Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

16 өдөр 16 блог: Араатнууд сэрэх цагаар буюу доромжлолын түүх

Эмэгтэйчүүд бид “Үгүй” гэдгээ чанга, итгэлтэй хэлж, эсэргүүцлийг нь таашаалтай тэнцүүлэгчдийн талаар чанга дуугарах зоригтой байж сурах хэрэгтэй байна.


Зун цаг зочлоод ирчихсэн, бүх юм өнгөлөг өөдрөг харагдаад сайхан өдөр байв. Би байнга алхаж явдаг, дулаан өдрөөр бол бүр ч алхмаар санагддаг юм. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар “парк”-ийн хажуугаар явж байлаа. Өөдөөс хэсэг барилгачин залуус ирж яваа харагдав. Эгнэн алхаа тэднийг хараад яагаад ч юм холхон зөрчихмөөр сэтгэгдэл төрсөн ч элдвийг бодохгүйг хичээн урагшилсан. Гэтэл харсаар байтал нэгнийх нь гар ирээд хөхнөөс жишим ч үгүй базчихав. “Мэдээж” тэр ч инээж, бусад нь хөхрөлдсөөр зөрлөө. Надад “мэдээж” ичих сэтгэгдэл төрсөн. Бөөнөөрөө алхаж яваа эрчүүдийг хараад эмээсэн нь эмэгтэй хүний совин, тэрхүү явдлын дараа уйлмаар байсан ч зүгээр мэт урагшилсан нь ийм хүйстэн болж төрсний “бонус”. Уншигч та эмэгтэй бол миний яагаад “мэдээж” гэж бичсэнийг маш сайн ойлгож байгаа биз ээ.

Гэртээ орж ирээд нүүр номдоо цөхрөлөө илэрхийлтэл (мэдээж яг юу болсныг бичээгүй)  “миний найз сайхан эмэгтэй болохоор тэгж байхгүй юу” гэж хэд хэдэн хүн сэтгэгдлээ илэрхийлсний дээр нэг танил маань “Зүгээр л оркууд байхгүй юу. Сонирхлоо хэрхэн илэрхийлэхээ л мэдэхгүй байхгүй юу даа” гэсэн бол өөр нэг нь “Ямар ч байсан 40 хүртлээ зовох нь дээ” гэж коммент бичсэн байсан. Энэ явдлаас яг нэг жилийн дараа би нүүр номдоо энэ сэдвээр бас нэг пост бичжээ. Тэр бол Нарны гүүрний ойролцоо ногоон гэрэл хүлээгээд гарцны дэргэд зогсож байхад зөрж өнгөрсөн машин дотроос савтай ус цацсан өдөр. Тэгэхэд зөвхөн бие минь бус, миний үнэ цэнэ бүхэлдээ шалба угаагдсан мэт сэтгэгдэл төрж билээ. Бухимдлаа тайлах хүслээр бичсэн постны доор мөн л “хөөрхөн болохоор нь тэгж байгаа юм”  гэх мэтийн сэтгэгдлүүд хөврөв. Бараг л магтаал юм уу даа. Жич: сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд эмэгтэйчүүд байсан.  

Дээр өгүүлсэн шиг, үүнээс хавьгүй дор нөхцөл байдалд орсон эмэгтэй хэчнээнийг тоолж баршгүй. Иймэрхүү зүйлтэй нүүр тулсан эмэгтэйчүүд юун түрүүнд шалтгааныг өөрөөсөө эрдэг. “Би хэтэрхий богино даашинз өмсчихсөн юм болов уу”, “цээж хэт ил байна уу” гээд л эхэлнэ. Ийм л учраас бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, тэр бүү хэл эрүүгийн хуулиар шийдэгдэх нь тодорхой, хүчингийн хүнд хэргийн хохирогч хүртэл өөрийгөө буруутан мэтээр мэдэрдэг. Нийгэм эмэгтэйчүүдийг тэгж л хардаг, нийгэм буюу бид эмэгтэйчүүдийг юун түрүүнд буруутгадаг. Уншигч таныг тийм гэж чичилсэн юм биш. Гэхдээ хэрэв та үгүй гэж бодож байгаа бол дахин нэг удаа тунгааж, эргэн тойрноо сайн хараасай гэж хэлэх байна. Эрүүгийн хуулиар шийдэгдэх хүчирхийллийн хэрэг гэснээс Перу улсад гудамжинд бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүст 12 жил хүртэл хорих ял оноодог юм билээ.

Эрчүүд үүнийг юу гэж харж байгаад гол зангилаа нь байгаа юм. “Ямар ч байсан 40 хүртлээ зовох нь дээ” гэж сэтгэгдэл бичсэн залуу үнэндээ биед минь халдсан барилгачин залуугийн илүү боловсон, боловсролтой хувилбар төдий. Учир нь тэрхүү халдагч этгээд хэн нэгний хүү, ах, дүү, найз залуу, нөхөр. Биднийг хүрээлж байгаа эрчүүдийн дунд ч эвтэйхэн хувцасласан юм уу ганцаараа явж байгаа эмэгтэй рүү хашхирч цочоодог хүн лав байгаа. Нэг биш нэжгээд бий болов уу.  

Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид гэхээр л сэтгэцийн гажигтай үл таних хүмүүс биш. “Сайн залуус”, нүдэнд дулаахан эрчүүд, бүхний магтаалыг хүртсэн, хүндлэл хүлээсэн чадварлаг эрчүүд дунд ч нийгмийн тийм бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ тухай яриа болоход ихэнх нь “Чи намайг мэднэ шүү дээ. Би тийм зүйл хийх хүн биш. Дэмий зүйл бодох юм” гэх биз. Харин л дээ.

Бага ахуйгаасаа хөхөвчнийхөө хойноос татуулж, цасаар угаалгаж, өсвөр наснаасаа огт танихгүй хүний ой гутам харц, үгэнд өртөж бүсгүй хүн болдог бид энэ бүхнийг өөрийнхөө амьдралын нэгэн хэсэг гэж хүлээж аваад дадчихсан байдаг нь гунигтай. Эрчүүдийн хийдэг бохир үйлдлүүд яагаад ч юм зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэт байдаг. Эмэгтэйчүүд бид “Үгүй” гэдгээ чанга, итгэлтэй хэлж, эсэргүүцлийг нь таашаалтай тэнцүүлэгчдийн талаар чанга дуугарах зоригтой байж сурах хэрэгтэй байна.  

“Эмэгтэй хүүхэд шиг нус нулимсаа гоожуулаад л” зэрэг хэвшмэл ойлголтыг өөгшүүлсэн үгсээр хүүгээ угжиж байгаа эцэг эхчүүд ч охидынхоо төлөө хөвгүүдээ өсгөж буй хэв маягаа бодолцох хэрэгтэй билээ. Хүний охины биед эд бараа мэт хамаагүй хүрдэг, доромжилдог эр, хамгаалалтгүй хийхгүй гэж байхад нь бэлгэвчгүй “зүтгүүлдэг” залуу, согтууруулах ундаа хэрэглэснийг нь далимдуулаад “өвөртлөөд хоночихдог” эр гээд бүгд л хэн нэгний хүмүүжлээр хүн болсон. Хүн бүр “Эр хүн” гэдэг ойлголтыг хүүхдэдээ суулгахдаа нэн анхааралтай хандаасай.

Жич: Энэхүү эсээг хүүрнэгч миний бие хохирогч талд зөвхөн эмэгтэйчүүдийг хамаатуулсан учир нь хүчирхийлэлд өртөгсдийн дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс илт бага байдагт оршино.  


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн П.Номинбилэг нь сэтгүүлч, "Гэрэг" сэтгүүлийн редактор юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.