Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

ТӨР хэзээ хүчирхийллийн хохирогчдоо хамгаалдаг болох вэ?

Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах хариуцлага цөөн тооны Төрийн бус байгууллага ба олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг дээр л тогтож байна.


Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах хариуцлага төрийн нуруун дээр бус өөрсдөө санхүүжилтээ босгож, өдөр хоногоо аргацаадаг Төрийн бус байгууллага ба олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг дээр л тогтож байна.

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Түргэн тусламжийн машинаас шархдсан өвчтнийг дамжлан буулгах хүмүүс, тэргэнцэр дээр суусан өвчтнүүд, бичиг цаас барьж яаран алхах олны дундуур зөрсөөр бид Нэг цэгийн үйлчилгээний төв рүү оров. Энэ өрөөний доторх жижиг өрөөнөөс гурван хүн нэг нас тогтсон эмэгтэйг дамжлан тэргэнцэр дээр суулгаад, нийгмийн ажилтанд “Эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж эмч хэллээ” гээд бидэнтэй зөрөөд гарав. Тэдний гарч ирсэн гурван ортой өрөөний ханан дээр “Frozen”, “My Little Pony” хүүхэлдэйн киноны баатруудыг өнгө ялган зуржээ. Өмнөх өдөр нь тус төвд таван хүн ирснээс тэр эмэгтэй Түр хамгаалах байранд нь байрлаж, бусад нь үйлчилгээ аваад явцгаасан байна. 

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгчдөд үйлчилгээ үзүүлдэг тус төвөөр 2017 он гарснаас хойш 840 орчим хүн үйлчлүүлсний 200 гаруй нь насанд хүрээгүй, ес нь эрэгтэй хохирогч байжээ. Нэг буландаа хууларч, элэгдсэн плитатай, эвдэрхий шүршүүртэй энэхүү гурван ортой өрөө найман жилийн өмнө огт өөр байжээ.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2009 оны 9 сарын 22-ны тушаалаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах журам батлагдаж байв. Тэр үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс арга зүй, техник, санхүүгийн тусламж авч, Улаанбаатарын хэмжээнд  Нэг цэгийн үйлчилгээний гурван төв байгуулсан байдаг. Тэдгээр Нэг цэгийн үйлчилгээний төвүүд одоо ч үйл ажиллагаа явуулсаар байгаа хэдий ч нөхцөл байдал анх байгуулагдсан үеийнхээсээ тэс өөр болжээ. Тухайн үед Нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээрх Түр хамгаалах байрууд олон өрөө, ортой, стандартын шаардлага хангасан, хохирогчийг хүчирхийлэгчээс хамгаалах зорилгоор нууцлалын өндөр зэрэгтэй, бүр нэг хаалгаар орж, өөр хаалгаар дамжин гардаг томоохон бүтэц, зохион байгуулалттай байж.

Харин одоо Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээний төвүүдээс үйл ажиллагаа нь тогтворжсон, 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг, эмнэлгээсээ санхүүжилт авдаг нь дээр дурдсан гуравхан ортой Түр хамгаалах байртай Нэг цэгийн үйлчилгээний төв юм. Нөгөө нэг нь ердөө ганцхан нийгмийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Харин гурав дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд тусгайлсан орон тоо байхгүй тул бүр Хүний нөөцийн ажилтан нь энэ ажлыг давхар гүйцэтгэдэг юм байна. Ийм нөхцөлд хохирогчдод үнэхээр “Нэг цэгийн” үйлчилгээ үзүүлж чадах эсэх нь маш том асуултын тэмдэг араасаа дагуулна. 

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгийн анхан шатны нэгж болох Нэг цэгийн үйлчилгээ бараг бүхэлдээ хандив, тусламж дээр тогтдог гэхэд хилсдэхгүй. Харин төр засаг маань хохирогчдоо хамгаалах ажлаа хийхгүй, олон улсын байгууллагуудын дэмжлэг, аж ахуйн нэгжүүдээс хандивладаг хоол хүнсний зүйлс, бусдын хуучин хувцсуудаар л өдөр хоногоо аргацааж яваа хохирогчдыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байгууллага, үйлчилгээнүүдэд төмөр нүүрээ харуулсаар л байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь олон салбарын хамтын ажиллагааг шаарддаг. Эрүүл мэнд, хууль эрх зүй, цагдаа, нийгмийн салбарын хамтын ажиллагаа, үйлчилгээг уялдуулан хүчирхийллийн хохирогчдод нэгдсэн, зохицуулалттай байдлаар хүргэх гол төв нь Нэг цэгийн үйлчилгээний төвүүд юм. НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ гэдэг нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчид ба хүүхдүүдэд эмнэлгийн, хууль эрх зүйн, сэтгэл зүйн гээд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос үр дүнтэй, цогцоор үзүүлэхийг хэлдэг. Нэг цэгийн үйлчилгээний төв дээр ирэх үед ниймгийн ажилтан, сэтгэл зүйч нар юуны өмнө хохирогчдод эрсдлийн үнэлгээ хийж, ямар төрлийн үйлчилгээнүүд шаардлагатайг илрүүлэн, эмнэлэг, шүүх цагдаа, сум хороодын хамтарсан баг зэрэг шаардлагатай байгууллага, хүмүүс рүү нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай, эсвэл ойрын танил, садан байхгүй хүмүүсийг түр хамгаалан байрлуулах өрөөнд 24-72 цагийн турш байрлуулдаг байна.

Хэдийгээр ГБХТ тухай хуульд НЦҮТ-нь 24 цаг хүртэлх үйлчилгээ үзүүлнэ гэж заасан ч шаардлагатай тохиолдолд, түүнээс ч илүү хугацаагаар байрлуулж болох бөгөөд үйлчлүүлэгчид шаардлагатай бүхий л төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг тухайн үйлчлүүлэгч эргэж хэвийн амьдралдаа орох хүртэл нь үзүүлэх боломжтой. Түүний дараа тухайн үйлчлүүлэгчийн оршин суугаа газар нутгийн хамтарсан багт хүлээлгэн өгч, эргэх холбоотойгоор шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. “Хохирогч бие, сэтгэлийн маш их хохирол, дарамтад орсон үедээ шүүх, цагдаа, эмнэлэг гээд маш олон байгууллагын хаалгыг татах шаардлагатай болдог. Олон газраар явж, араас нь хөөцөлдөж байх явцдаа шантарч, хүчирхийлэгчийн эсрэг зарга үүсгэж, шүүх цагдаад мэдэгдэлгүй орхих тохиолдол цөөнгүй байсан. Нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тэр бүх үйлчилгээг цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн” хэмээн Нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан Ч.Дээдэнцэцэг ярьсан юм. Иймд Нэг цэгийн үйлчилгээ нь хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгийн анхан шатны нэгж байх ёстой. Гэвч манайд санхүүжилт хангалтгүй, боловсон хүчний боломж, чадамж дутмаг, эмнэлэг, шүүх, цагдаа, нийгмийн халамж, боловсролын байгууллагуудын  хамтын ажиллагаа, дэмжлэг яах аргагүй үгүйлэгдэж байна.

ХАМТАРСАН БАГ

Энэ оны 2 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг”-ийн үүрэг, чиглэлийг тун тодорхой зааж оруулсан байдаг. Энэхүү хамтарсан багийн бүрэлдэхүүнд хүчирхийлэлд өртсөн иргэнд шаардлагатай бүхий л үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны нийгмийн ажилчид, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, өрхийн эмнэлгийн эмч, ажилчид, олон нийтийн байцаагч зэрэг албан тушаалтнууд багтдаг.

Хамтарсан багийнхан хүчирхийллийн хохирогчдоо хамгаалж чадаж байна уу гэх асуултын хариуд бас маш олон асуудал урган гарч ирнэ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бие мах бодь болон сэтгэл зүйн эрүүл мэнд, хууль эрх зүй гээд маш олон салбарыг хамарсан асуудал байдаг учир хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл гарахаас өмнө урьдчилан сэргийлэх ажилд хамтарсан баг маш чухал үүрэгтэй. Гэвч тэдгээр байгууллагын хоорондын уялдаа холбоо муу, мэдээлэл дутмаг байдгаас болж хүчирхийллийг таслан зогсоох ажлыг үр дүнтэй хийж чадахгүй байна. “Сүхбаатар дүүргийн байцаагч нарт Нэг цэгийн үйлчилгээний тухай сургалт ороход ийм үйлчилгээ байдаг тухай мэддэг байцаагч маш цөөхөн байсан. Хүчирхийлэл гарсан гэх дуудлага аваад хэргийн газар очсон байцаагч хохирогчийг Нэг цэгийн үйлчилгээ рүү хүргэж өгөх ёстой гэдгээ мэдэхгүй, шууд хүчирхийлэгчийг л аваад явдаг тохиолдол их. Юуны өмнө хамтарсан багийнхны хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна” хэмээн өөр нэг Нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан Д.Базарсад ярив. Тэрбээр тус Нэг цэгийн үйлчилгээний төвийн цорын ганц нийгмийн ажилтан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэд ирэх үед ганцааранг нь орхиод явж чадалгүй, ажлын байран дээрээ хэд хонож байсан тухайгаа ярьсан юм.

Нэг цэгийн үйлчилгээний төвийнхөн хохирогчийг хороо, дүүргийн нийгмийн ажилтан ба хамтарсан багийнханд нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Харин хамтарсан багийнхан хохирогч дахин хүчирхийлэлд өртөх эрсдэл байгаа эсэхийг шалган, анхаарал хандуулж, шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлэх ёстой хүмүүс. Гэвч хороо, дүүрэгт ажилладаг яг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид хуруу дарам цөөн байдаг нь гашуун үнэн. Хэн нэг танилаараа дамжуулж ажилд орсон механикч, бизнесийн удирдлага, орчуулагч, бүр уул уурхайн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс хүчирхийлэлд өртсөн хохирогчдод мэргэжлийн тусламж үзүүлж чадна гэдэг юу л бол. Мэргэжлийн тусламж тэр бүү хэл сар, улирал бүрт гаргадаг тайлан, тооцооны цааснуудынхаа араас арай гэж толгой өндийлгөдөг ниймгийн ажилтнууд ч цөөнгүй байдаг нь нууц биш. “Дүүрэг, хороодоор явж байхдаа сониучирхаад нийгмийн ажилтнуудынх нь үндсэн мэргэжил юу болохыг дандаа асуудаг юм. Ёстой төсөөлж ч байгаагүй янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ниймгийн ажилтны орон тоон дээр ажилладаг юм билээ” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байрны Сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах ярив.

 

ХЭҮТ-ийн Хамгаалах байраар үйлчлүүлсэн нийт иргэн

Угтаа бол шинээр батлагдсан хууль дээр хохирогчдыг хэрхэн хамгаалах, ямар үйлчилгээ үзүүлэхийг маш тодорхой заасан ч тэр бүхэн нь бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа тохиолдол цөөн байгаа нь тун харамсалтай. Харин одоо хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг нэгэн чухал газрыг тойрсон асуудлуудыг аваад үзье.

ТҮР ХАМГААЛАХ БАЙР

Нэг цэгийн үйлчилгээний төвөөс ялгаатай нь Түр хамгаалах байр нь  хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үүргийг хүлээдэг ч манай орны хувьд түр хамгаалах байр нь хохирогчдыг шаардлагатай хугацаагаар байрлуулж, тэр хугацаанд тайвшруулах, чадавхжуулах, ажлын байртай болгох гэх зэрэг нийгэм болон эрүүл мэндийн үйлчилгээг  үзүүлдэг. Улаанбаатарын хэмжээнд 2014 онд ашиглалтад орсон Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа Түр хамгаалах байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн 108” төвийн дэргэдэх Түр хамгаалах байр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байр гэсэн үндсэн гурван томоохон Түр хамгаалах байр бий.

Харин дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүдэд Түр хамгаалах байр бараг л байхгүй гэж хэлэхэд болно. Дүүргүүд рүү утас цохиж, Хамгаалах байр байгаа эсэх тухай тодруулахад Налайх дүүрэгт Түр хамгаалах нэг өрөө, Хан-Уул дүүрэгт  Түр хамгаалах нэг байр, Багануур дүүрэгт  Түр хамгаалах нэг байр байдаг ч одоогоор ажиллахгүй байгаа, харин бусад дүүрэгт нэг ч Түр хамгаалах байр байхгүй гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд дээр дурдсан гурван Түр хамгаалах байранд л хүчирхийлэлд өртсөн хохирогчид байрладаг байх нь.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хүчирхийллийн хохирогчдод урт хугацааны үйлчилгээ үзүүлж, хамгаалах байранд байрлуулах хүндхэн үүргийг 20 орчим жил дан ганцаар нуруун дээрээ үүрсэн. Тус байгууллага 1995 онд байгуулагдахдаа дөрвөн ортой Түр хамгаалах байрыг дэргэдээ байгуулж байжээ. Тухайн жилдээ 29 хохирогч, үйлчлүүлэгчийг хүлээн авч байсан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байранд жил ирэх тусам үйлчлүүлэгчид нэмэгдсээр ирснийг та доорх графикаас харж болно. 2014 оноос л төр, засаг Түр хамгаалах байрыг байгуулах санаачилга гарган Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд Түр хамгаалах байр байгуулсан байдаг.

 
 

“Үндэсний” гэх тодотголтой ч үнэн хэрэгтээ Төрөөс бараг санхүүжилт авдаггүй Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын Түр хамгаалах байр одоогийн байдлаар 18 ортой, нэг дор 18-25 хүн байрлуулж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Улирал, цаг агаарын байдлаас хамаараад Түр хамгаалах байраар үйлчлүүлэгчдийн тоо хэлбэлздэг ч ор хүрэлцэхгүй, нэг дор маш олон хохирогч, хүүхдүүдтэйгээ хамт ирэх тохиолдол цөөнгүй байдаг тухай З.Ундрах ярьсан юм. 

Тус байгууллага өдийг хүртэл төсөл, хөтөлбөрүүд бичиж, хөрөнгө босгох үйл ажиллагаа зохиож олсон мөнгөөрөө л Түр хамгаалах байраа санхүүжүүлсээр ирсэн байна. 2010-2014 оны хооронд Нийгмийн хамгааллын яамнаас Түр хамгаалах байранд бага хэмжээний санхүүжилт олгож байсан ч Төр мөнгөгүй болсон гэх шалтгаанаар санхүүжилт олгохоо зогсоосон байна. “Ямар ч ядуу, буурай оронд хүчирхийллийн хохирогчдоо хамгаалах мөнгө гэж байх ёстой биз дээ. Манайд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ирсэн гадны байгууллагын хүмүүс Монголын төр мөнгөгүй гээд хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний санхүүжилтээ зогсоосон гэхэд бүр гайхаж орхидог. Уг нь бид чинь төр засгаараа хамгаалуулах бүрэн эрхтэй шүү дээ. Үүргээ биелүүлэхгүй байгаа төрөөс бид эргээд үйлчилгээ, тусламжаа шаардах ч эрхтэй” хэмээн З.Ундрах ярив.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байранд ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардал, утас, интернэт, хоол хүнс, дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл, эм тариа гээд л ёстой хүний хэрэглээний бүхий л зүйл шаардагддаг. Хүчирхийллээс амь тэмцэн зугатаж, гэрээсээ гарч ирсэн хүмүүст солих дотуур хувцас, бичиг баримтаа ч авах сөхөө олдохгүй нь мэдээж. Тэр бүгдийг Түр хамгаалах байр хохирогчдоос нэг ч төгрөг авалгүй хангаж, үйлчилгээ үзүүлдэг юм. Дээр дурдсан бүх зардлыг тооцоод үзвэл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байранд сард дунджаар 2,700,000 гаруй төгрөгийн зардал гардаг аж. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо” гэх Хоёрдугаар бүлэгт Монголын Улсын их хурал, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргүүдийг заасан байдаг. Тодруулбал, Монгол Улсын их хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлах, улсын төсөвт тусгах арга хэмжээ авах тухай тодорхой заасан байдаг. Үүнд Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр хамгаалах байруудын зардлыг улсын төсвөөс гаргах, 24 цагийн турш нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тухай заалтууд ч тодорхой бий. Гэтэл яг одоо энэ бүх зүйл заалт утга төгөлдөр хэрэгжиж чадахгүй байгааг дээр дурдсан жишээнүүдээс харж болохоор байна.

Энэ нийтлэлээр хөндсөн Нэг цэгийн үйлчилгээ, Хамтарсан баг, Түр хамгаалах байр бол хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх шаардлагатай үйлчилгээнүүдийн ердөө нэг хэсэг нь. Цаашлаад хүчирхийлэлд өртсөн иргэдэд үзүүлэх хууль, эрх зүйн үйлчилгээ, эмнэлэг, цагдаагийн асуудлыг сөхөөд үзвэл эцэс төгсгөлгүй олон асуудал ар араасаа урган гарч ирэх нь тодорхой. Манай оронд 2004 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж, энэ хуулийн шинэчилсэн найруулгыг араасаа асар олон хэл ам дагуулан байж баталсны дүнд 2017 оны 2 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хүчирхийллийн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлж, нөгөө талаас хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл, орчин дөнгөж одоо л манайд бүрэлдэн тогтож байна. Гэхдээ энэ бүхэнд мэдээж Төрийн дэмжлэг, оролцоо юу юунаас илүү чухал. Эцэст нь эрх баригчдаас нэг л асуулт асууя. Төр хэзээ хүчирхийлэгчдийн хохирогчдоо хамгаалдаг болох вэ?


Гэрэл зургуудыг: Б.Инжинааш

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
7
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.