Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн МИЛЛЕНИАЛУУДЫН 14 ЗАХИАС

Бид технологи, инновациар түүчээлсэн интеллектуаль эрин зуунд амьдарч байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлмээр байна. Бид улсын мөнгөөр Харвардад сурсан нэр зүүгч, луйварчдаар удирдуулмааргүй байна. Ярьдаг шигээ л байгаарай, тийм бишийг нь зайлуулж чаддаг байгаасай л гэж хүсэх байна.


У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар тодорч, кабинетээ бүрдүүлэхээс ажлаа эхлээд байна. Бид миллениал үеийн төлөөлүүдээс түүнээс болон сайд нараас нь юу хүсэж, хүлээж байгааг нь асуулаа. 

“Startup Mongolia” ТББ-ын хамт олон (18-аас 32 настай)

Гарааны бизнесийн хүрээлэн орчныг бэхжүүлэхэд анхаарахыг уриалж байна. Таван бүрэлдэхүүн хэсэг болох соёл, авьяас, нягтрал, хөрөнгө болон хуулийн орчины эхний гурвыг залуус олон жилийн турш зүтгэн бүрдүүлсэн байгаа. Үлдсэн хоёрыг зохистой бодлого хэрэгжүүлснээр хурдацтайгаар бий болгох боломж бий. Энтрепренершип сэтгэлгээг боловсролын системд шат дарааллан нэвтрүүлэх болон гарааны бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй татварын систем, уян хатан санхүүгийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлснээр Монгол Улс эдийн засаг, санхүү болон инновацийн орчинд хөгжингүй орнуудтай өрсөлдөх бүрэн чадалтай болно.  

Г.Номин, 29, “Swagunir”-ийн үүсгэн байгуулагч

Цэвэр агаар бол хүний үндсэн эрх. Гэтэл Монголд агаарын бохирдлын аюултай төвшинд хүрээд байгаа нь тодорхой болоод байна. Дэлхийн томоохон судалгаануудын дүнд агаарын бохирдлоос болж үр зулбалт, дутуу төрөлт ба төрөлхийн эрэмдэг хүүхдүүдийн тоо нэмэгдэж, хүүхдийн оюуны ба бие махбодын хөгжилд өөрчлөлт гарч буйг олж тогтоосон байдаг. Саажилт, зүрхний саатал, астма, уушигны үрэвсэл гээд агаарын бохирдолтой холбоотой өвчин эмгэг нэмэгдсээр байна.

Улаанбаатарын агаарын бохирдлын 80% нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Энэ асуудлыг хурдхан шийдэцгээе! Тэр бүсэд амьдарч буй иргэдийн хуучин халаах системыг цэвэр түлш, орчин үеийн зуух, халаах системээр сольж, нар болон салхины эрчим хүчийг ашиглая. Ийм урт хугацааны шийдлээр цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөлт гарах болно.

Боломжийн үнэтэй маскуудаар ард иргэдийг хангаж, утаа багасгадаг цамхаг зэрэг технологийн дэвшлээр агаар цэвэршүүлэх арга хэмжээ авах гээд яг одооноос авч болох арга хэмжээ олон байна. Агаарын бохирдол гэх энэ аюулыг аль болох хурдан шийдвэрлэж, богино болон урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлхийг Засгийн газар, шийдвэр гаргагчдаас шаардаж байна. Хамгийн чухал нь Монголын Засгийн газар шударга, ил тод, ард иргэддээ санаа зовдог, юу болж байгааг хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар тогтмол мэдээлдэг байгаасай гэж хүсэж байна.

Б.Баясгалан, 31, “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч

Тогтвортой ажиллаасай л гэж хүсч байна. Тэр яриад байдаг мэргэжлийн засгийн газраа байгуулаасай гэж хүсч байна. Хуулийн хүрээнд нударгаараа ч хамаагүй үзэлцэнэ, буудуулахаас айхгүй ч гэлүү, айхтар айхтар мэдэгдэл гаргасан байна лээ. Зодолдож, буудалцахын оронд улс төрийн соёл гээч юмыг төр засгийн удирдлагын түвшинд үлгэрлэж, үнэнч шударга, нэр төртэй ажиллаасай л гэж хүсэх байна даа.

Д.Оюунномин, 26, “Woovoo” дижитал сэтгүүл

Эдийн засгийн чадавхийг  нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг шийдэх гэсэн асуудлаас илүү төрийн байгууллагын тогтолцоо, ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөн “Төрийн алба яагаад ийм хэцүү юм бэ” гэж халагладаг хүнд нөхцлийг зоригтойгоор шийдвэл мөн гоё оо.

Н.Энхбат, 29  

Засгийн газрын гишүүдийн нэрийг хараад уур хүрсэн. Гээд яах билээ, ОУВС-тай тохирсон гэрээгээ сайн биелүүлээлэй л гэж захья. Өөр харах юм байхгүй.

Жич: Зодоон бага хийгээрэй.

Д.Мишээл, 24, хүний их эмч

Гол нь хуульд Ерөнхий сайдын ажил мэргэжлийн үүргийг юу гэж зааж өгсөн бэ, тэрний дагуу л ажиллаарай. Хуулиас гадуур, хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавихгүйгээр нэгэн сэтгэлээр ажилдаа шаргуу хандаасай гэж хүсэж байна.

Бие бодоорой, хамгийн гол нь эрүүл мэнд шүү.

С.Б, 32

Миний туйлаас хүсдэг юм бол хөдөлмөрийн үнэлэмжийг л нэмэх хэрэгтэй. Ажил хийж байгаа хүн хүрэлцээтэй сайхан амьдрах хэрэгтэй. Гэтэл бид яаж байна? Үдшийн бүрий болтол ажиллаад ажиллаад юунд ч хүрэлцэхгүй хөлс авдаг, гутармаар байна ш дээ. Өөрийгөө хөгжүүлэх сонирхол хоббины тухай бодоод ч хэрэггүй. Талхаа бодохоос өөр цаг зав чамд гарахгүй. Ийм учраас улстөр гэж бодохоос уур хүрээд, энэ улсад амьдармааргүй санагддаг.

Т. Адъяатөмөр, 27 настай, “Indranil Dental Group, Health Consulting Services”-ийн үүсгэн байгуулагч

Юун түрүүнд эрүүл мэнд, боловсролын салбарыг Монгол улсын тэргүүлэгч салбар болгоосой. Залхуу, бэлэнчлэх, эго давамгайлсан сэтгэлгээ, доромжлол шүүмжит хандлагатай бус бүтээлч, эерэг, өөдрөг,боловсролтой, эрүүл ирээдүйн Монгол иргэдийг бэлтгэхэд илүүтэй анхаараасай гэж хүсэж байна. 

Монголд одоогоор эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлддэг 13 их сургууль байна. Сүүлд Их засаг их сургууль хүртэл эмч бэлтгэдэг болсон гэж сонссон. Энэ бол эмгэнэл. Уг нь Монголд нэг л анагаахын их сургууль байхад хангалттай гэж үздэг. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийг шудрагаар үнэлдэг болох, шинэ эмнэлэг барина гэхээсээ илүү эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийн хэрэгжилтийг эрчимжүүлж хүний нөөцийн чадамжийг сайжруулах талаар илүү анхаараарай гэж хэлмээр байна. Мөн зайлшгүй анхаармаар зүйлс бол бөх, морь гэж давхихаасаа илүү оюуны спорт, шинжлэх ухааны бүтээл, судалгаа шинжилгээний ажилд хөрөнгө оруулахыг дэмжих, уриалах, сүүлийн үед дэлхий нийтийг анхаарлыг татаад буй криптовалютийн хэрэглээг Монголд нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч Монгол брэндийн крипто мөнгөн тэмдэгттэй болох талаар судалгааны алхамууд хийх,  Монгол залуучуудын старт ап хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжиж энтрепренер сэтгэлгээг залуучуудад суулгахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх зэрэг залуу хүний зүгээс бодож явдаг цөөн саналуудаа хэлье. 

Эцэст нь хэлэхэд Монголын үнэт зүйл гэвэл Монголчууд бид өөрсдөө “Монгол Хүн”. Монголчуудын баялаг гэвэл алт эрдэнэс бус Монгол оюун, сэтгэлгээ шүү дээ. Иймд эднийгээ л дэлхийн брэнд болгож өрсөлдөх чадварыг нь сайжруулахад төрөөс бодлогын дэмжлэг өгөөсэй гэж хүсэж байна.

А.Дүүрэнжаргал, 21, “Social Tv Mongolia” сэтгүүлч, редактор

Шинэ ерөнхий сайд томилогдсоноор том өөрчлөлт авчирна гэж залуус бид төдийлөн итгэхгүй л байна. Ямар ажил хийх ёстой, түүнийгээ л хариуцлагатай хийхэд болно шүү дээ. Нэн тэргүүнд салбар бүрийн тэргүүлэх албан тушаалд тухайн салбарын мэргэжилтэй, чадварлаг хүмүүсийг томилохоос эхлэх хэрэгтэй. Залуус улс төрийг шүүмжлээд суух бус өөрийн ажлыг тултал нь хийх ёстой шиг төр засгийн тэргүүд дор бүрээ ажлаа мэддэг, ухамсарладаг бол улс хөгжихийн эхлэл гэж бодож байна.

Г.Доржтүвдэн, 20, МУИС Социологи-4 ангийн оюутан

Төр засагт итгэх итгэл ер нь бага. Гэхдээ шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийг чадавхижуулахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй дээрээ гол ач холбогдол өгч ажиллаасай, орчны бохирдлыг шийдчихээсэй, боловсролын салбарт бүр илүү их анхаараасай л гэж бодож байна.

Ө.Эрдэнэтунгалаг, 23, гүн ухаан-Улс төр судлаач

Нэг талаараа У.Хүрэлсүх гэж хүн үнэхээр хэлсэндээ хүрдэг хүн бол гэж итгээд ихийг хийх байх гэж бодож байна. Мэдээж эргэн тойрны хүрээлэл болох сайдууд маш том дэмжлэг болох учиртай. У.Хүрэлсүхийн өөрийнх нь томилгоо л дээр байсан юм. Ядаж л санаа, гар нийлж ажиллана шүү дээ. Санаа нийлэхгүй хүмүүстэй ажил урагшлахгүй, улам л зөрчилдөөн үүснэ. У.Хүрэлсүх анхнаасаа сайд болох ёстой байсан гэдгээ харуулж нам талцуулан байж өөрөө сайд болж байгаа хүн. Ингэтлээ улайрч өнөөдрөө харж бгаа нь тоогүй. Юуны төлөө ингэтлээ улайрч хариуцлага хүлээн сонгогдсон намаа дэмжилгүй талцуулаад байгаа юм бол гэж хардах бодол ч бас төрсөн. Гэхдээ өнөөгийн ийм тулгамдсан цаг үед “Би хийнэ” гээд зүтгээд байгаа хүнээр хийлгээд л үзэх хэрэгтэй.

Б.Ирмүүнзаяа 22 настай, Одон орон судлаач

У.Хүрэлсүхийг дэмждэг гэж хэлэхгүй. Гэхдээ Ерөнхий сайд солигдсоноор шударга Засгийн газрыг байгуулаасай гэж хүсч байна. Ерөнхий сайдын эрх мэдлээ ашиглаад дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт зөв зохион байгуулалт нэвтрүүлбэл их асуудал шийдэгдэх санагддаг. “Монголд хямрал биш хулгай нүүрлэсэн” гэдгийг илчлэх ажил хийвэл ч ...

А.Уранчимэг, 25, “Highgarden” үүсгэн байгуулагч

Хийж бүтээж, зүтгэж байгаа залуучууд, компаниудыг дарамтлахгүйхэн шиг хол байгаарай гэж чин сэтгэлээссээ захимаар байна. Бас гадаад худалдаа, визэнд нэр нүүргүй болоод байна, эдийн засгаа олигтойхон сэргээж чадах болов уу. Бодит хяналт гэдэг зүйлийг бүх шатанд чадавхижуулаад, нэр хүнд, авилгалын төлөө биш ажил хийж сурсан, хор нь гарсан сайдуудыг томилж ажиллуулаасай.

Ц.Тамир, Хэвлэлийн хүрээлэнгийн Харилцааны мэргэжилтэн

Би шинэ Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүлээж байна Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхийг хүсэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэм гэж зөвлөмөөр байна.

А.Саран, 26

У.Хүрэлсүх гарч ирээгүй ч болоосой, ийм сайдууд тавиагүй ч болоосой. Аль болох бага халаа, сэлгээ хийж төрийн ажлуудаа зогсоохгүй урагшлуулаасай гэж хүсэж байна. Ер нь төрийн ажлуудад мэргэжлийн бус, туршлагагүй, чадваргүй хүмүүс томилдог, тэгээд байнга сольдгоо багасгах хэрэгтэй.

Б.Батзаяа, “Batu Digital” / "Unread.today"-ийн үүсгэн байгуулагч 

Яагаад ч юм Жозеф Ронигийн “Галын төлөө тэмцэл” санаанд оров. Сүлжмэл сагсанд нандигнан хамгаалж, үргэлж биедээ авч явдаг гал, цогоо тулаанд ялагдан зугтаж байхдаа бөхөөчихсөн балар эртний овгийнхон түнэр харанхуйд амьдарч, түүхий мах идэхгүйн тулд галын эрэлд гарснаар уг зохиол эхэлдэг. Өнөөгийн Монгол яг тийм байгаа мэт. Тас харанхуй дунд гар гараасаа хөтлөлцөөд тэмтчиж яваа эзэнгүй сүрэг. Хонгилын үзүүрт гэрэл алга. Надад лав сүүлийн жилүүдэд харагдахаа байсан. Гал унтарсан. Бөхсөн. Эргэн тойрны маань олон залууст мөн ижил. Харанхуйгаар далимдуулан тал талаас нь зулгаах бэртэгчин цөөврүүдээс залхан зугтаж гэрэл гэгээ хайн харьд одсон нь олон. Хичнээн хайран санагдсан ч яалтай билээ. Харанхуйд хий зүтгэсээр би ч ардаас нь ороход ойрхон яваа. Би шинэ ерөнхий сайд, шинэ засгийн газар, УИХ-аас олон зүйл хүсэхгүй ээ. Зүгээр л гал олоод ирээч. Ёлтойсон цог байсан ч хамаагүй. Гэрэл гэгээ бөхөөгүй, байсаар байгаа гэдгийг л харуулаач.

Эцэст нь хэлэхэд бид технологи, инновациар түүчээлсэн интеллектуаль эрин зуунд амьдарч байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлмээр байна. Бид улсын мөнгөөр Харвардад сурсан нэр зүүгч, луйварчдаар удирдуулмааргүй байна. Ярьдаг шигээ л байгаарай, тийм бишийг нь зайлуулж чаддаг байгаасай л гэж хүсэх байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
30
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.