Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Тэд бидний тухай: Өрнөөс өрийн хоорондох амьдрал

Тал нутгийн монголчуудын шинэ зан үйл нь ӨР ТАВИХ СОЁЛ боллоо


"Financial Times" сонинд тал нутгийн монголчуудын шинэ зан үйл нь ӨР ТАВИХ СОЁЛ боллоо гэж дүгнэж. Дэлхий нийт монголчуудыг нэгэнтээ нүүдэлчин гэдгээр нь таних болсон. Гэтэл өдгөө соёлжсон, нийслэл хотдоо цугларсан монголчуудыг илтгэх хандлага нь өр тавих, зээл авах урлаг болж гэж тэд тайлбарлажээ. Төр засгийн хэмжээнд ч тэр, ард иргэд нь ч өрнөөс өрийн хооронд амьдарч байгаа тухай бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүнийн үнийн бүүм өндөрлөсний дараа монголчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахаа болив. Ингээд өрийн сүлжээ өргөжих болов. 

“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” Монгол ардын зүйр цэцэн үг

Улаанбаатарын махны бөөний хамгийн том худалдааны төвд эцэнхий хонины мах хаа сайгүй хөглөрнө. Энд лангуу түрээсэлдэг Гантүлхүүр Монгол даяар тархсан өрийн сүлжээний нэг хэсэг болжээ. Тооцооны жижигхэн “хар дэвтрээ” хүчтэй эргүүлнэ. Дэвтрийн хуудсууд хатуурч зузаартал нь нэр, утасны дугаарууд кирилл үсгээр шигүү бичжээ. Жижиглэнгийн наймаачдын зээлээр авсан тэмдэглэлээр түүний “хар дэвтэр” дүүрсэн харагдана. Жижиглэнгээр мах зардаг худалдаачдын хувьд хонины махыг бага багаар хүмүүст зардаг. Хонины мах нь Монголын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм. Жижиглэнгийн худалдаачид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр гэдэс дотор болон хонины бусад эд эрхтнийг ч зардаг байна. 

Эх сурвалж: Bloomberg

“Би урьд нь өдөртөө л бүх махаа зарчихдаг байсан. Гэтэл одоо борлогдохгүй байна” гэж Гантүлхүүр хэлэв. Тэр “Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан” гэж надад  тайлбарлалаа. 

Уул уурхайн түүхийн эдийн үнийн супер циклийн үед Монгол хөгжиж буй зах зээл дундаа хамгийн “дур булаам” нь байлаа. Гаднын уурхайчид Монголын хээр тал, Говь орчмоор ашигт малтмал хайж, ашиглаж, 2011 онд эдийн засгийн өсөлтийг нь 17 хувьд хүргэж байсан юм. Гэвч түүхий эдийн үнийн мөчлөг уналтад ороход өрнөөс өрийн хооронд амьдрах болж. Өмнөх өрөө дарж, дараагийнх нь өндөр хүүтэй зээлийг авснаас өрөөр өдөөгдсөн зардал нь ихсэж байгаа юм. Ингээд далайд гарцгүй Монгол Улс хамгийн их хямралтай орнуудын нэг болов. 

Хэдэн долоо хоногийн өмнө Монголын Засгийн газар суларч байгаа мөнгөн тэмдэгтээ аврахын тулд бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар өсгөснөө зарласан. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын тал хүсэлт гаргасан тохиолдолд зээл олгох бэлтгэл ажлаа хэдийнэ эхлүүлсэн байна. Тэд ирэх жил асар их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийх учраас дарамтанд орчихоод байгаа нь энэ юм. 

Нөхцөл байдал ийм байх зуур Хятадын зээлдүүлэгчид хөрөнгө оруулалтыг хөнгөлөх нөхцөл санал болгосон нь Барууны хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлээдхэв. 

Засгийн газар нь санхүүгийн хүндрэлээ даван туулахаар ажиллаж байгаа ч аж ахуйн нэгж болон хувь хүмүүс зээлийн хүүгийн мөлжлөгтэй тэмцэн амьдарч байна. 

Дэлхий нийт монголчуудыг нүүдэлчин хэв маягтай амьдардгийг мэднэ. Гэтэл өдгөө дийлэнх нь соёлжсон хотын иргэн болон өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр өртэй болж. 

Уул уурхайгаас урсаж орж ирсэн бэлэн мөнгө нь ажлын байр болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэмсэн. Гэхдээ 2014 онд л гэхэд нийгмийн халамжийн хөтөлбөрийг 24 хувиар бууруулсан байна. Энэ нь мөн үеэс дөрвөн жилийн өмнөхтэй (2010 он) харьцуулахад 39 хувиар буурсан дүн болохыг Дэлхийн банкны тайланд дурджээ. 

Угтаа хотод амьдарна гэдэг нь хүнсний зүйлээс эхлээд хүүхдийн хувцас хүртэл бүгдэд мөнгө төлнө гэсэн үг. Гэтэл бэлэн мөнгө хомсдож, ажлын байр хумигдсаар байдаг. 

Шинэчлэл хийх боломж

Өнгөрсөн намраас эхлээд зээлээр борлуулалт хийж эхэлсэн нь амьдралыг бага зэрэг төвөгтэй болгож байгаа гэж Гантүлхүүр хэлсэн. Гэхдээ тэр ингэж хэлснийхээ дараа хэсэг чимээгүй болоод “Би тантай ингэж ярьж байгаа нь зүгээр биз дээ. Монголыг хэтэрхий бараан талаас нь яриад байгаадаа санаа зовж байна” гэсэн юм. 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Монголын Засгийн газар төсвийг нэгтгэж, зардлаа бууруулсан. Монгол Улсын төсвийн алдагдал хуулийнхаа  дагуу бол ДНБ-ий 4 хувьтай тэнцэх ёстой. Тэгтэл алдагдал нь 18 хувьд хүрч байгаа гэнэ. Мөн Засгийн газрын зээл хуулийн дагуу ДНБ-ий 55 хувьтай тэнцэж байх учиртай ч бодит байдал дээр 78 хувь байгаа талаар Засгийн газар нь иргэддээ танилцуулжээ. 

Засгийн газрын мэдэгдлээс болж ам.долларын эрэлт ихсэж, төгрөгийн ханш эрчимтэй суларсан байна. Ингэснээр наймдугаар сарын хамгийн муу мөнгөн тэмдэгтээр төгрөг шалгарсан юм. Иймд бодлогын хүүг 15 нэгж хувь болгосон. Мөн нэг өдрийн дотор эргүүлэн татах гадаад валютын хэмжээнд хязгаар тогтоох болсон байна. 

Монголын нийт гадаад зээлийн хэмжээ 23.5 тэрбум ам.долларт хүрсэн нь 12 тэрбум ам.долларын эдийн засгаас нь хоёр дахин их гэсэн үг. Үүний 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр юм. “Нөхцөл байдал өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүр ч дордлоо. Гэхдээ энэ нь бидэнд эдийн засгийн шинэчлэл хийх боломж өгч байгаа” гэж УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэлжээ. Шинэчлэлийн үр дүнд Засгийн газар бүсээ чангалж, удахгүй түүхий эдийн үнэ эргээд сэргэнэ гэсэн хүлээлтийн дор шинэ уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. 
Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн хугацаа ирэх гуравдугаар сард эхэлнэ. Ирэх хоёр жилд Монгол Улс 1.7-1.8 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлт хийх хуваарьтай. Үүнд БНХАУ-ын Төв банктай байгуулсан юанийн своп хэлцэл мөн багтаж байна. 

Монголчууд албан ёсоор ОУВС-гаас тусламж гуйгаагүй. Гэхдээ энэ намар тэдэнтэй хамтарч ажиллах магадлалтай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон Улс 1 хувийн хүүтэй зээл тэдэнд санал болгож магадгүй. Бас Хятадын Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк шинэ төсөлд нь зориулж жилийн 2.5 хувийн хүүтэй зээл өгөх магадлалтай байгаа юм. 
 
Монголчууд 2009 онд ОУВС-тай хамтарч ажилласан. Зэс болон нүүрсний үнэ өндөр байхад ОУВС-д өгөх 232 сая ам.долларын эргэн төлөлтөө амжилттай хийж байв. Гэхдээ энэ удаад эдийн засгийн хүндрэлтэй байдал нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалж байна. 5.3 тэрбум ам.долларын “Оюутолгой” зэс болон алтны төслийн үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа 2021 онд эхлэх товтой. Гэхдээ Улаанбаатар энэхүү төслөөс 15 жилийн хугацаанд ногдол ашиг авахгүй. 

Өр тавих соёл

МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулахыг сонгуулийн өмнө хэн ч төсөөлөөгүй. Тус улсад сонгууль бүрийн өмнө улстөрчид байгалийн баялгийн хишгээс хуваалцах амлалт өгдөг жишиг тогтжээ. Сонгогчид үүнийх нь эсрэг байр суурьтай байгааг сонгуулийн дүн харуулсан. 

Монгол Улс олон улсын зах зээл дээрээс нэлээд олон бонд босгосон. Хамгийн сүүлд гаргасан бондынх нь хүү 10.5 хувьтай тэнцэж байгаа. “Өөр ямар ч орон Монгол шиг ийм өндөр хүүтэй зээл авахгүй” гэж гаднын нэгэн банкир надад хэлсэн юм. “Бусад оронд эрсдэл учирсан ч зах зээлээс ийм өндөр хүүтэй зээл авахгүй” гэж тэр тайлбарласан. 

Эх сурвалж: Bloomberg

Өр тавих нь угтаа Монголын амьдрал болж өөрчлөгдөж байна. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг дундаж давхаргын залуу хосууд авдаг. Энэ нь уул уурхайн бүүмийн үеэр эрчимжсэн барилгын салбарын үнийн хөөсрөлтийг тэтгэж байгаа юм. 
Бүх аймгаа засмалаар холбох замын төсөл нь гадаад, дотоодын аялагчдыг татаж байна. Өргөн уудам, байгалийн үзэсгэлэнт газруудыг машинтай л бол хотоос гараад үзэх боломжтой болсон. Англиар ярьдаг монголчуудын ажиллуулдаг жижиг аялал жуулчлалын агентлагийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. 

Барилгын салбарынхан Хятадаас бага хүүтэй зээл авах хэрэгтэй гэж ярьдаг. Ам.доллар болон юанийн эсрэг төгрөгийн ханш суларч байгаа нь зээлийн эргэн төлөлт хийхэд хэцүү болгодог гэнэ. Гэхдээ Хятад бол Монголын хамгийн том айдас. Евразийг 800 жилийн өмнө дайлан эзлэгч монголчууд улсынх нь газар нутгийг XX зууны эхэнд ЗХУ болон БНХАУ “хэмлэсэн” шиг аажмаар хуваахвий гэж айдаг. 

Монголд тал хээр, уул нурууд, Францын газар нутагтай дүйхүйц том цөл хүртэл бий. 1990 оноос хойш энэ оронд ардчилал ноёлжээ. Олонх нь гуравхан сая монгол Хятадын 1.3 тэрбум хүний эсрэг юу ч биш гэх далд айдастай амьдардаг. 

Төв банкнаас төгрөгөө хамгаалахын тулд  БНХАУ-ын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн байдаг. Хүү нь 6.5 хувьтай тэнцэж буй. Монголын улстөрчид хэлцлийн хугацаа 2017 онд дуусна гэж тооцож байна. Уул уурхай, аж үйлдвэр болон далангийн төсөлд гэрээний өөрчлөлт гарсан нь хятадуудын тэвчээрийг барж байна. 

Эх сурвалж: AFP

Монголын арилжааны банкууд Улаанбаатар хотод “Bank of China” орж ирэхийн эсрэг урьдчилан сэргийлсэн лобби хийж байгаа. Тус улсад Хятадын 7000 жижиг бизнес бий. Монголын арилжааны банкууд дунджаар 22-28 хувийн хүүтэй зээл олгодог. Харин хувиараа зээл олгодог хүмүүс жилийн 36 хувийн хүү санал болгож байна. 

Үүний эсрэг талд Хятадын банкуудын дундаж зээлийн хүү 5.6 хувьтай тэнцэж байгаа юм. Зээлийн эргэлт нь удааширсан банкуудын хүүгийн түвшин ихэвчлэн 10-20 хувь байдаг. 

Түрэмгийллийн айдас 

Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятадын бизнес эрхлэгчид БНХАУ-ын банкны бага хүүг түшин дахин санхүүжилт босгож магадгүй гэж Монголын банкууд айж байгаа.  Ингэвэл дотоодын арилжааны банкууд хивс төдий болж, Хятадтай холбогдох эдийн засгийн хамаарал өснө гэж үзэж байгаа юм. “Тэд монголчуудыг багалзуурдана шүү дээ” хэмээн нэг бизнесмэн дүнсгэр царайлан хэлээд “Хэдэн арваны дараа бид гадаад Монголын автономит улс болчих ч юм бил үү” хэмээв. 

Монголын мөнгө хүүлэгчид төгрөгийн ханшийг хэдийнэ унагачихсан. Олон хүн хилийн чанадаас бага хүүтэй мөнгө зээлж, жижиг бизнесмэн болон хувь хүмүүс зовлонд нэрвэгдэж явна. Улаанбаатарт байрлах ломбардууд зээлийн сурталчилгаагаа телевизээр цацаж, утсаар рекламаа хийж эхэлжээ. Зарим ломбард сурталчилгааныхаа доор “9 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээл өгнө” гэж бичсэн байх аж. 

Дэлгүүрт ажилладаг нэг бүсгүй үүнээс арай бага хүүтэй зээл авснаа ярьсан. Тэрбээр сарын 8 хувийн хүүтэй зээл авч байгаа гэнэ. Дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн урсгал тогтвортой байгаа ч худалдан авалт нь өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан гэж тэр хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар 2018 он хүртэлх тэтгэвэр болон цалингаа барьцаалаад олон хүн зээл авчихсан байгаа гээд “Энэ бол ээлжит том асуудал” гэжээ. Арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн хүү 18 хувьтай тэнцэж байгаа нь өр ширтэй ядуу хүмүүсийг бүр ч олон болгож байгаа юм. Гэр хорооллын айлуудад өр шир нь хурц асуудал болж эхэлсэн. Монголчуудын талаас илүү нь нийслэлдээ төвлөрч, гэр хороолол хотын захаар тэлж байгаа. Нурж унах шахаж байгаа гэр хорооллын хэсгийг цахилгаан болон усаар хангадаг. Нийгмийн халамжийн хөтөлбөрийн дагуу хүүхэд бүрт 9 орчим ам.доллартай тэнцэх тэтгэмж өгдөг. Олон гэр бүл тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж байна.  

Судалтай ногоон ханатай, сүлжмэл торон хөшигтэй бөглүү ресторанд үйлчлүүлэгчид нь өөрсдөдөө тохиолдож байгаа санхүүгийн хүндрэлээ ний нуугүй ярилцаж суув. Энэ ярианых нь цаана Хятад улсынх нь тусгаар тогтнолд заналхийлэх байх гэсэн мөнөөх л айдас цухуйна. 

Рестораны эзэн Эрдэнэбаяр “Өрнөөс өрийн хооронд амьдарч байна” гэж ярив. Тэрбээр түүхий эдийн үнийн уналтын мөчлөг эхлэх үеэр рестораны бизнест хөл тавьжээ.  

“Монголчууд бид өртэй ч гэсэн ажилласаар байна. Бид бусад орноос мөнгө зээлчихсэн шүү дээ” гэж тэр хэлэв. “Монгол хүний хувьд миний ч санаа бас зовж байгаа” гэж нэмлээ. 

Тал нутгийн нүүдэлчид орчин үеийн зан үйлтэй нүүр туллаа

Монголын нүүдэлчид эх орондоо тулгарч буй өрийн дарамтанд өөрсдөө ч дарлуулчихсан суугаа. Зээлэх буюу өр тавих нь Монголын тал нутагт шинэхэн зан үйл юм. 

Малчид хавар ноосоо зарж, намар махаа борлуулдаг. Борлуулалтын орлогоосоо өмнөх өрөө төлөөд дуусдаг гэнэ. Ингээд дахин зээл авдаг нь ихэвчлэн жилд 20 хувийн хүүтэй байдаг. Монголын экспортын голлох бүтээгдэхүүний нэг нь ноолуур. Нэгэн жуулчин ноолуурыг “Нүүдэлчдийн АТМ” гэж ёжилсон байдаг. Ямаа нь тэмээнээс ч илүү бэлчээр тахалдаг. Ямаанаас ноолуур авч, бэлэн мөнгө болгох сайн талтай ч ямаа бол бэлчээрт халгаатай амьтан юм. 

“Малчин бүр зээлтэй. Олон малтай байх тусам зээл ихтэй байдаг” гэж мотоцикл унадаг 20 настай малчин Батзориг хэллээ. Тэрбээр гурван сарын хугацаатай хоёр сая төгрөгийн зээлтэй гэнэ. Ээж нь түүнд мал тасалж өгсөнд их баярлаж явдаг гэсэн. Дүүд нь ч мөн мал тасалж өгчээ. Хэдэн жилийн өмнө түүний ээж үлдсэн 1000 малаасаа 400-г нь зараад хотод байр авсан гэнэ лээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.07.03
Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл
2
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
3
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
10
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.