Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: Ганцаараа бөлдөггүй Хурц


Монголын парламент ингэтлээ мөхөв. Ганцхан хүний өмнө дагжин чичиртлээ уруудав. Тагнуулын ерөнхий газрын даргаас бусад нь ялтай улс оронд бид амьдарч байна. Тагнуулч Б.Хурцаас бусад нь базуулах бөлдөгтэйд бус, албан үүргээ амин хувийн ашиг сонирхлоор ашигладаг тагнуулчидтай байгаад хэргийн учир зангилагдаж байна.  

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.1.4-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн буюу тодорхой болсон мэдээ баримтыг хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх” гэж зааснаас үзвэл Б.Хурц өчигдөр уг хуулийг хууль тогтоох байгууллагын нүд чихэн дээр бардам шазууртайгаар, хөмхий зуусан хөх инээмсэглэлтэйгээр зөрчив.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн үйл явдал Монголын нийгмийг улстөрчид ба тагнуулчдын ёс зүйн тухай өргөн хэлэлцүүлэгт дуудаж орхив. Нэг хэсэг нь шударга тагнуулчийн амыг нь цангатал яриулж, бүх улстөрчдийн булхай луйврыг ханатлаа сонсохыг хүсэж байна. Нөгөө хэсэг нь чимээ аниргүй бушуухан шиг Сөүлд цөлөхийг илүүд үзэж байх шиг.   

Хэлэлцүүлгийн хойморт залрах эрхэм тагнуулч хоолойгоо шахан “Цааш нь ярих юм уу, яах юм, аль эсвэл больчих юм уу” хэмээн ёжлох зуурт гишүүдийн зүрхний цохилт хэнгэрэг шиг дэлдэв. Өөрийг нь хэн ч тагнаж чагнаж байгаагүй учраас ямар ч өө сэвгүй ажилласан түүнд ярья л гэвэл уул овоо шиг олон баримт бий. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн томчууд бүгд түүнээс айж байна. Үгүйдээ л жийрхэн зэнзийрхэж буй нь тэдний гаргаж буй үйлдлүүдээс илт. Олон нийтийн хувьд гэмгүй царайтай гэмт этгээдүүдээс төрөө цэвэрлэхийн ариун хүслээр Б.Хурцын дуулианд шаагилдан хандаж байгаа боловч мань тагнуулч ард түмний хүсэлд арай өөр өнгөөр хандах магадлалтай. Б.Хурц эцсийн бүлэгт хоёр хөлтэй, хохимой толгойтой хүн учраас уснаас хуурай гарах, амиа хичээх төрөлхийн зөн совингоо дагана. Тиймээс хэний баримтыг дэлгэж, хэнийхийг нь ходоодныхоо мухарт авч хоцрохоо өөрийнхөө ашиг сонирхлоор шийдэх нь ойлгомжтой харагдана.

Б.Хурц ийнхүү сүүлийн нэг сарын турш Монголын хамгийн хурц асуудал боллоо. Түүний мэдэгдлүүд төрийн түшээд, дээд албан тушаалтнуудын булхай луйврыг илчилсэн шинжтэйгээрээ шударга ёсыг илчилж байгаа мэт боловч тэр төрийн чекист шиг бус, албаны шугамаар олж авсан мэдээллийнхээ аль өөрт зориулан ашиглаж болох хагас хугасаар нь бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах арга барилыг эзэмшсэн этгээд шиг авирлаж байна. Бүхэл бүтэн тусгаар улсын тусгай албыг толгойлж явсан хүн хэзээ, хаана юу ярихаа мэдэхгүйдээ ийн аашлана уу, эсвэл маш сайн мэдээд, УИХ-ын гишүүдтэй хэрхэн харилцвал зохилтойд яг таацуулж байна уу?

Өөрөөсөө бусдыг бөлдөгдсөн Б.Хурц Монгол Улсын төрийн нэн хариуцлагатай этгээд, маш чухал мэдээллүүдийн зангилааг атгасан хүн гэдэг утгаар түүний амнаас унасан үг бүр үнэтэй. Тиймээс түүний мэдэгдэлд дурдсанчлан Монгол Улсын Батлан хамгаалахын экс сайдуудын нэг БНАСАУ-д зэвсэг наймаалцсан тухай мэдээлэл дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах албадын чихийг сортойлгож буй нь лавтай. Б.Хурц үүгээрээ эх орныхоо нэр хүнд, эрх ашгийг амны зоргоор хөндөж чадлаа. Тэр уг нь өөрт нь таагүй асуулт тавьсны нь шанг Лу.Болд гишүүнд тавтайхан шиг барих санаатай байсан ч мэргэжлийн алдаа гаргаж байна. Б.Хурц хэгжүүрхэхдээ л... гэж гадаад ертөнц ойлгохгүй бөгөөд Монголын улстөрчдөд зэвсгийн наймаа хийх боломж гарвал бэлэн гэдгийг мэдэж авцгаав. Бөлдөгдүүлдэггүй тагнуулч мөн үү.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
36
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.