Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Шадар сайдад Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар нарыг томиллоо

Засгийн газрын гишүүдийг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улмаар Улсын Их Хурлын Байнгын хороод мөн өдрийн үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлж буйгаа дурдав.


Үүнд:
Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;
Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;
Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулахаар санал болгож буйгаа дурдаад нэр дэвшигчдийн товч намтраас танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн гэдгээ Ерөнхий сайд онцолж байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэж эхэлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Өлзийсайханы ЭНХТҮВШИН

Эхлээд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилуулахаар санал болгосон Ө.Энхтүвшингийн талаар хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Тус байнгын хороо нэр дэвшигчийн талаарх асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжсэн юм.

Нэр дэвшигч Өлзийсайханы Энхтүвшин 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд МУИС-ийг, 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус  төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй.

1980 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажлын гараагаа эхэлж, ахлах ажилтан, 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1996-2005 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч, 1996-1997 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 2012-2013 онд Монгол Ардын Намын даргын алба хашиж байсан. Мөн 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, 2008-2010 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал, Л.Болд, М.Оюунчимэг, М.Билэгт, Д.Тэрбишдагва нар нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулав. Нэр дэвшигч Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн ажлын туршлагатай хүний хувьд улс орны эдийн засаг, нөхцөл байдал амаргүй, тулгамдсан асуудал, хийх ажил их байгаа учраас та Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаач гэсэн саналыг намын нөхөд маань тавьсан. Тиймээс нөхдийнхөө саналыг хүлээн авч хүчин зүтгэхээр шийдсэн юм гэдгээ хэллээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариултдаа, Ерөнхий сайд парламентын гишүүн биш гаднаас томилогдсон учраас бодлогоо хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт ихээхэн шаардлагатай байгаа тул танхимаа Улсын Их Хурлын гишүүдээс бүрдүүлэхийг зорьсон. Салбартаа танигдсан, салбарынхаа ажилт байдлыг сайн мэдэх, төрийн ажлын туршлагатай хүмүүсээр танхимаа бүрдүүлж, бядтай, чадавхитай Засгийн газар бүрдүүлэхэд анхаарсан гэдгээ хэлж байв.     

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, М.Билэгт, Д.Гантулга, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Н.Учрал нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүдийн олонхи нь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ томилуулах саналыг оруулж ирж хэлэлцүүлж байгаа учраас багаар нь дэмжээд ачааг нь үүрүүлж, хариуцлагаа яриад явах нь зүйтэй. Улс орны өмнө тулгамдсан асуудал, хүлээлт их байгаа учраас шинэ Засгийн газрын гишүүд эв эеийг хичээж, эрч хүчтэй, шуурхай ажиллах, бүх шатанд хариуцлага, сахилгыг дээшлүүлэх шаардлагатайг хэлж байв. Мөн нэр дэвшигчийн хариуцсан салбартай холбоотой зарим тодорхой саналууд хэлж, цаашид анхаарч ажил хэрэг болгохыг захилаа.   

Ингээд Ө.Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилуулах саналыг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний  58 нь буюу  84.1 хувь нь дэмжив.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Гомбожавын ЗАНДАНШАТАР

Дараа нь Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нэр дэвшигчийн талаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжсэн юм.

Нэр дэвшигч Г.Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг тус тус төгссөн. Санхүү эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монголбанкинд Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлын алба хашиж байсан. Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, М.Билэгт нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аюурсайхан, Л.Болд, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд эрхлэх ажил үүрэгтэй нь холбогдсон зарим саналаа хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 59 нь буюу 88.1 хувь нь дэмжлээ.

Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
29
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.