Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Хаадын тоглоом” кино хаски нохойг устгаж байна

“Немогийн эрэлд” хүүхэлдэйн кино загасны бүтэн төрлийг үгүй хийх шахсан.


“Хаадын тоглоом” (Game of Thrones) кино 2011 онд гарч эхэлснээс хойш моодонд орсон хаски үүлдрийн ноход одоо гудамжинд хаягдаж байна. Их Британид хийсэн судалгаанаас үзэхэд хаски нохойгоо хаях явдал найм дахин нэмэгджээ.  

“Хаадын тоглоом” гарч эхлэнгүүт хаски худалдан авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл одоо жижигхэн байшин, орон сууцанд тэжээх боломжгүйн улмаас нохдоосоо салахын түүс болж байна. Золбин нохой тэжээх газарт хаски нохой хэдэн зуугаараа ирдэг  болсон нь 2014 оны орчим. Тэр үед л шинжээчид энэ бүхний буруу нь “Twilight”, “Хаадын тоглоом” кино гэж үзэж байв. Гэрийн амьтдыг хамгаалах Их Британийн “Хөх загалмай” байгууллагаас мэдээлснээр Английн 12 золбин нохой тэжээх газарт сүүлийн 5 жилд очсон хаскигийн тоо 700 хувиар нэмэгдсэн байна. Кино гарахаас өмнө жилд 10 хаски “асрамжийн газар”-т очдог байсан бол одоо 81-т хүрчээ. Дараагийн шинэ анги нь гарахад дахиад золбин хаски нохойны тоо нэмэгдэнэ гэж нохой судлаачид түгшин хүлээж сууна.

Байдал хэцүүдсэн тул тус киноны гол баатрын нэг жүжигчин Питер Динклэйж “Хаадын тоглоом”-ын фэнүүдэд хандан, хэрэв үнэхээр хариуцлага хүлээн, тэжээж чадахгүй бол хаски нохой худалдан авахгүй байхыг уриалсан юм. Тэр “Манай киног үзсэн хүмүүс хаскитай болохыг хүсч байгааг би ойлгож байна. Гэхдээ та энэ нохойг яг тэжээж чадна гэдэгтээ итгэлтэй цагтаа л аваарай. Хаски нохой золбин нохой тэжээх газарт олноор байгаа нь жинхэнэ орон гэргүй золбин нохдын байрыг булааж байна гэсэн үг гэдгийг ойлгоорой” гэж хэлсэн юм.
Хаски нохой ухаантай, догшин, хүүхэд хамгаалдаг онцлогтой. Тэд байнга хөдлөж байх ёстой тул туршлагатай хүн л тэжээж чадна. Өдөржин гэрт орхихоор хамаг тавилга хазчихдаг нь ийм учиртай. Тэд бол тасалгааны нохой биш. Цас мөсөн дээгүүр чарга чирээд гүйдэг нохой өдөрт 10 минут салхинд гарчихаад өдөржин тасалгаанд байж чадахгүй нь ойлгомжтой. Хаскиг сургах хэцүү. Кинонд тусгай сургуультай ноход тоглож байгааг хүмүүс ойлгодоггүй. Хүмүүс нохойг тоглоом гэж үздэг, амьд амьтан гэдгийг нь мартдагаас хамаг асуудал үүсэж байгаа юм.

Харамсалтай нь хаски кино урлагаас болж хохирсон анхны нохой биш. Английн Бристоль их сургуулийн профессорууд Америкийн нохой судлалын клубтай хамтран, нохой гардаг 87 киног судлан үзэхэд тухайн кинонд гарсан үүлдрийн нохойны гүйлгээ хэдэн жил нэмэгдэж байсан нь тогтоогджээ.

1943 оны “Лесси гэртээ харьж байна” кино гарсны дараа колли үүлдрийн нохойны худалдаа хоёр жилийн турш 40 хувиар нэмэгдсэн байна.

1959 оны “The Shaggy Dog” кинонд тоглосон бобтейл нохойны гүйлгээ 100 хувь өссөн.

1985 онд “Disney” компани “101 далматин” хүүхэлдэйн киногоо гаргахад хэдэн мянган хүн цоохор далматин худалдан авч, удалгүй нохойн “асрамжийн газрууд” эзэнгүй далматинаар дүүрч байлаа. Америкийн нохой судлалын клубын мэдээгээр 1993 онд америкчууд 42,8 мянган далматин худалдан авсан бол 1998 онд 9 мянга болон буурсан. Ан амьтан хамгаалах нийгэмлэгийн идэвхтнүүд энэ жилүүдийн турш хүмүүст далматин нохойг яаж тэжээх талаар уйгагүй зааж өгч байлаа.

1992 онд гарсан “Бетховен” кино ч сенбернар нохойг баллах дөхсөн. Энэ киног үзсэн хүмүүс бүгд л аварга том сенбернартай болохыг хүсч байв. 1997 он хүртэл сенбернарын худалдаа өссөн байна.

“Men in Black” кинод Уилл Смитийн дэргэд Фрэнк гэдэг ярьдаг нохой гарч ирснээр мопс үүлдрийн нохой хэдэн мянгаараа зарагдаж, “Маск” киноны Майло хэмээх терьер бас л үүлдрээ зарагдахад нөлөөлсөн.
Кино үзсэн хүмүүс тэрхэн зуурын сэтгэлийн хөдлөлдөө автан нохой худалдан аваад сэтгэлийн хөдөлгөөн нь унтарсан хойно нохойгоо хаядаг байна.

Немог ч хядах дөхсөн

“Яст мэлхий нинжа” кино гарсны дараа далайн аврагчид энэ киноны фэнүүдийн далайд хаясан яст мэлхийнүүдийг барьдаг шинэ ажилтай болсон байв. Яст мэлхий худалдан авахдаа хүмүүс хэр том болдог, яаж тэжээхийг ч асуулгүй авчихаад дараа нь хаяж эхэлсэн юм. Зарим нь далайд аваачаад чулуудсан бол нэг хэсэг нь ой, талд зүгээр л хаячихаж байлаа.

“Немогийн эрэлд” хүүхэлдэйн кино загасны бүтэн төрлийг үгүй хийх шахсан. Алиалагч загас буюу Amphiprion загас энэ киноны гол баатар. Хүн болгон ийм загас аквариумдаа тэжээхийг хүссэнээс угаасаа ховор байсан энэ төрөл мөхөх дөхсөн юм. Энэ үед зарагдсан алиалагч загасны 90 хувь нь зэрлэг байгалиас авчирсан загас байв. Сүүлдээ байгальд ч олдохоо байж, Немо бүр мөсөн мөхсөн мэт санагдаж байв. Харин “Немог аврах нь” хөдөлгөөн үржүүлгийн ажил хийж эхэлснээр алиалагч загас аврагдсан түүхтэй.

1995 онд дэлгэцэнд гарсан “Babe” киноны одой гахай маш ухаантай, ажилсаг бөгөөд хонь хариулж чадна гэдгээ батлан харуулдаг. Ингээд л хүмүүс Бейб гахай тэжээж эхэлсэн юм. Руперт Гринт, Парис Хилтон, Жорж Клуни, Меган Фокс зэрэг одод өөрсдийн Бейбтэй болж, Виктория Бекхэм нөхөртөө хоёр одой гахай Зул сарын баяраар бэлэглэж байлаа. Кино алдарт гарч байсан үед зарагдсан гахайнууд аз жаргалтай байсан байж болох ч сүүлийн үед төрсөн Бейбүүд бас л зовсон.

“Харри Поттер”-ийн Букля шар шувуу ч хувь заяа нь ижил. Гэрийн шар шувуу 20 насладаг ч худалдан авагчид хэдэн сарын дараа уйдаад шувуугаа ойд аваачаад тавьж эхэлсэн. Гэрийн шувуу тул хоол олж идэж чадалгүй бүгд өлсөн үхэж байлаа. “Харри Поттер”-ийн зохиолч Жоан Роулинг фэнүүдээ шар шувуу худалдан авахгүй байхыг аминчлан гуйж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.