Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Вакас Юсафзай: Төсөөллийг минь эргүүлсэн Улаанбаатар

Монголоор аялсан Канад иргэний тэмдэглэл


Image may contain: 1 person, smiling, outdoor

Төсөөллийг минь эргүүлсэн Улаанбаатар

Онгоц үдшийн 22:30 минутад Улаанбаатарт газардах байлаа. Замын түгжрэл, хөл үймээн, гудамжны наймаа, хил гааль дээрх уртаас урт дарааллын аль нь үгүй энэ цагт шинэ газарт хөл тавих хамгийн сайхан. Такси ч  боломжийн үнээр явна. Таньж мэдэхгүй шинэ газрын тухай бодол, айдас түгшүүр, сандрал, догдлолд намайг эзэмдэнэ. Бүрэнхий болж, их ч ядарсан нь огт мэдэхгүй газар ирсэнтэй холбоотой ч байж мэдэх. Шинэ хотын тухай цор ганц тохиох анхны сэтгэгдлээ би бүтээх гэж байлаа. 

4 тивийн 70 гаруй улсаар аялж явахдаа хамгийн их дурлаж байсан зүйл минь ирж буй шинэ хотыг дээрээс нь харж, төсөөлөн бодох юм. Онгоц газардах хүртэлх 10-15 минутад хотын хөгжил, худалдааны төвүүд, үйлдвэр аж ахуй, зам тээвэр, барилга байгууламж, усан хангамж, түүхэн дурсгалт газрууд гээд хотын амин зүрх болсон хэсгүүдийг ургуулан төсөөлж, хотын замыг сүлжин давхингаа нэртэй цамхгуудын өндрийг тооцоолон, гудамж дагуух өнгө өнгийн гэрлийг тольдох тун ч сайхан шүү. Тухайн улс үндэстний үүх түүх, дэд бүтэц, хөгжлөөс гадна угтан ирэх ирээдүйг нь илтгэх шиг санагддаг юм. Хэсэг хугацаанд л би тухайн газрыг өөрийн “гэр”-ээ гэж нэрлэнэ шүү дээ. 

Гуравдугаар сард би Улаанбаатарт ирсэн юм. -50 градус хүртэл хүйтэрч, эрчим хүчээ нүүрс түлээгээр хангадаг, уулархаг бүс гэдгийг нь би сайн мэдэж байлаа. Тийм болоод ч тэр үү, хар бараан утаанд хучигдсан, тэсгэм хүйтэн газарт бууна гэж эрхгүй төсөөлчихсөн байв. Аяллын блогууд, танилцуулга, жуулчдын ярианаас өөрийн мэдэлгүй тийм төсөөлөлтэй болчихсон байснаа нуугаад яахав. Цахилгаан эрчим хүч хангалтгүйгээс байн байн тог тасардаг, газрын болон агаарын тээвэр хангалтгүй, гэрэл муутай бартаатай гудамж талбай, зузаан үслэг хүрэм өмсөн морь хөлөглөсөн ихэмсэг иргэдийг би төсөөлж байв. 

Мэдээж энд эдгээрийн аль нь ч байгаагүй. Оттавагаас ирэхэд орчин үеийн нисэх онгоцны буудал намайг угтан авлаа. Ачаагаа саадгүй хүлээн аваад, хориод минут туулсны эцэст хотын төв талбайд төөрмөөр болоод явчхаж билээ. Улаанбаатарт ирсэн эхний цагтаа л би Монголын зам тээвэр тун сайн болохыг ойлгосон юм. Гудамж талбай гэрэлтүүлэг ихтэйгээс гадна ресторан үйлчилгээний газрууд олон, гэрлэн дохио, автомашин ихтэй ч хэв журам сайтай болох нь ажиглагдлаа. Хэдэн долоо хоног өнгөрсөн ч цахилгаан тасалдах зүйл гарсангүй. Хотын төвөөр морь унах байтугай хог шороо ч ховор. Цаг уур маш таатай төдийгүй хунгарласан их цас байхгүй нь намайг ахин гайхшруулав. Интернетэд хүмүүсийн хуучилсан сэтгэгдэл, хэлэлцүүлгээс огт өөр орчин байлаа. Сүхбаатарын талбайн ойролцоо кафед орвол “хөгжиж буй орон” гэх ойлголтыг ч үгүйсгэмээр. Эндээс чанартай эспрессо, импортын шар айраг авч болох бөгөөд сайхан хооллох иж бүрдэл, нөхөрсөг үйлчилгээ бий. 

Үнэгүй интернет хаа сайгүй байхаас гадна, хотын төвөөс хаашаа ч хоёрхон цагийн дотор хүрч болох нь сонирхолтой. Монголын онгон зэлүүд тал нутагт морьтой давхиснаа би мартахгүй. Төсөөллөөсөө өөр орчинг хүлээн зөвшөөрөх надад таатай байлаа. Монголчуудтай өдөр тутам харилцах нь надад шинийг мэдрүүлж байв. Хэн нэгний гутлан дээр гишгэсэн бол эелдгээр гар барилцаад өнгөрч байгаа нь эхэндээ мөн л итгэмээргүй. 

Тэд яг л төрөлхийн англи хэлтэй хүн шиг “please, sorry, could you please, if that’s okay, I was wondering if, I would like you to” зэрэг үгсийг хэлдэг. Илүү дэлгэрэнгүй ярианд дохио зангаа ашиглах шаардлагатай. Харин нэг удаа би утсаар ийн ярьсан юм.

Хэн нэгэн: Вакас Юсафзай мөн үү? 

Би: Өглөөний мэнд. Тийм байна. 

Хэн нэгэн: Та маргаашийн уулзалтдаа зогсоол захиалах уу?

Би: Тэгье. Баярлалаа.

Хэн нэгэн: За ойлголоо.

Утас тасрав...

Үнэндээ би яг ямар уулзалтын тухай ярьж буйг ойлгосонгүй. Эсвэл яг юуны тухай, хэнтэй ярьж буйгаа ч мэдсэнгүй. Ингээд би монголчууд захидалд ч, утсаар ч тодорхойгүй хэр нь ойлгомжтой товчхон харилцдагийг ойлгосон юм. Нэг удаа надтай “Сайн уу? Энэ долоо хоногт хаана байсан бэ?” гэж мэндэлж байсан. Би бүр гайхаж хоцроод “Танд ямар хамаатай билээ?” гэж бодож билээ. Гэхдээ мэдээж тэгж хэлэхийг хүсээгүй. “Өглөөний мэнд?”,”Сонин сайхан юу байна?” гэж асууж болно шүү дээ. Англи хэлтэй улсын соёл иргэншлийг хүлээн авч буй байдал нь энэ байх. 3-5 минутын харилцан ярианы төгсгөлд “Өнгөрсөн долоо хоногт юу хийв дээ?”,”Гоё байсан уу?” гэхэд миний юу хийсэн нь бусдад тийм сонирхолтой байгаа нь гайхшруулсан шүү. Өөр улсын ертөнцийг үзэх үзэл, ирээдүйг танин мэдэх нь өөрийн улсыг илүү мэдрэх, суралцахын нэг хэсэг юм уу даа. 

Image may contain: 7 people, people smiling, outdoor

Монгол өөрийн давтагдашгүй өвөрмөц шинжтэй баялаг соёлт улс юм. Монголчууд европ- төвт дэлхийтэй харьцуулшгүй ондоо өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй. Барууныхан дорныг баруун, умардыг зүүн гэдэг бол Монголчууд өөр. Наран мандах тул зүүн зүгт гэрийн хаалгаа чиглүүлэн барина. Олон зуун жилд ийн ирсэн тул хүн бүр үүнд гүнээ сүсэглэнэ. Монголын тухай би гадаад иргэдийн аялсан тэмдэглэлээс ихийг мэдэж авсан. Марко Пологоос эхлээд Жак Уэтерфорд хүртэл мөнх хөх тэнгэрт ард түмний тухай гайхалтай, нууцлаг түүхийг хүүрнэх юм. Би Монголын давтагдашгүй соёл заншил дэлхий нийтэд ил гарах цаг болсон гэж боддог.

Монголчууд дэлхийн тавцанд өөрсдийн гэсэн өнгө, дүр зургийг бий болгон, үүх түүхээ хуваалцах цаг ирсэн. Монгол бол зөвхөн Чингис хаан, тал нутаг, таван хошуу малаас ч илүү гайхалтай түүхэн улс. Гагцхүү улсынхаа цор ганц байдал, давтагдашгүй соёл, гүн гүнзгий баялгийг таньж чадсан монгол хүн л дэлхий нийтэд үүнийгээ бахархалтайяа танилцуулж чадах билээ.  

Нийтлэлийг минь хүлээн авч, уншсанд талархлаа. 
Канадын иргэн Вакас Юсуфзай 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.