Нобелийн шагналтнаар тодорсон Казуо Ишигурогийн 2015 онд “The-Talks” сайтад өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.
“Франц Кафкагийн егөөт байдлыг Жэйн Остины уянгалаг яруу аястай хоршуулаад бага зэрэг Марсел Пруст дусаачихвал Казуо Ишигуро болно” гэж түүнийг товчхон тодорхойлдог. Гэвч орчин цагийн англи хэлтний хамгийн том төлөөллийн нэг болсон Казуо Ишигурог нэгхэн өгүүлбэрт багтаан ойлгоно гэдэг дэндүү хангалтгүй. Модернизм, постмодернизм нэвт ханхалсан түүний бүтээлүүд хүний оршихуйн мөн чанарыг хурц шийдэмгий атлаа сэтгэлд уянгатай дүрсэлснээс Ишигурогийн номыг уншихаас өмнө сэтгэл зүйгээ тусгайлан бэлдэх хэрэгтэй гэх явган яриа ч гарчээ. 63 настай Япон гаралтай Их Британийн зохиолчийн найман ном нь 40 хэлнээ орчуулагдан, хоёр ч роман нь кино дэлгэцнээ амилсан.
“Зохиолч нь Нобелийн шагнал авсан болохоор энэ номыг олон нийтийн газар уншиж, “догь” харагдахыг хүсч байна уу? Тэгвэл хэрэггүй л болов уу. Хэн л уйлж инээх холилдоод, нус нулимсаа барчихсан байдалтай бусдад харагдахыг хүсэх билээ?” гэж түүний хамгийн алдартай бүтээл болох “Намайг бүү явуулаарай”/2005/ романы тухай судлаачид бичиж байв. Харин бүтээл туурвилдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй, “эго”-гүй ч гэгддэг даруухан зохиолч Ишигурод Нобелийн шагналтан болсныг нь дуулгахад “худал цуурхал бизээ” гээд үл ойшоож, аанай л шагналын хорооноос албан ёсны тэмдэг тамгатай захидал ирэхэд л итгэсэн аж. “Олон гайхалтай зохиолчид өнөөг хүртэл энэ шагналыг хүртээгүй байхад би авч байгаа нь гэм хийсэн мэт санагдана” гэж тэр хариулаад “Шагнал авахаа мэдсэн бол ядаж үсээ угаахгүй юу” гэж хошигножээ.
Ишигуро бусад зохиолчтой харьцуулбал цөөн ном гаргасан ч “Буурал толгодын бараа” /1982/, “Тэр өдрийн дурсамж” /1989/, “Өнчин нялхас байхдаа бид” /2000/, “Намайг бүү явуулаарай” /2005/ зэрэг өөр өөрийн өвөрмөц содон ертөнцөөр илт ялгагддаг даацтай бүтээлүүд нь Нобель авахаар хамгийн их яригдаж байсан Маргарет Этвүд, Харуки Мураками, Нгуги Ван Тхионги нараас өрсөн шагналтан болгоход хүргэсэн бизээ. Ингээд “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан” хэмээн Нобелийн шагналтнаар тодорсон Казуо Ишигурогийн 2015 онд “The-Talks” сайтад өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.
-Ноён Ишигуро, та хуучин номын дэлгүүрээс өөрийн номоо хайж байв уу?
-Тийм ээ. Гэхдээ ч хэцүүхэн шүү. Англи тосгодын хуучин номын худалдаанаас ч юм уу, хаа нэгтээ миний номыг зарж байгааг харвал “Хэн ч миний номыг авахыг хүссэнгүй гэж үү” гэж бодогдоод салдаггүй /инээв/. Харин номоо хайгаад олохгүй бол бүр ч хэцүү. “Хүмүүс яагаад миний номыг зарахыг хүсэхгүй байгаа юм бэ? гэсэн бодол төрнө.
-Зохиолч хүн ширэн нүүртэй байх хэрэгтэй ч юм шиг?
-Эхнэр маань их ширүүн шударга зантай болохоор таны зөв ч юм уу. Хамгийн сүүлд хэвлүүлсэн “Булшлагдсан аварга биет” /2015/ номоо 2004 онд бичиж эхэлсэн юм. Тухайн үед багахан хэсгийг нь дуусгачхаад эхнэртээ уншуулахад тэр “Хэрэггүй зүйл байна” гэж байсан шүү /инээв/. Аргагүй шүү дээ, бид анх танилцахад зохиол бичдэггүй энгийн л оюутан байв. Одоо зохиолч болчихоод түүнд зохиолоо уншуулахад тэр нөгөө л агуу зохиолч болох мөрөөдөлтэй ахлах ангийн оюутны бичвэр гэж хардаг байх.
-Таныг ”Man Booker” шагнал хүртсэний дараа ч өөрчлөгдөөгүй гэж үү? /Их Британид хэвлэгдсэн англи хэл дээрх утга зохиолын шилдэг бүтээлд олгодог тус шагналыг Казуо Ишигуро 1989 онд авчээ/
-Анхны номоо ч гаргаагүй, зохиолчийн хувьд төлөвшөөгүй үед тэр намайг яаж шүүмжилж, санал бодлоо эрсхэн хэлдэг байсан тэр хэвээр. Миний бичиж буй ном, бусдын уран бүтээл, хамт үзэх кино, дуурь тоглолтууд гээд 1980 оноос хойш тооцвол амьдралаа холбосон 35 жилийн турш бид зарим зүйлд санал нэгдэж, заримд нь өөр өөрийнхөөр зүтгэсээр ирэв. Түүний чухалчлан үздэг зарим зүйлд би нэгддэггүйтэй адил эхнэр минь ч өөрийн тодорхой байр суурьтай.
-Та тэгэхээр зохиолоо түүнийхээр өөрчилдөггүй гэж үү?
-Үгүй. Би бүтээл туурвилынхаа хэлбэр, утга санаанд нөлөөлөхүйц багахан хэсгийг ч бусдынхаар өөрчилдөггүй. Эхнэр маань ч өөрчлөөсэй гэж хүссэндээ намайг шүүмжилдэг юм биш. Харин үр дүнд хүргэхийн төлөө л юм шүү дээ. Тэр хэзээ ч “Номын чинь утга санаа буруу байна” гэж байгаагүй. Харин “Чи илэрхийлэх гэж буй санаагаа яг таг гаргаагүй байна шүү дээ” гэж хэлдэг.
"Би бүтээл туурвилдаа нөлөөлөхүйц багахан хэсгийг ч
бусдынхаар өөрчилдөггүй."
-Казуо Ишигуро
-“Булшлагдсан аварга биет”/2015/ романаа яагаад ийм удаан бичсэн юм бэ? 2004 онд эхэлсэн гэж үзвэл арваад жил өнгөрсөн байна шүү дээ.
-Би нэг ном эхлүүлээд хэдэн жил мартчихдаг юм. Эхлээд ерөнхий санаагаа буулгаад, нэг өнцгөөс бичээд, хоёр гурван жилийн дараа үргэлжлүүлэх зэргээр “Намайг битгий явуулаач” романаа гурван удаа бичсэн гэхэд болно. Тэгэх бүрт өөр өөр утга санаа төрдөг. Төсөөлөл мэдрэмж өөрчлөгдөж, өөр үгс, ондоо найруулга орж ирдэг. Хоорондоо ижил төстэй мэт санагдах ч цаад утга санаандаа маш томоор нөлөөлөх юм. Өөрийн хувийн туршлагаас яавал илүү сайн бүтээл гарахыг би мэдэх учир хүмүүс “Зүгээр л аль нэг өнцгөөр нь бичихэд болох биш үү” гэж хэлэхэд санаа зовдоггүй.
-Номоо бичиж дуусах үедээ юу мэдэрдэг вэ?
-Хэзээ ч “Өө дуусчихлаа” гэж боддоггүй болохоор хэлэхэд хэцүү юм. /инээв/ Хөл бөмбөгчдийн ялалт шүглийн дуугаар зарлагдаж, тэмцээн дууссаныг зарладаг бол зохиолч хүнд шүгэл байхгүй шүү дээ.
-Яагаад тэр вэ?
-Орчуулагчид асуулт ирүүлэхэд засварлах ч юм уу, номоо унших бүрт өөрчилмөөр санагдаад байдаг учраас бүрэн хэвлэгдчихээгүй л бол нэмэлт засвар хийсээр байдаг учраас тэр юм шүү дээ. Бүр эцсийн байдлаар хэдэн зуугаар хэвлэгдээд гар дээр ирсэн хойно л жинхэнээсээ дуусна. Тэр үед засвар хийх хэтэрхий оройтсон байна шүү дээ. Энэ л миний хувьд шүглийн дуу юм уу даа. Яг дуусчихлаа гэсэн баярт мөч байдаггүй юм байна.
- 35 жилд найман ном гэдэг бусадтай харьцуулбал бага тоо. Та олон ном бичихсэн гэж боддог уу?
-Энэ салбарт хөл тавихдаа л хэр их ном бичих нь хамаагүй гэж шийдсэн. “Faber & Faber” хэвлэлийн компаний Роберт Маккрум анх намайг зохиолчийн хувиар нээсэн юм шүү дээ. Эхний номоо гаргасны дараа түүнтэй гэрээ байгуулах үед “Дараагийн номоо хэзээ гаргах вэ?” гэж асууж байснаа санаж байна. Тэр намайг ёжлонгуй харж инээмсэглээд “Зохиолчийн карьераа бодвол хоёр жилд нэг байвал сайнсан” гэж хэлсэн юм. Тухайн үед би дотроо “За би л биш шүү” гэж бодож байсан ч түүнд хэлээгүй /инээв/.
-Онцгой бүтээлийг яарч шахаж болохгүй байх нь?
-Тэр үеэс л би утга зохиолд тоог чухалчилж чадахгүйгээ ухаарсан. Нэгэнт бичигдчихсэн номыг ахин өөр өөрөөр бичих утга учир байхгүй. Номын ертөнцөд шинэ эсвэл өөрийг л бүтээхгүй бол бичээд ч яах билээ. Энэ тухайд, найруулагч Стэнли Кубрик надад урам зориг өгдөг. Учир нь тэр бүтээл бүрээ удаан хугацаанд боловсруулж, өөр хоорондоо огт адилгүй чанартай уран бүтээл туурвидаг. Тиймээс би бүтээл бүрдээ ондоо ертөнцийг бий болгохын тулд “Кубрик шиг л болох хэрэгтэй. Хэрэгтэй бол хэзээ ч яарахгүй” гэж өөртөө амласан.
-Та зохиолынхоо орон зай, ертөнцийг нь эхэлж бүтээдэг үү? Эсвэл үйл явдлыг нь уу?
-Үйл явдлыг өрнүүлэх үүднээс эхлээд найруулгыг босгодог. Үйл явдлын тухай түмэн санаа байдаг ч хэрхэн байршуулахаа мэддэггүйгээс баахан бэрхшээлтэй тулгардаг. Яг л кинонд гардаг нутгийн хайгуулчин шиг гэх юм уу даа. Цаг хугацааг үл анзааран, уул бэлээр хайгуул хийж, газар зүйн нээлт хийх шиг л... Ийм л зарчмаар зохиолоо бүтээдэг дээ. Нэг хийвэл бүтээлдээ бүрэн орчихдог. Гэхдээ дуу хөгжим миний зохиол, найруулгад маш том нөлөөтэй.
-Хэрхэн, яаж?
-Яг яаж гэдгийг тайлбарлах хэцүү юм. Хэрвээ нэг дуунд бүрэн орж, үг бүрийг нь мэдэрч, түүндээ автаж чадвал тухайн дууны мөн чанарт өгүүлэгдэх онцгой дуу хоолойг таньж сонсож чадна. Би уран бүтээлээ туурвих үедээ, ямар үед ямар өнгө аяс сонсох хэрэгтэйгээ тооцоолдог. Ингээд өөрийн барьж авахыг хүссэн мэдрэмжийг илтгэх дууг сонсоно.
Үггүй хөгжим байлаа ч тухайн дуунд өөрийгөө татан оруулж чадвал, зүрх сэтгэлээ тухайлсан нэг мэдрэмжид хөтлөн оруулах боломжтой.
-Казуо Ишигуро
-Ямар ч үггүйгээр холбоо тогтооно гэсэн үг үү?
-Сүүлд, настай хүн залуу насаа эргэн дурсаад юу мэдэрч болох талаар бичихийн тулд ямар ч үггүй, зөвхөн төгөлдөр хуурын аялгуунаас бүрдсэн Кейт Жарретийн цомгийг хэдэн өдөр сонсож билээ. Нэг тийм хүндлэл, бахархал хоршсон содон мэдрэмж хэрэгтэй байсан юм.
-Тэгэхээр та аялгууг үг үсэгт буулгадаг байх нь ээ?
-Зохиолч хүн “үг” гэсэн хэрэгслээр дамжуулан утга зүй, логик гаргалгааг илэрхийлдэг гэдэг. Харин надад зохиол бичнэ гэдэг утга зүйтэй байхдаа бус уран зураач, найруулагч, хөгжимчид шиг чөлөөт сэтгэлгээг “үгэн” зэмсгээр тоглох шиг санагддаг. Оюунлаг зохиолч гэж хэлэгдэх эсэх нь надад үнэхээр чухал биш.