Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын хүчирхийлэл: “Би тусламж гуйгаад чанга орилсон. Гэхдээ хэн ч ирээгүй”


Монголд гурван гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байна. Хүчирхийлэлд өртөгсөд тусламж авахад хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод сэтгүүлч Грейс Браун хүчирхийлэлд өртөөд өөрийгөө аварч чадсан эмэгтэйтэй уулзжээ.

“Тэр төгс санагдсан” гэж 36 настай Ц хэлэв. Тэрбээр нөхөртэйгээ 2004 онд эрх зүйн чиглэлээр сурдаг оюутан байхдаа Улаанбаатар хотод танилцжээ. 

“Их царайлаг, чинээлэг гэр бүлээс гаралтай, олны танил залуу байсан. Миний хувьд анхны харцаар л түүнд дурласан” гэж хэлээд тэр гараа савчиж эхлэв. Гэрлэлтийн эхэн үеэс эхлээд л тэр хүчирхийлэлд өртөж эхэлсэн байна. 

“Би хамгийн том хүүгээ тээгээд гурван сартай л болсон байв. Бид алхаж яваад сүм харлаа. Сүм рүү орж хамтдаа залбиръя гэж хэлсэн ч тэр үгүй гэсэн. Ингээд би ганцаараа сүм рүү орсон. Эргээд гарч ирэхэд тэр миний нүд рүү цохисон”. 

Үүнээс хойш 13 жилийн турш тэр гурван хүүхдийнхээ нүдэн дээр нөхөртөө хүчирхийлүүлж, зодуулж амьдарсан байна. 

“2009 онд тэр миний нэг нүдний ухархайг гэмттэл цохисон. Миний нэг нүд 90 хувиар юм харах чадвараа алдсан” гэв. 

Эрүүгийн гэмт хэрэг 

Монголын гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлтэй орчинд амьдарч байгаа тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байна. Цэрэнхандтай ижил эмэгтэйчүүд болон хүүхдүүд хохирогчдын 90 хувийг эзэлж байна. 

Баруун Европын газартай тэнцэх хэмжээний нутагтай, гурван сая иргэнтэй Монгол Улсын иргэд тархай оршин суудаг. Нүүдэлчдийн хувьд хамгийн ойр хөрш нь нэг милийн зайд амьдардаг учраас гэр бүлийн асуудлыг гэртээ шийддэг. 

Ц-гийн хувьд хөдөө өсөж торнисон ч Улаанбаатар хотод гэр хороололд амьдарч байсан гэнэ. Тэр тусламж хүсдэг байсан ч тийм амар олдсонгүй. Нөхөртөө зодуулаад таван ч удаа цагдаа дуудсан боловч торгуулиад л өнгөрчээ. 

Монголын эрх зүйн орчин шинэчлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг гэр дотроо шийдэх асуудал гэж үзэхээ больсон байна. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хуулийн дагуу хүчирхийлэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох болсон байна. 

Шинэ хуулийн хүрээнд анх удаагаа хүчирхийлэл үйлдэхэд сануулах арга хэмжээ авна. Харин хоёр дахь удаагаас эхлээд эрүүгийн гэмт хэрэг гэж тооцохоор болжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт бие физиологи, бэлгийн болон эдийн засгийн хүчирхийллийг хамааруулж байна. 
 
“Цагдаагийнхан гэр бүлийн хүчирхийллийн жишээнүүдийг цуглуулж эхэлсэн” гэж хуулийн шинэчлэлийг хийх төслийн хуульч Н.Арвинтариа хэлэв. 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй тухай дуудлага ирэхэд цагдаа нар хаягийг тодорхой авч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг үнэлж, аюултай байдлын хэмжүүрийг тодорхойлно. Ингээд хохирогчдын аюулгүй байдлыг хангана” гэв. 

“Цагдаа нар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд илүү бэлтгэгдэх хэрэгтэй байна” гэж Н.Арвинтариа нэмж хэлэв. 

Орон гэргүй хэдэн сар

Цэрэнханд өнгөрсөн оны шинэ жилийн баяраар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний дараа нөхрийгөө унтсаны дараа такси дуудаж, тусламж эрсэн байна. 

Антарктидаас хүйтэн цаг агаартай өвлийн хүйтэнд хамгийн бага охиноо дагуулаад, мөстсөн замаар гэр хорооллын гудамжаар алхаад явжээ. Дараагийн өдөр нь хоёр хүүхдээ сургуулиас нь авсан байна. 

Нөхөр нь тэднийг олох хүртэл тэд хэдэн сарын турш сүмд амьдарсан гэнэ. 

“Хоёрдугаар сард тэр намайг хайж хүүхдүүдийн сургууль дээр ирсэн. Би хүүхдээ авахаар алхаж явахад тэр гэнэтхэн намайг бариад авсан. Ингээд намайг газарт унагаад өшиглөж эхэлсэн. Үүний дараа намайг машиндаа түлхэж оруулсан. Би тусламж эрээд орилсон боловч хэн ч ирээгүй”. 

Цэрэнхандыг нөхөр нь эмнэлэгт хүргэж өгсний дараа тэр арын хаалгаар зугтааж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханджээ. Энэ байгууллага нь төрийн бус байгууллага бөгөөд хоол хүнс, бусад шаардлагатай хэрэгслээр хүчирхийллийн хохирогчдыг хангадаг байна. Мөн хуулийн зөвлөгөө өгч тусалдаг гэнэ. 

“Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж, хуулийн тусламж авсныхаа дараа би нөхөртөө салах тухай хэлсэн. Миний бодлоор тэр их айсан. Ингээд ор сураггүй алга болсон” гэж хэлэв. 

Гэхдээ тэр эрүүгийн хэрэг үүсгээгүй гэнэ. Учир нь нөхрийнхөө гэр бүлээс айсан байна. 

Санхүүжилт зогсжээ

Хохирогчдын тусламж авдаг хорогдох байр эрсдэлтэй болжээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсан цагаасаа хойш 20 мянга орчим хохирогчид тусламж үзүүлсэн юм. Гэхдээ энэ жилээс эхэлж Засгийн газрын санхүүжилт зогссон байна. 

Монголд өвлийн улиралд хэдэн сарын турш хасах градустай байдаг. 

Өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засаг хүндэрч, 23 тэрбум ам.долларын өртэй болжээ. Үр дүнд нь 2017 онд 17.5 хувиар өсөж байсан эдийн засаг өнгөрсөн оны эцсийн байдлаар ердөө нэг хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ нь уул уурхайн бүүмд төгсгөл ирсэнтэй холбогдож байна. 

“Манай төрийн бус байгууллагын санхүүжилтийн 40 хувийг Засгийн газар хийдэг байсан” гэж Н.Арвинтариа хэлсэн. Үлдсэн хэсгийг олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлдэг байжээ. 

“Харамсалтай нь тодорхойгүй хугацаагаар санхүүжилт зогссон” гэв. 

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хоёр хорогдох байр бий. Нэг нь Цагдаагийн газрынх бол нөгөө нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн байр юм. Энд дөрвөн том хүн, есөн хүүхдэд үйлчилж байна. Мөн Завхан болон Баянхонгор аймгийн төвд тус бүр нэг байр бий.

Тиймээс хасах 40 хэмийн хүйтэнтэй өвлийн улиралтай энэ улсад эмэгтэйчүүд хүчирхийллээс зугтахад бүр ч хэцүү болж байна.   

Н.Арвинтариа “Бид Өмнөговь аймагт нөхрөөсөө зугтаж, ууланд амьдарч байгаа нэг эмэгтэйгээс дуудлага хүлээн авсан. Өнгөрсөн намрын сүүлээр анхны цас ороод эхэлсэн. Түүнийг үхсэн эсвэл амьд байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн юм. 

Хохирогчид ихэвчлэн санхүүгийн хараат байдлаас болж гэрээсээ зугтаж чаддаггүй. Энэ нь байр, орон сууц нь ихэвчлэн нөхрийнх нь нэр дээр байдагтай холбоотой. 

“Хохирогчдын ихэнх нь орон гэргүй, ажилгүй учраас хүүхдээ асарч чаддаггүй” гэж Н.Арвинтариа хэлсэн. “Тэд ядуучуудын эгнээнд нэгдэж дуусдаг” гэв. 

Эх сурвалж: www.www.bbc.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
18
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.