөшөөний урд цуглаж “Миний бие хүчирхийллийн бай биш”, “Ингээд явж болж байна уу!!!”, “Миний богино юбка намайг хүчиндэж болно гэсэн хууль ёсны үндэслэл биш”, “Бидэнд юу өмсөхийг хэлэхийн оронд хүчирхийлэл үйлдэгчдэд “Хүчирхийлэл үйлдэхээ зогсоо” гэж хэлцгээе” гэх зурагт хуудсуудыг барьсан байв. Энэ арга хэмжээний фэйсбүүк дээрх хуудас дээр нэг залуу “Юун феминист хөдөлгөөн бэ? Ямар арабын орнуудад байгаа биш дээ хэхэхэ” гэж бичсэн байхыг хараад би их л гайхаж билээ. Харин дөрвөн жилийн өмнө ийм юм бичиж суусан хүний бодол, сэтгэлгээ өнөөдөр өөрчлөгдсөн болов уу гэдэг л сонин байна.

Мөн 2014 онд охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж"  төв, Хөөрхөн зүрхнүүдийн аяны залуус хамтран зохион байгуулсан “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт охидын эрхийн кампанит ажлын хүрээнд “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байв. Тус үзэсгэлэнд охидын эсрэг үйлдэгдэж буй түгээмэл хүчингийн гэмт хэргүүд болох ураг төрлийн хүчин, гудамж талбайн хүчин, болзооны хүчин гэх гурван сэдэвт хамаарах гэрэл зургуудыг дэлгэж байсан юм.

Монголд дан ганц гудамжны халдлагын эсрэг хууль гэж байхгүй ч Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль гэж бий. Энэ хуульд бусдыг хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг “жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж заасан байдаг. Хэрвээ та гудамжаар алхаж яваа эрэгтэй хүний хажуугаар зүгээр өнгөрчихөөд, эмэгтэй хүн рүү ус цацаж, элдвээр хэлж, дуудаж байвал энэ чинь яах аргагүй жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт мөн. Харин таны “халдлага”-д өртсөн хохирогч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй.

Хэн нэгэнд элдвээрээ хэлүүлэлгүй хүссэн хувцсаа өмсөөд хотын гудамжаар алхах эрх эмэгтэй хүн бүрт бий. Яг л эрчүүдтэй адил. Харин энэ эрхээ эдлэхэд нь эрчүүд, эмэгтэйчүүд, “гудамжны хүчирхийлэл”-ийг гэрчилж буй хүмүүс, гудамжинд алхах хүн бүрийн сэтгэл, зүтгэл хэрэгтэй юм шүү.


*Хувь хүний аюулгүй байдал, нэр хүндийг хамгаалах зорилгоор эх сурвалжийн нэрийг өөрчилсөн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
15 минутын өмнө
Тамаваши Японы иргэншил авлаа
2
18 минутын өмнө
Их мастер Б.Мөнгөнтуул Буриадад явагдсан түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүллээ
3
17 цагийн өмнө
Аав хүний хайрыг мэдрүүлэх “Хүүдээ бичсэн захидал” номын 10 үнэт эшлэл
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.