Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: Хохирогч нь “буруутдаг” гэмт хэрэг

Бэлгийн хүчирхийллийг та бид зогсоож чадна!


Сайнаа* дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан юм.

Гэнэн, томоогүй нас юм хойно, гэрийнхэндээ ангийнхаа охиныд хонож хичээлээ давтана гэж хэлээд хоёр найз шөнийн цэнгээний газарт очжээ. Тэндээ хоёр залуутай танилцаж, шар айраг хамт ууж суусан байна. Сайнааг ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхэд найз охин нь байхгүй, мөнөөх хоёр залуу л угтаж авчээ. “Найз чинь өөр тийшээ явчихсан, гурвуулаа араас нь хамт явъя” гэсэн залууст итгэсэн тэрбээр бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, охин насаа алдана гэж санасангүй.

Сайнаа яах ёстойгоо, хэнд хандахаа мэдээгүй. “Найз чинь чамайг бид хоёрт зарсан. Чи цагдаад хэлэх юм бол хүн бүр чиний тухай мэдэж, насан туршдаа замбараагүй, завхай нэртэй явна шүү. Дуугүй өнгөрсөн чинь дээр” хэмээн өөрсдийгөө нэр хүндтэй сургуулийн оюутан хэмээн танилцуулсан залуус сүрдүүлжээ. Сайнаа гэрийнхэндээ худлаа хэлээд гарсандаа гутарч, өөрийгөө буруутгаж, аймшигт үнэнийг хэнд ч хэлэлгүй нуухаар шийдсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 хохирогч тутмын ганц нь л цагдаагийн байгууллагад мэдээлдэг гэсэн тойм тооцоо бий. Харин ес нь дуугүй өнгөрөх замыг сонгодог. Сайнаа тэдний нэг болжээ. Яагаад тэр вэ?

Сайнаа өөрийгөө буруутгасан байна. Би л гэрийнхэндээ худлаа хэлж гараагүй бол... Шар айраг ууж согтоогүй бол... Тэр хоёр залуутай танилцаагүй бол...

Ер нь хохирогчийг буруутгах хандлага нийгэмд гүн гүнзгий шингээстэй байдгийг ажиглаарай. “Аальгүйгээс хамаргүй”, “Даанч их нүүрээ будаж, задгай хувцасладаг байсан юм”, “Яах гэж харанхуй шөнөөр ганцаараа явдаг байна аа?”, “Хэн тийм архичинтай суу гэсэн юм” гээд л... Гэтэл шөнийн цэнгээний газарт хөл тавьж ч үзээгүй, архи дарс хэрэглэж мэдэхгүй нэгэн нь ч хүчирхийлэлд өртдөг шүү дээ.  Үүний тод жишээ болж бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдсээр, сэтгэл сэрдхийлгэм аймшигт хэргүүд гарсаар байна.

“Хүчирхийлэгчийг цаазаар ав”, “Тайган болго” хэмээн сэтгэл хөдлөлд хэт автахаасаа өмнө та бид өөрсдөө юу хийж чадахаа эрүүл ухаанаар бодоцгооё. Бэлгийн хүчирхийлэл газар авсаар байгаагийн гол шалтгаан нь нийгэмд байгаа хохирогчийг буруутгах хандлага юм. Чухам үүнээс л болж 10 хохирогч тутмын ес нь дуугүй өнгөрөх замыг сонгож байна. Ингэснээр хүчирхийлэл үйлдсэн 10 хүний ес нь ял шийтгэлгүй үлдэж, цаашдаа ингэж болдог юм байна гэсэн сэтгэхүйтэй болж, бүр цаашлаад насанд хүрээгүй жаахан хүүхдүүдэд халдах боломжтой болж байгаа юм.  Хүчирхийлэгчид гэмгүй царайлан бидний дунд, энэ нийгэмд эрх чөлөөтэй амьдарч байна гэж бод доо. Аймшигтай биш гэж үү?

Тэр ичгүүргүй, эрээ цээргүй хүчирхийлэгчдийг нийгмээс тусгаарлаж, ахиж тийм хэрэг хийлгэхгүй болгохын тулд бид хохирогчийг буруутгах хандлагаасаа эхлээд салах хэрэгтэй. Одоо бол “Номхон морь ноолоход амар” гэдэгчлэн хүчирхийлэлд өртсөн хүнийг нэг бол буруутгаад, үгүй бол өрөвдөөд, тэгэхдээ хамаг амьдрал, хувийн нууцыг нь олон нийтэд илчлэх тохиолдол элбэг гардаг. Маш энгийнээр бол:

-А нь Б-г хүчиндсэн

-Б нь А-д хүчиндүүлсэн

-Б хүчиндүүлсэн (А-гийн талаар дурсахаа ч болилоо)

-Б яагаад хүчиндүүлэв?

-Б нь А-тай янаг амрагийн харьцаатай байж байгаад өөр хүнтэй болсон юм байна (Одоо Б-г буруутгах хандлага гараад ирлээ) гээд буруу тийшээ явчих тохиолдол бодит байдал дээр гарах нь бий.

Байзаарай. Хүчирхийлэл бол гэмт хэрэг! Гэмт хэрэг үйлдсэн хүн нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, ял шийтгэлээ эдлэг. Харин хүчирхийлэлд өртсөн хүнийг тайван орхи. Тэртэй тэргүй аймшигт зүйлийг даван туулсан хүний амьдралыг улам харлуулах хэрэг юун. Тиймээс бүгдээрээ хүчирхийллийн талаар ярих хэрэг гарлаа гэхэд дараах асуултуудыг бодож байя:

-А нь Б-г хүчиндсэн

-Хуулийн дагуу ийм гэмт хэрэгтэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-А зохих ял, шийтгэлээ эдэлж байна уу?

-Ийм гэмт хэрэг яагаад гараад байна вэ, хэрхэн таслан зогсоох вэ?

Цагдаагийн байгууллагад жил бүр 300 гаруй хүчингийн гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүний цаана бүртгэгдээгүй 2700 хэрэг, өөрийгөө буруутгаад өнгөрсөн өдий тооны хохирогч жилээс жилд нэмэгддэг гэсэн үг. Хүчирхийлэлд өртөгсдөд гэмт хэргийг илчлэх зориг, тэвчээрийг өгөхийн тулд, гэмгүй царайлан эрх чөлөөтэй яваа ичгүүр сонжуургүй хүчирхийлэгчдийг илчлэхийн тулд хохирогчийг буруутгах хандлагыг халцгаая. Хүчирхийлэлд “үгүй” гэж хэлье!

*Эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр нэрийг нь өөрчилж, бодит түүхийг сийрүүлэв.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Д.Мөнхчимэг нь сэтгүүлч, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
6
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.