Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас


Амьдралын минь туршид тодорхой тоонууд ихэд хөгшин санагдах үеүд байлаа. 16-тай байхад 27, 29-тэйд 42, 38 хүрэхэд 52 гэдэг нас ихэд хөгшин санагддаг байсан бол 65 хүрэхэд 65 нас л өөрөө их хөгшин санагддаг юм байна.

 

Жаран тав бол хөлөө ачаад цэцэрлэгт ургасан сарнайн үнэрийг таалангаа энэ их өртөг зардалтай газар харин ч нэг ажралгүйхэн өнгөрүүлсэн амьдралынхаа илч дулаанд гараа ээж суух нас юм. Энэ л сэтгэл татам шинэ-утопи маань өнхрөөд ойччих хүртлээ ажил-ажил-ажил гэсэн зарчмаар амьдрах ёстой болж буй бодит үнэнээр минь аажимдаа солигдох нь шиг байна. Гэвч жаран тав гэдэг “Одоо харьж дээ” гэж олон түмнээр хэчнээн хэлүүлэвч Акудактын морин тойруулгын уралдаанд болоо ч үгүй бас зургаад давхиж яваа хатингар хөгшин морь шиг амьдралын сунгаанд эрчээ алдаагүй хэвээр нас юм.  

Жаран таван нас миний хувьд хүчтэй цохиулах мэт гэнэтийн их цочрол, сэтгэл зүрхний минь хаа нэгтээ бугшсаар байсан аймшигт харанхуй руу нэвтрэн орох үүд хаалга байлаа. Аав минь 75 насандаа өөд болсон. Өвчний улмаас гэх үү дээ. Бөөрний диализаар олон жил шаналсны эцэст зүрхний шигдээсээр өнхрөөд өгсөн дөө. Харин ээж минь эцсийн амьсгалаа хураатлаа эрч хүч, цог золбоогоор дүүрэн амьдарсаар 84 хүрээд өөд болсон. Хэрэв хүний ДНХ үнэхээр нөлөөтэй бол надад ахиад 19 жил амьдрах хугацаа байна. Гэвч тэр 19 жил нь юусан ч билээ? Өчигдөрхөн л би 26 настай, Икар шиг чивчирсэн сайхан эр хувь заяаныхаа хөлчүү салхинд туугдан дүүлэн нисч явсансан биш бил үү? Эсвэл энэ бүхэн ердөө өнгөрдөг долоо хоногийн явдалсан бил үү?

Ай, цаг хугацаа! Зогсолтгүй урагшилсаар л!

Жаран таван насныхаа төрсөн өдрийн дараахан би гэрийнхээ дотор байрладаг ажлын өрөөгөө эмхэлж цэгцлэхээр шийдлээ. Чингээд ямар ч замбараагүй хурааж орхисон эд зүйлсээ онгичиж байгаад талийгч болсон хамаатан саднуудын маань нэлээд хэд нь нойрсож буй Бэт Дэвидийн оршуулгын газраас ирсэн нэгэн эмгэнэлийг олж үзлээ. 1999 оны арваннэгдүгээр сарын 27 гэсэн огноон дор оршуулгын газрын дэд дарга Уоррен Рөүзэн хэмээн гарын үсгээ зурсан тэр эмгэнэлийн бичгийн төгсгөлд дараагийн оршуулгын цэгийг эртнээс тогтчихвол дээр ухааны юм дурдаад “Марк Яковсон хэмээн миний нэрийг бичсэнээ 101-р хэсгийн 8-р булш” гэсэн байх нь тэр.

Эргэлзээгүй, ээжийн минь хийсэн ажил л даа. Их хямралын үеийн хүүхэд болохоор бүх юманд тийм нягт төлөвлөгөөтэй ханддаг хүн байж билээ.

Хөгшрөл. Өөрийгөө энэ хэв маягт цутгаж ойлгоно гэдэг надад ямагт хүнд санагддаг байв. Саяхныг хүртэл надад  залуугаараа үхэхгүй байх нь, баруун шанаандаа ийм том сорвитой болсон ч царай зүсээр тэгтлээ илт муудахгүй нь.., бас Вьетнам руу цэргийн дайчилгаанд ачигдчихсан бэмбэлзэж явах шаардлагагүй нь л хөгшрөлтийн хамгийн сайн талууд мэт санагддаг байлаа. Өсч том болох хэрээр хөгшрөл гээчийг танихад ямар ч асуудалгүй мэт санагдаж байв. Өмнөд эргийнхний амьдралд Леброн Жэймсийн гялалзсан авьяас, хар тамхины мөнгөний хэрэгцээ орж ирэхээс өмнө хөгшчүүл гэдэг үг надад хуучны зочид буудлуудын асар дор наран шарлагын хуванцар сандал тавиад ганхалзан сууж байдаг эв хавгүй гар хөл, цэхэр нүдтэй, арьсан дээр нь элэгний шүүрлээс үүдэлтэй бор толбонууд тодорсон хөөрхий улсыг л хэлдэг мэт санагддаг байлаа. 

Сэтгэлдээ аль хэдийнэ үхлийг олсон тэдгээр хөөрхийст эртэч шувуудын жиргээг олж сонсох гэж эгнэн суухаас илүү цэнгэл үлдээгүй бол яахсан ч билээ дээ? Ер нь ч тэгээд хөгшчүүл цөм л адилхан байдаг шүү дээ. Харин өөрөө тэднийхээ эгнээнд элсэх болмогц өдийг хүртэл дотроо нууцхан тээж ирсэн айдсаасаа л зууралдаж үлдэхээс өөр аргагүй болж билээ. Залуу байхад бидний хэдэн хиппичүүд тойрч суугаад Уолтер Эванс –Венцийн эрхлэн хэвлүүлсэн Төвдийн үхлийн судар болох “Сонсгоод”-ыг уншингаа Бардо буюу үхсэний дараагаас эргэн төрөх хүртэлх аян замынхаа дунд явж буй эгэл сүнснүүд болон цусаар ундаалагч хилэгнэсэн бурхад хоорондын тулалдааны тухай өгүүлдэг, Рожер Корманы киног шоолон элгээ хөштөл инээлддэгсэн. Хилэгнэсэн бурхад, босоо ороолонгуудын тухай элдэв түүх нь хүмүүсийн чадан ядан бодож олсон хоосон дүрслэл төдийхнөөс хэтрэхгүйг олж таних нь хэчнээн зугаатай байсан гэж санана.

Харин одоо, хоёр амьдралыг холбосон урт хонгилоор орох бус нэг амьдралынх нь төгсгөлийн ирмэг дээр ирж зогссон энэ үед өвчин зовиурын зэтгэр өмнөөс чинь ухалзаад уур савссан халуун амьсгалаараа улаан нүүр лүү чинь тургиж байх шиг санагдах вий. Грекүүдэд амьд үхэгсдийн ертөнцийг салгагч Харон байсан бол бидэнд “Үхэл ч таны санхүүгийн хариуцлагыг хүлээхгүй” гэсэн өршөөлгүй сануулгатай захидлууд л байна. Амьдралын эцсийн тоглоомд бас ч гэж уйдахгүй тулалдаад байх үй олон үе шат бий бололтой.

Элдэв хорт хавдраас өгсүүлээд алцхаймер тусах, тэр бүү хэл хэтэрхий урт насласны тань шан болгож байгалийн өөрөө илгээсэн “бэлгүүд” ч үүнд багтана. Ямартаа л бага байхад “Харь гаригийнхан” хамгийн аймаар кино байсан бол одоо Хайнекегийн “Хайр” хамгийн аймаар кино юм шиг санагддаг болох вэ дээ.

Гэвч хөгшрөл хэмээх энэхүү тойргийн гадна хүрээ рүү нэвтэрч, гүн рүү нь улам шигдэх тусмаа түүнээс айх айдас маань аажмаар сарнин сарнисаар өөдөөс минь гэрэл гэгээ тосч, хөгшрөлийн тухай бодохоороо л үхлийн тухай бодож эхэлдэг ужиг зан минь энэ насаа илүү хүндэтгэж, амьдралын хүрээгээ тэлэх боломж хэмээн харах шинэ үзлээр солигдож эхэлсэн шүү.

Ийм үзлийн маань үндэс “Хөгшрөлийн түүх” гэх номыг олж уншсанаас үүдэлтэй билээ. Уг номонд “Өлгийнөөс авс хүртэлх хүний амьдралын үе шатууд” нэртэй Сэргэн мандлын үеийн бүлэг зургийг багтаасан байлаа. Тэр зургуудаар бол амьдрал гэдэг өгссөөр оройд нь гараад ахин уруудах ёстой мөнхөд үргэлжлэх шат аж. Тэр шатаар аялагч нь хамгийн эхний гишгүүр дээр гарахдаа “Хурга шиг гэмгүй” насандаа байна. Гишгүүр бүр хоорондоо арван жилийн зайтай. “Бүргэд лугаа” 20 наснаас “Бух шиг” 30 руу дамжиж, дараа нь “Арслан лугаа” 40 рүү мацаад.., тавиас цааш бол шатны уруу бууж эхэлдэг.   

Харин одоо бууралтаж шингэрсэн үстэй /халцраад уначихаагүй нь их юм шүү/ баруун нүдэнд нь цагаа унасан, бөгтөр нуруу, далий мөртэй энэ хүн.., хөгширч элэгдсэн ч гэсэн.., долоодугаар вагонд суучихаад Блийкерийн гудамжны нэгэн кафед дуулахаар ирсэн Мадди Уотерсийг харахаар тосгон руу яаран яваа жаалхүү байсан үеийнх шигээ шинэ сэргэг, эрч хүчээр дүүрэн байна.

Өглөө бүр толинд харахдаа би “Энэ үс, энэ чих, энэ хөл гар бүгд нийлээд би хэвээрээ л үлдсэн байна шүү дээ” гэж өөртөө хэлдэг. Багын зурган дээрх тэр л би, ахлах сургуулийнхаа арын талбайн зүлгэн дээр тэрийн хэвтэх тэр л би, Франк Лукасыг ид шуугиулж байх үед Харлемийн гудамжаар такси барин давхиулж явсан тэр л би, хүүхдүүд минь намайг ааваа гэж таньсан үеийн тэр л би, өчигдөрхөн - дэлхий тэнхлэгээрээ ахиад нэг бүтэн эргэхийг тэсээд үлдэж чадсан тэр л би мөн шүү дээ. Харин эдүгээ миний тулж ирээд буй зүйл бол шатны сүүлчийн гишгүүрээс буугаад өгсүүр гишгүүр лүү ахин очихын тулд туулах багахан хоосон зай.., өөр юу ч биш.    

Хөгшрөлтийн тухай энэ үеийн зарим сийрэг толгойтнууд юу гэж ярьж байна гээч?:

А. Энэ бол хэтэрхий оройтсон, эсвэл засч залруулахаас нэгэнт өнгөрсөн гэж бодох харуусал

Б. Идэвхтэй амьдралаас таслагдах вий гэх айдас

В: Удахгүй үхэх, урт удаан амьдрах хоёрт ямар ялгаа байна хэмээн шуудрах үзэл

Үүнийг нөгөө талаар нь (a) Хөгшрөх нь залуу насны бүхий л бачуурал, бухимдлаас таныг чөлөөлнө, (б) хөгшрөл таньд энэ ертөнцтэй дотоодоороо ч, гадна талаараа ч илүү нягт холбогдох боломж олгоно, (в) хөгшрөл таныг тодорхой агшнуудыг ер тоохгүй орхиж чаддаг болох сэтгэлтэй болгоно хэмээн  тайлбарлаж ч болох мэт. “Би одоо 22-той. Үхлийн тухай санаа зовоод яах юм” гэх хүмүүсийн яриа муугүй сонсогддог нь мэдээж ч агшин зуур гялалзаж амьдраад залуугаараа үхэж, үзэсгэлэнт сайхан бие цогцос ардаа үлдээх Ахиллийн сонголтыг дагана гэх хүн миний уулзаж танилцсан үй олны дотор нэгээхэн ч таараагүй хэвээр л байна даа. 

Орчуулсан Б.Баясгалан 

Эх сурвалж: "New York" сэтгүүл 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
36
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.