Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Миллениалууд ЦААЗЫН ЯЛЫГ сэргээх эсэх тухайд ямар байр суурьтай байна вэ?

Миллениал залуусын төлөөллөөс энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг харцгаая.


Саяхан болж өнгөрсөн аймшигт хэргээс үүдэн ард түмэн цаазын ялыг сэргээх эсэх асуудал дээр 2 тал болон хуваагдаад байна. Тэгвэл бид энэ удаад миллениал залуусын төлөөллөөс энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг асуусан юм.

А.Анударь (30 нас), эрх зүйч:

Цаазаар авах ялыг арга зам гэж харж, дэмжиж, өөгшүүлж байгаа хүмүүст маш их харамсч байна. Энэ бол гол асуудал болох хүчирхийллийн соёл, жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаас маш хол, шууд холбоогүй тиймдээ ч хэзээ ч шийдэл болохгүй, харин ч эсрэгээрээ хүчирхийллийн соёлыг бэхжүүлсэн бодлого... Үүн дээр нь дөрөөлөөд, олон нийтийн захиалга мэтээр зарим нь улс төр хийнэ. Гэтэл бид хүчирхийлэлгүй, аюулгүй нийгмийг л хүсэж байгаа болохоос хэрэг гардаг, хийснийг нь алчихдаг тэгээд ханачихдаг нийгмийг хүсэж байгаа биш биз дээ...

Э.Ананда (26 нас), IT инженер:

Цаазын ял сэргээлээ гээд ухамсарт нь юм орохгүй байх өө. Харин ч цаазлуулчих вий гээд хэрэгтний хамаатан садан ойр тойрныхон нь хэргүүдийг нууж хав дарах нь ихсэх байх. Харин Япон шиг бүх төрлийн гэмт хэрэгтнүүдийг мэдээ, сонин, сайтаар овог нэр устай нь ӨДӨР ТУТАМ зарлаад сонордуулаад байвал ичиж магадгүй.

Э.Очхүү (26 нас), Инженер:

Цаазын ял бол боловсролын хэм хэмжээг илэрхийлж байгаа юм их л харанхуй хүмүүс дэмжээд байна уу гэмээр харагдаж байна. Бүх насаар нь хорих чанга дэглэмтэй гээд харах өнцөг олон шүү дээ яагаад цаазын ял гэж.

-Цаазын ял дэмжигчид Монголын төрд байна гэдэг тун харамсалтай. Тэд хүчирхийлэгчдээс дутахгүй зэрлэг улсууд байна. Өөр үг алга! Цаазын ял МОНГОЛ төрийн нэрийн өмнөөс хийгддэг!

Т.Туяажаргал , “Ээлтэй ертөнц” ТББ-ийн тэргүүн:

Олон хүн яг над шиг “Хүүхэд хүчирхийлэгчдийг цаазлая!!!” гэсэн зургийг нүүр зургаа болгон хэрэглэж байна. Цаазын ял гэдэг хамгийн харгис, хүний эрх талаас яривал байж боломгүй зүйл.

Гэхдээ. . .

Хүчирхийлэл үйлдэгч этгээд цочирдоосой. Энэ олон хүн, нийгэм тэдэнтэй эвлэрэхгүй, үзэн ядаж байгааг тэд мэдрэх ёстой гэж ингэж сольсон. Хүчирхийлэл үйлдэгч зэрлэгшсэн адгууснууд өөрсдөө энэ зүйлийг нийгмийн энэ үйлдлийг тархиндаа зүрхэндээ мэдэртэл.

Б.Билгүүн (27 нас), График дизайнер:

Би цаазын ялыг сэргээнэ гэсний эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр энэ чинь буцаад хөгжлөөр нэг алхам ухарч алхаж байгаатай адил шүү дээ. Амийг амиар солиод үхсэн хүн эргээд сэрэхгүй, үйлдсэн хэрэг нь буцаад ухрахгүй. Харин ч цаазын ялтай оронд хүнд гэмт хэрэг их байдаг талаар уншиж байсан юм байна. Аль будангуй, гэмт хэрэг гаарсан байх үед цаазын ял байж л байсан шүү дээ, дээрдсэн юм байсан юм уу. Харин ч тэрнээс өдий хүртэл хөгжиж, соёлжиж түүнийг даган гэмт хэргийн тоо буурсаар ирсэн шиг нийгмийн ухамсарт чиглэсэн ямар нэгэн зөв шийдвэр гаргаасай.

Б.Баясгалан (31 нас), “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч:

Аймшигт алуурчид, жигшүүрт этгээдүүдийг өмөөрч хаацайлсандаа цаазлалгүй хориод байдаг юм биш л дээ. Шүүн таслах процедур өөрөө төгс биш учраас, хилсээр хүнийг цаазалчих явдал өдий төдий гардаг учраас, чухам хүний амийг хилсээр тасалчихвал эргүүлж амьдруулах ямар ч аргагүй учраас л цаазыг цааш нь тавьж, бүх насаар нь хорих, чанга, сул дэглэмтэй хорих зэргээр хийсэн хэрэгт нь тохирсон ял өгдөг. Цаазын ялаас татгалзах явдлын цаад санаа нь аймшигт этгээдүүдийн амийг аврахад бус гэмгүй хүмүүсийн амийг хилсдүүлчихгүйд л байдгийг энэ хүмүүс ойлгоосой.

Түүнээс биш жигшүүрт хэрэг үйлдээд, тэр нь хүн амины, хүчингийн, хүн ёсноос даанч гажууд хэрэг байгаад шоронд орж байгаа этгээдүүд бол амьдралынхаа цаг минут тутмын тарчлалаар ялаа үүрнэ. Гялс хийгээд үрэгдчих үхэл бол харин ч амархан шийтгэл.

Б.Есүй (23 нас), Xyyp Мюзик Групп ХХК Менежер:

Би хүний эрхийн төлөө ажиллана гэж багаасаа боддог байсан. Намайг эмзэг бүлгийн хүүхдүүдийн зусланд сайн дураараа 10 жил багшлах хугацаанд 5, 10тай эгч дүү хоёрыг төрсөн аав өвөө нь хүчиндсэн хэрэг, мөн ОБЕГ-ын ажилтан эргүүлд гарч байхдаа цасан шуурганаар овоо даваад хот орж зах дээр ажиллахаар явж байсан 11-тэй охиныг хүчиндсэн гэх мэт аймшигтай хэргүүдийн тухай сонсож байсан. Тэр хүүхдүүдийг би бүгдийг нь харж, уулзаж байсан. Шөнө орондоо ороод тэднийг бүр өрөвдөөд уйлдаг байсан.

Үнэхээр харахаас өр өвдөж нүд халтирам хүүхдийн гэнэн хөөрхөн ааш, нүдний гал цог юу байдаг юм бүгд байхгүй аль хэдийн хамгийн аймар бүхнийг үзээд туулсан царай байр байдлыг нь хараад ёстой болдог бол хэрэгтнүүдийг нь өөрийн гараар алчихмаар санагддаг байсан. Багаасаа тиймэрхүү нөхцөл байдал хэргүүдийн хохирогчдыг олон удаа харсан болохоор би хүүхдийн эрхийн төлөө ажиллана гэж бодож бас цаазын ялыг дэмжиж хэт их сэтгэлийн хөөрөл уур хилэндээ цааүлах ёстой муусайн юмнуудыг л гэж боддог. Гэхдээ өнөө өглөө Энхжаргал эгчийн постноос нээрээ цаазлуулахаас айж эмээх хирээр гэмт хэргийн нуулт ихэснэ, хээл хахуулиар өөрийгөө өмгөөлөх арга заль буруу шүүлт ихэсэх юм биш үү гэж бодож эхэллээ л дээ. Цаазын ял сэргээхийн үр дагавар бүрийг сайн судлаасай. Гэм хэргийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтээ сайжруулаасай гэж хүсч байна.

Д.Дэлгэрсайхан (18 нас), Оюутан:

Энэ асуудлаар мэдээлэл, мэдэгдэхүүн их дутмаг. Гэхдээ өнгөцхөн харвал цаазын ялыг аль аль талаас нь л харж байна. Илүү их мэдээлэлтэй болж байж л аль нэг талыг барьж, үзэл бодлоо хэлж чадах байх. Зарим тохиолдолд хэрэгтэй, гэхдээ тэрийг буруугаар ашиглавал яах бол гэсэн айдас бага зэрэг байна.

Х.Номингэрэл (32 нас), Эрх зүйч, судлаач:

Хохирогч хамгааллын цогц тогтолцоо, хүчирхийллийг өөгшүүлж буй соёлыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх тухай мартагдав, цаазын ялын тухай яриа болоод хувирчхав. Цаазын ял ба хүчирхийлэл хоёрын харилцаа нь нөгөө тэмээ гэхээр ямаа гэв гэдэг шиг л зүйл.

Ц.Анужин (22 нас), Сурвалжлагч:

Саяхан гарсан 5 настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэргээс сэдэлжиж цаазын ялыг сэргээх хүсэлтэй хүмүүс олон байгааг олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн байдлаас харж болохоор байна. Би хувьдаа цаазын ялыг сэргээхийг дэмжиж байна. Манайх цаазын ялыг халсан 97 дахь орон болж байсан бол удахгүй нийгмийг цочроосон онц хүнд гэмт хэрэг, бага насны хүүхдийн хүчирхийллээр дээгүүр байр суурь эзэлж явах вий дээ... (Бага насны охид хүчирхийлэлд өртсөн маш олон хэрэг мэдэгдээгүй, мэдэгдсэн ч дарагдаж, дарамтад орж олон нийтэд мэдэгдэхгүй өнгөрч л байна). Шулуухан хэлэхэд гэмшиж, эсвэл тарчилж, өөрөө амиа хорлохыг нь хараад суух хэнд хэрэгтэй юм бэ. Адгийн алуурчны гэмшил, зовлон тэр шорондоо, тэр хүнтэйгээ дуусна. Нийгэм цэвэрлэгдэхийг хүсээд байна шүү дээ. Дээрээс нь яах аргагүй хохирогч хамгааллын цогц тогтолцоо, урьдчилан сэргийлэх ажлууд, ёс суртахууны асуудал яригдах байх л даа.

Бас нэг зүйл, санаанд оромгүй аймшигтай гэмт хэргүүд гарч, яасан ийснийг нь бараг дүрслээд (5 настай охины хэрэг дээр ч гэсэн ялгаагүй) олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Гэтэл түүнийг чинь биелүүлэх, туршиж үзэх бодол сэдэлтэй, адгийн хүмүүс маш олон байгааг бас бодолцоосой.

Э.Энхцацрал (24 нас), Сургалтын менежер:

Цаазын ял оноолоо гээд тэр хүн араатан зан, хүнээс гарамгүй зүйл хийснээ ойлгохын завдалгүй хорвоог орхиж, харин энд хохирсон хүмүүс сэтгэлзүйн гүн шархтай, цаашлаад бүр эмгэгтэй болоод үлдэж байгаа юм. Тэгэхээр насан туршид  хорьж, хамгийн хэцүү хүнд хүчир ажил хийлгэсэн нь дээр юм шиг. Гэхдээ бид хийснийх нь дараа биш хийхээс нь өмнө урьдчилан сэргийлж, ийм байдалтай одоог үдэж, ирээдүйг угтмааргүй байна. Бид дорвитой хөдлөх хэрэгтэй.

Б.Баттогтох (23 нас), Зураач:

Миний бодлоор цаазын ял хэтэрхий энэрэнгүй ял юм шиг санагддаг. Үүний оронд тэнд хүнд хийсэн бүх гэм бурууг нь мэдрүүлж ойлгуулж албадан хөдөлмөрлүүлж, хүмүүс айгаад хийдэггүй хортой, хүнд нөхцөлд ажил хөдөлмөрийг хийлгэх хэрэгтэй. Хүнд маш хүндээр сэв суулгачхаад шууд цаазлуулах нь хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ Монгол Улс чинь ардчилсан, хүнлэг орон биш гэж үү. Саараасаа сайхан нь их шүү дээ. Саяхан болсон гэмт хэрэг дээр яг яагаад ийм байдалд хүрснийг маш сайн судалж үзэх хэрэгтэй байх. Хойд эцэг, хойд эх гээд л... Маш олон талаас нь харах хэрэгтэй байх.

З.Батхуяг (25 нас), Сэтгүүлч:

Асуудлын гол нь ЦААЗААР аваад бүх асуудал шийдэгдчихгүйд, эргээд хэвэндээ орохгүйд л байна. Нийгэм тэр аяараа ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭ гэж шаардаж байна. Үүнийг сэргээгээд хэдэн хүнд гэмт хэрэгтнүүд л Монгол улсын нэрийн өмнөөс үхнэ. Өөр юу ч өөрчлөгдөхгүй. Хүмүүсийн ийм хүслийг дэмжээд тус ялыг сэргээх гэж байгаа бол Ерөнхийлөгч, Монголын төр жинхэнэ буруу юм хийх гэж байна. Нийгмийн туйлширсан хүслийг хангахын тулд сэтгэл хөдлөл уур уцаарыг өөр учгаар тайлж, тайтгаруулах ёстой. Төр нь иргэнээ хийсэн алдааных нь төлөө алдаг байж хэрхэвч болохгүй. Алахын оронд чанд хатуугаар шийтгэдэг байх ёстой. Бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид хорих, иргэний харьяатаас бүх насаар нь хасч хүнд хөдөлмөр эрхлүүлэх гэх мэтээр гэмт этгээдийг шийтгэх арга олон бий.

С.Долгио (30 нас), Хувиараа бизнес эрхлэгч:

Цаазын ял бол шийдэл биш. Тэр статистик харж байхад гэр бүл, ойр дотнын хүмүүс их хувийг эзэлж байна лээ. Тийм болохоор харин ч далд хэлбэр лүү шилжүүлнэ. Тэр хөнгөлдөг арга бол байж болох ч бас төгс шийдэл биш. Гэмт хэрэг зэрлэгшиж байгаа нь амьдралын төвшин доройтож байгаагийн тод илрэл шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
37
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.