Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Францын жүдочид ажил хаялаа

Биеийн бэлтгэл хариуцсан хувийн дасгалжуулагч хэрэгтэй байтал Тедди Ринер, Одри Чумео хоёроос бусад нь хөлсийг нь дийлэхгүй.


Хэдэн өдрийн өмнөөс эхлэн Францын шилдэг жүдочид олон нийтийн сүлжээгээр Францын жүдогийн холбоонд хандан, шигшээ багийн ажилд өөрчлөлт оруулахыг уриалж эхэлсэн юм. Тэгвэл тэд энэ долоо хоногоос шигшээ багийн бэлтгэлд оролцолгүй “ажил хаяж”, Үндэсний спортын төвийн татами дээр гараагүй юм. Францын жүдо бөхийн холбоо спорт клубуудын удирдлагатай уулзаж, харилцан тохиролцоонд хүрснээр өчигдрөөс эхлэн тамирчид бэлтгэлдээ гарч эхэллээ.
Яагаад франц жүдочид холбоотойгоо “тэрсэлдэв”, учир шалтгаан нь юу байв?

Үндсэн шалтгааны нэг нь шигшээ баг энэ жилийн ДАШТ-д амжилтгүй оролцсон явдал. Амжилтгүй гэхэд бас арай болохгүй, 2009 оноос хойш хамгийн сулхан оролцсон дэлхийн аварга байлаа. 4 медаль, багийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн ч гэсэн шигшээ багийн дасгалжуулагч нарын сонголт олны эргэлзээг төрүүлсэн юм. Риогийн олимпийн үеэр ч жүдочид шигшээ багийн ажилд сэтгэл дундуур байсан ч энэ удаагийнх шиг том юм болоогүй. Харин сая удаан тэссэн тэвчээр нь алдагдаж, тэсрэлт болсон гэж хэлвээс зохилтой.
Эсэргүүцлийн эхний цэгийг “Flam 91” багийн эзэн Стефан Номи тавьсан. Энэ багаас ДАШТ-д Хъяр, Гайи, Ле Блоу нар оролцож, бүгд ялагдсан билээ. Энэхүү ялагдлын дараа Номи “Би өөрийн тамирчдаа Холбооны программаас хасуулахыг хүсч байна. Манай жүдочид өөрсдийн арга барилаар, илүү өндөр амжилт авчрах бэлтгэл хийх шаардлагатай. Мэргэжилтэн багш нараа ч өөрсдөө сонгох хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Францын жүдогийн холбооны арга барилыг хуучирсан хэмээн нэрлэж, биеийн бэлтгэл сул, хэт их бэлтгэл хийдэг, видео бичлэгтэй ажилладаггүй, тактикийн мэдлэг олгодоггүйн улмаас тамирчид маш их гэмтэж байна гэж шүүмжилсэн юм.

Яагаад ингэж шүүмжилсэн бэ гэдгийг ойлгохын тулд Францын жүдо бөхийн системтэй танилцая. Юуны өмнө клуб тамирчдаа дасгалжуулж, бэлтгэдэг. Францын жүдо бөхийн холбооны анхааралд өрттөл нь клуб бэлтгэнэ. Холбооноос сонирхол татсан тамирчинтай гэрээ байгуулж, тэднийг Үндэсний спортын хүрээлэнд гишүүнээр элсүүлдэг. Энэ хүрээлэнд бөхчүүд шигшээ багийн дасгалжуулагч нарын удирдлаган дор хичээллэж, олон улсын тэмцээнд оролцдог. Клуб, багийн дасгалжуулагч нарын хувьд долоо хоногт хэдэн удаа хамтарсан бэлтгэлд оролцож болдог байлаа. Харин холбооноос клубын дасгалжуулагч нарын хүрээлэнгийн бэлтгэлд оролцох эрхийг хассанаар “ажил хаялт” эхэлсэн юм. Клубын багш нарын хувьд энэ нь том цохилт байлаа. Өөрийн өсгөж хүмүүжүүлсэн тамирчныхаа бэлтгэл, сургуульд оролцох битгий хэл харж ч болохгүй болсон юм.  
Ингээд дайн эхэллээ. Зарим бөхчүүд шигшээ багийн бэлтгэлд ирэхээ больсон бол зарим клуб тамирчдаа шигшээ багт илгээхгүй гэж айлгав. Харин Холбоо “ажил хаялт”-нд оролцсон тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй гэж сүрдүүлсэн.
Өнгөрсөн Даваа гарагт шигшээ багийн бэлтгэлд тавхан жүдоч оролцсон. Нэг нь Тедди Ринер байлаа. Харин бусад шилдэг жүдочид эсэргүүцлийн бичигт гарын үсэг зураад явж байв. Эсэргүүцлийн бичигт нэгдүгээрт, клубын багш нарыг бэлтгэлд оролцуулах, хоёрдугаарт ажил хаясан жүдочдыг шийтгэхгүй гэдгээ бичгээр батлах хоёр зүйл байлаа. Гол шаардлага нь Францын жүдогийн холбоонд клуб, багийн дасгалжуулагч нараас бүрдсэн хороо байгуулах явдал байв.
Мягмар гарагт нь ажил хаялт үргэлжилж, бөхчүүд Үндэсний спортын хүрээлэнд биш Жүдо бөхийн хүрээлэнд бөөнөөрөө очиж, бэлтгэл хийжээ. Энэ үеэр шигшээ багийн гишүүн  Папе Дуду Ндиайе “Холбоотой бид ярилцах гэж олон жил оролдож байна. Холбооноос улсын тэтгэмжийг хасна гэж айлган, өөрсөддөө ашигтай гэрээ байгуулдаг” гэж мэдэгдсэн.
Багийн эзэд ч чимээгүй суусангүй. “SGS” нийгэмлэгийн ерөнхийлөгч Паскаль Рено “Жүдо бөхийн хөгжлийн асуудал энд яригдаж байна. Ажил хаясан тамирчдыг бүгдийг нь шийтгэнэ гэдэг ямар хүүхдийн цэцэрлэг биш дээ. Клуб, багийн удирдлагад жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Гэтэл манай тамирчид Үндэсний спортын хүрээлэнд очих гэж хэдэн арван км зай туулж байна. Биеийн бэлтгэл хариуцсан хувийн дасгалжуулагч хэрэгтэй байтал Тедди Ринер, Одри Чумео хоёроос бусад нь хөлсийг нь дийлэхгүй. Энэ хоёр л дэлхийд амжилт гаргаж байгаад гайхах зүйл алга. Гэтэл В.Путин шигшээ багтаа асар их мөнгө оруулж байна” гэж шүүмжилсэн.

Мөн хэдий шигшээ баг гэж нэрлэн, тамирчдыг Үндэсний спортын хүрээлэнд цуглуулдаг ч алаг үздэг гэнэ. Шигшээ баг Mizuno-той гэрээ байгуулж, өөр компанийн лого жүдоги дээрээ хадахыг хориглосон ч Ринер огт тоохгүй, Under Armour-ийн логог хадсан байна. “Тедди бол Тедди, тэр онцгой” гэж Рено хүлээн зөвшөөрсөн ч бусад тамирчид ч гэсэн жүдоги дээрээ өөр лого хадаж, мөнгө олохыг хүсч байгаа шүү дээ гэж ярьсан юм.
Ингээд Жүдогийн холбооноос багийн дасгалжуулагч нартай уулзан ярилцлаа. Харилцан ойлгоцолд хүрлээ. Юуны өмнө Холбооноос тамирчдын эрх, үүргийг дахин боловсруулахаар болж, бэлтгэлд багийн дасгалжуулагч нартай хамтран ажиллах амлалт өгсөн байна. 4 жүдоч Холбоонд тамирчдын эрх ашгийг хамгаалах албан тушаалд ажиллах боллоо. Гэхдээ асуудал дуусаагүй байна. Францын жүдо бөхийн холбоо дахин багийн эзэд, багш нартай хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.