Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хийж бүтээх хүсэлтэй хүмүүст итгэл хайрласан "Вансэмбэрүү"

Ялагч нь Япон улсад аялж, туршлага судлах эрхийн эзэн болсон юм.


Өнгөрсөн бямба, ням гарагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, таниулах зорилготой "Вансэмбэрүү" үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын хамтран санаачилсан уг арга хэмжээ энэ жил 50 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг хамруулжээ.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Вансэмбэрүү" арга хэмжээг санаачилсан НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаатай уг үйл ажиллагааны тухай ярилцлаа.

-"Вансэмбэрүү 2017" үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагааныхаа тухай сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх уг үзэсгэлэн худалдаа, уралдаан маань хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил оролцогчдын тоо болон борлуулалт нэмэгдэж, зохион байгуулалтын хувьд ч мөн сайжирч, өргөн цар хүрээтэй зохион байгууллаа. Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь төр засгийн удирдлагын үүрэгт ажил юм. Энэ үүрэгт ажлынхаа хүрээнд юуг нэн түрүүнд хийх вэ гэж ярилцсаны үр дүнд уг арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ үзэсгэлэн худалдаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас энэ нь ажлын байрыг бий болгох боломж. Харин нөгөө талаасаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж юм. Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг сайжруулахаас гадна экспортлоход дэмжлэг үзүүлэх юм. А.Ундраа гишүүн бид хоёрын хийхээр төлөвлөсөн хэд хэдэн ажлын нэг нь ийнхүү хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил бид шагналынхаа тоог нэмж, илүү олон байгууллага, хувь хүнийг дэмжихийг зорьсон. Өнгөрсөн жил 20 гаруй бизнес эрхлэгч оролцож байсан. Шилдэг бүтээгдэхүүнээр хоёр бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүнийг шалгаруулж, тэд маань Итали улс руу арьс ширний үйлдвэрлэлийн үзэсгэлэнг үзэж сонирхон, туршлага хуримтлуулаад ирсэн. Энэ жилийн шилдэг бүтээгдэхүүний уралдаанд түрүүлсэн хүнийг бид Япон руу явуулж, туршлага солилцох мөн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх эрхийн бичгийг өгсөн. 

-Энэ жил ямар ямар төрөлд шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан, шагнал гардуулсан бэ?

-Шилдэг залуу бизнес эрхлэгч, шилдэг инноваци гаргагч бизнес эрхлэгч, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас өв соёлыг хөгжүүлсэн бизнес эрхлэгч шагнал, хэрэглэгчдийн таашаалд хүрсэн бүтээгдэхүүн болон шилдэг бүтээгдэхүүний гранпри шагналыг тус тус гардуулж, хамтран ажилласан байгууллагууд мөн шагнал өгсөн байгаа.

-Ямар шалгуураар шилдэг бүтээгдэхүүнийг тодруулсан бэ?

-Бид уг үзэсгэлэн худалдаа, уралдааныхаа дэргэд мэргэжлийн таван хүнээс бүрдсэн комисс байгуулсан. Тэд нар маань өөрсдийн шалгуурыг тавьж, шалгуур болгонд тохирсон хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг сайтар судалсан байгаа.

-Уг үйл ажиллагааны гол зорилт юу вэ? Мөн үр дүн хэр сайн гарч байгаа вэ?

А.Ундраа гишүүн бид хоёр хамтран зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаагаараа бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг өөрсдийн боломжоороо шийдэхийг оролдож байгаа. Шууд гарч байгаа үр дүн маш их байна. Энэ хоёр өдөрт бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, бусдад танигдаж, сурталчилгаа сайн түгээгдэж байна. Мөн уг ажил маань үүгээр ч зогсохгүй цаашид зар сурталчилгаа, бусдад таниулах арга хэмжээ үргэлжилсээр байх болно. Мөн уг арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчид хоорондоо танилцаж, туршлага судлан, сүлжээ үүсгэж, цаашид бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, олон улсад гарах гээд олон асуудалд их эерэгээр нөлөөлж байна. Ирэх жилийн "Вансэмбэрүү 2018" болох хүртэл бизнес эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ улам сайжруулж, энэ жилийн туршлагаа хэрхэн илүү дээшлүүлэх вэ, соёлыг хэрхэн шингээж, илүү ихийг хийх вэ гээд олон зүйл дээр анхаарч, хүлээцтэй байна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас англи болон монгол хэл дээр үнэгүй вебсайт хийлгэх эрхийг шилдэг бүтээгдэхүүний эздэдээ олголоо. Бас зургаан сарын сургалтын эрхээр шагналаа. Энэ мэтчилэн олон шагнал урамшуулал олгож, бизнес эрхлэгчдээ бид улам  дэмжихийг хичээж ажиллаж байгаа. 

Модон эдлэлээр уг арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгжүүд мөн олон байлаа. 

Өнгөрсөн жил анх зохиогдож байсан уг арга хэмжээнд 20 гаруй аж ахуй нэгж оролцож, олны таашаалыг хүртэж, шинэ шинэлэг санаагаараа бусдаас тодорч чадсан хоёр хүнийг Итали улс руу туршлага судлах аялалд явуулж байсан юм. Харин энэ жил оролцсон аж ахуй нэгжүүдээс шилдгээр шалгарсан "Spirit of Nature" брэндийн үүсгэн байгуулагч Н.Тунгалаг арлын Япон орон руу туршлага судлах аялалд явах шагналын эзэн болсон юм.

-Та шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гранпри шагналыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Энэ бол өөрөө өөртөө өгч байгаа шагнал биш харин хэрэглэгчдийн туслалцаа, дэмжлэгээр бодитой болсон шагнал юм. Бүгдэд нь маш их баярлалаа. Бүтээгдэхүүн маань ямар нэг байдлаар хэрэглэгчдийн таашаалыг хүртэж, тулгарсан асуудлыг нь шийдэхэд тусалсан гэдгийг мэдэх маш сайхан байна. Цаашид та бүхэндээ зориулан улам олон төрлийн сайхан бүтээгдэхүүнүүдийг хийх болно. 2014 оноос судалгаа хийж эхлээд, 2016 оноос бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гарт хүрсэн. 

Шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүний эзнээр "Ямх охин" урлангийн урлаач Б.Мөнгөнсар тодорсон юм. Хүүхдүүдэд зориулан эсгийгээр урласан түүний ном дотроо үлгэр, өнгө дүрс ялгах, хувцас өмсүүлэх, дүрс эвлүүлэх, гутлын үдээс, үс сүлжих гээд олон чадварыг эзэмшүүлэх сонирхолтой зүйлсийг багтаасан юм.

-Би хоёр жилийн өмнө гэрийн эзэгтэй болсныхоо дараа номоо хийж эхэлсэн. Анх охиндоо зориулж хийж байсан юм. Харин ном маань олон хүнд таалагдаж, захиалга авдаг болсон. Шагналын эзэн болсондоо би маш их баяртай байна. Бүтээл болгон үр өгөөжтэй байх ёстой шүү дээ. Жижиг гэлтгүй бүтээлдээ хайраа шингээх хэрэгтэй. Хүнээс хүнд хүрч байгаа учраас хүнийг хайрлах сэтгэлээр хийж байвал илүү амжилтад хүрэх болно.

Шилдэг залуу бизнес эрхлэгчээр хоёр хүнийг шагнасан ба тэдний нэг нь "Сүүлхэн" брэнд байсан юм.

-Бидэн шиг залуу хүмүүсийг дэмжин шагнал өгч байгаад нь үнэхээр их урам авч байна. Илүү их юм хийж, дараа жилийн гранпри шагналыг хүртэхийн төлөө явна даа. Би энэ жилийн нэгдүгээр сараас энэхүү сүүлэн тостой саван болон ванны бөмбөгөө хийж эхэлсэн. Ямар нэг ажил эхлүүлнэ гэдэг нь тэр ажлынхаа тавин хувийг хийсэн гэсэн үг гэж ярьдаг шүү дээ. Ямар нэг байдлаар шалтаглахгүйгээр юу ч хамаагүй хийснээр, оролдож үзсэнээр та амжилтад ойртох болно.

Өв соёлыг шингээсэн шилдэг бүтээгдэхүүнээр "Нүүдэлчдийн угсардаг гэр" тодорсон юм.

-Өв соёл, уламжлалаа тоглоомын хэлбэрт оруулж үр хүүхдүүддээ уламжлуулах боломжтой нь хамгийн сайхан. Бүтээгдэхүүнийхээ санааг 2015 онд гаргаад янз бүрээр л оролдож үзэж байсан. Эцэст нь яг энэ бүтээгдэхүүн маань энэ оны дөрөвдүгээр сараас худалдаанд гарсан байгаа. Уг арга хэмжээнд оролцсон минь их сайхан хэрэг байлаа. Аливаа зүйлд оролцсоноор шинэ зүйл сурна, бид ийм бүтээгдэхүүн хийж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. 

"Aquila Nature's Beauty" шилдэг залуу бизнес эрхлэгч шагналыг мөн хүртсэн билээ.

Манайх есдүгээр сард анхныхаа үзэсгэлэн худалдаанд оролцсон дөнгөж эхэлж байгаа гарааны бизнес. Надад энэ шагнал маш их урам өглөө. Манайх тойгны шөлний тостой ванны бөмбөлөг, хөлийн дүрлэг мөн үнэртүүлэгч хийдэг. Монгол гэдгээрээ онцлогдох, үүгээрээ бахархах их дуртай. Солонгосчууд гоо сайхны шилдэг бүтээгдэхүүнүүд хийж чадаж байхад бид яг л адилхан хүмүүс мөртлөө яагаад чадаж болохгүй гэж багахан харамсаж явдаг байсан. Одоо бүр илүү хичээн ажиллаж, дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргах шилдэг бүтээгдэхүүн хийнэ гэдгээ амлаж байна. 

"Ямх охин", "Aquila Nature's Beauty", "Nomadic Games & Toys", "Сүүлхэн", "Spirit of Nature", "Michachi зөгийн бал" болон модон урлал хийж худалдаалдаг шилдэг байгууллагууд тус бүрт шагнал гардан авсанд нь баяр хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.