Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Хичээлдээ суухгүйн тулд хүмүүсийн хэлж, хийж байсан 26 ХУРЦ үйлдэл

Багшаа... Харин... Нөгөө манай хэн өнгөрөөд...


Манай "UB LIFE-ийн Түүхүүд" булангийн шинэ нийтлэл танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид хүмүүсээс хичээлдээ суухгүйн тулд хийж байсан сонин содон үйлдэл, хэлж байсан хамгийн худлаа зүйлсийг асууж сонирхсон юм. Та ч бас өөрийн түүхийг бидэнтэй хуваалцаарай.

  • Ангиараа нийлж хуйвалдаад, нэг нь цагдаа болж багш руу залган, “Гэрт чинь хулгай орчихлоо” гэж хэлээд багшийг өөрийг нь хичээл таслуулж байсан.

Г.С (21 нас)

  • Манай хамаатны долоодугаар ангийн охин эмээгээ харж байна, бие нь маш хүнд байгаа гээд хичээлээсээ олон өдөр чөлөө авсан байсан. Багш нь санаа зовоод ээж рүү нь залгаж мэдсэн гэсэн. Тэр хүүхэд арай хэцүү болж байна, нээрээ.

М.С

  • Миний хамарнаас маш амархан цус гардаг. 10 жилдээ хамар луугаа өөрөө нууцаар цохиод, цус гаргаж байгаад л тэр хичээлээс чөлөөлөгддөг байсан даа.

Х.Т (20 нас)

  • Хичээлдээ долоо хоног яваагүй болохоор хөлөө хугалсан гэж хэлээд 14 хоног худлаа наадаг гипс зүүж сургуулиар явсан юм даа. Жинхэнээсээ хөлөө хугалсан юм шиг мэдрэмж төрсөн шүү. Тэгээд барагцаатай худлаа ярьдаг болсон.

Г.С

  • Төгсөх жилээ нэлээн тасалсан даа. Улаан цайм тасалж болохгүй болохоор хэцүү. Багш ангид орж ирээд ирцээ авчихдаг болохоор тэр дээр дөрөөлнө. Гадаа байгаа найзууддаа гадуур хувцас, цүнхээ үлдээгээд ангидаа ороод ирц дуудахад бүртгүүлчихнэ. Таван минутын дараа утас дуугараад, гарч утсаар ярих дүр үзүүлээд тэр чигээрээ явчихдаг байж билээ. Гол нь багш анзаардаггүй байсан.

Т.С

  • Манай ангийн залуу долоо хоног алга болж болж ирснээ, “Багш аа, эхнэр төрөөд” гэж үү.

O.

  • Манай найз миний нэрийг барьж, намайг үхүүлж байсан шүү дээ. Намайг бүр оршуулчхаад хоёр долоо хоногийн дараа гэртээ ирсэн байсан. Дараа жил нь сургууль дээрээ яваад очсон чинь жижүүр намайг үхсэн гэж бодоод ухаан алдахаа шахсан.

A.Б (26 нас)

  • Нэг найзтайгаа нийлж хичээлдээ суухгүй гээд багш дээр хоёулаа орж чөлөө авах болов. Яасан гэхээр нь, “Манай үеэл эгч өөд болчхож. Тэгээд хоёулаа явж байгаа юм. Бид хоёр ах дүү хоёрын хүүхэд” гэж хэлж байсан юм даа.

Г.Ж (22 нас)

  • Химийн хичээлийн багш маань хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх ёстой болдог байв. Харин би тэр цаг дээр дандаа хүүхдийг нь цэцэрлэг рүү хүргэж өгдөг байсан юм. Нэг удаа бүр буцаад ормоор санагддаггүй, байж байж байгаад орсон чинь багштай таардаг юм даа. "Чи яагаад эргэж анги орж ирсэнгүй вэ?" гэхээр нь айсандаа "Танай хүүхэд харин цэцэрлэгтээ явахгүй гээд зугтаж гүйгээд..." гээд хэлсэн чинь дараа нь хүүхдээ зодоод ёстой балай юм болсон.   

Э.Э (22 нас)

  • Яг хичээлээ тасалсан ганц өдөрт нь ийм асуулт ирэх юм даа. Ямартай ч олимпиадад оролцоно гэж хэлээд англи хэлний хичээлээ таслаад баасан гарагт шинэ киноны нээлтэд явдаг байсан.

Б.Э (19 нас)

 

  • Манай найз нэг өдөр хичээлээ таслаад ирээгүй юм. Дараа өдөр нь ирэхдээ үсээ хусчихсан байхаар нь бид хэд шоолоод юу болов, яав ийв гэтэл, “Мань чинь цонхоо угааж байгаад хоёр давхраас унаад, тэгээд арай гэж сэрээд наашаа ирж байгаад машинд шүргүүлээд... Тэгээд ирж чадаагүй” гэдэг юм. “Үсээ яачихсан юм” гэсэн чинь харин “Шинэ будаг байхаар нь үсээ будсан чинь уначихлаа” гэж байсан. Арай тэгж худлаа үлээж болохгүй биз дээ.

Э.Ц (26 нас)

  • Зургаадугаар ангид байхдаа 5 цагт хичээл тарчихсан байхад багш юм хийлгүүлээд тараахгүй байхаар нь, “Манай эмээ өнгөрчхөж” гэж хэлээд гэртээ харьж байсан. Манай эмээ уг нь намайг бүр төрөхөөс өмнө нас барсан л даа.

Т.С

  • Ер нь тасалдаггүй байсан шүү. Гэхдээ ганц удаа улирлын шалгалт тасалж байсан юм байна. Багштай уулзахдаа, “Мухар олгойн хагалгаанд ороод, 14 хоног эмнэлэгт хэвтсэн” гэж хэлж билээ.

Б.А (21 нас)

  • Өдөр нэг охинтой уулзах болсон чинь сорил авна гээд болдоггүй. Найрч найрч уулзах болсон болохоор боломжоо алдахыг хүссэнгүй. “Багш аа, зам дээр машинаа тавьчихсан байсан чинь ачиж байна гэнэ. Би очихгүй бол болохгүй нь ээ. Маргааш сорилоо өгчих үү” гэсэн чинь, “Миний хүү тэг тэг” гэсэн юм даa.

Б.З (21 нас)

  • Ангидаа бөөнөөрөө албаар хэрэлдээд, бүр зодолдоод багшийг уурлаад ангиас гарч явахаар нь нийлээд пс-дэж билээ.

И.Г (24 нас)

  • Нэгдүгээр курсдээ англи хэлний хичээлдээ суух нэлээн дургүй байсан юм. Нэг удаа найздаа намайг өвчтэй гээд хэлээрэй гэж захиад сургууль дээр сууж байв аа. Тарсных нь дараа найзтайгаа уулзаад “За яав, хэлэв үү” гэсэн чинь, “Багш чамайг юун өвчтэй, сая өргөтгөлд ангалзаад сууж л байна лээ гэсэн" гэдэг юм. Бас манай англи хэлний группд манай сургуулийн сагсны шигшээд тоглодог залуу байсан. Тэр үед сургуулиудын аварга болж байсан. Тэгээд би нэг өдөр бас англи хэлний хичээлдээ суугаагүй тэр тэмцээнийг үзсэн байхгүй юу. Тэгсэн маргааш нь багш тэр хүүхдийг “Яагаад таслаад байгаа юм” гэсэн чинь “Тэмцээнтэй байсан юмаа багш аа” л гэж байна. Багш тэгсэн, “Үнэн үү” гэхээр нь би хажуугаас нь “Тийм багш аа, би үзсэн” гэж хэлээд баригдаж билээ.

Д.М (20 нас)

  • Гадаад явлаа. Tолгой дээрх булдруугаа тэмтрүүлж байгаад “Би хавдартай болчихжээ”. Сургуулийн урд таксинд байж байгаад, мөргөлдөөд, гэрчийн мэдүүлэг өгч байна гэх мэтээр хэлж байсан юм байна.

М.Э (23 нас)

  • Манай 10 жилийн ангийн хүүхэд балын харандаа идэж нүүрээ улайлгаад, халуураад байна гэж хэлээд явж байсан.

Д.А (19 нас) 

  • Нээрээ нэг удаа багш намайг самбарт гарч тоо бод гээд нээх гэнэт за юу...  Тэгээд би самбарт гараад, тоогоо бодож чаддаггүй, зогсож зогсож байгаад,  “Багш аа, энэ хэдийн тоо гэж байна? Би харахгүй байна. Надад харагдахгүй байна” гээд уйлж байсан. Самбарын өмнө зогсож байж самбарт байгаа тоог харахгүй. Хичээлээ бол харин тасалж үзээгүй ээ. Харин ийм л юм болж байсан юм. Бас манай дүү нэг удаа хичээлдээ суухгүй гээд хөлөө гипсдээд очсон гэсэн. Лаг “кок” авчихсан, хөлөө хугалчихсан мөртлөө л хичээлдээ суух гээд хүрээд ирсэн байна гээд дараа нь багш нь магтаж өгсөн гэсэн. Найзуудаараа түшүүлчихсээн бас. Нөгөө найзууд нь ч гэсэн үнэмшилтэй жүжиглээд л. Тэр үед таслахгүй бол болохгүй үе байсан юм байна лээ. Яг ид болзооны үе байсан гэсэн.

З.

  • Манайх цахилгаан шатгүй л дээ. Гэхдээ би нэг удаа багшдаа цахилгаан шатанд гацаад ирж чадсангүй хэлж байсан. Гол нь багш маань манай гэрээр зочилж байсан ба манайх хоёрдугаар давхарт байдаг. “Аан тийм үү” гээд ёжтой царай гаргаад байхаар нь гэнэт, “Эээээ, би юу хэлчхэв дээ” л гэж бодсон.

Х.С (20 нас)

  • "Багш аа... Би хүнд өвчин тусчихсан. Надад хэдхэн сар амьдрах боломж байгаа гэж эмч хэлсэн" гээд хэсэг найзуудтайгаа амралтад явахын тулд төгсөх ангидаа худлаа бурж өгсөн юм. Багш бүр хүндээр хүлээж аваад, тэвэрч уйлаад. Нэг хэсэг ёстой л хүссэн үедээ ангиасаа гараад явдаг болсон байв. Дараа нь тэгсэн ээж рүү яриад, баригдаад, жинхэнээсээ нөгөө ертөнц рүү одох шахсан даа. Гэрэлцэцэг багшдаа хайртай шүү. Уучлаарай гэж энэ завшааныг ашиглаад хэлье ээ.

Л.Б (24 нас)

  • Би зургаа, долдугаар ангидаа юм уу даа байнга худлаа хэлж сүүлийн цагуудаа тасалдаг байлаа. Нэг удаа бүр худлаа ухаан алдаж байсан юм даа. Тэгээд л Тэнгис кино театр луу гүйгээд кино үздэг байсан. Миний кино урлагт дуртай болж, сонирхох болсон нь тэгж худлаа ухаан алдаж унадаг байсных юм шүү дээ.

О.А (21 нас)

  • Би хичээлдээ явахгүйн тулд шинэ жилээр идээгүй үлдээсэн нийслэл салатыг гурав хоносон байхад нь идэж хордлогод орж байсан. Аймаар байсан.

Х.Д (25 нас)

  • Америкт сурдаг байлаа. Тэнд хичээл таслах тухайд бол ёстой хэцүү. Бараг тэгэх боломжгүй. Тэгсэн гэрийнхэн хамт жаахан аялах болоод, намайг яаж ийгээд чөлөө ав гэдэг юм даа. Яая даа гэж бодоод байж байсан чинь ээж багштай чинь уулзчихсан шүү, явж болохоор болсон гээд ороод ирдэг юм. "Яаж зөвшөөрүүлсэн юм бэ" гэж асуусан чинь, "Чамайг муур аврах гэж хөлдсөн голын дээгүүр явж байгаад цөмөрч ороод, одоо хөлдүүс, ухаангүй байгаа гээд хэлчихсэн" гэдэг юм даа. Ээж яаж ингэж бодож олсон юм бүү мэд. Аялаад, сургуульдаа эргэж очсон чинь би ёстой од болсон.

З.А (27 нас)

  • Нэг удаа ангийнхаа хүүхдийн утас руу залгаад багштай яриул гэж байгаад, "Багш аа, би автобусанд явж байгаад ухаан алдаад, хүмүүс намайг унтаж байна гэж бодоод, би явсаар байгаад Баянхошууны эцэс дээр ирчихсэн байна" гэсэн чинь "Харь харь" гэж хэлж байсан юм байна.

Н.О

  • Манай багш ярьж байсан юм байна. Нэг эмэгтэй оюутан нь хоцроод орох гэсэн чинь багш уурлаад яагаад хоцорсныг нь асууж л дээ. Тэгсэн чинь нөгөө оюутан, "Багш аа, би харин өглөө сэрээд орон дээрээсээ нөхрөө давж босох гэсэн чинь нөхөр тэврээд, тэгээд л..." гэсэн гэнэ лээ. Багш "Хүндэтгэн үзэх шалтгаан байна" гэж хэлж байсан гэдэг.

О.А

Та бүхэн ч мөн энэ мэтчилэн өөрийн түүхийг сэтгэгдэл хэсэгт хуваалцах боломжтой шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
14 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.