FIAS холимог тулаанд шилжсэн самбоч болгоноос мөнгө авна
“UFC”, “Bellator” холбоонд тоглож байсан самбочдоос нэр дурдвал Федор Емельяненко, Али Багаутинов, Виталий Минаков, Хабиб Нурмагомедов, Олег Тактаров, Сергей Харитонов, Алексей Олейник гэсэн алдартнууд байна.
“Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS) холимог тулааны том холбоодтой хэлэлцээ хийж, гэрээ байгуулах бодолтой байна” гэж тус холбооны тэргүүн Василий Шестаков мэдэгдлээ. Хэрэв тохиролцоонд хүрж чадах юм бол холимог тулаанд шилжсэн самбоч болгоны төлөөс болгон Олон улсын самбо бөхийн холбоо мөнгө авч байх гэнэ.
"RNS” агентлагт ярилцлага өгөхдөө В.Шестаков “Тэд манай тамирчдыг зүгээр л авчихдаг болж. Бид тэдэнтэй ярилцаж, хэрэв манай тамирчдыг авах хүсэлтэй байвал холбоотой гэрээ байгуулах ёстой гэж хэлэх болно. Самбо бөхийн холбоо тамирчныхаа өмнөөс гэрээ байгуулна. Оросын “Fight Nights” холбооны эзэд нь манай холбооны ивээн тэтгэгч болохоор асуудал гарахгүй байгаа. Харин дэлхийн хэмжээний “UFC”, “Bellator” холбоодтой ярилцах шаардлагатай байна. Тухайн тамирчныг өсгөн хүмүүжүүлсэн багш дасгалжуулагч нар нь холимог тулаанаас юу ч авахгүй байгаа нь шударга бус явдал” гэж ярьжээ.
“UFC”, “Bellator” холбоонд тоглож байсан самбочдоос нэр дурдвал Федор Емельяненко, Али Багаутинов, Виталий Минаков, Хабиб Нурмагомедов, Олег Тактаров, Сергей Харитонов, Алексей Олейник гэсэн алдартнууд байна.
Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков “Самбочдыг тэмцээндээ оруулмаар байвал самбо бөхийн хөгжилд хувь нэмэр оруулж, тус дэм үзүүлэх ёстой. Энэ талаар хууль зүйн хүрээнд хэлэлцэх болно. Тамирчны төлбөрөөс гадна самбогийн хөгжлийн төлөө юм хийдэг байх хэрэгтэй. Самбо бөхийн сургууль нээх, багш, шүүгч нарын семинар явуулах тал дээр холимог тулааны холбоод бидэнд туславал сайн байна” гэж ярьсан юм.
“Fight Nights” холбооны ерөнхийлөгч Камил Гажиев ийм гэрээ байгуулж болох юм гэж зөвшөөрсөн. Ер нь шинжээчдийн үзэж байгаагаар тамирчин авсныхаа хариуд самбо бөхийн холбоонд туслах нь “UFC” шиг том холбоонд огт төвөг болохгүй аж.
Камил Гажиев “Холимог тулаанд орсон самбочдынхоо оронд төлбөр авах гэрээ байгуулахыг Самбогийн холбоо шаардаж болох юм. Нэг их мөнгө шаардахгүй бол хамтран ажиллаж болно. Олон улсын самбо бөхийн холбоо, орон нутгийн холбоод, багш дасгалжуулагч нар холимог тулааны аварга болсон самбочдыг бэлтгэхэд их мөнгө зарсан нь мэдээж. Багш нарын хөдөлмөрийг үнэлэх ёстой” гэж хэлсэн ч харин Олон улсын холимог тулааны холбооны ерөнхийлөгч Вадим Финкельштейн “Муугүй л санаа байна. Гэхдээ ийм гэрээ байгуулж чадахгүй байх” гэж эсэргүүцсэн.
Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков “Хэдэн жилийн өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер үндэсний холбоодод тамирчдаа өөр спортын төрөлд шилжүүлэхгүй байхыг уриалж байсан. “Жүдо бөхийн зарчмыг зөрчиж, хажуугаар нь өөр спортын тэмцээнд орж байгаа жүдочдод хатуу арга хэмжээ ав” гэж Визер хэлсэн. Үүний үр дүнд олон жүдоч холимог тулаанаас гарсан. Визер юуны өмнө жүдог хамгаалах зорилготой ийм мэдэгдэл хийсэн. Холбоо, клуб жүдочдод мөнгө гаргаж, цаг зав хөрөнгө зарцуулж байгаа болохоор тамирчдаа зүгээр алдаад байж таарахгүй” гэж ярьсан байна.
Жишээ нь, хөлбөмбөгт Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгчдийн байгуулсан гэрээний мөнгөнөөс 5 хувийг тухайн тоглогчийг өсгөн гаргасан баг авах ёстой гэсэн дүрэмтэй.