Хөрөг | Чимээгүй хүч


  |     2017-10-12 14:16   |     814
  2017-10-12 14:16   |     814

1.3 тэрбум жилийн өмнө хоёр хар нүх мөргөлдөх үеэр үүссэн татах хүчний долгионыг “барьж авсан” гурван эрдэмтэн энэ оны Нобелийн физикийн салбарын шагналыг гардан авлаа. “Энэ бол А.Эйнштейний таамагласныг бодитоор нотолж чадаагүй байсан физикийн салбарынхны хувьд хамгийн том даалгавар байлаа. Тэд үүнийг гүйцэлдүүлсэн юм” хэмээн Ц.Байгалмаа надад тайлбарлав. Хэдийгээр өдгөө НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа ч өөрийнх нь салбарын хамгийн чухал үйл явдлаас тэр хоцролгүй, үйл явцыг анхааралтай ажиглаж байжээ. Татах хүчний долгионыг мэдэрснээр бид сансар огторгуйн тухай илүү ихийг мэдэж, урьд нь ямар ч төхөөрөмжөөр харж чаддаггүй байсан алс зайг харах боломжтой болсноос гадна өнгөрсөн цаг хугацааг “сонсох” боломжтой болж буй юм. Улмаар энэ бидэнд ирээдүйн тухай ч ихийг хэлэх учиртай.

Үүний нэгэн адилаар Улаанбаатарт цаг сайхан байхад буюу агаар нь цэвэр, ус нь цэнгэг, хөрс нь эрүүл, хүмүүс нь стресс бухимдалгүй үед хотдоо амьдарч байсан, одоо хөгжлийн гараан дээр асуудал болоод амжилтын аль алиныг хүртэж буй “татах хүчний долгион”-ууд бол та бид юм. Бидний төлөөлөл болж НИТХ-д ажиллаж буй “хотын уугуул” цөөхөн хүний нэг нь тэр. “Надаас та яагаад Японд амьдралгүйгээр Улаанбаатарт ирэхээр шийдсэн бэ гэж олон хүн асуудаг. Хариу нь гэвэл би энд л илүү эрч хүчтэй, хурдан хэмнэлтэй, сонирхолтой амьдарч чаддаг гэдгээ мэдэрдэг. Улаанбаатарын энэ түргэн хэмнэл намайг сэргэг, эрч хүчтэй байлгадаг” хэмээн хариулсан Ц.Байгалмаа НИТХ-д сонгогдож, улмаар МАН-ын бүлгийн дэд даргын алба хүлээгээд жил гаруй болж байна. Түүний нэрийг та элдэв дуулиан, сандал ширээ булаацалдсан мэдэгдэл, улиг болтлоо сонин, хэвлэлийн хуудаснаа заларсан ярианаас олж харахгүй. Харин хийсэн ажлууд, санаачилсан төслүүд нь бидний нүдэн дээр ажил хэрэг болон харагдаж буй. Түүний арга барил энэ.

“Шинжлэх ухаан талаас нь яривал анх хагас дамжуулагчийн тухай онолыг сонсоод гайхан биширч байсан. Электроникийн үндэс бол хагас дамжуулагч шүү дээ. Тэгэхээр үүнийг бүтээгдэхүүн болгодог аргачлал нь их сонин байв. Онолын талаас мэддэг хэрнээ үйлдвэрлэл дээрээ хэрхэн буудгийг Японоос харж суралцахаар шийдсэн. Түүнээс өмнө МУИС-д физик, математикийн ангид сурч байлаа. 1987 онд хамгийн анхны МУИС-ийн дэргэдэх физик, математикийн гүнзгийрүүлсэн анги гэж нээгдэв. 15 хүүхэд физик, 15 хүүхэд математикийн ангид орсон. Уг нь би математикт их дуртай байсан ч наймдугаар ангидаа физикийн улсын олимпиадад түрүүлчихсэн юм. Намайг физикт дурлахад манай сургуулийн багш ихээр нөлөөлсөн л дөө” хэмээн физикийн салбарт анх яаж дурласан тухайгаа “gogo.mn” сайтын “Монгол бахархал” буланд уригдахдаа ярьж байв. МУИС-ийн нэгдүгээр дамжаагаа төгсдөг жил нь яамны Боловсролын газраас мэргэжилтэн ирж Япон руу коллежид явуулах шалгалт авахаар болж, ангиас нь хоёр хүүхэд тэнцсэний нэг нь тэр байв.

Ц.Байгалмаа Японд анагаахын инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан төдийгүй олон улсад “Уушгины хорт хавдрын дүрс оношлогоог автоматжуулах”, “Хэвлийн хөндийн гурван хэмжээст CT зураг ашигласан автомат оношлогооны систем хөгжүүлэлт” зэрэг судалгааны олон ажил хийж байжээ. Электроник, мэдээлэл зүйн инженер түүний Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг АНУ-ын Засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж яваа юм. Олон улсад долоон патент эзэмшдэг Ц.Байгалмаа 20 орчим жил Японд амьдрахдаа 10 жилд нь их сургуульд багшилжээ. Тэрбээр Монголд ирмэгцээ утаагүй зуух, япон машины хөгжим бүтээж амжсан юм.

II

НИТХ-ынхан “Аз жаргалтай хот” хэмээх концепцийг дэвшүүлэн ажиллаж буй. Аз жаргалтай нийслэл хотыг шидэт дохиураар бүтээхгүйг тэд сайн мэдэж байгаа. “Монголын хүн амын тал хувь нь амьдардаг, улсын эдийн засгийн 70 орчим хувь нь төвлөрсөн гэж үзвэл Улаанбаатар “том” хот. Тэр хэрээрээ том боломжууд бий гэж боддог. Дагах асуудал, бэрхшээл ч үүнээс үүдээд олон. Харин ийм их нөөц боломжтой орны сая гаруй иргэний амьдралыг хангалуун, санаа зовох зүйлгүй болгож, хөгжүүлэх угтаа тийм ч хэцүү ажил бас биш” хэмээн Ц.Байгалмаа ярив. Тэр нийслэлийн 31 дүгээр тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан. Сонирхолтой нь тэр өөрөө энэ тойрогтоо одоог хүртэл амьдардаг. Тиймээс зовлон жаргал, асуудалтай иргэн хүний болоод шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа төлөөлөгчийн хувиар өдөр бүр тулдаг. Гэхдээ зөвхөн тойргоо “бөөцийлөх” нь түүний үндсэн ажил биш. “Өнгөрсөн сонгуулиар ард түмэн бидэнд маш том итгэл хүлээлгэсэн. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ын гишүүн гэдэг бол том үзүүлэлт. Одоо харин бидний “том үзүүлэлт” гаргах, итгэлийн хариуг ажил, үйлсээр барих цаг. Би болоод багийн гишүүд маань үүнийг маш сайн ойлгож байгаа. Бид нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, 2018 оны төсвөө батлахдаа нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг тусгуулахад голлон анхаарсан. Хэдий төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа боловч бидэнд мөнгөгүй гээд хойш суух эрх байхгүй. Харин ч хэрхэн ухаалаг байж, зөв оновчтой ажилд хөрөнгө оруулах вэ гэдэг чухал болсон. Утааг бууруулах ухаалаг шийдвэр гаргахад бид тал талдаа хичээж байгаа. Багагүй хэмжээний мөнгө төсөвлөсөн”.

Монгол бол маш их баялагтай орон. Хүн амынх нь талаас илүү нь амьдарч буй нийслэл маань богино хөгжих бүрэн боломжтой хот. Гэвч яагаад өдий болтол зогсонги байдалтай байна вэ? Түүнээс шалтгааныг нь асуухад “Бодлого, төлөвлөлтийн явцад алдаа гарчээ”  гэж товчхон хариулаад ажлууд хоорондоо уялдаа холбоотой, хүртээмж жигд байхын чухлыг онцолсон юм. НИТХ-ын завгүй төлөөлөгч болоод үндсэн ажлаа санаж байна уу гэж асуухад тэр “Үнэнээ хэлэхэд санаж байна” гээд  “Судлаач, шинжээчийн ажлыг удаан хугацаагаар хийсэн болоод ч тэр үү би аливаа асуудалд хандахдаа  баримт судалгаанд суурилж шийдвэр гаргах гээд байдаг талтай. Одоо хийж байгаа ажлын хүрээнд хотын амьдралтай холбоотой янз бүрийн судалгааны тоо баримттай танилцахаар улам бүр лавшруулж учир шалтгааныг нь тодруулах гээд байдаг талтай. Энэ нь өмнөх ажлаа санаж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог” гэсэн юм.

Энэ хугацаанд тэр Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрыг  Монголд нээн, Монгол дахь “Коосэн” технологийн дээд сургуулиудын үйл ажиллагааг дэмжин улмаар үндэсний үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт ажиллах чадварлаг инженер техникийн ажилтан боловсон хүчин бэлтгэх, Япон Монгол хоёр орны хувийн хэвшил дэх хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чиглэсэн ажлууд, иргэдэд ээлтэй ухаалаг хотын хөгжлийн концепци судалгаа, сүрьеэгүй Хан-Уул зэрэг ажлыг гадаад дотоодын мэр­гэжилтэн нартай хамтран санаачлан ажиллаж байна. Одоо харин Улаанбаатар хотын агаар орчны бохирд­лыг бууруулах хүрээнд одоо хот дээр хэрэгжиж байгаа дэд бүтцийн холбогдох томоохон төслүүдийг хэрхэн үр өгөөж өндөртэй,  хувийн хэвшлийн оролцоог ханган хэрэгжүүлэх, тэдгээрт гадаад дотоо­дын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгох зэрэг ажил дээр төвлөрөн ажиллаж байгаа аж. Тойр­гийнхоо оршин суугчдаас ирж буй санал хүсэлтийн дагуу орчны тохижилт, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг мэдээж мартаагүй. 

III

“Улс төрд хэрэв чи хэн нэгнээр үг хэлүүлэхийг хүсвэл эр хүнд, харин тухайн ажлыг бүрэн гүйцэлдүүлэхээр бол эмэгтэй хүн ханд” хэмээн Маргарет Тэтчер хэлсэн байдаг. Саяхныг хүртэл Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд байсан тэрбээр шинжлэх ухааны салбарын хүн байсан юм. Үеийн үед эрэгтэй хүмүүсийн удирдлага, залуураар явж ирсэн Англи орон түүнийг Ерөнхий сайд байх үед эмх цэгцэндээ орж, Тэтчер бүхнийг бүхлээс нэгж хүртэл харж шийддэг байсан билээ. Улаанбаатар ч мөн ялгаагүй. Энэ хотыг үеийн үед “эрэгтэй нүд”-ээр харж ирсэн. Харин энэ удаагийн НИТХ-д эмэгтэй төлөөлөл олон орж ирснээр байдал бага ч гэсэн өөрчлөгдөж байна. “Хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйст л хуваагддаг. Тэгэхээр ямарваа нэг асуудлыг аль аль өнцгөөс харж шийдэж байвал илүү төгс болох нь ойлгомжтой. Жишээ нь хот гээд ярихаар бид амьдрах орчин, дэд бүтэц гэсэн асуудал руу ордог. Гэтэл Улаанбаатар хотын хувьд хүүхдээ салхилуулах талбайгаас эхлээд цэцэрлэг сургуулийн хүртээмж гээд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илүү сонсоод явбал жинхэнэ утгаараа хүн лүүгээ чиглэсэн хөгжлөөр замнаж чадна гэж бодож байна” хэмээн Ц.Байгалмаа хэлсэн. Нийслэл эмэгтэй төлөөлөгч нарт илүү их боломж, эрх мэдэл олгодог бол хот маань ямар болох бол? Маргарет Тэтчерийн хэлсэн шиг эмэгтэй улстөрчид алба тушаалын төлөө шүлсээ үсчүүлж, үхэн хатан тэмүүлдэггүй, урдах ажлаа хийдэг болохоор боломжоос бага хүртдэг байх. Түүнийг Шизуокагийн их сургуульд багшилж байх үед Японд техник технологийн салбарт багшилж байгаа хүмүүсийн ердөө хоёрхон хувь нь эмэгтэйчүүд байсан аж. Гэхдээ тэр “байлдаад” л гарсан. Түүнийг“Би их өөдрөг хүн. Манай япон найз нар чи хэзээ ч сэтгэл гутралд орохгүй гэдэг сэн. Шантрах үе мэдээж байлаа. Тэглээ гээд яах вэ, гутраад юунд хүрэх вэ. Давах л хэрэгтэй. Түүнээс гадна бид хаана ч явсан асар их потенциалтай хүмүүс шүү дээ” гэх үгээр тайлбарласан.

Харвард ч бас хэр баргийн хүний барах даваа биш. Тэр тухайгаа“Анагаахын инженерчлэлийн чиглэлээр дүрс боловсруулах ажлыг олон жил хийчихээр салбараа мэддэг болчихдог юм билээ. Тиймээс жилдээ нэг удаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд сууна. Тэндээс салбарын эрдэмтэд юу хийж байгааг мэдчихдэг юм. Энэ шугамаар Харвардын их сургуулийн лабораторийн захиралтай хэд хэдэн удаа олон улсын хурлууд дээр тааралдаж байлаа. Тэгсэн тэрбээр манайд ажлын байр байгаа гэж хүнээр асуулгав. Судалж үзсэний эцэст 2007 онд Харвард руу явж байлаа. Миний ажиллаж байсан лабораторийн гурван том төслийн нэг нь шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төсөл байсан. Тэр төсөлд би хоёр ажил хийсэн. Нэг нь шулуун гэдэснээс авсан зургаас хортой, хоргүйг оношилж болох, эсэхийг судалж математик загварчлалыг нь гүйцэтгэсэн. Хоёр дахь нь шулуун гэдэсний өндөр нарийвчлалтай СТ зургаас автомат оношлогоог хийх төсөл дээр байсан” гэсэн юм.

IV

 Тэр бол Японы асар өрсөлдөөнтэй нийгэмд олон жил “чанагдсан” хүн. Япон соёл, ажлын арга барил, хурдад ухамсарт амьдралынхаа цөөнгүй жилийг өнгөрүүлсэн учраас манайхны ажиллах арга барил түүнд удаан санагддаг байж мэднэ. Хэдэн жилийн өмнө тухайн үеийн Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөр санаачлан, гадаадад амжилттай ажиллаж, амьдарч байсан олон монгол залуу эх орондоо ирж байсан. Гэвч тэдэнд боломж олгоогүй, ажлын байр, төлөвлөгөө нь бэлэн биш байсан учраас буцаад ниссэн жишээ цөөнгүй. Ц.Байгалмаа бол тэдний нэг, гэхдээ ялгаатай нь тэр Монголдоо үлдсэн “зөгий”.

Итгэлтэй найдвартай, тууштай хүнд ажил даалгачихад санаа зовох, эргэлзэх зүйлгүй амар байдаг даа. Тэр ийм л хүн, чимээгүй хүч.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин   [122.201.28.5]
      2017-10-17 06:50
    Mundag yum be

  • Зочин   [103.9.90.51]
      2017-10-17 03:25
    Ийм мундаг боловсролтой хүн Монголын улс төр хэмээх тэнэгүүдийн дүрэмгүй тоглоомонд байх хэрэггүй. Сурсан мэдсэн зүйлээ хүн төрөлхтөний тусын тулд шинжлэх ухаандаа зориулсан нь дээр дээ. Таны өмнөөс маш их харамслаа

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын "Цензургүй яриа"-нд ярьсан 30 ЧУХАЛ ЭШЛЭЛ

Би бол баримттай, хугацаатай, түүхтэй л юм ярина ш дээ.

  2017-11-20 14:58