Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Цаазаар авах ял буюу Орост байдал ямар байна

2013 онд 8 настай Василиса Галицинаг хүчирхийлэн, хөнөөсөн хэрэг гарч, ард олон гэмт этгээдэд цаазын ял оноохыг шаардаж байлаа.


Сүүлийн үед манай олон нийтийн сүлжээгээр “Цаазаар авах ял”-ыг буцаан сэргээх талаар ихээхэн ярилцаж, зарим цахим хуудас уншигчид дундаа санал асуулга хүртэл явуулж байна.
Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэсэн “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”-д цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Гэвч сүүлийн үед гарсан олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн, онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг өгдөг больё гэсэн санал хүчтэй болоод байгаа юм.

Цаазаар авах ял гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн хүнд Төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ юм. 1998 онд цаазын ялаас татгалзсан улс 35 л байсан бол гурав дахин нэмэгдээд байгаа. Гэхдээ энэ тооны цаана байгаа бодит байдал улс орон бүрт өөр.
Одоо дэлхийд цаазын ялаар шийтгэдэг орон 39 байгаагийн ихэнх нь Африк, Ойрхи Дорнод, Азийн орнууд байна. Үүнд АНУ орж байгаа. Тус улсын зарим муж цаазын ялыг өргөн хэрэглэдэг. Хүний эрхийн “Amnesty International” байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд цаазаар авахуулсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, 2015 онд 1634 хүн цаазлуулсан нь 1989 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.
Энэ ялаар шийтгэгдсэн хүмүүсийн 90% нь Иран, Пакистан, Саудын Араб гэсэн гуравхан оронд оногдож байна. Хятадад энэ талаар мэдээлэл өгдөггүй тул Хятадад цаазлагдагсдын тоо энд орсонгүй.

Улаан- Цаазын ялыг хэрэглэж байгаа улс 56, Хүрэн- Сүүлийн 10 жилд хэрэглээгүй улс 30, Ногоон- Онцгой гэмт хэрэгт л цаазын ял оноодог улс 6, Хар ногоон- Цаазын ялгүй улсууд 103

Цаазын ялыг цуцлаагүй ч хэрэглэдэггүй олон улс бий. Зургаан оронд маш ховор гэмт хэрэгт хуулийн дээд хэмжээ оноодог. Жишээ нь, Израильд бөөнөөр хоморголон устгах, дайны үед эх орноосоо урван тэрсэлэн хэрэгт цаазын ял оноодог байна. Эдгээр улсуудад үнэн хэрэгтээ цаазын ял гүйцэтгээгүй маш олон жил болсон. Цэргийн гэмт хэрэг үйлдсэн хүнд дээд хэмжээ оноодог хуультай Бразилид 1855 оноос хойш хэнд ч ийм ял өгөөгүй аж.

Дараа нь хамгийн олон үйлдэгддэг гэмт хэрэгт цаазын ял оноодог 49 улс байна. Эдгээр улсуудын тал хувьд нь сүүлийн таван жилд цаазын ял ядаж нэг удаа оноож байжээ. Гэхдээ ихэнх оронд нь цаазын ял сонсгосон ч өршөөл үзүүлж, үнэн хэрэгтээ цаазалдаггүй байна. Хуулиар цаазын ялыг хориглоогүй ч сүүлийн 10 жилд хэрэгтнийг цаазлаагүй улс орнуудыг de facto abolitionist хэмээн нэрлэдэг. Ийм улсын гол жишээ бол Кени гэж “Death Penalty Project” буяны байгууллагын захирал, цаазын ялыг дэлхийн улс орнуудад халуулахын төлөө зүтгэдэг өмгөөлөгч нарын нэг Парве Жаббар ярьж байна. Кенид хүний амь хохироох, дээрмийн хэрэг үйлдсэн хүнд дээд хэмжээ оноодог. Одоо тэндхийн шоронд 4 мянган хүн цаазын ял сонссон байгаа ч сүүлийн 30 жил хэнийг ч цаазлаагүй гэнэ. “Эдгээр улсуудад хуулинд нь заасан байгаа болохоор цаазын ял оноодог. Гэхдээ үнэндээ хэнийг ч цаазладаггүй” гэж Жаббар ярьж байна.

Цаазын ял оноодог хэвээр ч ялыг гүйцэтгэдэггүй улсуудын тоо өссөн нь цаазын ялыг цуцлахын төлөө олон улсын өмгөөлөгч, хуульчдын хийж байгаа тэмцлийн үр дүн юм. Ингэснээр олон мянган хүний амь нас аврагдсан. Гэхдээ сүүлийн үед Чад, Мальдив зэрэг оронд цаазын ялыг дахин гүйцэтгэдэг болоод байгаа тул хуулийн дээд хэмжээг сэргээх бодолтой орнуудын тоо өсөх шинж харагдаж эхлээд байгаа юм.

Манай хойд хөрш ОХУ-д Европын Зөвлөлд элссэн 1997 оноос эхлэн цаазын ялыг хориглосон. Орост хамгийн сүүлд 1994 онд цаазын ял гүйцэтгэж байжээ. (1986-1992 онд 11 хөвгүүний амь насыг хохироосон Сергей Головкинийг цаазалсан) Гэвч олон улсын алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжсэн, онц ноцтой гэмт хэрэг их гарах болсон тул ОХУ-ын иргэд цаазын ялыг дахин сэргээхийн төлөө гарын үсэг цуглуулж, жагсаал цуглаан хийж эхэлсэн юм. Улс төрчид, улс төрийн нам дотор ч энэ талаар нэгдсэн бодлого байхгүй байгаа. Эрх баригч “Единая Россия” нам гэхэд л энэ асуудлаар дотроо зөрчилтэй байдаг. Депутат Любовь Слиска бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноодог болох санал гаргасан бол нэг хэсэг нь алан хядагч террористуудыг цаазлах ёстой гэж үздэг. “Партия Великое Отечество” нам бол сонгуулийн хөтөлбөртөө цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэж оруулсан цорын ганц нам. Харин ОХУ-ын Коммунист нам их хэмжээний авлигын хэрэгт цаазын ял өгдөг болох санал дэвшүүлсэн. 2009 онд Москвагийн метронд болсон алан хядлагын дараа тус намын тэргүүн Геннадий Зюганов цаазын ялыг цуцалсан нь Орос улсын эрх ашигт хор учруулж байна гэж мэдэгдэж байлаа.

Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский гэмт хэргийн тоог бууруулахын тулд цаазын ялыг сэргээе гэж шаарддаг хүн. Авилгачид, урвагчдаас гадна онгоц, хөлөг онгоцны том ослын буруутанг ч цаазлах ёстой гэж тэр үзэж байна. “Цаазын ял сэргээлээ гээд биднийг Европын Зөвлөлөөс хасвал хасаг. Улс төрийн ийм байгууллагад гишүүн байснаас илүү ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь бидэнд илүү чухал” гэж ярьж байв. Хэрэв шүүхээс буруу шийдвэр гаргаад гэмгүй хүнийг цаазаллаа гэхэд алдаатай шийдвэр гаргасан шүүгч, мөрдөн байцаагчийг нь бас цаазлах санал тэр гаргаад байгаа. “Хамгийн гол нь олон нийтийн өмнө цаазлаж, хүүрийг нь 2-3 хоног хотын төвд тавьбал гэмт хэрэг багасна” гэж тэр ярьдаг.
2013 онд 8 настай  Василиса Галицинаг хүчирхийлэн, хөнөөсөн хэрэг гарч, ард олон гэмт этгээдэд цаазын ял оноохыг шаардаж байхад ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев “Төрийн сайд биш жирийн иргэн хүний хувьд хэлэхэд ийм хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазалдаг байх хэрэгтэй” гэж хэлж байсан юм.

Ерөнхийлөгч Владимир Путин засгийн эрхэнд гарсан үеэсээ л цаазын ялыг сэргээхийн эсрэг байсан. Шийтгэлийг хатуу чанга болголоо гээд гэмт хэрэг буурахгүй гэсэн зарчимтай. Энэ талаар В.Путин “Хэчнээн гэмт хэрэг үйлдсэн этгээд ч гэсэн өөрийн улсын иргэнийг цаазлан хороож байгаагаараа тухайн улс орон бусад иргэдээ хатуу харгис болгож байна гэсэн үг. Гэмт хэрэгтээ амжилттай тэмцэхийн тулд эдийн засаг, нийгэм, боловсролын олон арга хэмжээ авах ёстой. Энэ их хэцүү. Цаазын ялыг дахин сэргээхээс хамаагүй хэцүү” гэж байв.
Харин энэ сарын 14-нд ОХУ-ын “Investigative Committee” байгууллагын тэргүүн  Александр Бастрыкин цаазын ялыг дахин сэргээх асуудлыг “Бүх ард түмний санал асуулга”-аар л шийдэж болно гэсэн хариу өгсөн юм. А.Бастрыкин Москвагийн хууль зүйн их сургуульд лекц уншихдаа “Бүх ард түмний санал асуулгын дүнг харгалзаж байж л бид цаазаар авах ялыг сэргээж чадна. Энэ ялыг улс орон, нийгэмд аюултай, маш хүнд ноцтой гэмт хэрэг хийсэн этгээдэд оноодог болох хэрэгтэй. Гэхдээ цаазын ялаар хүмүүсийг айлгах гэсэн хэрэг биш” гэж ярьсан байна.
Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төв ВЦИОМ цаазын ялын талаар санал асуулга явуулахад 2001 онд ард иргэдийн 72 хувь нь ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноох хэрэгтэй гэж хариулсан байна. 2004 онд цаазын ялыг дэмжигчдийн тоо 84 хувь болон өссөн бол 2005 оны судалгаагаар алан хядагчдыг ялын дээд хэмжээгээр шийтгэхийг оросуудын 96 хувь нь дэмжсэн тоо гарсан байна. 2012 онд хийсэн судалгаанд оролцогчдын 62 хувь нь цаазын ялыг сэргээхийн төлөө санал өгсөн байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
15 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
38
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.