Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Михаил Зайцев: "Нэг улсад ийм олон архичин байхыг Монголд л харлаа”

Монгол тоглогчид жоохон мөргөлдөхөд л унаад, орилоод эхлэнэ. Тэгээд эмч ирэхээр “амилаад” зүв зүгээр гүйгээд явчихна.


ОХУ-ын хөлбөмбөгч Михаил Зайцев Эрдэнэтийн “Хангарьд” багт тоглож байсан билээ. Тэрбээр euro-football.ru сайтад ярилцлага өгч, Монголд учирсан адал явдал, Монголын АШТ-ий талаар ярьсан байна.

- Михаил, та яагаад Монголд хөлбөмбөг тоглох болов?
- Миний агент Вячеслав Мартынов санал тавьсан. Латвийн “Лиепая” багтай байгуулсан гэрээ дууссан байсан болохоор би зөвшөөрсөн юм.
- Монголын АШТ-ээс таны гайхлыг хамгийн их төрүүлсэн зүйл юу вэ?
- Нэгдүгээрт, манай “Хангарьд” болон “Эрчим”-ээс бусад бүх баг тоглолтоо Улаанбаатарын төв стадионд хийдэг. Хэн нь зочин, хэн нь дошин дээрээ тоглож байгаа нь ялгаагүй, зарлал дээр л сольдог. Хоёрдугаарт, бүх талбай нь хиймэл зүлэгтэй. Гуравдугаарт, тоглолтын өмнө болон дараа тамирчид эгнэн зогсож, гар барьдаг. Хоккей, волейбол шиг. Монголын хөлбөмбөгийн түвшин манай хоёрдугаар дивизион хавьцаа юмуу даа. Монгол тоглогчид ч гайхал төрүүлсэн. Жоохон мөргөлдөхөд л унаад, орилоод эхлэнэ. Тэгээд эмч ирэхээр “амилаад” зүв зүгээр гүйгээд явчихна.
- Монголд хатуу ширүүн тоглодоггүй юм байна даа. Тэнд биеийн хүчний бэлтгэлд анхаарал хандуулдаггүй юм болов уу?
- Тийм шүү, биеийн хүчний бэлтгэл бараг хийхгүй, бөмбөгтэй л харьцаад байдаг. Хөлөө хайрлаад мөргөлдөж, тэмцдэггүй.

- "Хангарьд" багаа танилцуулбал.
- Монголын хамгийн эртний багуудын нэг. Улаанбаатарт байдаггүй цорын ганц баг. Хэд хэдэн удаа улсын аварга болж байсан. Энэ жил тавдугаар байрт шалгарсан. Уг нь эхний гуравт л яваад байсан юм. Завсарлахын өмнө 2-р байрт байсан болохоор шинэ тоглогч авах байх гэж бодож байлаа. Манай баг Нигерийн Поль Эбука гээд ганцхан довтлогчтой.  Монголд долоон жил тоглож байгаа. Түүнийг торгуулах, гэмтэл авахад л манай баг ямар ч довтлогчгүй болчихдог байлаа. Би Питерийн довтлогч Лаша Оманидзег авчрахаар тохиролцсон байсан ч багийн дасгалжуулагч яг ирэхээс нь өмнө гэнэт гэрээгээ өөрчилсөн тул Лаша татгалзсан. Хоёрдугаар тойрогт бид нэг ч довтлогчгүй орж, дасгалжуулагч маань ч мангартаад эхэлсэн.
- Юу гэсэн үг вэ?
- Бараг бэлтгэл хийгээгүй. Шигшээ багийн тоглолтын үеэр тэмцээн түр завсарласан. Дасгалжуулагч эхний долоо хоног бүгдийг нь тараагаад хоёр дахь долоо хоногт нь бөмбөгөө нэг захаас нөгөө зах хүртэл туух, хаалга руу цохих гэсэн хоёр л дасгал хийлгэсэн. Кросс ч гүйгээгүй гээд бод. Дараа нь талбайд гарах бүрэлдэхүүн дээр сонин юм хийж эхэлсэн. Сулхан багтай тоглоход үндсэн багийн талыг нь суулгаад 16 настай бацаанууд гаргаад ирнэ. Тэд нар нь бэлтгэл дээр ч ирдэггүй байсан хүүхдүүд. Мөн гадаадын легионерууд бидэнд гэрээнд заасан мөнгөө өгөхгүй гэж оролдсон.

- Монголд ерөнхий дасгалжуулагч нь санхүүгийн асуудлыг шийддэг хэрэг үү?
- Бидний цалин хөлс буулгүй удаад эхэлсэн. Би бусад легионеруудтай хамт цалингаа авахаар асуудал тавьтал харин манай дасгалжуулагч “Хангарьд” багийн ерөнхий менежер, бараг гол санхүүч нь болж таарсан. Багийн ивээн тэтгэгч нь зэс олборлодог том үйлдвэр шүү дээ. Үйлдвэрт ажилладаг жирийн монголчуудаас асуутал тэдний цалин ямар ч асуудалгүй бууж байгаа гэсэн. Гэхдээ үйлдвэрт том асуудал гарсан тул юун хөлбөмбөгчидтэй манатай байгаа гэж байна. Хоёр сар цалин өгөхгүй болохоор нь би эхлээд багийн ерөнхийлөгч, дараа нь үйлдвэрийн ерөнхий захирал дээр очиж уулзсан. Тэд дасгалжуулагчийг шахалтад оруулж, цалин шууд буусан. Дахиж гадаадаас ирсэн тоглогчдыг хуурч чадахгүй болсон доо, тэр дасгалжуулагч.
- Монголд ямар ч тамирчин шууд багийнхаа ерөнхийлөгч, ивээн тэтгэгчидтэй уулзаж чаддаг юм уу?
- Мэдээж үгүй. Ямар нэг юм хийх хэрэгтэй биз дээ. Зоригтой байх хэрэгтэй шүү дээ.
- Тэр дасгалжуулагч дараа нь чамтай ярьсан уу?
- Ярьсан. Легионеруудад хандаад бэлтгэл сургуулилт дээр хэлж зөвлөх юм байвал хэлээрэй гэж гуйсан. Бид тактик дээр ажиллах хэрэгтэй байна, довтолгоог сайжруулах ёстой гээд зөвлөгөө өгсөн. Тэр Ок гэж хэлээд л чимээгүй болсон. Хачирхалтай нь хоёрт байсан баг 5-д унаад байхад түүнийг багт үлдээсэн. Энийг мэдээд бүх легионерууд “Хангарьд”-тай гэрээгээ сунгахаас татгалзсан.

-  Монголын АШТ-д өөр хачирхалтай өвөрмөц зүйл юу байна?
- Өвөл нь багууд футзалын тэмцээнд орно. Түрүүлсэн баг Азийн футзалын АШТ-д ордог. Нэг жилийн дотор хөлбөмбөг, футзалын улсын аварга болж болно гэсэн үг. "Хангарьд”-ийнхан сарын дараа футзалын улсын аваргад бэлтгэж эхэлнэ.
- Михаил, Монгол улсын талаар сонирхуулаач. Та тоглолтоор олон газраар явсан байх.
- Айлын талбайд хийсэн бүх тоглолт Улаанбаатарт болсон. Автобусаар 6-7 цаг, зах хязгааргүй хээр талын дундуур явна даа. Гар утасны сүлжээ байхгүй талд. Цонхоор хонь ямаа, гэр, тэгээд л тал харагдана, хэн ч байхгүй.
- Танаас өөр орос тоглогч Монголд байв уу?
- Байсан. Алим Зумакулов "Селенге Пресс" багт, Звиад Циколия "Эрчим"-д тоглож байсан. Звиад бол Монгол дахь анхны гүрж хөлбөмбөгч. Бид уулзаад хотоор зугаалж, кафед суудаг байлаа.
 - Монголын АШТ-д дахин оролцохыг хүсч байна уу?
- Тэр дасгалжуулагч байхгүй байсан бол би "Хангарьд” багтаа үлдмээр л байлаа. Багийн байдал, хангалт сайн байсан. Бассейн, сауна, эмчилгээ, хоол гээд л.
- Зун уулзахад та адуу, хонины махнаас залхаж байна гэж байсан.
- Үнэн шүү. Манай найз "Хангарьд"-д бас тоглож байсан Владимир Ульдяков бид хоёр үнэхээр залхсан. Оронд нь тахианы мах өгөөч гэж гуйсан. Заримдаа өөрсдөө хил гарч, жинхэнэ бяслаг авдаг байлаа.
- Монгол тоглогчдоос анхаарал татсан сайн тоглогч байсан уу?
- Довтолгооны залуучууд болох Мгуш, Ганхуяг хоёр бол сайн тоглодог, гоол ч хийдэг. Мгуш ч дасгалжуулагчтай маргалдаж байсан. Дасгалжуулагчаас болоод тэр тоглолгүй, гэртээ эсэргүүцэл үзүүлэн, суусан удаатай. Дасгалжуулагч гэрт нь очиж битгий яваач гэж гуйж байж авч үлдсэн. Энэ хоёр тоглогч энэ жил Монголын шигшээ багт дуудагдсан. Гэхдээ тэд ийм дасгалжуулагчтай ямар ч амжилтад хүрэхгүй болохоор би өөр багт оч гэж зөвлөмөөр байна. Азийн Цом, Азийн Аваргуудын лигт тоглодог багт орох хэрэгтэй. Монголд буцан очлоо гэхэд би Азийн цомын тэмцээнд оролцох багт бол тоглож болно. Дуртайяа тоглоно. Азийн Цомд хачирхалтай нь улсын аварга баг нь биш Супер Цомын эзэн баг оролцдог юм билээ. Энэ жил "Эрчим", "Улаан-Баатар Сити" хоёрын аль нэг орох байх. “Эрчим” улсын аварга болсон бол нөгөө баг нь цомын эзэн.

- Багт хэнтэй найз нөхөд байв?
- Володя, Эбука хоёртой найзалсан. Англи, орос, монгол хэл холиод л ойлголцоно шүү дээ.
- Багийн баазад амьдрах ямар байв?
- Зүгээр. Бүх юм бэлэн байхад бэлтгэл хийж өгнө шүү дээ.
- Хотоор явдаг байв уу?
- Улирлын сүүлээр дасгалжуулагч баазын интернетийг тасласны дараа гэрийнхэнтэйгээ ярих гэж вай-файтай ресторан хайгаад гадуур явдаг байлаа.
- Яагаад интэрнет таслаа вэ?
- Нөгөө дасгалжуулагчийн ээлжит сюрприз. Цалингаа түүнээс нэг юм салгаж авсны дараа тэр баазын интернетийн мөнгө төлөхөө больсон. Зардлаа хэмнэж байгаа гэнэ. Муу харх чинь. Дасгалжуулагч биднийг хуурах гэж оролддог байлаа. Жишээ нь, өөр хотод очиж тоглоход бүгдэд нь хоолны мөнгө өгдөг. 1000 рубль гэж бодьё. Тэр 990-ийг өгөөд 10-ыг нь өөрийнхөө халаасанд хийчихнэ. “Яагаад мөнгө дутуу байна” гэж асуухад дасгалжуулагч шууд “дүлийрч”, орос, англи хэл ойлгохоо болино.

- Монголчууд оросоор хэр ярьж байна?
- Эрдэнэтэд орос дүүрэг бий. Нэг байшин дээр нь В.Лениний том хөрөг байдаг. Манай Питерт ах нь сурдаг нэг залуутай найз болсон. Орших гэдэг юм. Орших бидэнд хотоо танилцуулж байлаа.
- Та нарыг гудамжаар явахад хүмүүс таньдаг байсан уу, гарын үсэг авах гэж ирж байв уу?
- Эхлээд гарын үсэг хүсдэггүй байлаа. Харин хоёрдугаар тойргоос селфи зураг авахуулж, гарын үсэг авдаг болсон. Гурвуулаа гадагш гарахад биднийг хараад л, айраг уух уу гэж дайлаад л.  
- Монголчууд архи уудаг юм уу?
- Нэг улсад ийм олон архичин байгааг энд анх удаагаа харсан. Гудамжинд согтуу хүнтэй тааралдахгүй бол чи Монголд ирээгүй л гэсэн үг. Манай багийн ахлагч ч архичин хүн байлаа. “Эрчим”-тэй тоглохын өмнө уугаад, согтуу ирж, одоо би алаад өгнө гээд л яриад байлаа. Дасгалжуулагч түүнийг үндсэн бүрэлдэхүүнд гаргасан. Тэр төвд тоглодог мөртлөө талбайн захруу гүйгээд ус уугаад байгаа юм. Тоглолт эхлээд 10 минутын дараа түүнийг суулгахаас өөр аргагүй болсон. Би дасгалжуулагчид “Энэ юу болж байна? Багийн ахлагч хүн залуучуудад ямар буруу үлгэр дууриал болж байна вэ” гэж хэлсэн. Дасгалжуулагч “Арга хэмжээ авна” гэсэн ч юу ч хийгээгүй, ахлагч хэвээр нь үлдээсэн. Тийм болохоор ахлагч үргэлжлүүлэн уугаад л, өөрийгөө магтаад суудаг хэвээр үлдсэн. ФК "Улаан-Баатар"-тай хийх тоглолтын өдөр шал согтуу ирээд юу болж байгааг ойлгож байгаа шинжгүй суугаад л байсан. Дасгалжуулагч түүнд юу ч хэлдэггүй байлаа. Магадгүй тэд хамаатан садан байсан уу, эсвэл санхүүгийн хамтрагчид уу. Ямар ч гэсэн бидэнд их хачин санагддаг байсан.

- Монголд гадаад тоглогч олон уу? Ямар нэг хязгаарлалт бий юу?
- Хязгаарлалт бий. Талбай дээр 4 гадаад тоглогч тоглохыг зөвшөөрдөг. Гэхдээ мэдүүлэгт бол хэдэн ч гадаад тоглогч оруулж болно. Япон хөлбөмбөгчид их байдаг.
- Цалин мөнгөний хувьд?
- Том багуудын цалин нь Оросын хоёрдугаар дивизионоос бага зэрэг өндөр. Гэхдээ ФНЛ-ийн багуудын цалинд хүрэх өдий.
- Үзэгч олон уу?
- Манай багийн гэртээ хийдэг тоглолт дээр 3000 орчим хүн ирдэг. “Улаан-Баатар Сити", "Эрчим”-тэй тэдний талбайд тоглоход 10 мянган хүн үзэж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
22 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
3
23 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
5
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.