Элэгний хатуурал болон хавдар нь монголчуудын үхлийн шалтгааны 15 хувийг эзэлдэг. Харин Засгийн газар нь одоо л сэхээ авч, хепатитын халдварын эсрэг ажиллаж байна.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хавдар судлалын үндэсний төв. Тус төвд жил бүр элэгний хавдар гэсэн оноштой 450 хүн ирдэг.
Пүрэвийн Данзан инээмсэглэл цацруулсаар өөрийн гэр бүлийн хамгийн бяцхан гишүүний зургийг iPhone утаснаас үзүүлэв. Гэр бүл нь түүнд их дэмжлэг үзүүлдэг гэнэ. Өдгөө 68 настай тэрбээр геологич мэргэжилтэй. Улаанбаатар хотод байрлах эмнэлэгийн энэ өрөөний хамгийн наргианч хүн нь тэр. Амьдралынхаа маш олон жилийг хамт өнгөрүүлсэн элэгний хепатитын халдварын талаар тайлбарлаж эхлэхдээ ааш нь хувирч орхидог. Энэ өвчин П.Данзангийн амьдралыг орвонгоор нь өөрчилж, санхүүгийн таагүй нөхцөлд аваачжээ.
П.Данзан хепатитын B болон C вирусын халдварыг 1990 оны эхээр авсан байна. Халдвараас болж түүний эрүүл мэнд, амьдралын орчин нөхцөл эрс муудсан гэнэ. Тэр БНСУ-д очиж эмчлүүлэхийн тулд өөрийн бизнесийг худалдсан боловч амжилтад хүрсэнгүй. “Шууд л мөнгөгүй болсон” гэж тэр хэлэв. Элэгний хепатитын халдварыг эмчлэх эмийг худалдан авч чадахгүйд хүрсэн гэнэ. Энэ үед өвчнөө ялан дийлэх итгэл найдвараа гээсээр байсан тухайгаа хэлэв. “Би үнэхээр их айсан” гээд “Миний аавын талын бүх хамаатан элэгний хавдар болон бусад өвчнөөр өөд болсон. Би тэдний нэг болохыг хүсэхгүй байна. Би өвчнөө эмчлүүлэхийг л хүсэж байна” гэв. Аз болоход тэрбээр “Оном” сангийн тухай сонсжээ. Уг төрийн бус байгууллага хепатит вирусын эмчилгээг санал болгосон байна. Өнөөдрийн байдлаар түүний С вирус эмчлэгдэж, В вирусын хэмжээ багассан гэнэ. Үр дүнд нь түүний элэгний үйл ажиллагаа сайжирч байгаа гэнэ. П.Данзан үнэхээр азтай байжээ.

Хавдар судлалын үндэсний төв энэ оноос эхэлж элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
ДЭМБ-ын хийсэн судалгаанаас харахад Монгол нь элэгний хавдраар өвчлөгчдийн тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд жагсаж байна. Монголчуудын нас баралтын шалтгааны 15 хувийг элэгний хавдар болон хатуурал эзэлж байна. Хепатитын халдвар хамгийн өргөн тархсан орон бол Монгол юм. Нийт гурван сая иргэний 400 мянга нь хепатитын халдвартай. Монголд хепатитын халдвар 1970-1980 онд эрчимтэй тархсан тухай ДЭМБ мэдээлдэг. Энэ үед эмнэлгийн хэрэгслийг дахин ашиглаж байснаас шалтгаалж халдвар өргөн тархжээ. Мөн шүдний болон мэс заслын багаж хэрэгслийн ариун цэврийг сайтар сахиагүй байна. Дашрамд хэлэхэд, тус улс хепатитын B болон D вирусын давхар буюу супер халдвараар халдварлагсдын тоогоор дэлхийд толгой цохьдог. “Оном” сангийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Наранбаатар “Дэлхийд өөр ямар ч оронд ийм асуудал байхгүй” гэв. Тус төрийн бус байгууллага нь П.Данзан шиг олон мянган хепатитын халдвартай хүний элгэнд эмчилгээ санал болгож байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газар саяхнаас л эрүүл мэндийн энэ хямралтай тэмцэж эхэлжээ. Засгийн газар 2020 он гэхэд хепатит С вирусын өвчлөлийг устгахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд хепатитын вирусыг дарахын тулд Монгол Улсын парламентаас 23.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэ жил энэ тоог 226 тэрбум төгрөг болгон өсгөх болсон юм. Дээр дурдсан санхүүжилтээр мөн хепатитын вирусыг илрүүлэх шинжилгээг 40-60 насныхны дунд хийхээр болсон юм. Ирэх 2018 оноос залуучуудыг ч шинжилгээнд хамруулах төлөвтэй байна. Энэхүү мөнгөн тусламж нь өвчтнүүдийн зардлыг бууруулж байна. Өвчтнүүд хепатитын В вирусын эмчилгээн л 3-13 ам.долларын төлбөр төлж байна. Харин С вирусын эмчилгээнд 65-215 ам.доллар төлдөг. Төсвөөс мөнгө олгоогүй бол эмчилгээний зардал хэдэн мянган ам.доллараар хэмжигдэж байв. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Ж.Нарантуяа “Монголд эмчилгээ хийгдэж байгаа газруудад хепатит вирусыг илрүүлэх шинжилгээг сайн хийж байгаа” гэв. “Гэхдээ бид нийгэм даяар энэ вирусын тархалтыг зогсооход илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд санхүүгийн болон бусад тусламж нэлээд шаардлагатай байна” гэсэн юм. Хавдар судлалын үндэсний төв нь Монголын өнцөг булан бүрээс эмчилгээ шаардсан өвчтөнийг хүлээж авдаг ачаалалтай эмнэлэг юм. Жилд дунджаар элэгний хавдартай 450 өвчтөн энд ирж эмчлүүлдэг. Энэ жилээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхлэхээр зэхэж байна. Тус төвийн дарга, доктор Ж.Чинбүрэн өнгөрсөн хоёр жилд 160 монгол хүн хилийн чанадыг зорьж элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон тухай хэлсэн юм. Тэрбээр олон хүн эх орондоо хагалгаанд ордог болно гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Засгийн газрын жагсаалтад одоогийн байдлаар 70 хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор нэрээ өгсөн байна. Гэхдээ элэгний хавдраар нас барагчдын тоог бууруулах хамгийн гол ажил нь өвчнийг эрт илрүүлэх явдал юм. Монголчуудын олонх нь өвчнөө эцсийн шатанд орсон байхад нь мэддэг аж. Ж.Чинбүрэн “Олон хүн хөдөө орон нутгаас эцсийн шатандаа орсныхоо дараа ирдэг. Бидний зүгээс хийх зүйл бага байдаг” гэв. Тэрбээр хөдөө орон нутагт байрлах эрүүл мэндийн төвүүд интернэтээр Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай холбогдох ажил удахгүй биеллээ олно гэдэгт итгэж буйгаа хэлсэн юм. Ингэснээр өвчтөнүүд эмчээс интернетээр зөвлөгөө авч чадах юм. “Бид асуудлаас хол байж, сайн системийг бэхжүүлэхээр ажиллаж байна” гэж тэр нэмж хэлэв. Мөн “Монголчууд элэгний хавдартай тэмцэж буйгаараа дэлхий нийтэд жишиг болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв. Жаргалсайханы Нямжав өдгөө 63 настай. Тэрбээр “Оном” сангийн дэмжигчдийн нэг. Тэр ч мөн элэгний С вирусын халдвар аваад 30 жил өнгөрчээ. Үр дүнд нь элэгний хатууралтай болсон байна. Мөн олон жилийн турш эмчилгээ хийлгүүлж байгаа хүн юм. Тэрбээр 40 жил техникийн инженерээр ажиллаж, 2013 онд тэтгэвэрт гарахдаа элэгний хавдартай болсон байж. Энэ олон жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст сайхан амьдарнадаа гэж боддог байсан гэнэ. “Ирээдүйгээ бодож төлөвлөсөн бүхэн зүгээр л зогсчихсон” гэж хэлэв. Гэхдээ бусад өвчтөнөөс ялгаатай нь түүний элэгний хавдарт мэс засал хийх боломжтой байжээ. Ингээд гурван жилийн өмнө хагалгаанд орж, эрүүлжсэн аж. Энэ бүх сорилтын дараа тэр өөрийгөө их азтай гэж бодож сууна. “Олон жилийн турш аймшигтай өвчнөөр шаналчхаад эцэст нь амьд гарч чадсан нь миний зол юм” гэсэн юм.
Эх сурвалж: www.theguardian.com