Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

#Отгонтэнгэр17 | Одоогоор бидэнд ил болоод буй БҮХ МЭДЭЭЛЭЛ

Эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, дууслаа.


Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, дууслаа.

Аврагчид 14 иргэний цогцсыг өчигдөр, уржигдар эрэн хайж олсон билээ. Харин үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Улмаар 10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээлэв. Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь оллоо. Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр буюу 10 сарын 25-ны 10:00 цаг ОБЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Аврагчид сураггүй болсон иргэдийн 14-ынх нь цогцсыг өчигдөр, уржигдар олсон юм. Тэдний 10 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй иргэн байжээ. Нас барсан иргэдийн шарилыг өчигдөр 20:58 минутад Зэвсэгт хүчний 303 дугаар ангид тээвэрлэн авчирсан байна. Эдгээр цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч, ар гэрийнхэнд нь таниулах ажлыг хийж дуусчээ. 

Эсэн мэнд байгаа 10 иргэн өөрсдийн машинаар нийслэлийг зорьж байгаа аж. Өчигдөр оройн 23:00 цагт авсан мэдээллээр тэд Архангай аймгийн Тариат сум дээр хоноглон өнөөдөр өглөө хот руу хөдөлнө гэжээ. 

 

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм. 

Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өчигдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.


Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өчигдөр буюу 10 сарын 23-ны 18:00 цагт шуурхай мэдээлэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа байна. Уулчид хясаа руу унасан байх магадлалтай байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.  Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд буусан юм. 

Ингээд өнөө өглөө /2017.10.24/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06:20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгээс мэдээлсний дараа 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон. 

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
14
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.