Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Албажаагүй алтны наймаа ба төрийн байгууллагуудын бодит төрх


“Үнэндээ ченжүүд Монголбанктай адил үнээр алт авдаг юм. Тэгэхээр бидэнд орлогын ялгаа бараг гардаггүй” гэж Төв аймгийн Заамар сумын нутагт алтны бизнес эрхэлдэг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэв. Гэхдээ уурхайд ашиглаж буй том оврын тоног төхөөрөмжийн түрээс, лизинг нь орлогоо ил тод тайлагнахыг шаарддаг учраас Төв банкийг сонгодог тухай тэрбээр тайлбарлаж байна. Татвараа төлсний дараа л алтны компаниуд манайд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн тоног төхөөрөмжийн дилер компаниудад төлбөрөө шилжүүлдэг аж. Үе уламжилж буй “Алт” хөтөлбөр эсвэл “Урт нэртэй хуулийн” алтны салбарынханд эерэгээр туссан зарим өөрчлөлтийн талаар тэр дурдсангүй. Харин орлогоо ил тод тайлагнаж, Монголбанкинд алтаа тушаах үндсэн хөшүүрэг нь уул уурхайн том оврын тоног төхөөрөмжийн зардал аж.  

Төв банкинд алтаа тушааснаар бүрэн албаждаг алтны худалдааг “68 хувийн татвар” гэгч “алтан загасны эмгэн” ченжүүдийн гарт 2006 оноос хойш бүрэн оруулжээ. Шуналт "эмгэн" шангаа хүртэж, гэнэтийн ашгийн татварыг үгүй хийсэн ч ченжийн сүлжээ өдгөө ч амь бөхтэй оршсоор байна. Үүний нотолгоог холоос эрэх ч шаардлагагүй юм. Фэйсбүүкийн худалдааны группээр тархсан байгалийн алт өндөр үнээр худалдан авах тухай зарууд хамгийн энгийн бөгөөд эхний баримт болно.

Хамгийн гол нь, уул уурхайн эрчимтэй тэлэлтийн золиосонд байгаль орчин одоо ч асар их хохирол амссаар байгаа юм. Тэгтэл түүнтэй дүйцэх татвар хураамж, эдийн засгийг эрчимжүүлэх орлогыг Монгол Улс олж байна уу гэдэг нь анхаарал татаж байна. 

Албажаагүй буюу хууль бус алтны арилжаа 

Албажаагүй алтны арилжаанд ихэвчлэн хоёр тоглогч оролцдог. Энгийнээр албажаагүй гэж нэрлэж болох ч эрүүгийн хэллэгээр хууль бус наймаа юм. Энэхүү хууль бус арилжаанд нийлүүлэгч талаас бичил уурхайчид байраа эзэлнэ. Заримдаа борлуулалтын орлого нь гурван тэрбум төгрөгт дөхөж буй аж ахуйн нэгжүүд оролцдог бололтой. Харин нөгөө талаас ченжүүд Төв банктай ижил үнээр бичил уурхайчид болон аж ахуйн нэгжүүдийн олборлосон алтыг худалдан авдаг гэнэ. Эх сурвалж “Монголбанктай яг ижил үнээр алт худалдаж авчихаад яаж ашиг олдгийг ойлгодоггүй. Гэхдээ хууль бусаар хил давдаг байж магадгүй” гэв. 

Embed from Getty Images

Алтны хууль бус худалдааны сүлжээ хаашаа чиглэдгийг бат, ноттойгоор хэлэхэд бэрх. Гэхдээ зарим ченж цэнгээр(1 цэн - 3.75 грамм) тооцож алт худалдаж авдгаас Монголын баялаг хаашаа ачигддагийг гадарлахад тийм ч төвөгтэй биш байх. Лан, цэн, фун гэх мэт хэмжүүрүүд нь Хятадад хэрэглэгдэж байсан дэнсээр хэмжигддэг бөгөөд 1950-иад оноос өмнө олон улсын хэмжүүрийн системээс хасагдсан гэж үздэг юм байна.

Үүнээс гадна бөмбөрцгийн хамгийн их алтны хэрэглээтэй орон нь манай өмнөд хөрш юм. Дэлхийн алтны зөвлөлөөс танилцуулсан статистикээс харахад хятадууд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1843 тонн алтны эрэлт бий болгожээ. Гэхдээ шинжээчид БНХАУ-ын алтны эрэлт жилд 20-30 мянган тоннд хүрдэг гэж таамагладаг тухай www.seekingalpha.com цахим хуудаст тэмдэглээд, Хятад бол алтны бизнесийн гол тоглогч гэж бичсэн байна.
 
Хамгийн гол нь, 2006 - 2011 онд өсөж торнисон алтны нийлүүлэлтийн хууль бус сүлжээ нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог маш ихээр алдагдуулжээ. Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн судалгаанд “Алт далд худалдааны хэлбэрт орсноор бичил уурхайчдын тоо, бичил уурхайн алтны олборлолт, худалдаатай холбоотой мэдээлэл зөрүүтэй гарч, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо суларч, мэдээллийн нэгдсэн байдал алдагдсан байна” гэж тэмдэглэсэн байна.

Жишээ нь, Ашигт малтмалын газраас 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийт 12 тонн алт олборлосон гэж мэдээлсэн бол Төв банкинд тушаасан алтны хэмжээ 12.7 тоннд хүрсэн байдаг аж. Товчоор Монгол Улс жил бүр хэдий хэмжээтэй алт олборлож буйгаа тооцож чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр юун татвар хураамж, нэмэлт рояалти!

Татварын ерөнхий газарт асуултын тэмдэг тэгнэжээ

Байгаль орчныг хамгийн их сүйтгэдэг алтны олборлолтыг дэмжих сонголтыг төр засаг нэгэнт хийж, “Урт нэртэй хуулийн” зарим заалтыг хэдийнэ уландаа гишгэчихсэн учраас үүнтэй дүйцэх ашиг орлого, татвар хураамжаа ягштал авах ажил төрийн байгууллагуудыг хүлээж байна. Тэгтэл бодит байдал дээр нөхөн сэргээлт хийсэн, хийгээгүй, байгаль орчин сүйрч байна гэх улиг болсон маргааны дэргэдүүр Татварын ерөнхий газарт асуултын тэмдэг тэгнэжээ.  

Үнэндээ “Алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор шаргал металлын татвар хэний ч санаанд оромгүй бага хэмжээтэй болсон юм. 2006 онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн алтны 68 хувийн татвар 2014 оноос хойш ердөө 2.5 болсон байдаг. Монголбанкинд алт тушаах үеэр хувь хүн болон аж ахуйн нэгжээс АМНАТ-ын 2.5 хувийг суутгаж Төрийн санд шилжүүлдэг гэнэ.

Статистик сөхөж харвал, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монголбанкинд 18302 килограмм алтыг иргэд, аж ахуйн нэгж тушаажээ.  Харьцуулахад, өмнөх оны мөн үед 15084, 2010 онд  2117 килограмм алт тушааж байв. Товчоор, Төв банк татварын бааз суурийг төдий хэмжээгээр өргөтгөн өгч байна.  

Ялангуяа 3 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувиас 25 болж өсдөгтэй холбоотойгоор иргэдийн алт тушаалт эрс өсөж буйг Монголбанкнаас онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн сан хөмрөгт орох учиртай хувь хүний орлогын албан татвар огцом өсөх хүлээлттэй юм. Дашрамд, хувь хүний орлогоос тооцож буй дээрх татварыг суутгахад хасагдах зардал багатай гэдгийг эргэн сануулъя.

Тэгтэл бодит байдал дээр Монголбанкны алт худалдан авалт эрчимжихийн хэрээр шаргал металлаас олох татварын орлого буурч байгааг доорх графикаас харна уу.

 

 

 

Үүний шалтгааныг Н.Уранчимэг “Татварын байцаагчид жил бүр өмнөх оны орлогоо давуулан биелүүлэх үүрэг хүлээдэг юм билээ. Тиймээс алтны татварын орлогыг гэнэтхэн өсгөх сонирхолгүй байгаа юм” гэж тайлбарлав. Тэрбээр Швейцарийн хөгжлийн агентлагийн Эрдэс баялагийн нийлүүлэлтийн сүлжээний эксперт хүн юм. Өөрөөр хэлбэл, ажилтнуудаа дарамталдаг “гажиг тогтолцооноос” болж алтны салбараас гаргуулах татвар хураамжаа монголчууд авч чадахгүй байна. 

Үүнээс гадна албажаагүй алтны арилжааны гол тоглогч болох бичил уурхай эрхлэгчид Монгол Улсын өнцөг булан бүрээс Яармагийн гүүрийг зорихоос өөр аргагүйд хүрдэг цор ганц шалтгаан бий. Стандарт, хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар нь энд байрладаг бөгөөд алтны сорьцыг тогтоох эрх мэдэл бүхий цор ганц байгууллага юм. Хязгаар нутагт ч алт олборлож буй бичил уурхайчид байгаа энэ цагт хаа холоос Яармагийн гүүрийг зорьсноос ченжүүдэд зарчихсан нь хялбар санагдах нь мэдээж шүү дээ. Тиймээс ч хууль бус алтны наймаа амь бөхтэй оршсоор байна. Сорьцын хяналтын газрын мэргэжилтэн “Хөдөө орон нутагт салбараа нээх талаар ярилцаж байгаа. Эцсийн шийд хараахан гараагүй байна” гэж утсаар хэлсэн юм. 

Сонирхуулж хэлэхэд, “Алтны” гэх нэрээр олны танил болсон Ө.Ганзоригоор удирдуулсан “Голомт” банк алтны бизнест өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Сүүлийн үед бичил уурхайчид тус банкаар дамжуулж алт тушаах нь нэмэгджээ. Тус банк өөрийн гэсэн сорьцын касстай болсон бөгөөд Төв аймгийн Заамар суманд гэхэд л шинэ салбараа нээхээр ажиллаж байгаа гэсэн. 

Эцэст нь, уул уурхайн эрчимтэй тэлэлтээс шалтгаалж байгаль орчин одоо ч асар их хохирол хүлээсээр байна. Энэ тухай мэдээ, сурвалжилга сонин, радио, телевизээр бишгүй гарч байгааг уншигч Та үзсэн байх. Байгаль орчноо нэгэнт золигт гаргачихаад, түүнтэйгээ тэнцэхүйц ашиг орлого олж, эдийн засгаа эрчимжүүлж байна уу гэх асуулт хариултгүй хэвээр байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.