Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхэн хэл: Гучин настай зүрх

Хайр бол хэзээ ч моодноос гарахгүй брэнд


Төрсөн өдрийн бялуун дээр хатгах лааны тоо гучаас давсан ганц бие найз бүсгүйчүүдийн төрсөн өдөр ерөнхийдөө адилхан, ихэнхдээ уйтгартай болдог. Оргилуун дарс, өндөр өсгийт, тансаг үнэрт ус, мэдээж заримынх нь хүзүү, чихнээс гунигтай ч юм шиг ширтэх сувд... Нас бол зүгээр тоо биш, нас бол нас гэдгийг эсэргүүцэх тусам улам хүчтэйгээр сануулах тэр баяруудын уур амьсгал хорин таван настнуудынх шиг биш.  Гурван хундага дарсны дараа хуучин амраг руугаа залгахгүй (гучин насанд онцгой тохиолдлыг эс тооцвол бид тиймэрхүү гэнэн зуршлуудаасаа хэдийнэ салсан байдаг), хувцасныхаа шүүгээндээ өөрт нь яг тааруулан оёсон мэт зохидог дэгжин даашинз, өндөр өсгийтийн хажуугаар өдөр тутамд өмсөх бие эвтэйхэн хослол өлгөөстэй, утасных нь жагсаалтыг сонжиж харвал мөн “гоёлын, өдөр тутмын” гэсэн  ангилалд багтаачих эрсийг ч олж болохоор, баасан гаригийн оройг гэртээ, ганцаараа өнгөрүүлдэгтээ огтхон ч санаа зовохгүй тийм бүсгүйчүүдэд төрсөн өдрийн бэлэг сонгох хэцүү.

Юугаар ч дутаагүй хүнд юу бэлэглэх ёстой билээ дээ?

Би хувьдаа ҮГ сонгодог. Дарстай хундага өргөхдөө ерөөл болгоод хэлчих тийм үгсийг шүү дээ. Хачирхалтай нь, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө үг дуугарах завшааныг хэзээ ч алдахгүй, өөртөө итгэлтэй, нийгмийн идэвхтэйгээс эхлээд уян зөөлөн ялдам  инстаграмын “од”, рок хамтлагийн үнэнч фэн гээд гурван арван намрыг үдсэн, ганц бие найзууддаа  хэлэх үг минь адилхан. Хэн бүхэнд таарах, таалагдах универсал үг нь юу гээч?

“Хайртай учраарай”. Арай өөрөөр, олон янзаар хэлж болох ч утга нь ижил. Олон хоногийн нойр хороосон өвчин эдгэрэх, эсвэл зүүдэлж хүссэн ажлын саналаа сонсох, өвлийн өглөөний аяга халуун кофе, борооны чимээг сонсоод хөнжилдөө хэвтэх зуны үдэш... Амталж, мэдэрч, хүртэж болох үй олон мэдрэмж, үйл явдал, хувь тохиолоос яагаад заавал “Хайр” гэж?  

Хэн нэгэн ингэж асуувал хариултыг нь би мэдэхгүй. Амтлаж туулсан өдрүүдээс хамгийн гэгээн дурсагдахыг нь нэхвэл хайртай л холбож  хэлэх учраас тэр байх. Хэн ч ингэж асуухгүй байлаа ч хүсэх зүйл, ерөөлийн үгс өөрчлөгдсөнгүй.

Цагийн зүү урагшлах тусам, элээсэн оймсны тоо нэмэгдэхийг дагаад бид хүссэн, хүсээгүй хайрыг үгүйсгэгчийн дүрд тоглож эхэлдэг. Гучин намрын турш хуримтлагдсан сэтгэлийнхээ богцыг задлан харвал бид юу эсийг олж үзэх билээ дээ? Хайр ч, хагацал ч, салалт ч, болзоо ч, урвалт ч, догдлол ч цор ганц удаа тохиодог зүйлс биш гэдгийг сануулах үйл явдлууд тэндээс нэг бус гарч ирнэ.

Завгүй өдрүүдийн наран дор ор тас мартчихсан явдаг ч үе үе зүрхний цаана, бүр гүнд хөндүүрлэх тийм бүдэгхэн өвдөлтүүд бидний хувьд шинэ зүйл биш болчихсон. Танил, хэтэрхий танил, бүр эмтрэм танил тийм л мэдрэмжүүд, хайртай учирч, үдэж үзсэн ч биднийг шаналгаатайгаар өөртөө татсаар л байгааг хүлээн зөвшөөрөх ичгэвтэр ч байж мэднэ. Үгүй бол, нэгэн биений нөгөө талгүйгээр, өөрийг нь хайрлах хүнгүйгээр энэ амьдралыг гудиггүйхэн туулчих итгэл, чадал мэдрэгддэг болчих ч юм уу. За, энүүхэндээ гэхэд айдас л биз дээ. Хайр гэдэг 51 хувь жаргал, 49 хувь зовлонгийн найрлагатай гэвэл аль нь илүү гашуун амтдагддагийг ч энд дурдах хэрэг бий сэн бил үү? Тэгээд тэр гашууныг дахиад амсах уу гэж асуух хэрэг ч юу билээ.

Ямартаа ч, “Хайртай учраарай” хэмээх ерөөлийн үгс хаягласан эзнийхээ сэтгэлийг хөдөлгөж дөнгөдгийг л мэднэ. Үүрдийн, зуурдын ч бай, нулимстай зовлонтой ч бай, хайр л бол хайр хойно, зарим тохиолдолд тэр биднээс үл хамааран оршин тогтносоор, зүйрлэбээс агаараар хөвж буй үл үзэгдэгч мэт байсаар л байгааг хэн нэгэнд сануулна гэдэг сайхан. Хаана хэрхэн учрах, юуг туулж өнгөрүүлэх, ямар мэдрэмж, дурсамжийг бидэнд үлдээдэг байлаа ч “Хайр” гэдэг хамгийн том хөдөлгөгч хүч,зүрх сэтгэлээ ямагт дагагч, засаршгүй өөдрөг үзэлтэн Керри Брэдшоугийн хэлсэнчлэн  хэзээ ч моодноос үл гарах ганц брэнд, бидний амьдран буйн утга учрыг тодорхойлох луужин ч юм бил үү?

... Гучин насыг хэдийнэ давсан, зүрх сэтгэлээ ямагт дагагч, засаршгүй өөдрөг үзэлтэн надад “Хайртай учраарай” гэх үнэт бэлэг өгөх найзууд дэргэд байгаасай гэж би харин хүснэ. Мэдээж, тэрхүү бэлэгтэйгээ хамт хайртай зохиолчийн минь хамгийн сүүлд гаргасан романыг дагалдуулчихаж болно л доо... 

Х.Инга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
36
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.