Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Өөрийгөө гэмтээж байсан хүмүүсийн бусдад хандан хэлэх ЧУХАЛ үгс

Бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах гэсэн хүсэлтэй хүмүүст уг нийтлэл тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.


Өөрийгөө гэмтээдэг хүмүүсийг илүү ойлгохын тулд ийм зүйлийг даван туулсан хүмүүсийн бодол, санаа, түүхийг сонсох нь илүү чухал билээ. Та бүхэнд зориулан UB LIFE-ийн Түүхүүд булангаараа "Buzzfeed сайт" дээр тавигдсан хүмүүсийн яриаг орчуулан хүргэж байна. Бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах гэсэн хүсэлтэй хүмүүст уг нийтлэл тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

1. Өөрийгөө гэмтээх нь зөвхөн бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн арга биш юм.

Хүмүүс үүнийг бусдын анхаарлыг татаж, бусдаас өөр харагдах гэсэн арга мэтээр хүлээж авахгүй байгаасай гэж хүсэж байна. Би өсвөр наснаасаа эхлээд өөрийгөө шийтгэх гэж гэмтээдэг болсон. Энэ бусдад харуулах гэж эсвэл өрөвдүүлэх гэсэндээ хийсэн зүйл байгаагүй. Би сэтгэл санааны маш хүнд байдалд орж, шаналдаг байсан учир яаж үүнийгээ гадагшлуулахаа мэддэггүй байлаа. Тиймээс л би зөвхөн нууцаар өөрийгөө гэмтээдэг байсан.

-Жен, 22 нас

2. Гэхдээ заримдаа хүмүүс үнэхээр өөрсдийг нь анзаараасай, ойлгоосой гэсэндээ ийм зүйл хийх нь бий.

Энэ бол тусламж эрэн уйлахтай ижил. Хүмүүс ингэж байж л намайг анзаарч, надад туслах байх гэж би боддог байсан. Маш олон хүмүүс бусдыг анзаарна гэж найдсандаа өөрсдийгөө зүсэж гэмтээдэг. Тэгвэл үнэхээр хэрэгтэй тусламжаа авч чадна гэж найддаг болохоор тэр.

-Аутм, 19 нас

3. Өөрийгөө гэмтээнэ гэдэг нь зөвхөн зүсэх биш. Өөрийгөө өвтгөж болох бүхий л зүйл багтана.

Зүсэх нь өөрийгөө гэмтээх хамгийн танигдсан, нийтлэг арга юм. Гэхдээ үүнээс өөрөөр гэмтээх маш олон арга байдаг. Зарим зүйл тэмдэг, сорви үлдээдэг ч зарим нь нүдэнд үл үзэгддэг. Бүгд л өөрийгөө гэмтээх маш ноцтой арга юм.

Тодд, 16 нас

4. Энэ нь сэтгэцийн эмгэг, гэмтэл бэртэл, доромжлол гэх мэт олон зүйлийг даван туулж буйн шинж. Дан ганц сэтгэл гутрал биш.

Олон нийтийн сүлжээ болон бусад мэдээнд өөрийгөө гэмтээх нь сэтгэл гутралын шинж тэмдэг мэтээр л харуулж байгаа мэт санагддаг. Мэдээж сэтгэл гутралаас болж өөрийгөө гэмтээх тохиолдол олон бий. Гэхдээ үүнээс өөр олон шалтгаан бас байдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Кэйт, 27 нас

5. Тухайн хүн амиа хорлохыг хүсдэг гэсэн үг бас биш.

Өөрийгөө гэмтээх нь зарим тохиолдолд үхлийн аюултай биш, амиа хорлох зорилгогүй байдаг. Энэ нь үхэх тухай огтхон ч бодолгүйгээр өөрийгөө гэмтээнэ гэсэн үг юм. Амиа хорлох бодолтой хүн өөрийгөө гэмтээж болох ч “өөрийгөө гэмтээнэ” гэдэг нь дангаараа амиа хорлох үйлдэл биш юм.

-Бриттани, 19 нас

6. Энэ нь тухайн хүний хянаж болохуйц өвдөлтийг үүсгэдэг.

Миний хувьд өөрийгөө гэмтээх нь надад хянаж болох зүйл байгаа гэдгийг мэдрэх боломж. Миний амьдрал, миний бие, миний сэтгэл хөдлөл гээд бүгдийг би хянаж болно.

-Мэриголд, 17 нас

7. Бүх зүйл ямар ч мэдрэмжгүй, дүлий мэт байхад биеэ мэдрэх мэт санагддаг.

Өмнө нь мэдэрч байсан бүх зүйл хуримтлагдсаар юу ч мэдрэхгүй, дүлий мэт хоосон болдог. Ингэснээр ямар нэг зүйл мэдрэх цорын ганц зам бол өөрийгөө гэмтээх явдал юм гэх буруу бодол төрдөг.

-Саммер, 17 нас

8. Зарим хүний хувьд энэ нь бүх мэдрэмж давж, тэвчихийн аргагүй болох үед тогтворжуулах арга мэт болсон байдаг.

Миний хувьд би бүх зүйл хэтэрхий санагдаж, тэсэхийн аргагүй болох үедээ өөрийгөө гэмтээдэг байсан. Уйтгар гуниг, уур хилэн, өөрийгөө голох, санаа зовнил гээд бүх зүйл мэдрэгдэхэд бүхнийг намжааж, нэг зүйл дээр төвлөрөх боломж олгодог гэж боддог байсан.

Кэйт, 27 нас

9. Энэ бол зөвхөн өсвөр насныханд тулгардаг асуудал биш. Насанд хүрсэн олон хүмүүс ийм асуудалтай.

Ямар ч насны хүнд тохиолдож болно. Ихэнх тусламж, дэмжлэг бага болон өсвөр насныханд чиглэсэн байдаг. Гэхдээ би 38 настайгаасаа өөрийгөө гэмтээж эхэлсэн. Би энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Амьдралынхаа ийм үед ийм асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрөх нь үнэхээр хэцүү байдаг.

10. Бас өөрийгөө гэмтээхэд “хэтэрхий жаахан байна” гэсэн ойлголт байхгүй.

Би 12 настай байхдаа өөрийгөө гэмтээж, эмнэлэгт хэвтсэн. Би тэнд хамгийн жаахан нь байсан. 13-17 насны бусад өвчтөнүүд, “Чи ийм зүйл хийхэд хэтэрхий жаахан байна” гэж хэлдэг байсан. Гэхдээ тийм биш. Өөрийгөө гэмтээх явц ямар ч цаг үед тулгарч болно. Хүмүүс үүнийг ойлгоосой. Сэтгэл гутрал, санаа зовнил ямар ч насны хүнд тулгарч болно. Ийм зүйлээс болж амьдрал нь өөрчлөгдөхөд хэтэрхий залуу байна гэсэн ойлголт байхгүй.

Лили, 14 нас

11. Өөрийгөө гэмтээдэг хүмүүс ийм байдаг гэсэн тогтсон загвар хаа ч байхгүй.

Ийм зүйл хийдэг хүмүүсийг хар бараан хувцаслаж, хүнд хөгжим сонсож, цус, хүчирхийлэлтэй зүйл сонирхдог, тэгж хувцасладаг гэж боддог хүмүүс байдаг. Гэвч харин ч их энгийн харагдаж, энгийн ажил хийдэг бас өөр өөр сонирхол, бодол, мэдрэмжтэй хүмүүс байдаг. Бид зүгээр л хөрш, ажлын чинь хамтран ажиллагч, хүүхдийг чинь асардаг хэн нэгэн, эсвэл дарга чинь байж болно.

ЛБ, 29 нас

12. Маш олон хүнд үүнд донтож орхидог учраас зүгээр л болиход хэцүү.

Өөрийгөө гэмтээх нь яг л тамхитай ижил донтуулдаг зүйл. Болиход амар биш. Маш их хичээл зүтгэл, бас сайн дэмжлэг, эерэг мэдрэмж хэрэгтэй. Бусад төрлийн донтолтоос ч илүү байх магадлалтай. Учир нь маш нууц, бусдад мэдэгддэггүй болохоор бусад хүмүүс юу туулж байгааг чинь анзаардаггүй.

Сара, 18 нас.

13. Эдгэрч, эмчилгээ хийлгэж байгаа ч тэр нь байнга тогтвортой байна гэсэн үг биш.

Зарим хүмүүсийн хувьд энэ хүсэл алга болдоггүй. Би өөрийгөө гэмтээх хүсэлгүйгээр хэдэн сар явж чаддаг ч буцаад нөгөө үе рүүгээ буцах үе байдаг. Эдгээр мөчид энэ бүхэн өмнөх дэвшил, эдгэрч байсан үеийг саатуулах шалтгаан биш гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй.

Франческа, 21 нас

14. Гэмтээх хүсэл юунаас ч хамаагүй төрж болдог.

Заримдаа маш өчүүхэн сөрөг мэдрэмжээс л энэ хүсэл төрж болдог. Номоо газар унагах ч юм уу автобуснаас хоцрох гэх мэт энгийн нэг буруу үйлдлээс өөрийгөө гэмтээх хүсэл төрдөг.

Аш,

15. Хэрвээ бидний сорви, түлэгдсэн шарх, хөхөрсөн хэсэг гээд юуг ч юм асуух хүсэл төрвөл.. Зүгээр л битгий.

Надад үнэхээр туслахыг хүсэж байгааг нь мэддэг ч мартахыг хүсдэг шарх сорвийг минь асууж, дахиад л түүнд төвлөрөх шалтгаан битгий гаргаарай. Сорвийг минь сануулах зүйл хийх хэрэггүй. Учир нь би богино ханцуйтай цамц өмсөх итгэлтэй болохын тулд хэдэн сар хичээсэн. Миний хэзээ ч хүсэхгүй зүйл бол хүмүүс миний сорвийг анхаарч, түүний тухай ярих.

Соня, 16 нас

16. Хэрэв хэн нэгэн өөрийгөө гэмтээж байна гэж санаа зовбол тэр тухай нь нууцаар, бусдад мэдэгдэлгүй лавлаарай.

Би бусдаас тусламж эрж, намайг анхаараасай гэсэндээ өөрийгөө гэмтээж байсан. Надаас асууж, надад анхаарч болох ч бусад хүмүүсийн хажууд “бусдад зарлах” мэт ярих нь байдлыг бүр дордуулна.

Райан, 24 нас

17. Өөрийгөө гэмтээх тухай тоглоом шоглоом хийх нь огтхон ч хөгжилтэй биш.

Энэ тухай хэзээ ч битгий наргиж, тоглоом шоглоом хийгээрэй. Тухайн хүн үүнийг хэрхэн хүлээн авахыг та мэдэхгүй шүү дээ. Шоглоом хийх хэрэггүй. Огтхон ч хөгжилтэй биш.

Сара,

18. Өөрийгөө гэмтээх үйлдэл олон нийтийн сүлжээ, зохиол, кино дээр гардаг шиг уран яруу зүйл биш.

Энэ зүйл заримдаа хэтэрхий уран яруу, романтик дүрслэлээр илэрхийлэгдсэн байдаг. Ванн дотор уйлж хэвтэнгээ цус дуслуулах нь хөөрхөн, сайхан зүйл бсих. Гэр бүлийнхэн нь өрөөн дотроос өөрийгөө зүсдэг иртэй зүйлийг олох нь “догь” биш. Энэ бүхэн дүр үзүүлэх, уран яруу байх гэснэ ойлголтоос тэс ондоо зүйл.

Анни, 22 нас

19. Таны хайртай хэн нэгэн өөрийгөө гэмтээдгийг олж мэдээд та уурлаж бухимдаж болно. Гэхдээ хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийгөө хянаарай.

Хэрэв таны хайртай, дотнын нэгэн өөрийгөө гэмтээж байгааг олж мэдвэл битгий тэдэнд уурлаарай. Учир нь энэ ямар ч тус нэмэр болохгүй. Тийм зүйл хийж байгаа нь гэр бүл, найз нөхрийн хувьд таныг эмзэглүүлж болох ч таны гаргасан сэтгэл хөдлөл тэдэнд яаж ч нөлөөлж мэдэхийг та мэдэхгүй. Хатуу үг хэлэхээсээ өмнө сайн бодож, яавал түүнд туслахыг бодоорой.

Иззи,

20. Өөрийгөө гэмтээх үйлдлийг та ойлгодоггүй байж болох ч тэднийг сонсож, хажууд нь байх ямар чухал гэдгийг ойлгоорой.

Хүмүүс яагаад өөрсдийгөө гэмтээдэг нь маш олон шалтгаантай. Таны хийж чадах хамгийн сайхан зүйл бол тэдний хажууд байж, сонсож, тэднийг гэх хүн байдгийг мэдрүүлэх юм.

Изабелла, 22 нас

21. Өөрийгөө гэмтээдэг байлаа гээд эмчилгээнд явж, сайжрахыг хичээхгүй байгаа гэсэн үг биш.

Би сэтгэл зүйч дээр очиж, бясалгал хийдэг. Надад сайхан өдрүүд байдаг. Гэхдээ бас үнэхээр муухай өдрүүд ч байдаг.

Жинг, 27 нас

22. Өөрийгөө гэмтээдэг эсвэл өөрийгөө гэмтээж байсан хүмүүс сул дорой биш.

Өөрийгөө гэмтээх нь сул доройн шинж гэж хүлээж авахгүй байгаасай гэж хүсдэг. Тэд нар сул дорой биш. Харин хэтэрхий удаан хүчтэй байсны шинж юм.

Женни, 23 нас 

Юу ч тохиолдож, ямар ч асуудал тулгарсан бай бусадтай хуваалцаж, мөн залруулах, бүхнийг хамаагүй дээр болгох боломж бидэнд үргэлж байдаг. Үргэлж тэмцэж, сайн сайахн руу тэмүүлдэг хүн хүссэндээ хүрч, бас бусдад туслах боломжтой болдог. Та ийм асуудалтай учирсан, эсвэл ийм зүйлийг туулж яваа хэн нэгнийг мэддэг бол үргэлж өөдрөг байж, бүхнийг сайхан талаас харахыг хичээж, тусламж эрж хайгаарай. Бүх зүйл ямагт муу муухай байхгүй. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

negai 2020.10.17 172.69.252.149

yag unen. Yag ingej sanagddag. Bayarlalalaa.

0 Хариулах