Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад өөрт тохирсон технологийг сонгох боломж бүрдлээ

БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа. 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулахаар боллоо. Ач холбогдол, зорилгын талаар товч танилцуулна уу?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төвийг нээн ажиллуулж байна. Товчхондоо, Агаар орчны бохирдлыг бууруулах  чиглэлд хийгдэхээр төлөвлөгдсөн шат дараатай ажлуудын нэг нь энэ юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага  техник, технологи мэдээллийн төвд ирж мэдээлэл авахаас гадна, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд өөрт тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжийг олгож байна. Ялангуяа иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ, шаардлагаа хангах технологийг сонгож авах боломж бүрдэж байгаа юм.

-“Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдий хэмжээний техник, технологи танилцуулах вэ?

-Уг төвд ирснээр нийт 50 гаруй технологитой танилцаж болно. Иргэдийн хувьд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалгын технологийг илүүтэй сонирхож байгаа. Уг эрэлт, хэрэгцээн дээр үндэслэсэн энэ чиглэлийн 5-6 төрлийн технологийн үзэсгэлэн нээгдсэн. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг уг төвөөрөө дамжуулан иргэдэд өгнө. Иргэд мэдээлэлгүйгээс болж буцах хаяггүй, чанарын шаардлага хангаагүй технологи хэрэглэх явдал их байдаг. Тийм учраас гол нь бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангасан технологийг санал болгох чиглэлийг барьж байгаа.

-“Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” хаана нээгдэж, хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Эхний ээлжинд “Барилга Мегастор” төвд уг мэдээллийн төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Үүний дараа тодорхой хэмжээнд мониторинг хийж, эрэлт хэрэгцээ ямар байгаагаас шалтгаалж бусад дүүргүүд дээр мэдээллийн төвүүдээ нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өвлийн улирлыг дуустал мэдээллийн төв ажиллана. Түүнээс гадна “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д техник, технологио танилцуулах зай, талбайг үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа учир аж ахуйн нэгжүүдэд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь маш чухал. Мөн иргэдтэйгээ ч аль болох ойртож ажиллах нэг алхам гэж ойлгох ёстой.

-Мэдээллийн төвд очиж мэдээлэл авч, өөрт тохирсон технологио сонголоо гэхэд иргэдэд тулгардаг нэг зүйл нь санхүүгийн асуудал байдаг. Хөнгөлөлттэй зээлээр авах боломж байгаа юу?

-Нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. бусад банктай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Гэвч иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээлэлгүй байгаа учраас энэ боломжуудыг хүртэж чадахгүй байна. Тиймээс БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн алба манай хэлтэс хамтран иргэдэд агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчноо хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байгаа. 

-Ер нь иргэд уг төвд танилцуулах технологийг хэрэглэх нь эдийн засаг талаасаа ямар ашигтай талаар тодруулбал?

-Өвлийн улиралд хэрэглэх нүүрс, эсвэл шалны халаалт, дулаалгын технологийн аль нь эрүүл мэнд болоод эдийн засагт ашигтай талаарх мэдээллийг иргэд мэдээллийн төвөөр болон уг төвд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар дамжуулан авах боломжтой. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
40
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.