Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Урлагийн ертөнцөөр аялах нь: Венецийн беннальд Оросын орчин цагийн урлаг

Дэлхийн дүрслэх урлагийн салбарт зэрэглэлээр тэргүүлдэг Венецийн 57 дахь удаагийн биеннальд Монгол улс 2 дахь удаагаа оролцож уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнг энэ оны 5-р сард нээсэн.


Дэлхийн дүрслэх урлагийн салбарт зэрэглэлээр тэргүүлдэг Венецийн 57 дахь удаагийн биеннальд Монгол улс 2 дахь удаагаа оролцож уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнг энэ оны 5-р сард нээсэн. Удахгүй 11-р сарын 26-нд Венецийн Биенналь өндөрлөх гэж байна. Өнөөдрийг хүртэл Монгол улсын павильонд 100.000 гаруй хүн зочилжээ. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос урлаг судлаач, уран бүтээлч М.Батзоригийн энэ жилийн Венецийн биенналийн талаар бичсэн  цуврал нийтлэлүүдийн 3 дахийг та бүхэнд толилуулж байна.

Оросын орчин цагийн урлагийн тухай зэрвэсхэн...

Дэлхийн хамгийн хөгшин Венецийн бенналь 2017 наадам энэ жил Viva art viva гэсэн уриатайгаар зохиогдож байна. 57-р наадамд дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчийн нэг хойд хөршийн маань орчин цагийн урлагийн ерөнхий төлөв энэ жилийн венецийн беннальд бэлдсэн үзэсгэлэнгээс нь бэлхнээ харагдана.  Ер нь яагаад ч юм бид социализмын  үеийн орос орныг л илүү мэддэг юм шиг. Энэ гүрнийг дэндүү хоосон дэвэргэн шүтэх хандлагатай  социализмын үеийн зарим сэхээтнүүдийн  эсвэл энэ талаар хэтэрхий мэдээлэл муутай ялангуяа 90 оны ардчилалын дараа бойжсон залуу үе гэсэн туйлширсан үзлүүд манайд зонхилоод байгаа мэт ажиглагддаг. Гаднаасаа бол адилхан л посткоммунист (задралын дараах) улсууд хэдий ч бидэнд аливаад хандах хандлагын маш их ялгаа бий. Ер нь манжийн дарлалын 300 орчим жилтэй залгасан социализмын 70 жил нийлээд үнэт, нандин зүйлстээ хандах бидний хандлагыг үндсээр нь шахуу өөрчилчихсөн болохоос биш Кандинский, Татлин, Шагал, Малеевич зэрэг агуу авангардуудын, Мамонтов, Бердяев, Третяков нарын алдартай меценатуудын өлгий болсон орос орны хувьд өнөөх социализмийн он жилүүд хэсэгхэн хугацаанд муужирсан төдийхөн гэдгийг олж харахад тийм ч хэцүү биш. Ид соцреализмын ноёрхлын үед ч оросын агуу “бунтовшик”-уудын буухиа тасралтгүй үүргээ гүйцэтгэсээр л байсан тухай бид бэлхнээ мэдэх билээ.

Венецийн беннальд Оросууд 1895 онд анх үүссэн цагаас нь эхэлж оролцсон (1980 оны Москвагийн олимпод капиталист системийн орнууд оролцоогүйн эсрэг нэг л удаа беннальд оролцоогүйг эс тооцвол) ба 1914 өөрийнхөө байнгын үзэсгэлэнгийн танхимыг Венецийн Жардинид архитектор Алексей Щусевийн (10 жилийн дараа тэрээр Лениний бунхны зураг төслийг хийсэн) зураг төслөөр  байгуулж өнөөг хүртэл уран бүтээлчдээ сурталчилсаар байгаа ажээ. Малеевич алдарт “Хар дөрвөлжин” бүтээлээ 1924 онд венецийн беннальд аваачсан боловч үзэсгэлэнд тавилгүйгээр буцааж авчирч байсан, 1990 онд оросын павилионд анхны бөгөөд цорын ганц удаа орос биш уран бүтээлч Роберт Раушенбэргийн бүтээлүүд дэлгэгдэж байсан зэрэг сонирхолтой баримтуудаас гадна тэдэнд зуугаад жилийн турш 800 орчим уран бүтээлчээ венецийн беннальд оролцуулсан арвин туршлага байна. Тэгэхээр тэд бол гол шагнал болох алтан арслангийн төлөө л оролцдог нь павилионы ерөнхий куратор Семен Михайловскыйн бенналийн шүүгчдийг заримдаа улс төрждөг хэмээн шүүмжилсэн өнгө аяс зэргээс нь мэдрэгдэнэ.

Энэ жилийн наадамд түүнээс гадна  хоёр туслах куратор, барималч Гриша Брускин “Тайзны хувирал” гэсэн видео инстоляци бүтээлээрээ, 2005 оноос Ресайкл гэсэн нэрийн дор хамтарч ажиллаж буй Андрей Блохин, Георгий Кузнецов  нарын “Гацсан утга” гэсэн виртуаль баримлын бүтээл, уран бүтээлч зохиолч Саша Пироговагийн “Цэцэрлэг” хэмээх видео перформанс бүтээлүүдээс Theatrum Orbis гэсэн нэртэй үзэсгэлэн төсөл бүрдсэн нь ид бүтээн туурвиж байгаа үе болгоноо харуулахыг зүрьсон сонголт байв.  Эл үзэсгэлэн нийтдээ  2 тэр бум гаруй (50 орчим сая рубль) төгрөгийн төсөвтэй бөгөөд 300 орчим саяыг (7 сая орчим рубль) нь улсаас бусдыг нь спонсорууд болон бусад эх үүсвэрээс босгосон аж.

Энэ үзэсгэлэнгийн ахмад оролцогч Гриша Брускин нь 1988 онд сотебигийн дуудлага худалдаагаар бүтээл нь хамгийн өндөр үнээр борлогдсон зөвлөлтийн уран бүтээлч болж байсан. Мөн тэрээр хуучин зөвлөлт маягийн академик боловсролын бүтээгдэхүүн боловч аажмаар орчин цагийн урлаг руу гулсан орсон өвөрмөц намтартай нэгэн аж. Энэ нь ч түүний энэ удаагийн беннальд зориулж хийсэн сүрлэг, хүчтэй инстоляциас нь харагдана. Тайзны хувирал бүтээлийнхээ тухай тэрээр амьдрал тэр чигээрээ театр шиг. Амьдралыг бүрдүүлэгч дуу авиа, гэрэл сүүдэр, хөдөлгөөн хувиралуудыг тэр чигээр нь театрчилсан маягаар мэдрүүлэхийг зорьсон нь үнэхээр энэ хүчтэй бүтээлээс нь шууд харагдана. Баримлууд нь эрлийз, мутант хэлбэртэй байхад тэдгээртэй гэрэл сүүдэр, дуу авиагаараа, хөдөлгөөнөөрөө холбогдох видео дүрслэлүүдтэйгээ сүлэлдэн яагаад ч юм эмх замбараагүй, ханарсан, ухамсаргүй хүн сүрэг шиг санагдана. Ерөөсөө л түүний бүтээл дотор нь орсон хэнийг ч ховсдон нэг л өөр ер бусын зүйлсээр дүүрэн зэргэлдээх ертөнцөд аваачих шиг санагадана. Надад л лав энэ ажил хүйтэн дайны дараах хэсэгхэн намжмал үе, мөн л түүний дараах айсуй хуваагдалын үе ч юм уу гэмээр өнөөгийн орос орны, цаашлаад дэлхийн өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал мэт далд, түгшүүртэй мэдрэмж нөмрөөд авах шиг санагдсан. Магадгүй энэ бүхэн түүний зөн совинд тэмтрэгдсэн, тэмтэрсэнээ бүтээлийнхээ хаа нэгтээ шингээсэн байж ч болох. Ямартай ч “Тайзны хувирал” хэмээх бүтээл бол үзэсгэлэнгийн гол бүтээлээр сонгогдохоос ч аргагүй хүчтэй бүтээл байлаа.

Ресайкл группын “Гацсан утга” вертуаль баримлын бүтээл бол энэ үзэсгэлэнгийн нэгэн сонирхолтой бас өнөөгийн оросын авъяаслаг залуу уран бүтээлчдийн чансааг бүрэн төлөөлөхүйц хэсэг байлаа. Тэд өмнөх венецийн бенналийн олон улсын хэсэгт ч мөн шалгаран оролцож байжээ. Харин энэ удаагийн бүтээлдээ өнөөгийн замбараагүй интернэт болон компьютерийн хэрэглээг шүүмжилсэн сэдвийг сонгосон байв.

Бүтээлийн ерөнхий харагдац хатуу, талст дүрсүүд хэдий ч түүн дотороос наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан хүмүүс, тэдний биеийн ил харагдах хэсгийн пластик дүрсүүд энд тэндээс нь цухуйсан нь хатуу болон пластик дүрсүүдийн сонирхолтой хоршил байв.  Цахим орчин бол тэмтрэгдэх бодит ертөнц биш ч өнөөгийн амьдралын салшгүй нэг хэсэг болсоноос улбаалан амьдралд хүссэн ч эс хүссэн ч тулгарсаар буй сайн, муу олон асуудалд хэрхэн хандах вэ гэдэг дээр үнэндээ бид тодорхой шийдэлгүй байгаа нь бодит байдал билээ.

Мөн тэдний бүтээлийг виртуаль хэлбэрээр нь нүдэнд харагдахгүй байгаа хүмүүсийн биеийг бүтнээр нь харах боломжтой таблет, ухаалаг утас зэрэг дээрээ татаж авч ашиглах боломжтой тусгай аппликэйшнийг давхар гаргасан нь бүтээлээ хүмүүст сонирхолтойгоор хүргэж болох маш өвөрмөц санаа байв. Тэд бол аргагүй л илэрхийлэх, бүтээх эрх чөлөөн дунд бойжсон цоо шинэ үеийнхэн гэдэг нь уг сонирхолтой, далайцтай бүтээлээс нь шууд мэдрэгдэнэ.

Түүнчлэн оросууд контемпорари урлагаа дэмжих зорилгоор (бодлогоор) францын Дюшаны шагнал, английн Төрнэрийн шагнал шиг Кандинскийн шагналыг 2007 оноос бий болгон жил бүр тухайн жилийнхээ хамгийн шилдэг төсөл бүтээлийг шалгаруулан (уг шагналыг 1 сая 800 мянга орчим рубль буюу 74 сая орчим төгрөг дагалддаг ба үүнээс гадна европын орнуудаар үзэсгэлэнг нь гаргах болон өөр бусад боломжууд ч нээгддэг) шагнадаг. Дээр дурьдсан уран бүтээлчид хоёулаа Кандинскийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж байсан нь аливаа шагнал, урамшуулалын шүүгчдийн зөвлөл хүчтэй, шалгаруулалт нь шудрага байх тусмаа уран бүтээлчдээ дэмжсэн маш оновчтой хөшүүрэг болдог нь венецийн беннальд сонгогдсон бүтээлүүдээс нь бэлхнээ харагдана.

Монгол уран бүтээлчдийг Венецийн биеннальд оролцоход энэ удаа ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, ивээн тэтгэгчээр Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажилласан. Ерөнхий зохион байгуулагч Гадаад харилцааны яам, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
21
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.