Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тэд бидний тухай: Дампууруулахад хэтэрхий хайран Монгол

Монгол удахгүй хоосорч мэдэх нь


CNBC-ийн сэтгүүлч Сахэли Роу Чаудхари Монголын эдийн засгийн нөхцөл байдал асар хүнд байгаа ч стратегийн өндөр ач холбогдолтой, арвин баялаг нөөцтэй Монголыг зөнгөөр нь орхиход хэтэрхий хайран хэмээн бичсэнийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна. 


Сахэли Роу Чаудхари / CNBC

Монгол 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр анх удаа их хэмжээний долларын бонд гаргасан нь тус орныг цоо шинэ эринд хөтлөх учиртай байлаа. Гэвч үүнээс дөрвөн жилийн дараа монгол төгрөгийн ханшийн уналт дээд цэгтээ хүрч гадаадын хөрөнгө оруулалтгүй бол Засгийн газар нь урагшилж чадахгүй нь гэж эмээх хүн улам олширсоор байна. Хүн амын цөөнтэй энэ орны аз ийн харьсан нь Хятадын үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлж “амь зуудаг” улсуудад Хятадын эдийн засгийн удаашрал хэрхэн нөлөөлсний бодит жишээ юм.

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн уналт нь уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засагт хүнд цохилт болоод буй. Гадаадын хөрөнгө оруулагчид хүнд байдалд ороод буй Монголоос “дүрвэх” хандлагатай болсон билээ.

“Moody’s” агентлагийн дата мэдээллээс харахад энэ онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн жилийн 2,3 хувьтай харьцуулахад эрс буурч 1,3 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн баасан гарагт улс орнуудын ядуурлын түвшинг тогтоодог АНУ-ын “Standard & Poor” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”-ээс “B-” хүртэл бууруулсан.  оруулсан тухайгаа мэдээллээ. Мөн 2016-2019 онд Монголын ДНБ жилд дунджаар 4 хувиар өснө гэх таамгаа 3,2 хувь болгон бууруулсан байна. Харин энэ оны ДНБ-ий өсөлтийн урьдчилсан таамгаа 2,6-аас 1,3 хувь хүртэл бууруулсан. Уул уурхайн бүүм эхлэх үед буюу 2011 онд Монголын ДНБ 17.3 хувиар өсөж байсан удаатай.

Он гарснаас хойш төгрөгийн ам.долларын эсрэг ханш 12 хувиар суларсан нь явсаар Монголбанк бодлогын хүүгээ 450 суурь нэгжээр нэмж, түүхэн дэх хамгийн өндөр буюу 15 хувь хүргэхэд нөлөөлсөн юм. Цаашлаад тус улсын Засгийн газар зардлаа танахын тулд төсвийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг арга хэмжээ авч эхлээд буй.

“Natixis”-ийн ахлах эдийн засагч Трих Нгуэний хэлж буйгаар, Монголын гадаад валютын нөөц өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 1.296 тэрбум ам.доллар байсан нь дөрвөн сарын импортыг санхүүжүүлэх хэмжээний мөнгө гэсэн үг. Трих “Монгол Улс өөрийгөө санхүүжүүлж чадахааргүй болоод байна” хэмээн CNBC-д өгсөн ярилцлагадаа онцлоод “Бид одоо Монголбанкинд гадаад валютын нөөц хэр үлдсэнийг мэдэхгүй байна. Монгол өнгөрсөн онд 3.8 тэрбум, 2014 онд 5.2 тэрбум ам.доллар татсан. Хэрэв тэдэнд 1.3 тэрбум ам.доллар үлдсэн бол дөрвөн сараа дааж чадна. Харин тэр нь нэг тэрбум болтлоо багассан бол ихдээ л гурван сар болно доо” гэсэн юм.

Гадаад валютын урсгал ийм байгаа нь тус улсын төрд өрөө барагдуулж чадахгүйгээс эмээж байгаа хүмүүсийн санааг улам зовоож буй. Монголын Засгийн газар ирэх онд 664.8 сая, 2018 онд 653,27 сая, 2022 онд 1 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийнэ. Гадаадын олон хөрөнгө оруулагч хэдийнэ Монголоос хөрөнгөө татаад эхэлчихсэн.

Хонконгод төвтэй, хөрөнгийн үйлчилгээний “Quam Limited” группийн тэргүүн Бернард Поулиот 10 сая ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй сангийнхаа үйл ажиллагааг өнгөрсөн онд зогсоосноо ярьсан. Монголын эдийн засаг 2020 он хүртэл сэргэхгүй гэдэгт итгэлтэй байсан учраас ийм шийдвэр гаргасан аж. Поулиот “Монголын зах зээл дэндүү жижиг, улс төрөөс хэт хамааралтай тул тун эрсдэлтэй” гэлээ.

Монгол бол олон улсын чиг хандлагын тусгал

Монголд үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн олон улсад нийтлэг. Энэ нь Төв банкууд  тууштай бодлогогүйн илрэл хэмээн тус улсад одоо ч хөрөнгө оруулсаар байгаа “Taurus Wealth Advisors” зөвлөх байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Прэйсс ярилаа. “Олон жилийн турш хүмүүс хэт их мөнгийг дэндүү бага хүүтэйгээр зээлчихсэн. Гэхдээ ийм нөхцөл байдалд ч хүмүүс зээлээ эргүүлэн төлөх чадамжгүй байгаа нь гол асуудал болоод байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

Харин зарим судлаач бодлогын хүүг өсгөснөөр нөхцөл байдал сайжирна гэж бодохгүй байна. Тэдний нэг, “ING”-ийн ерөнхий захирал Тим Кондон “Тэдний гаргасан шийдвэр төгрөг, ам.долларын урсгалыг хангалттай дэмжиж чадахгүй. Арилжааны дарамтыг зогсооход бодлогын өөрчлөлт хэрэгтэй” хэмээлээ. “Natix”-ийн Нгуен ийм арга хэмжээ хүүгийн түвшин бага орнуудад үр дүнгээ өгдгийг онцолсон. Гэтэл Монголын бодлогын хүү сая өсгөхөөсөө ч өмнө олон улсын дунджаас давуу байсан билээ.

Дампууруулахад хэтэрхий үнэ цэнэтэй юү

Монгол Олон улсын валютын сангаас тусламж авч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Бодлогын хүүгээ өсгөсөн нь тус байгууллагын шаардлагаар хийсэн үйлдэл байж ч магад хэмээн зарим нь үзэж байгаа аж. “Хөтөлбөрт хамрагдах, эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Монгол ОУВС-гаас удаа дараа зээлж байсан учраас хэлэлцээр амжилттай болох магадлал өндөр. Харин хэлэлцээрт хүрч чадахгүй бол өрөө барагдуулах үйл явц гацаж магадгүй” хэмээн Тим Кондон ярилаа. Монгол сүүлд 2009 онд ОУВС-ийн бэйлаут хөтөлбөрт хамрагдаж, зээл тусламж авсан юм.

Гэхдээ Монгол Улсын стратегийн хувьд гаднын орнуудад, тэр дундаа Хятадын хувьд хэтэрхий ач холбогдолтой тул санхүүгийн хүнд байдалд нь орхичихгүй гэж олон шинжээч үзэж байна. “Монгол Хятадын хөрш учраас тэндээс нүүрс, зэс, алт импортлох нь Австрали ч юм уу, өөр нэг газраас тээвэрлэхээс амар. Логистикийн асуудлаа шийдэхэд л хангалттай” хэмээн Поулиот онцолсон. Тэгээд ч өнгөрсөн парламентын сонгуульд МАН олонх болсноор улс төрийн байдал өмнөхөөсөө тогтвортой болж байгаа бөгөөд “Хоорондоо маргалдалгүйгээр түргэн шийдвэр гаргах боломж бүрдсэн” хэмээв. Гэхдээ эдийн засгаа эргүүлэн хөл дээр нь босгоход тодорхой хугацаа шаардагдана гэлээ.

Үнийн сэргэлт

Авралын өөр нэг гарц нь түүхий эдийн үнийн сэргэлт байж магад.  Өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаа нь эхэлсэн Оюутолгойн далд уурхай уул уурхайн салбар сэргэхэд нөлөөлөх учиртай. Төсөл 5,3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй. “Энэ төслийн шимээр Монголын ДНБ хоёр дахин нэмэгдэх тооцоо бий. Оюутолгой дэлхийн алт, зэсний хамгийн том уурхай ч байж мэднэ шүү дээ” хэмээн Прэйсс ярилаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.07.03
Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл
2
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
3
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
21
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.