Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: Энэ цагийн “Эмэгтэйчүүдийн толь бичиг”

Тэр айхтар “толь бичгээс” хараад байх нь эмэгтэйчүүд гэдэг юу хүсэж байгаагаа шууд илэрхийлдэггүй, бүр эсэргээр нь хэлдэг хачин төвөгтэй хүмүүс аж.


Тэр зургийг хамгийн анх хэзээ харж байснаа сайн санадаггүй ээ. Би гэдэг хүн чинь өсвөр насны эмзэг турьхан үеэ дөнгөж даваад гарч байсан үе юм болов уу. Tumblr, pinterest, weheartit гээд дэлхийн хамаг л бүтээлч, мэдрэмжтэй, хөгжөөнч хүмүүс цугласан гэгддэг цахим хуудсуудын аль нэг дээрээс би “Female dictionary” буюу “Эмэгтэйчүүдийн толь бичиг” гэх зураг хараад ихэд гайхаж бас эргэлзээнд орсноо санадаг юм. Тэр хачирхалтай “толь бичигт” тайлбарласнаар бол эмэгтэй хүний “Юу ч бишээ. Зүгээр энэ тухай март” гэдэг нь “Юуг буруу хийснээ олж тогтоогоод эртхэн залруулсан чинь дээр шүү”, “Чи ядарч байна уу” гэдэг нь “Битгий унт л даа. Би чамтай яриад л баймаар байна”, “Би зүгээр ээ” гэж байгаа нь “Намайг чанга тэврээч. Надад мөрийг нь түшиж уйлах хүн хэрэгтэй байна” гэх далд утгуудыг илэрхийлдэг гэнэ шүү. Тэр айхтар “толь бичгээс” хараад байх нь эмэгтэйчүүд гэдэг юу хүсэж байгаагаа шууд илэрхийлдэггүй, бүр эсэргээр нь хэлдэг хачин төвөгтэй хүмүүс аж. Хэний ч сэдэж гаргасан “толь бичиг” байлаа гэсэн энэ бол нийгэмд тогтсон эмэгтэйчүүдийн дүр төрх, эрчүүдийн төсөөлөл дэх эмэгтэйчүүдийн хандлагын бодит дүр зураг мөн.

Нэг танил минь өөртөө тохиолдсон таагүй дурсамжийг надтай хуваалцаж байсан юм. Дөнгөж болздог болоод, харилцааныхаа эхний шатан дээр явж байхад өнөөх залуу нь түүнээс нэг оронд орохыг хүссэн байна. Хүссэн гэхээс илүүтэй тэгэхээс өөр аргагүй нөхцөлд оруулсан гэвэл илүү онох байх. Бүхэл шөнөжин “Ийм харилцаанд ороход бэлэн биш байна”, “Үгүй” гэж хэлэхийг нь үл тоон эцэст нь санасандаа хүрсэн эр тэр хоёрын харилцаа мэдээж цаашид явцгүй болоод өндөрлөсөн байна. “Намайг бараг дуртай байж ахин дахин гуйлгуулах гээд үгүй гээд байна гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр шөнө миний амьдралын хамгийн таагүй дурсамжуудын нэг болж өнгөрсөн” гэв. Хүний хэлээр “Үгүй” гэж хэлээд байхад ухаан жолоогүй зүтгэх эр, “Үгүй” гэсэн үгэндээ баттай зогсож чадалгүй, “намайг дуртай байж гуйлгуйлах гээд нүүр өгөхгүй байна гэж бодох вий дээ” гэх бодолдоо автан хожим нь маш таагүй дурсамж, мэдрэмжтэй үлдэх бүсгүйн дүр зураг энэ нийгэмд маш түгээмэл байгаа нь гашуун үнэн. Магад энэ бичвэрийг уншиж суугаа та ч, эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн дээр дурдсан хоёртой яг адилхан нөхцөл байдалд орж байсан байх. Энэ далд хүчирхийллийг байх ёстой зүйл мэтээр сэтгэж, “эмэгтэйчүүдийн толь бичиг” гэх нийгэмд тогтсон ойлголтоор бамбай хийн эрчүүд эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхлыг үл харгалзах явдал нь байж боломгүй зүйл гэдгийг илүү олон хүн мэдэж, ухамсарлаасай.

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харилцаа, үерхэл нөхөрлөлийн тухай үндсэн суурь ойлголтоо өөрийн биеэр бүтээж явсан өсвөр насанд маань “эмэгтэй хүн үргэлж санаагаа тойруулж хэлдэг” гэх тунхаглал эсэргээрээ намайг улам шулуун, шударга болоход нөлөөлсөн ч байж мэдэх. Би лав санал бодлоо шууд илэрхийлчихэж чаддаггүй, бас хэн нэгэн нь үзмэрч, төлөгч шиг миний бодлыг далдаас мэдэрч, ойлгоосой гэж хүсдэг гэнэн цайлган охин байхыг хүсэхгүй байна. Бид яагаад заавал ийм нарийн төвөгтэй амьдрах ёстой гэж. Дуртай бол дуртайгаа хэлээд, үгүй бол тэрийгээ шулуун шудрагаар илэрхийлчихдэг бол өөрийн ч өрөөл бусдын амьдрал ч илүү амар, төвөггүй болох биш үү? Бүсгүйчүүд бид хүчирхэг, санаа бодолдоо шууд илэрхийлж, түүндээ бат зогсож чаддаг болвоос эрчүүд ч бидний хэлсэн үгнээс илүү дутуу утга эрж хайх зовлонгоос ангижирч, цаашлаад “зөвшөөрөлгүй” бэлгийн харилцаа, хосуудын хайр дурлалын нарын түвэгтэй асуудлууд бага ч гэсэн буурна гэдэгт би итгэдэг.

Одооноос эхлэн эмэгтэйчүүд хүсэл сонирхлоо шууд илэрхийлдэггүй, хэлсэн үг бүрийнхээ цаана далд утга агуулдаг гэх улиг болсон бичигдээгүй хуулийг арчиж хаяад “Энэ цагийн эмэгтэйчүүдийн толь бичиг”-ийг эр, эмгүй ашиглаж эхэлбэл ямар вэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэж үү? Энэ зүгээр л хүсэж байгаа зүйлээ шулуун шударгаар илэрхийлэхийн нэр болог. Үнэхээр хүсэхгүй байвал “Үгүй” гээд л хэлчихэе! Хэн нэгэнд сэтгэлтэй болсон бол яг одоо гар утсаа шүүрч аваад залга, мессеж бич, уулзмаар байвал урь, дууд, хариулт авмаар байвал асуу, ярилц, өөрийгөө ойлгуулмаар байвал тайлбарла, оролд, хэрвээ дургүй байвал чангаар хэл, илэрхийл! Энэ бол “Энэ цагийн эмэгтэйчүүдийн толь бичиг”-ийг баримталдаг хүмүүсийн уриа байх болно.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Г.Ариунзул нь сэтгүүлч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
1 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
1 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
41
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.