Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дейенерис Таргариен буюу Эмилия Кларкын амжилтанд хүрсэн 7 нууц

Өнөөдөр Их Британийн жүжигчин Эмилия Кларк 31 дэх төрсөн өдрөө тэмдэглэж байна.


Өнөөдөр Их Британийн жүжигчин Эмилия Кларк 31 дэх төрсөн өдрөө тэмдэглэж байна. Лондонд театрын дууны найруулагчийн гэрт төрсөн Кларк маш олон дүрд тоглосон ч 2010 оны “Хаадын тоглоом” кино л түүнд дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан юм. Зоригтой, ухаалаг Дейенерис Таргариений дүрийг бүтээсэн энэ бүсгүй хэн бэ? Түүний амьдралын дүрэм юу вэ?

1. Эгэл жирийн байхыг хичээдэг

Зураг авалт, улаан хивсний ёслол, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс бусад цагт тэр хүний нүдэнд өртөөд байдаггүй. Лондонд жирийн амьдран, олны анхаарлыг татахгүйг хичээдэг. Тэртэй тэргүй ажил дээр нь хүн болгон анхаарч байхад яах гэж тодорч, товойх гэж. Эмилия үсээ шараар буддаггүй, “Хаадын тоглоом”-ын зураг авалт дээр хиймэл үс ашигладаг байна. Учир нь жирийн үед хар үстэй байхад хүмүүс түүнийг танихгүй. Шар хэвлэлийнхний хараанд өртөхийг хүсдэг зарим одоос тэр огт өөр.

“Уйтгартай санагдаж болох юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд даруухан, жирийн амьдрал надад таалагддаг” Эмилия Кларк

“Найз нөхөд, гэрбүлийнхэнтэйгээ зугаалж байхад хэн нэг нь хамт зураг авахуулах гэж гуйхад манайхан чамайг таньдаг хүн байдаг юм байна гээд гайхдаг юм”
“Манай гэрийн амьдрал яг л хуучин хэвээр. Гэртээ би угаалгаа өөрөө хийж, хувцсаа индүүднэ. Аяга тавгаа угааж, нохойгоо салхинд гаргана”

2. Хов жив сонсдоггүй

Эмилия анх юм юманд санаа зовдог охин байлаа. Интернетээр хэн нэг нь түүнийг тарган гэсэн сэтгэгдэл үлдээсэн байхад л сандраад эхэлдэг байжээ. Гэвч тэр танихгүй хүмүүсийн хэлсэн хоосон үгэнд анхаарлаа хандуулж, стресстэх хэрэггүй гэдгийг ойлгосон юм. Одоо тэр нэтээр өөрийнхөө талаар уншдаггүй.

“Анх алдартай болж эхлээд би интернетийн хайлтын системд нэрээ бичээд хайж үзсэн. Ямар аймаар юмнууд гарч ирсэн гэж бодож байна. Би дахиж өөрийнхөө талаар интернетээс уншихгүй гэж тангарагласан. Эрүүл ухаантай байя гэвэл дахиж тийм зүйл хийхгүй. Хэрэв фэнүүд минь намайг магтсан бол гэрийнхэн минь хэлнэ шүү дээ” Эмилия Кларк

3. Их ажилладаг

Холливудын алдартай жүжигчин болтлоо Кларк урт зам туулсан. Дэлгүүрийн худалдагч, рестораны үйлчлэгчийн ажил ч хийж явсан. Лондон хотын хөлсний байрныхаа төлбөрийг төлөх гэж тэр ямар ч ажил байсан голохгүй хийдэг байв.
Тэр үеэ тун хэцүү байсан гэж дурсдаг ч Кларк одоо ч ажил хөдөлмөрөөс зайлсхийдэггүй хэвээр. Ялангуяа зураг авалтын талбай дээр. Өдрийн 18 цаг зураг авалттай, хүнд хэцүү бэлтгэл сургуультай байсан ч тэр шантардаггүй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд Эмилия ажилласаар л байх болно.

“Би бага байхдаа ч зорилгоо биелүүлэхийн тулд зоригтой тэмцдэг байсан. Ээжээс минь надад өвлөгдсөн зан. Ээж минь маркетингийн том компанийн дэд ерөнхийлөгч хүн, маш их ажилладаг байсан. Дүүг минь төрүүлээд хэдхэн цагийн дараа ажлын уулзалтанд явж байсныг нь би сайн санаж байна” Эмилия Кларк

“Академи төгсөхдөө л од болно гэж боддог хүн бараг байхгүй. Байрныхаа мөнгийг төлөх гэж бааранд 5 жил, үйлчлэгчээр 2 жил ажиллаж магадгүй гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй”
“Терминатор киноны зургийн талбайд би эхлээд өөрийгөө сүрэг матрын дунд байгаа дэгдээхий мэт төсөөлж байлаа. Гэвч би энэ залуусыг бэлтгэл сургуулиар даван гарна гэж шийдсэн”
Ажил нь өөрчлөгдсөн ч Эмилия ажилсаг, хөдөлмөрч хэвээр үлдсэн.

4. Хайр дурлалыг карьераас дээр тавьж болохгүй

Эмилия Кларк хувийн амьдралаа сэтгүүлчдэд яриад байдаггүй, олон нийтийн сүлжээгээр эрчүүдийн талаар бичдэггүй. Яагаад гэвэл түүнд ийм юм хийгээд сууж байх зав байхгүй. Түүний хэнтэй үерхэж, хэнд дурлаж байсан талаар мэдээлэл тун ховор.
Нэг хэсэг түүнийг Америкийн инээдмийн жүжигчин Сет Макфарлейнтай холбодог байлаа. Дараа нь “Хаадын тоглоом”-ын Жон Сноуд тоглосон Кит Харингтонтой уулзаж байгаа гэж бичсэн. Гэвч аль аль нь батлагдаагүй.
Хэвлэл мэдээллээс үзвэл 31 настай Эмилия одоогийн байдлаар хэнтэй ч болзож, уулздаггүй гэнэ. Үүндээ ч огт санаа зовдоггүй аж.

“Би мөрөөдөмтгий хүн. Цаг нь болохоор бүх зүйл бүтнэ гэж итгэхийг хүсдэг” Эмилия Кларк

“Бусад хүмүүс ажлаа хайр дурлалтай хослуулаад яваад байдаг. Үнэнийг хэлэхэд би одоо өнөөдрийнхөө талаар л бодмоор байна. Таван жилийн дараа юу болох бол гээд бодоод эхлэхээр одоо болж байгаа зүйлийг мэдэлгүй өнгөрөөх эрсдэлтэй”

5. Гэрбүлээ дээдэлдэг

Аав ээж нь түүний хамгийн хүндэлдэг хүмүүс. Ажлаа тараад л тэр эцэг эхтэйгээ хамт байдаг. Ээж нь компанийн захирал бол аав нь театрын дууны найруулагч. Эмилия өөрөө ч бат бэх гэрбүл, хүүхэдтэй болохыг хүсдэг.

“Эцэг эх минь надаар их бахархдаг. Ээж намайг тоглоомоор “Луунуудын эмээ” гэж нэрлэдэг” Эмилия Кларк

“Аав ээж минь надад 2 үнэтэй зөвлөгөө өгсөн. Ээж арьсаа арчлахыг зааж өгсөн. Яаж ч ядарчихсан бай би арьсаа заавал арчилдаг. Харин аав “Номын сангаасаа том телевизтэй хүнд бүү итгэ” гэж сургасан. Үнэхээр үнэн үг шүү”

6. Хийж байгаа зүйлдээ дуртай бай

Амьдралынхаа гол ажилдаа дургүй байсан бол Эмилия Кларк ингэж хичээн зүтгэхгүй биз дээ гэж хэлж болохоор. Мэдээж, үгүй. Шөнө дунд босох, нүүрээ ч будаж амжилгүй зураг авалтын талбайд гарах, байнга гадуур явж, зочид буудалд хонохдоо тэр дуртай байдаггүй нь лавтай. Гэвч камер ажиллаад эхлэнгүүт тэр ядарсан, зүдэрснээ мартдаг.
Мэдээж оролцсон бүх кино, зураг авалт болгон таалагддаггүй. “Терминатор” кинонд тоглоод том туршлага хуримтлуулсан ч найруулагч нар түүнээс хэт их зүйл шаардаж байсан талаар тэр ярьсан байдаг.

“Терминаторын зураг авалтын үеэр би өөрөөсөө “Ямар кинонд тоглохыг хүсээд байна вэ? Зорилгоо биелүүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ” гэж асуудаг байсан. Энэ үед би “Хаадын тоглоом”-ыг дурсан санаж, “Хаадын тоглоом”-ын зураг авалтын үеэр яг гэртээ байгаа юм шиг байснаа ойлгосон” Эмилия Кларк

“Белфастын зочид буудлын (“Хаадын тоглоом”-ын ихэнх зураг авалтыг Ирландад авсан) өрөөний үнэр нь хүртэл намайг аюулгүй байдалд байгаа шүү гэдгийг минь мэдрүүлдэг байсан”
Би тэгээд өөртөө “Том юм бодоод хэрэггүй. Зүгээр л өөртөө аз жаргал өгөх ажлыг л хий” гэж хэлж байлаа.

7. Шинэ зүйлээс бүү ай

“Хаадын тоглоом”-д тоглохоосоо өмнө тэр дэлгэцэн дээр нүцгэн гарч байсан удаагүй. Киноны зохиолд түүний янаг амрагийн явдал бичигдсэн байгааг хараад ихэд санаа зовж байсан ч цээж нүцгэн гарсан хэсэг нь түүнийг дэлхийн хамгийн халуун бүсгүйн тоонд шууд оруулсан юм. Ингэлээ гээд тэр байн байн тайчаад байхыг хүсдэггүй. Хэт их нүцгэлэх байсан болохоор Эмилия “Fifty Shades of Grey” драмын гол дүрээс шууд татгалзаж байв.

“Хаадын тоглоом”-д нүцгэлэх болоод би их сандарсан. Гэвч манай зураг авалтын багийнхан үнэхээр сайн хүмүүс байлаа. Нүцгэн зураг авахуулж байхдаа ч би өөрийгөө найдвартай гарт байна гэдгийг мэдэж байсан”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
35
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.