Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: С.Зориг агсан ба амьд хүмүүсийн ашиг сонирхол


Арван есөн жил ужгирсан шигээ араасаа өч төчнөөн асуулт, эргэлзээ тээнэгэлзээ дагуулсан энэ хэрэг илрэх үү? Үнэн мөнийг хэн тогтоох вэ?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн баримтуудыг нууцаас гаргах тухай Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх болж, уг асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь нарын төлөөлөгчид сайд нарт танилцуулахаар Төрийн ордонд ирээд байв. Гэвч дээрх хэргийн материалыг “Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл танилцуулах ёстой” гэсэн шалтгаанаар ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.

1998 оны аравдугаар сард гарсан “С.Зоригийн” гэх уг хэргийг Монгол Улсын хуулийн байгууллагууд хүчээ нэгтгэн 19 жилийн турш мөрдөж, шалгаж, шүүж 15 мянган хуудас материал бүрдүүлээд байна. Үүний 14926 хуудас материалыг ТЕГ нууцаас гарган Засгийн газарт ирэх долоо хоногт танилцуулж, улмаар олны “хүртээл” болгох аж. Үүнээс үлдэх 74 хуудас материал нь С.Зоригийг хөнөөлгөх захиалга өгсөн хүнтэй холбоотой мэдээлэл учраас нууцын зэрэглэлд үлдээнэ гэх сураг гарчээ. Тэгэхээр нэн шинээр яригдаад байгаа “нууцын зэрэглэлээс гаргах” ажиллагаа нь энэхүү хүн амины хэргийг гүйцэтгэгчдийн тухай хэсгийг л олон нийтэд ил болгох тухай болж хувирав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргана” гэсэн мэдэгдэл хуумгай амлалт болж хувирах янзтай. Сайд тэр үед ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн хурц эшлэлүүдийн хариуд сэтгэл хөдлөлөөр том ам гарсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны гуравдугаар сарын 21-нд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр дэлгэж, хэдийн түгээгдсэн баримтаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг ил болгох ажиллагаа хязгаарлагдах магадлалтай болж байна.

2015 онд талийгаачийн эхнэр Д.Булганыг удтал хорьж шалгасны эцэст мөн оны сүүлчээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ гэх нэрс “алуурчин” гэх ангилалд шууд шилжсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял оноох шүүх хурлууд эрчимжиж, нэр дурдсан гурван хүн С.Зоригийг алсан гэх ялыг 2016 оны арванхоёрдугаар сард “албан ёсоор” үүрэх болсон билээ. 1998 онд нэг нь 16 нас хүрээгүй, нөгөө нь хотод ирж үзээгүй байсан гэх хөдөөгийн малчин залууст Монголын шинэ цагийн түүхийн ээдрээт зангилаа болж бугшсан жигшүүрт хэрэг тохогдов. Өнөөг хүртэл захиалгатай хэмээн зарлагдсан энэ хэргийн захиалагч зарлагдсангүй, захиалагчийн тухай 74 хуудас материал нууцын зэрэглэлд үлдэх болж байна. 19 жил ужгирсан шигээ араасаа өч төчнөөн асуулт, эргэлзээ тээнэгэлзээ дагуулсан энэ хэрэг илрэх үү? Үнэн мөнийг хэн тогтоох вэ?

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр энэ хэргийн талаар ар араасаа мэдэгдлүүд цацсан нь өдгөө олон нийтийн дунд аймшигт шуугиан дэгдээж байна. Б.Хурц ч, Ц.Нямдорж ч төрийн өмнө үүрэг хүлээсэн албан тушаалтнууд. Төрийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу С.Зоригийн хэргийг илрүүлэх ажилд он цагийн хувьд ээлж дараалан оройлон оролцсон ажилтнууд. Тэгсэн атлаа дуулиант нэг хэргийг хоёр өөр зорилготой, хоёр өөр шугам дээр зогсож, хоёр өөр нүдээр харж, хувь хувийн үзэмжээр тайлбарлахыг хичээж байгааг та бид харсан. “С.Зоригийн” гэх нэг л хэрэг байтал хоёр өөр нөхцөл байдалд үйлдэгдсэн тэс өөр хоёр хэрэг бий болсон мэт төөрөгдлийг хоёр эрхмийн байр суурь нийгэмд төрүүлж орхисон. Тэд нэг л хууль дүрмийг даган биелүүлэх ёстой байтлаа хоёр биенийхээ хачныг хувь хүмүүсийн хувьд гайхан сонжиж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хоёр өөр сэжүүрээр сэвцгээж байна. Б.Хурцын хэлснээр, С.Зоригийн хэрэгт Ц.Нямдоржийг шалгах ёстой бол, Ц.Нямдоржийн үзэж байгаагаар, С.Зоригийн хэрэгт Б.Хурц ч холбоотой аж.

Ерөөс хууль сахиулах байгууллагуудыг толгойлж байсан хүмүүсийн хувийн ашиг сонирхол ил болон далд гүнзгий хутгалдсан учраас С.Зоригийн хэрэг 19 жил илрээгүй юм байна шүү дээ. С.Зоригийн хэрэг илэрвэл өнгөрсөн болоод эдүгээ, магадгүй ирээдүйн хувь зохиол нь огт өөрөөр эргэх олон нүгэлтэн энэ төрд байгаа хэрэг. С.Зориг алагдах үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн энэ хэргийн “ачаар” 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан шиг Б.Хурц, Ц.Нямдорж болон эл хэргийг илрүүлэх үйл явцад нөлөө бүхий үүрэгтэй ажилласан төрийн өндөр албан тушаалтнууд С.Зориг яаж хөнөөлгөсний үнэн мөнийг өөр өөрсдийнхөө хувийн зорилгод ашигласаар ирсэн учраас илрүүлэх сонирхолгүйдээ илрүүлээгүй гэдэг нь хамгийн бодитой шалтгаан болж байна. Энэ хэргээс олз хайгсдын түүх 19 жил үргэлжилж өнөөдөрт тулахдаа Ц.Нямдоржийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-тэй бизнесийн харилцаа тогтоох, Б.Хурцын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчлахад нөлөөлөх гэхчлэн өөр өөрийн унацтай байсан болж таарав. Эдгээрийг тэд өөрсдөө бие биеийнхээ эсрэг баримтаар өгүүлээд байгаа билээ.

Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болдог Тагнуулын ерөнхий газрын даргадаа итгэхгүй юм бол монголчууд өөр хэнд найдах гэж? Монгол төрийн эрдэнэ болсон дархан түшээ, шударга үнэн гэж байдаг бол түүний л амнаас сонсмоор байдаг үлгэр жишээ улстөрчийн үг, үйлдлээр баримжаалахгүй юм бол өөр хэнд итгэх гэж? “Үхсэний хохь, амьдын зол” гэдгээр амьд хүмүүст л ашиг сонирхол байдаг нь үнэн юм бол тэр нь ард түмэн биднийх болоод чин үнэн байхыг хүсэвч... Одоо тэгээд 19 жил ужгирсан шигээ араасаа өч төчнөөн асуулт, эргэлзээ тээнэгэлзээ дагуулсан энэ хэрэг илрэх үү? Үнэн мөнийг хэн тогтоох вэ? Хэн? “Хэн” гэдэг асуултад “Хүн” гэх нэг л хариулт бий. Бас л “хэн нэгэнчүүдийн” хувийн ашиг сонирхлоор С.Зоригийг хөнөөсөн хэрэг замхрах уу? Монголын төрд С.Зоригийн хэргийг хувь хүний ашиг сонирхлоор бус, гагцхүү хууль ёсыг даган бодитоор тогтоох хүмүүс байна уу? Тэр хүмүүст нь ч бас хувийн ашиг сонирхол үйлчлэх үү? Хэнд нь итгэх вэ...  

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
6 минутын өмнө
Стадионы газрыг худалдсан Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
2
19 цагийн өмнө
"Шалчиганах" эрхгүй эрчүүд буюу хэвшмэл хандлагыг дэвэргэсэн мэдрэмжгүй хошигнолууд
3
20 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
санал болгох
1
28 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
42 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
8
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.