Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Сонгодог хөгжим тал нутгийн учрал

Гадны олон орон, хотоос зориод ирсэн монгол үзэгчдийн дийлэнх нь ардын хөгжмийн төрлийн тоглолт үзэж сонордохоос биш монголын сонгодгуудыг үзэх нь тун ховор завшаан агаад хүний оюуны сэтгэлгээнд сонгодог хөгжмийн нандин, агуу чанаруудын чухлыг мэдэрсэн нь илт.


Нийтлэлийн минь гарчиг надад тал нутаг дахь сонгодог урлаг байж уу, эсвэл мөнөөх соёлт нийгмээс сонгогдож үлдсэн жанр дахь монгол хүний өнцөг үү ямартай ч хөдөлгөөнийг илэрхийлж байх шиг санагддаг юм. Сонгодог, тал нутаг гэх үгс томъёоллын гаргалгааг цаг хугацааны хувьд аль нь ч эхэн эсвэл сүүл, газарзүйн хувьд манайх эсвэл танайх гэж хэлмээргүй байгаагийн минь учир хүмүүс бид нэг л хэлтэй, нэг л газар дэлхийтэй гэсэн философид итгэгчийн хувиар юм л даа. Нэг талаас өрнийн суурьшмал амьдралын хэв маяг, иргэншлийн хөгжил шинжлэх ухааны онолын олон зуун жилийн цаг хугацаанд соригдон үлдсэн сонгомол төрлийг бид сонгодог жанр гэдэг бол дөрвөн улирлаа даган нүүж явдаг дорно тал нутгийн бидний монголчууд, түүнтэй холбоотой тэс өөр ахуй, хөгжмийн өнгө аялга, дуурьсал, цаашлаад онолын хөгжлийг монголынх гэж нэрийддэг.

Сонгодог дэгийн төлөвшлийн эхлэл одоогоос гурваас дөрвөн зуун бол тэрхүү хөгжмийн дэгийг Монголд системтэйгээр боловсролд нэвтрүүлсэн нь зуу хүрэхгүй жил. Хөдөлгөөн хаанаас хаашаа чиглэсэн байна вэ? ЗХУлсын засаглал бидэнд дэлхийн нэгэн чухал “хэлийг” танилцуулсан гэж үзвэл өрнөөс дорно луу чиглээстэй байна. Чухамдаа тэрхүү шинэ хэлийг өнгөрсөн 80 жилийн хугацаанд хэр хэмжээнд эзэмшсэнээ сүүлийн жилүүдэд эргээд өрнөд, дэлхий дахинд үзүүлж шалгуулахыг хүсч буй билээ бид.

2017 оны 10-р сарын 20-нд Монголын сонгодог хөгжмийн залуу үеийн төлөөлөл болж Берлинийн Урлагийн Их Сургуулийн концертын танхимд “Classic meets steppe” тоглолтоо толилуулсан нь нэн тэмдэглүүштэй сонин үйл явдал болов. Урьд хожид манай сонгодог хөгжимчид, дуучид улсын хувийн зардал, урилга заллагаар өрнийн улс орнуудад тоглолтоо толилуулахдаа ихэнхдээ гадны агентлаг, байгууллагуудын тусламжтайгаар хүрдэг байсан бол энэ удаагийн Mongolian Step нэртэй ХБНГУ-ын Франкуртад төвтэй монгол агентлагийн санаачлагат ажлын нэг хэсэг болсон нь тэмдэглүүштэй гэсний минь хэрэг л дээ. Тоглолтод МУГЖ, Соёлын Элч дуурийн дуучин Э.Амартүвшин, МУКонсерваторийн багш төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУК-ийн багш морин хуурч А.Бат-Очир болон ХБНГУ-ын хийлч Лиза Вэрхайн нар монгол болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс толилуулав.

Монголын шинэлэг нүүр царайг харуулахыг зорьж, монгол хүнээ тэргүүнд тавьж буй агентлагийн үүсгэн байгуулагч, урлаг судлаач Ц.Гэрлээ “Залуучууд өнөөдөр гадаадад сураад нутаг буцахдаа өөрсдийн бий оршихуйгаа өөр нүдээр нээж харж байна. Тэр санаа нь өөрсдийн нь бүтээл дээр нь харагдаж байгаа юм. Төгөлдөр хуурч Одгэрэлийн Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд цомог нь энэ чиглэлийн анхны бүтээл. А.Бат-Очирын Токиогийн Урлагийн Их Сургуульд сурч, өвөг хуурын үнэ цэнийн өөрийн таамгийг улам баталгаажуулж, улам дэлгэрүүлэх хэрэгцээгээ харж ажил болгож буй бас л шинэлэг өнцөг. Тоглолтын зэрэгцээгээр Бат-Очир Хумболдын Их Сургуульд эрдэм шинжилгээний илтгэл тавьж, Берлин дэх Майдар монгол сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байгаа нь уг төслийн өөр нэг онцлог юм. Бид тоглолт хийгээд зогсох бус монголын урлаг, уран бүтээлээ ярьж таниулах нь чухал ажил гэж үзсэн. Тийм ч учраас тоглолт маань хөгжим судлаач, соёлын элч Профессор Бернхард Фульфийн тайлбартай явагдаж цаашлаад Мюнхен хотод энэ төслийн үргэлжлэл тоглолт Монгол Санаачлага нийгэмлэгтэй хамтран зохион байгуулагдаж байна” хэмээн тоглолтын агуулгын талаар үгүүллээ.

Тоглолт товолсон цагтаа болж, үзэгч зочдын ангаа цангаа тайлагдаж хэд хоногтоо л сэтгэл дэвтээж, сонор баясгах ая эгшиг дүүрэн буцацгаав. Хэн хүний ухаан сэтгэлийг хэрхэн эзэмдэх эсэх нь тухайн урлагийн бүтээлийн орц найрлагаас хамаардаг. Зүй нь Германд тоглож байгаагийн хувьд тэдний өөрсдийн нь хэл буюу сонгодог хөгжмөөр (Ф.Мендельсон- Фа мажорын хийлийн сонат, Ж.Верди, У.Жиордано нарын бүтээлүүд), нөгөөтээгүүр монгол сонгодог бүтээлүүдийн чадавх чансааг үзүүлэхэд монголын дуулаач, дан хөгжимд зориулсан ажлуудын (С.Гончигсумлаагийн Оргилуун гурвал, З.Хангал- морин хуурт зориулсан концерт, төгөлдөр хуурт зориулсан ардын дууны хувилбар аяз, Ж.Чулууны хийлд зориулсан ардын хоёр дууны найруулга, Б.Шаравын Сэрсэн тал, дуу) аль альныг үзүүлэхдээ орцын тунг нэн тааруулсан нэгэн төрлийн коктейл байсан юм. Өөрөөр хэлбэл Германы ч, монголын ч үзэгчдийн хэн хэнд нь зориулж кураторлосон хөгжмийн хөтөлбөр байв.

Амартүвшин “Гадны дуурийн театруудад тоглоход тэнд монгол үзэгч барагтаа бол байдаггүй, харин өнөөдөр монгол үзэгчид ирнэ гэхэд баярлахын сацуу сандарч байлаа” гэж ний нуугүй бидэнд үгүүлэв.

Гадны олон орон, хотоос зориод ирсэн монгол үзэгчдийн дийлэнх нь ардын хөгжмийн төрлийн тоглолт үзэж сонордохоос биш монголын сонгодгуудыг үзэх нь тун ховор завшаан агаад хүний оюуны сэтгэлгээнд сонгодог хөгжмийн нандин, агуу чанаруудын чухлыг мэдэрсэн нь илт. Хийлч Лиза Ж.Чулууны Ардын хоёр дууны найруулгыг хөгжимдөнө гэхэд нүдэнд ил биш ч гэсэн багахан итгэлтэй бус байж харагдсан бөгөөд даруй хөгжим эхлэхэд алга ташилтаар угтсан монголч үзэгчдийн сэтгэл хөдлөлийг мэл гайхаж баярласнаа тайзнаас бууж ирэнгүүтээ надад ярихад сайхан байлаа.

Гэрлээ үргэлжүүлэн “Анх ХБНГУ-д анхлан театр үзээд монголчуудад потенциал байгааг харьцуулж хараад гадныханд өөрсдийгөө үзүүлэх хүсэл мөрөөдөл өөрийн эрхгүй ундарсан. Амьдралын замаар Нью-Йорк, Парис хотуудаар амьдарч үзэж харах үзвэр тоглолтуудын хэрээр бидний давуу болон сул талууд юу болох, яавал монгол бүтээлүүд гадаадад орон зайгаа тууштайгаар бий болгож болохыг илүү ул суурьтай бодож эхэлсэн юм. Эргэн ХБНГУ-ын Франкфурт хотод суурьшмагц би бусдын адил өдрийн 8 цаг ажиллаж амьдарч болох байсан боловч тэр нь сэтгэлийн минь таашаал болохгүй гэдгийг мэдэж, өөрийн агентлагаа бий болгохоор зориг шулуудсан даа. Аливаа зүйлээс ашиг харах биш, амьдралд би буцааж өгөх тухай санаа үүнд шингээстэй” гэлээ.

Тоглолтын үеэр зураач Г.Наранцацралын ажлууд, торгон алчуурын цуглуулга, Blauge Sonne компанийн хамт олон Монголын Био чонон хармагийн танилцуулга худалдаа, зураач Ц.Ган-Эрдэнэ, Х.Сүрэн, Boitog, LaNoos ноолуурын брэнд, ZES, Monalun, Ovdog брэндүүдийн ажлаас дэлгэгдсэн нь тоглолт бүхэлдээ Монгол орны урлаг, соёлын сурталчилгаа болсон гэлтэй.

Төслийн үйл явцын талаар Гэрлээгээс асуувал “Эндэхийн хэвлэлд гардаг Монголын дүр төрхийн талаар клише гэмээр ойлголт нь одоо болтол биднийг хөгжөөгүй байгаа мэтээр дүрсэлдэг явдал.Гэхдээ Германууд романтик зөнгөөрөө биднийг тэгж төсөөлөхийг хүсдэг ч байж магадгүй. Үүнийг ажиглаад монголын шинэ дүр зураг танигдах ёстой юм байна гэж эрхгүй бодогдсон нь үйл хэрэг болж байгаа нь энэ төсөл л дөө. 2014 оны сүүлээр би Гоодаль сэтгүүлээс залуу оюунлаг хүмүүсийн бичиж байгааг үзсэн нь надад олон жилийн дараах шинэ нээлт болж сэтгэл өег байх болсон. Энэ үеэс эрэл хайгуул хийж, санаагаа боловсруултлаа цаг хугацаа шаардагдсан. Ингээд тоглолтын дараа Монгол руу аялъя гэж бодож байсан гадаад иргэдийн хүсэл нь шийдвэр болж байгааг харахад үнэхээрийн сайхан байлаа” хэмээсэн бол Хөгжмийн Их Сургуулийн концертын танхимыг яагаад сонгох болсон талаар“Германы томоохон хөгжмийн агентлагуудтай зэрэгцэн цоо шинээр үйл ажиллагаагаа явуулах нь өөрөө зоримог шийдвэр. Тэр дундаа сонгодог хөгжим бол хаалттай тойрог. Тиймээс эхлэхдээ би болгоомжтой, даруу, мөртлөө чансаатай байлгахыг хүссэн юм. Берлинийн урлагийн их сургууль хэд хэдэн концертын танхимтайгийн хамгийн том нь бидний хөгжимдсөн нь бөгөөд 20-р зууны дунд үед баригдсан цөөхөн сайн архитектур ажлын нэг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байр. Хоёрт, чансаа нь хоёр дахь нүдээр харагддаг юмс намайг их татаад байдаг юм. Танхимыг гаднаас нь харахад маш даруухан. Германы Дуурийн театр бол гайхалтай барилга. Тэгтэл тэндэхийн акустик нь манайхны тоглосон танхимын акустикийг гүйцдэггүй” хэмээлээ.

Урлагийн төсөл, түүний сан бүрдүүлэлт гэдэг ярвигтай ажил байдаг. Улаанбаатарт дэмжигч байгууллагууд цөөн тоогоор олддогийг бид мэднэ. ХБНГУ-д урлагийн дийлэнх төслүүд улсын төсвөөр санхүүжиж явагддаг.

“Нэгдүгээрт энэ төслийг би өөрөө санхүүжилт зохион байгуулалтаа гардаж хийе гэж зориг шулуудсан. Тэгж өөрөө юмыг туулж байж гэмээн дараагийн төслүүд дээр ивээн тэтгэгч байгууллагууд сонирхоно. Ингэж явахдаа анзаарсан зүйл бол арилжааны бус урлагийн урсгалууд ХБНГУ-д 100% улсын санхүүжилтаар явагдаж, тэр хэмжээгээрээ уран бүтээлчдэд бүтээлээ туурвих эрх чөлөө нь олгогддог. Тэгтэл АНУ-д дийлэнх тохиолдолд хандиваар явдаг. Түүний сул тал нь юу вэ гэвэл тухайн институц үзэгчдийнхээ хүсэл сонирхлыг дагаж хийдэг гэхэд хилсдэхгүй. Төслийн хүрээнд ХБНГУ-ын гадаад хэргийн яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг Гёте институтаас хоёр дахь удаагийн санхүүгийн дэмжлэг авч байна.”

Монголд хэрэглэгч, үзэгчид дуулианыг хэлбэр төдийгөөр нь дагаж хошуурах нь элбэг. Дуулиан хаана, тэнд масс очих дуртай. Харин Германд урлагийн зах зээл хэвлэл мэдээлэл дэх шүүмж нийтлэлүүдийг нарийн шинжилж дагадаг уламжлалтай нь ажиглагдав. “Үзэгчдийг тоглолтдоо татах нь миний хувьд амаргүй даваа байсан. Тоглолтын хөтөлбөрөөс харвал цэвэр сонгодгийн сонсогчид үүнийг сонирхох нь харьцангуй бага. Тиймээс world music жанрын сонсогчдыг цуглуулах, хоёрт шинэлэг зүйлсийг эрэлхийлэгчдийн анхаарлыг татъя гэж бодсон доо. Германы Сонгодог хөгжмийн радио, Берлиний соёлын радио, Berliner Taz өдөр тутмын сонин медиа хамтрагчаар ажиллаа. Урлагийн салбарт бүтээл нь өөрөө харагдах учиртай шүү дээ” хэмээн ярилаа.

Нийтлэлч З.Энхмөнх

Гэрэг Фэйшн сэтгүүлийн эрхлэгч

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
5 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
6 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.