Хайх зүйлээ бичнэ үү

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. 

-Тавантолгойн хэлэлцээрийг өнгөрсөн онд зогсоосон. Ингэснээр эдийн засгийн хүнд цаг үед Тавантолгойтой холбоотой ээлжит хэлэлцээрээ хийх төлөвтэй гэж Та хурлын индэрээс хэллээ?
-Уг нь нүүрсний үнэ өндөр байх үед хөрөнгө оруулагчдыг олох нь амар байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс ашигтай төсөл гэж бодох учраас сэтгэл зүйн хувьд илүү дөхөм гэсэн үг. Гэхдээ нүүрсний үнэ унасан тохиолдолд хөрөнгө оруулалт хийх хэцүү. Зардал өндөртэй,  ашиггүй гэж боддог. Тиймээс 2015 онд гэрээгээ байгуулсан бол дээр байх байсан. Таван жил удааширсан төсөл шүү дээ. Янз бүрийн байдлаар гэрээг хийх гээд шийдэлд хүрээгүй. 
Гэрээг одоо байгуулахад ашигтай үе биш. Цаашдаа нүүрсний үнэ бага зэрэг сэргэх хандлага гарч эхэлсэн байна. Тэгэхээр бүр сэргэхээс нь урьтаад хурдан гэрээгээ хийчихвэл дараа нь манай талд илүү ашигтай байх боломжтой. 
-Үнэ бага байгаа үед гэрээ байгуулахын юу нь ашигтай гэж?
-Хөрөнгө оруулалтын гэрээг одоо хийвэл 2018, 2019 онд нүүрсний салбарын хувьд ашигтай болж ирнэ. Хөрөнгө оруулагчид одоо хөрөнгө оруулалт хийвэл ирэх жилүүдэд үйлдвэрийн өргөтгөлөө хийхэд илүү хялбар болно. 
Төмөр замаа одоо барихгүй бол болохгүй. Төмөр зам барихад хоёроос гурван жил шаардагдана шүү дээ. Тэгэхээр үнэ өсөх үед гэрээгээ байгуулна гэж хүлээвэл төмөр замаас эхлээд бүх юм нь бэлэн бус байдалтай байна. 
Төмөр замаа барихаар зэхэж байтал дараагийн үнийн уналт эхэлнэ. Үнийн уналтын үед хөрөнгө оруулалтын гэрээгээ хийх нь өсөлтийн үеийнхээ дэд бүтцийг шийдэх давуу талтай болж байна. 
-Өмнөх таван жилд хөрөнгө оруулалт хийхэд төвөгтэй байж. Одоо шинэ Засгийн газар байгуулагдсан байна. Тэгэхээр Тавантолгойд гэрэл гэгээ тусах болов уу. Төсөл урагшаа хөдлөх үү? 
-Хэлж мэдэхгүй байна. Тавантолгойд улс төрийн оролцоо орсноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдож байгаа шүү дээ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани бараг нэг их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тэгсэн атлаа бүтээгдэхүүнээ маш хямд үнээр зарж байгаа. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани улсын хөрөнгийг хямд зарах биш, бүхэлдээ манай нүүрсний салбарын экспортын үнийг унагааж, салбарыг хүнд байдалд оруулж байна. Үүнээс салахын тулд Монгол Улс хоёр зүйл хиймээр байна. 
Нэгдүгээрт, түүхий эдээ гаргахгүй гэж олон жил ярилаа. Тэгэхээр бид түүхий эд гаргах уу, үгүй юү гэсэн шийдвэрээ гаргамаар байгаа юм. 
Хоёрдугаарт, тодорхой хэмжээгээр төрийн нэгдсэн бодлого байх хэрэгтэй. Дотоодын компаниуд хоорондоо өрсөлдөөд аль болох хямд үнээр БНХАУ-ын зах зээлд гарахаар хичээж байна. Үүний оронд нэг том консорциум болж нэгдээд, хамгийн үр ашигтай төслүүдэд орох хэрэгтэй байна. Бид адилхан л монголчууд. Тэгэхээр энд хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. 
Хэрвээ хамтарч ажиллавал улсын экспортын орлого өснө. Татвар нэмэгдэнэ. Татварын орлого нэмэгдвэл татварын хувь хэмжээг өсгөхгүйгээр төсвийн зардлаа санхүүжүүлж чадна шүү дээ. 
-Эдийн засаг ёроолоо тэмтэрч байна уу?
-Миний бодлоор эдийн засаг ёроолоо тэмтрэх болоогүй байна. Хөрөнгө оруулалтын хурал болж буй учраас хүн бүр өөрийн гэсэн саналтай байгаа байх. Төсвийн тодотголыг харахад асар их алдагдалтай хэвээрээ. Шаардлагагүй зардлаа хассан юм уу гэдэг нь анхаарал татаж байна. 
Бид татвар өсгөх талаар ярьж буй боловч энэ нь хамгийн оновчтой арга мөн үү гэдэг асуулт ч урган гарч ирж байна. Угтаа бид татвар төлөгчдийн эгнээгээ тэлэх талаар ямар ажил хийсэн юм бэ? 
Огт татвар төлдөггүй бүлэг хүмүүс байна. Тухайлбал ченжүүдийг нэрлэж болно. Мөн мянгат малчид байна. Түүнчлэн газрын наймаа хийдэг хүмүүст татвар ногдохгүй байна. Ажил хийдэг хэдхэн төрийн албан хаагчид, багш, оюутан нараас татвар авах гэж байна. Энэ нь төдийлөн сайн арга биш гэж бодож байгаа. 
-Эдийн засгийн нөхцөл байдал муудсан энэ үед хөрөнгө оруулагчид биднийг сонирхож байгаа болов уу? 
-Заал дүүрэн гаднын хөрөнгө оруулагчид энэ танхимд цуглажээ. Манай Засгийн газар бодлогоо хараахан тодорхойлоогүй байна. Зөв бодлого гаргавал байдал дээрдэж магадгүй гэсэн хүлээлттэй хүмүүс энд цугласан байх шиг байна. Тэгэхээр манай Засгийн газар маш шуурхай ажиллах хэрэгтэй байгаа юм. 
Сонгууль өнгөрөөд гурван сар боллоо. Удахгүй өвлийн бэлтгэл ажлууд эхэлнэ. Ийм үед хямралаас гарах хөтөлбөр боловсруулна гэж ярьснаасаа хэтрээгүй л сууж байна. Эдийн засгийг тогтворжуулж, яг хямралаас гарахын тулд юу хийх гэж байгаа нь тодорхойгүй байна. 
Ерөнхий сайд үүнийг товч тодорхой болгосон хэдхэн зүйл хэлмээр санагдаад байгаа юм. Тухайлбал, санхүүгийн салбарт хоёроос гурван ийм чухал зүйлүүдийг хийнэ гэх маягтай. Эсвэл мөнгөний бодлогоо ингэнэ гэдэг ч юм уу. Ерөнхийд нь зангидсан байдлаар Ерөнхий сайд хэлэх хэрэгтэй байна. 
Ерөнхий сайд зангидаагүй учраас Сангийн яам зөвхөн төсвөө танах, татвараа өсгөх талаар л яриад байна. Харин Төв банк бодлогын хүүгээ өсгөчихсөн суугаад байдаг. Цаашдаа юу хийх нь тодорхойгүй байна шүү дээ. Бидэнд цогц арга хэмжээ хэрэгтэй байна.   


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
41
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.