Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: Энэ бол таны бие – Таны шийдвэр

Энэ бол таны бие – таны шийдвэр. Үүнийг таны хамтрагч хүлээн зөвшөөрч, хүндлэх ёстой.


Сүүлийн үед ихээр сонсогдох болсон жигшмээр хэргүүд эрүүл хүний зүрхийг шимшрүүлж, дургүйцлийг хүргэнэ. Бага насны охидын “үгүй” гэж хэлж чадахгүй эмзэг байдлыг далимдуулан хууран мэхэлж, ёс бусаар халдсаар байгаа нь байж боломгүй явдал билээ.

Монголын түүх, ёс заншилд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үнэлж ирсэн нь зарим зүйр цэцэн үгс, утга зохиолын бичвэрээс харагддаг. Харин социализмын үед охид, эмэгтэйчүүдийн байр суурь дээшилсэн ч хуучны заншлаасаа бүрэн салж чадаагүй юм. Энэ бүхэн хүний эрх, тэр дотроо эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт, жендэрийн тэгш эрхийг хангахад сөргөөр нөлөөлж ирлээ.       

Охид эмэгтэйчүүдийг “үйлчилдэг” хүн гэж үзсээр бид дуу чимээ багатай, даруухан, цай хоол хийж зөөдөг, ажлын талбар дээр ч ихэнх нь даргын туслах, нарийн бичиг гэх захирагдах ажилтай хүмүүс. Би сурагч ахуй цагаасаа хичээлээ тараад гэртээ ирэх ёстой, ээж аавыг ажлаа тарж ирэхээс өмнө гэрээ цэвэрлээд хоолоо хийчихсэн байх ёстой гэдэг хүлээлт дунд өссөн. Балчир ухаанд минь тийм ойлголт суужээ. Хайртай бол тэвчээртэй байх ёстой хэмээн шаарддаг байсан даа. Өөрөөр хэлбэл, хайрыг тэвчээр, золиос гэж ойлгодог байлаа. Яг л Горькийн “эх” шиг. Нэг бол цагаан морь хүлэглэсэн ханхүүгээ хүлээсэн гүнж шиг байх ёстой ч юм шиг. Ямартаа ч хувь хүний “эженси”-гүй л нэгний тавилантай байх ёстой юм шиг л өссөн дөө. Одоо үед жендэрийн тэгш эрх, улс төрд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах дуу хоолой шаардлагатай байгааг бид бүрэн мэддэг боловч уламжлагдан ирсэн “үйлчлэгчийнхээ” занг тавьж чаддаггүй юм шиг санагддаг. Энэ бол гүн шингэсэн эцгийн эрхт ёс. Үүнийг бид ой ухаандаа ойлгож мэдэрч буй ч хэрхэн өөрчлөхөө төдийлөн сайн мэдэхгүй байна.

“Consent” [консент] гэдэг ойлголтын тухай бичихэд хялбар биш юм. Англи хэлнээс “consent” гэдэг үгийг орчуулбал зөвшөөрөл гэж буугаад байгаа юм. Гэвч, энэ үгэнд агуулагдах том ухагдахуун монгол хэлэнд бүрэн буухгүй байна. Монголоор хөрвүүлбэл “зөвшилцсөний үндсэн дээр тохиролцоо хийх” гэсэн юм уу даа. Англи хэлэнд энэ үгийг ихэвчлэн гурван нөхцөлд ашигладаг. Үүнд хууль эрх зүй, эрүүл мэнд, бэлгийн харилцаа ордог. Хууль эрх зүйд бол ойлгомжтой яг л “зөвшилцсөн - зөвшөөрөл” гэх утгаараа хэрэглэгддэг бол эрүүл мэндийн хувьд өвчтөн өөрийн эрүүл мэндийн байдлын тухай, эмчилгээ хийвэл ямар эрсдэл дагуулах тухай бүрэн мэдээлэлтэй байж эмчилгээ хийлгэх зөвшөөрлийг informed consent гэж нэрлэдэг.   

Харин өнөөдөр бүгдээрээ “Охид, эмэгтэйчүүд ҮГҮЙ гэж хэлэх эрхтэй” хүчирхийллийн эсрэг олон улсын 16 өдрийн аяны хүрээнд бэлгийн харилцааны зөвшөөрлийн тухай ярилцъя. Гэр бүл төлөвлөлтийн вебсайт дээр консентын тухай маш тодорхой тайлбарласан байна. Үүнд консентын 5 зарчим, консентын үйлчлэх хүрээ болон охидын өмссөн зүүсэн, өнгөрсөн үеийн араншин, зан байдлаас хамаардаггүй гэдгийг бас тодотгож байна. Таван зарчимд: 1) Freely given өөрийн хүсэл дээр үндэслэгдсэн, өөрөөр хэлбэл гаднын нөлөөгүй, айдасгүй, мансуурсан байдалтай биш байхдаа өгсөн зөвшөөрөл; 2) Enthusiastic буюу санаачлагчтай. Үүнд бэлгийн харилцааны хувьд хамтрагчийн хүлээлтээс хамаарахгүй зөвхөн өөрийн хүссэнээ л хийнэ гэсэн үг; 3) Specific буюу маш тодорхой байх. Өөрөөр хэлбэл зөвхөн үнсэлцэж тэврэлдэхээр тохирсон бол түүгээрээ л дуусна гэсэн үг;  4) Informed буюу бүрэн мэдээлэл, ойлголцол дээр тулгуурласан тохиролцоо гэсэн үг. Хамгаалалт хэрэглэнэ гэж хэлчихээд хэрэглэхгүй бол үүнийг хууль эрх зүйд консент гэж тооцохгүй; 5) Reversible буюу дурын үедээ гаргасан шийдвэрээ цуцалж болдог байна гэсэн үг.

Нэн ялангуяа, бэлгийн харилцаанд өөрийн гэсэн “хязгаар” байж болно. Ингэж болно, харин тэгж болохгүй гэж тохиролцохоос гадна дур хүсэл хүрэхгүй эсвэл “наастргүй” бол заавал дуусгах шаардлагагүй юм шүү. Энэ бол таны бие – таны шийдвэр. Үүнийг таны хамтрагч хүлээн зөвшөөрч, хүндлэх ёстой.   

Харин эцэг эх бид охиддоо, мөн хүү нартаа ч консентын тухай багаас нь зааж өгөх хэрэгтэй. Монголчууд бид, хүүхэд өхөөрдөж тэврэх, үнэсэх дуртай. Харин хүүхдэд тэр нь таалагдаж буй эсэхийг асуудаг ч үгүй. “Нааш ир, эгчдээ үнсүүл! ... Ахдаа тэврүүл!” гээд л захирдаг. Хүүхэд хүсээгүй байсан ч том хүний эсрэг биеийн ч, оюун санааны ч бяр байхгүй. Айж эмээгээд захирагддаг. Иймд бид хүүхдүүдэд “үгүй” гэж хэлэх эрх хүн бүрт байдаг гэдгийг багаас нь зааж сургах хэрэгтэй. Эцэг эхээс нь өөр хүн биеийн аль хэсэгт хүрч болох, аль хэсэгт нь ямар ч нөхцөлд хүрч болохгүйг ч зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэр хүүхэд том болоод өөрийн ч, бусдын ч биеийн халдашгүй дархан эрхийг үнэлэн хүндэлж сурна.  


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн З.Хандармаа нь жендерийн мэргэжилтэн, Үндэсний статистикийн хорооны Төслийн зохицуулагч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
2 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
2 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
31
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.