Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

11 сарын онцлох тулаанууд

ОХУ-ын Марат Гафуровыг цохин унагааж, аварга болсон Австралийн вьетнам залуу Martin Nguyen дараагийн тулаанаа Филиппинд хийнэ.


Холимог тулааны UFC холбооноос 11 сард хэд хэдэн том тэмцээн зохион байгуулна. Үүнээс хамгийн том нь UFC 217. Ирэх амралтын өдөр болох энэ тэмцээнд Майкл Биспинг – Жорж Сент-Пьер гэсэн супер тулаантай. Үүнээс өөр маш сонирхолтой тулаан бол “One championship” холбооны аваргын тулаан. ОХУ-ын Марат Гафуровыг цохин унагааж, аварга болсон Австралийн вьетнам залуу Martin Nguyen дараагийн тулаанаа Филиппинд хийнэ.

“UFC 217”

"Madison Square Garden", Нью-Йорк, АНУ
11 дүгээр сарын 5-нд болох энэ тэмцээнд аваргын бүсийн 3 тулаан байгаа гэхээр хэчнээн сонирхолтой тэмцээн болох нь тодорхой.

Майкл Биспинг (Их Британи) — Жорж Сент-Пьер (Канад)

Дунд жингийн аваргын бүсээ хамгаалах тоглолт
Чансаа: Биспинг (1-т бичигдсэн. 30 ялалт-7 ялагдал), Сент-Пьер (бичигдээгүй, 25-2).

“UFC”-ийн хагас дунд жингийн аваргаар 2 удаа тодорч байсан, энэ жингийн бүх цаг үеийн шилдэг тулаанч хэмээн нэрлэгдэж байсан домогт Сент-Пьер ямар формтой байгаа бол гэдэг олны сонирхлыг татаж байгаа. Учир нь тэр 2013 оноос хойш холимог тулааны дүрмээр тулалдаагүй. Дөрвөн жил торонд гараагүй түүнийг энэ жингийн аварга Майкл Биспингтэй тулалдахад ихэнх бооцоо тавигчид Сент-Пьерт тавьж байна гэхээр түүний нэр хүнд ямар өндөр нь ойлгогдоно. Майкл Биспингийн хувьд ялсан ч ялагдсан ч зодог тайлахаар шийдсэн байгаа гэсэн яриа Америкт гараад байгаа.

Коди Гарбрандт (АНУ) — Ти Жей Диллашоу (АНУ)

Bantamweight жингийн аваргын бүсийн тулаан
Чансаа: Гарбрандт (1, 11-0), Диллашоу (2, 14-3).

Чансааны эхний хоёр тамирчин. 26 настай Гарбрандт ялагдашгүй хэвээр төдийгүй ганц хоёр жилийн дараа дэлхийн хамгийн алдартай тулаанчдын нэг болох нь тодорхой. Харин 31 настай Диллашоугийн хувьд UFC-гийн аварга болох сүүлийн боломж нь.

Жоанна Ежейчик (Польш) — Роуз Намаюнас (АНУ)

Аваргын бүсийн тулаан
Чансаа: Ежейчик (1, 14-0), Намаюнас (5, 6-3).

Ялагдашгүй аварга, польш бүсгүйн эсрэг Намаюнас хэр удаан тэсэх бол гэдэг гол асуудал. 6 ялж, 3 ялагдсан америк тамирчны хувьд аваргын бүсийн төлөөх тулаанд орж байгаадаа л баярлахаар. Чансааны дээгүүр бүх өрсөлдөгчөө Ежейчик цохиод унагаачихсан тул түүнд өрсөлдөгч олж өгөхөд улам хэцүү болсоор байна.

“One championship” холбоо
“Legends Of The World”

“Mall Of Asia Arena”, Манила, Филиппин
11-р сарын 10

ОХУ-ын Марат Гафуровыг цохин унагааж, хөнгөн жингийн аварга болсон Австралийн вьетнам залуу Martin Nguyen энэ удаад дээд жингийнхээ аваргын бүсийн тулаанд орох гэж байна. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн дөрөвдүгээр сард цолоо хамгаалсан, хагас дунд жингийн аварга Филиппиний Eduard Folayang. Хэрэв Мартин ялах юм бол “One championship” холбооны түүхэнд анхны хоёр жингийн аварга болсон тулаанч болно.

“UFC Fight Night 120”

"Ted Constant Convocation Center", Норфолк, Виржини муж, АНУ
11-р сарын 12
Гол тулаан нь Энтони Петтис, Дастин Порье гэсэн хагас хөнгөн жингийн америк тамирчдын тулаан.  

Андрей Орловский (Беларусь) — Жуниор Албини (Бразил)

Хүнд жин
Чансаа: Орловский (22, 25-15-1), Албини (26, 14-2).

Энэ тулаанд ялах эсэхээс аварга асан беларусь залуу цаашдаа UFC-д байх эсэх нь шалтгаална. 5 дараалан ялагдаад байгаа түүнд холбооноос сүүлчийн боломж олгосон нь энэ. Харин бразил залуу UFC-д хоёр дахь тулаанаа хийх гэж байна.

“UFC Fight Night 121”

"Qudos Bank Arena", Сидней, Австрали
11 дүгээр сарын 20

Фабрисио Вердум (Бразил) — Марчин Тыбура (Польш)

Хүнд жин
Чансаа: Вердум (3, 22-7-1), Тыбура (16, 16-2).

Тыбурагийн эсрэг Шинэ Зеландын Марк Хант тоглох ёстой байсан ч эмч нар түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар гарахыг хориглосон. Хантыг орлоод хүнд жингийн аварга асан Фабрисио Вердум гарч ирсэн. Алдарт тамирчинг ялбал Тыбура хүнд жингийн чансааны эхний 10-т ороод ирнэ.

“UFC Fight Night 122”

"Mercedez Benz Arena", Шанхай, Хятад
11 дүгээр сарын 25

Андерсон Силва (Бразил) — Келвин Гастелум (Бразил)

Дунд жин
Чансаа: Силва (8, 34-8), Гастелум (13, 13-3).

Холимог тулааны домог Силва ялгуусан замнал нь төгсөх тийшээ хандаж байгаа. Сүүлийн 3 тулаанд тэр ганц л ялсан, гэхдээ нэлээд зовж байж Брансоныг ялсан билээ. 16 насаар залуу Гастелум UFC-ийн аварга болохыг мөрөөдөж байгаа тул ялахын тулд бүхнийг хийх нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
7
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.